UBLife Logo
Спорт

Сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн тоглогч Б.Ариунцэцэгийн тухай НАЙМАН баримт

У.Чинзориг
У.Чинзориг
Сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн тоглогч Б.Ариунцэцэгийн тухай НАЙМАН баримт

Гуравдугаар сарын 27-31-ний өдрүүдээр явагдсан 3х3 сагсан бөмбөгийн Азийн цомын тэмцээнээс Монголын эрэгтэй, эмэгтэй багууд хүрэл медаль хүртэж, бахдам сайхан амжилтын эзэд болсон билээ. Азийн цомын тэмцээний медалийн тавцанд Монголын эрэгтэй, эмэгтэй багууд хамтдаа зогссон нь анхны тохиолдол юм. Бид эл тэмцээний бэлгэдлийн багт нэрлэгдсэн Бат-Эрдэнийн Ариунцэцэгийн тухай сонирхолтой баримтуудыг хуваалцаж байна. Тэрбээр “Улаанбаатар Амазонс” багийн хамтаар Үндэсний Дээд лигт түрүүлж, Монголын лигийн үнэ цэнтэй тоглогчоор тодорсон шилдэг тамирчин билээ.


#1 3х3 төрлөөрх Монголын Тэргүүн тоглогч

Монголын багийн танилцуулгад Б.Ариунцэцэгийн нэр хамгийн эхэнд бичигддэгийг та анзаарсан уу? Энэ бол санамсаргүй тохиолдол биш юм аа. 2024 оны Нэгдүгээр сард Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос 3х3 төрлөөрх тухайн цаг үеийн бодитой чансааг тогтоож, улс бүрийн шилдэг тамирчдыг нэрлэсэн билээ. Монголоос, эрэгтэй төрөлд Энхбатын Дөлгөөн, эмэгтэйчүүдээс Бат-Эрдэнийн Ариунцэцэг нар Үндэсний чансааг тэргүүлсэн юм. 


#2 Үндэсний шигшээ багийн амжилтын тулгуур

Б.Ариунцэцэг өнөө жил дөнгөж л 23 настай. Нас залуу түүнд итгэл найдвар ч төдий их бий гэдэг нь гарцаагүй. Энэ сард явагдсан сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Азийн цомын тэмцээний үеэр гялалзсан авьяас, чадвараа дэлхий нийтэд нээн харуулсан шилдэг тамирчдын нэг нь гарцаагүй Б.Ариунцэцэг байлаа. Эл тэмцээний бэлгэдлийн багт нэрлэгдсэн нь үүний нотолгоо. Ойрын жилүүдэд ч гэсэн тэрбээр Монголын шигшээ багийн гол тоглогчдын нэг байх биз ээ. Өдгөө түүний цоо шинэ амжилтуудыг гэрчлэхээр сагсан бөмбөг сонирхогчид анхааралтай ажиглаж байна.


#3 Ирээдүйн их амжилтын эзэн

"Амжилтыг гэрчлэх нь бид хамтдаа илүү их зүйлд хүрч чадна гэсэн итгэлийг төрүүлдэг". Түүний ФИБА сайтад өгсөн ярилцлагадаа хэлсэн үг. 

Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Токиогийн олимпод анх удаа багийн төрлөөр эрхээ авч өрсөлдсөн билээ. Б.Билгүүн, Т.Санчир тэргүүтэй эрэгтэй тоглогчдын тухай ихэнхдээ яригддаг байсан эл спортын төрөлд Б.Ариунцэцэг, Ө.Индра, Н.Нандинхүсэл зэрэг охид цахиур хагалж байна. Үнэхээр ч эдгээр тамирчдын нэрийг өдгөө сонсоогүй хүн ховор биз ээ.

2021 оны олимпын өмнөх шигшээ багийн бэлтгэл сургуулилалтад хамрагдсан тухайн үеийн охид өдгөө сагсан бөмбөгийн талбайд хэдийн төлөвшсөн, үнэмлэхүй тамирчид болжээ. Тэдгээрийн нэг нь Б.Ариунцэцэг билээ.


#4 Үнэмлэхүй авьяастан 

Тэрбээр ‪2019 онд "Монголын сагсан бөмбөгийн өсөх ирээдүйтэй шилдэг тоглогч"-оор тодорсон. Мөн 2021-2022 оны улирлын амжилтаараа "Оюутны лиг"-ийн шилдэг тоглогчоор нэрлэгдсэн юм. 

Улмаар Үндэсний Дээд лигийн 2022-23 оны улирал дахь амжилт нь түүнийг бэлгэдлийн нэгдүгээр багт багтаагаад зогсохгүй улирлын Үнэ цэнтэй тоглогчоор тодроход нь нөлөөлсөн билээ. Өдгөө түүний үнэ цэнийг үнэлэхүйеэ бэрх болсон нь лавтай.


#5 Монголын тамирчдын тугч

Б.Ариунцэцэг "Ханжоу 2022" Азийн наадмын нээлтэд оролцохдоо Монголын багийн тугчаар сонгогдож байв. Түүний сагсан бөмбөгийн спортоор хүрсэн амжилт, харуулсан шилдэг тоглолтууд нь ч гэсэн олон охид эл спортыг сонгоход туг, чиг болж буй юм.


#6 Багш, дасгалжуулагчид

Б.Ариунцэцэг Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрж, өссөн. Ах нартайгаа гадна талбайд тоглох болсноор сагсан бөмбөгтэй холбогджээ. 

Харин эл спортын техникийг анхлан зааж, зөвлөн чиглүүлсэн нь Мөнхжаргалын Гансүх хэмээх багш байдаг. Тэрбээр оюутан болсноор Отгонтэнгэр Их сургуулийн багт Ижилболд дасгалжуулагчийн удирдлагад тоглох болжээ. Улмаар 23 хүртэлх насны 3х3-ийн Үндэсний шигшээ багт дуудагдан дасгалжуулагчдийн зааварчилгаагаар бэлтгэл сургуулилалтаа хийж, өөрийгөө хөгжүүлсээр өдий зэрэгт хүрсэн.


#7 Парист тоглоход бэлэн үү?

Гуравхан сарын дараагаас хүн төрлөхтөний их баяр цэнгэл гэгддэг олимпын наадам хөшгөө нээнэ. Монголын сагсчид өмнөх олимпын амжилтаа ахиулж, Парисаас хожил авах амбицтай байгаа нь гарцаагүй биз ээ. Ингэхээр Монголчууд түүнээс өндөр хэмжээний бэлэн байдлыг хүлээж байгаа нь лавтай. 


#8 "Удахгүй Монголын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгөөс асар их дэвшлийг харна"

Тэрбээр ФИБА-д өгсөн ярилцлагадаа "Ирэх 4, магадгүй 10 жилийн хугацаанд бид Монголын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн спортоос асар их ахиц дэвшлийг харна гэж найдаж байна. Бидний одоогийн амжилтууд ч гэсэн энэ хөгжлийн шат болно гэдэгт итгэлтэй байна" хэмээн ярьж, том тунхагийг дэлхий нийтэд зарласан билээ. Харин энэ их ахиц дэвшил, амжилтууд нь түүний тоглолт, нөлөөлөл, үзүүлэлтүүдээс ихээхэн хамаарах учиртай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
8
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.