Сөрөг хүчний улстөрч Алексей Навальный Хойд туйлын алслагдмал шоронд хоригдож байгаад нас барсан тухай түүний хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш өнгөрсөн бямба гарагт мэдээлсэн. Тэрбээр Навальныйг бусдад "алагдсан" гэж мэдэгдсэн ч одоогоор үүнийг батлах боломжгүй байгаа юм. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Навальныйгийн ээж болон найз нөхөд нь түүний цогцсыг хайж байна гэжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Путиныг шүүмжлэгч, сөрөг хүчний улстөрч ийнхүү ээлжит сонгууль болохоос сар хүрэхгүй хугацааны өмнө амиа алдсан нь олон нийтийн хардлагыг дагуулж, Навальныйг дэмжигчид Ерөнхийлөгч Путиныг уг хэрэгт сэжиглэж эхлээд байна.
Навальныйгийн үхлийн шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа бөгөөд шинэ мөрдөн байцаалтын үр дүнг ирэх долоо хоногт гаргана гэж Оросын албаны хүмүүс мэдэгджээ. Түүнчлэн мөрдөн байцаалтын үйл ажиллагаа дуустал түүний цогцсыг ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгөх боломжгүй гэсэн байна.
Харин ар гэрийнхэн нь Оросын эрх баригчид Навальныйгийн үхлийн жинхэнэ шалтгааныг нуун дарагдуулахыг оролдож байна гэж үзэж байгаа аж.
Эх сурвалж: Associated Press