UBLife Logo
Спорт

Монголын багууд 3х3 сагсан бөмбөгийн Азийн цомоос хүрэл медаль хүртлээ

У.Чинзориг
У.Чинзориг
Монголын багууд 3х3 сагсан бөмбөгийн Азийн цомоос хүрэл медаль хүртлээ

Сингапур улсад гуравдугаар сарын 27-31-ний өдрүүдээр 3х3 сагсан бөмбөгийн Азийн цомын тэмцээн явагдаж өндөрлөлөө.

Эл тэмцээнд аваргаа хамгаалахын төлөө тоглосон Монголын эрэгтэй шигшээ Шри Ланкийг 15:13-аар, Тайландыг 20:14-ээр хожин хэсгийнхээ тэргүүн байраар хасагдах шатнаа шалгарсан билээ. 

Улмаар Катарын шигшээг 19:11-ээр хожсоноор, хагас шигшээд Азийн цомын гурван удаагийн аварга Австралийн багтай тоглохоор болсон юм.  Гэвч тэд 21:11-ээр Австралийн хүчирхэг багт ялагдал хүлээж, аваргаа хамгаалж чадсангүй. 

Харин Шинэ Зеландын багийг 21:18-аар буулган авч хүрэл медаль хүртлээ. 

Эрэгтэй, эмэгтэй төрөлд Австралийн багууд аль аль нь Азийн цомын тэмцээнд дөрөв дэх удаагаа түрүүлсэн юм.

Монголын багийн бүрэлдэхүүнд энэ удаа А.Ананд, А.Азбаяр, Ч.Тэмүүлэн, С.Биндэрьяа нар тоглолоо. Монголын эрэгтэй баг Азийн цомоос тав дахь, анхны хүрэл медалиа зүүсэн нь энэ.

Харин Монголын эмэгтэй шигшээ Малайзыг 21:4 харьцаатайгаар илт давуу ялж, Филиппиний багт 19:8-аар хожигдон хэсгийнхээ хоёрдугаар байраар шигшээ наймд шалгарсан юм. 

Улмаар Азийн чансааг тэргүүлж буй хүчирхэг Хятадын багийг 20:7-оор илт давуу хожсоноор тус тэмцээний хагас шигшээд үлдсэн ч Авсралийн багийн эсрэг тоглож 21:6-аар ялагдсан. Гэхдээ тэд Тайванын багийг 17:10-аар хожиж хүрэл медаль зүүлээ. Энэ нь Монголын эмэгтэй багийн Азийн цомоос хүртсэн хоёр дахь медаль юм. Тэд 2013 онд мөнгөн медаль зүүж байсан билээ.

Эмэгтэй багийн бүрэлдэхүүнд Б.Ариунцэцэг, Ө.Индра, О.Хулан, М.Цэрэнлхам нар тоглосон юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.