UBLife Logo
Эрүүл мэнд

Ногоон цайны ач тусын тухай та мэдэх үү?

М.Гэрэлмаа
М.Гэрэлмаа
Ногоон цайны ач тусын тухай та мэдэх үү?

1000 гаруй жилийн турш нийтэд түгээмэл хэрэглэгдэж, эрүүл мэндийн олон талт ач тус болоод амт, үнэрээрээ сайшаагдаж ирсэн ногоон цай нь эртний Хятад улсаас гаралтай. Ногоон цайг зөвхөн "camellia sinensis" гэх ургамлын навчаар хийдэг бөгөөд тус ургамлын төрөл зүйл, тариалсан хөрс, үйлдвэрлэлийн явц болон ургац хураасан хугацаа зэргээс хамаарч өөр өөр амт, үнэр бий болдог. Мөн ногоон цайнд агуулагдах эпигаллокатехин хэмээх химийн найрлага нь хүний эрүүл мэндэд нэн тустай бөгөөд энэхүү цайг өдөр тутмын эрүүл амьдралын хэв маягтай хослуулан хэрэглэх нь ямар ач тустай талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

Зүрх судасны өвчнөөс уртдчилан сэргийлнэ

Ногоон цай нь бие дэх муу холестренины хэмжээг бууруулдаг бөгөөд энэ нь зүрх судасны үйл ажиллагааг сайжруулж, зүрхний шигдээс болон цус харвах эрсдэлийг бууруулахад тусалдаг нь тогтоогдсон байна. Одоогоор зүрх судасны эрүүл мэндэд тустай өдөр тутмын ногоон цайны хэрэглээ тодорхойгүй хэвээр байгаа ч гурваас таван аяга ногоон цайг эрүүл хооллолттой хослуулан хэрэглэх нь энэ төрлийн өвчлөлөөр нас барах эрсдэлийг 41 хүртэлх хувиар бууруулдаг гэжээ.

Тархины үйл ажиллагааг сайжруулна 

Ногоон цай нь энерги нэмэгдүүлж, ой санамж сайжруулдаг кофейн болон стресс бууруулж допамин, серотонины үйлдвэрлэлийг дэмждэг L-теанин амин хүчлийг хамтад нь агуулдаг учраас насжилттай холбоотой мэдрэлийн аливаа эмгэгээс сэргийлж, тархины үйл ажиллагааг сайжруулж, стресс ядаргааг бууруулах чухал ач холбогдолтой бүтээгдэхүүн юм.

Жин хасахад тустай

Кофейн болон катехины найрлагууд нь бодисын солилцоог сайжруулж, өөх шатах үйл явцыг хурдасгадаг болох нь хэд хэдэн судалгааны үр дүнд тогтоогджээ. Тухайлбал, 2021 оны нэгдүгээр сард PubMed эрүүл мэндийн вэбсайтад нийтлэгдсэн нэгэн судалгааны үр дүнд 12 долоо хоногийн турш ногоон цайг өндөр тунгаар уусан оролцогчдын биеийн жин болоод биен дэх холестерин, липопротеиний түвшин мэдэгдэхүйц буурснаас гадна ямар нэгэн сөрөг нөлөө ажиглагдаагүй байна.

Цусан дахь сахарын хэмжээг зохицуулна

Нийт найман орны нэг сая гаруй насанд хүрэгчдийг хамруулсан 19 төрлийн судалгааны үр дүнг авч үзэхэд, өдөр бүр дор хаяж дөрвөн аяга хар, ногоон эсвэл олонг цайг арван жилийн турш уусан оролцогчдын хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин өвчнөөр өвдөх эрсдэл бага байжээ. 

Зарим төрлийн хорт хавдартай тэмцэхэд туслана

Ногоон цайны зохистой хэрэглээг эрүүл амьдралын хэв маягтай хослуулж чадсанаар хөхний хорт хавдар, бүдүүн гэдэсний хорт хавдар болон амны хөндийн хорт хавдруудаар өвчлөх эрсдэлийг тодорхой хэмжээнд бууруулдаг болох нь тогтоогдсон байдаг. Ногоон цай нь чөлөөт радикалуудтай тэмцэхэд тусалдаг полифенолын нэгдлээр баялгаас гадна антиоксидант ихээр агуулдаг нь дээрх төрлийн хорт хавдруудаас урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.