Сэтгэл түгшилттэй байна гэдэг үргэлж тэсрэх бөмбөг биедээ авч явж байгаа мэт хэцүү мэдрэмж билээ. Хэдийгээр аюулд орсон үед ямар нэг зүйлээс түгших, айх нь хэвийн мэдрэмж ч гэлээ энгийн үед эдгээр мэдрэмжүүд нь мэдрэгдсээр байвал та сэтгэл түгших эмгэгтэй байж болзошгүй юм. Хэрэв дараах 3 шинж тэмдэг танд байнга илэрдэг бол өөрт тохирсон зөвлөгөөг мэргэжлийн сэтгэл зүйчээс авахыг зөвлөж байна. Учир нь аливаа эмгэг хүний бага наснаас үүдэлтэй байх магадлал өндөр байдаг тул мэргэжлийн сэтгэл зүйч таныг эхлэл цэгээс тань эдгэрэхэд туслах болно.
1. Таны тархи үргэлж ажилладаг
Таны тархи амрахгүй үргэлж ажиллаж элдэв бодлууд хөвөрсөөр байгаа бол сэтгэл түгших эмгэгт өртсөний том шинж тэмдэг юм. Үргэлж юмсыг ургуулан бодож санаа зовнисон байдалтай зургаан сар ба түүнээс дээш хугацаатай үргэлжилбэл сэтгэл түгших эмгэг болсон хэмээн тодорхойлж болно. Олон зүйлд санаа зовох, стресс даах чадваргүй болох, зүрх дэлсэх, амьсгаадах, хөлрөх, гар хөл чичрэх, нойргүйдэх шинж тэмдгүүд нь хүчтэй, байнга илэрч байвал сэтгэл түгших эмгэг үүссэн гэж үзнэ. Харин дээрх шинж тэмдгүүд ямар нэг үйл явдал, гаднын хүчин зүйлийн нөлөөгөөр илрээд богино хугацаанд арилж байвал хэвийн сэтгэл түгшилт гэж ойлгож болно. Ихэвчлэн 65-аас доош насны хүмүүс сэтгэл түгших эмгэг тусах эрсдэлтэй байдаг. Тэр тусмаа ганц бие, нийгэм эдийн засгийн түвшин доогуур, стресс ихтэй хүмүүс өртөх нь элбэг ажээ.
2. Амьсгал бачуурах
Сэтгэл түгших эмгэг нь дотроо хөнгөн, дунд зэрэг, хүнд гээд гурван төрөл бий. Хөнгөн үед өөртөө нөлөөлөөд байх боломжтой юм. Харин өөрт нөлөөлж чадахгүй амьсгал бачууран юу юугүй муужирч унах гэж байгаа мэт мэдрэмж төрдөг бол үнэхээр том шинж тэмдэг шүү. Энэ нь удаан үргэлжилбэл та ухаан алдаж унах, хүчил төрөгчийн дутагдалд орох аюултай. Иймд тухайн нөхцөл байдалд орвол 10-1 хүртэл тоолж амьсгалаа зөв хуваарилахыг хичээгээрэй. Тэгээд ч нэмэргүй бол яаралтай мэргэжлийн эмчид хандаарай.
3. Цочимтгой болох
Энэ шинж тэмдэг нь сэтгэл түгших эмгэг туйлдаа хүрсэн буюу хүндэрсэн тохиолдолд илүү их мэдрэгддэг байна. Нөгөө талаас хүн уур уцаартай, бухимдсан үедээ аливаа зүйлд цочих хариу үйлдэл үзүүлэх хандлага ихэсдэг аж. Судалгаагаар 6000 гаруй насанд хүрэгчдийн 90 гаруй хувь нь сэтгэл түгших эмгэг нь хүндэрсэн үедээ маш их уур уцаартай байсныг тогтоожээ.