UBLife Logo
-

О.Одгэрэл: Монголын ой мод дэлхийн цэвэр усны хувь заяаг шийднэ

UBLife
UBLife
О.Одгэрэл: Монголын ой мод дэлхийн цэвэр  усны хувь заяаг шийднэ

Сүүлийн жилүүдэд хүн бүрийн санааг зовоож буй тулгамдсан асуудлын нэг нь яах аргагүй цэвэр усны асуудал билээ. Тиймээс хөдөө аж ахуйн ухааны боловсролын доктор О.Одгэрэлтэй уулзаж ой мод, цэвэр усны хоорондын хамаарлын тухай ярилцлаа.

-Одоогийн байдлаар Монгол орны хамгийн их анхаарал тавих ёстой экологийн асуудал юу вэ?

-Би ойн инженер хүн учраас ойтой холбоотой асуудлаар ярья. Би хувьдаа Монголын ой мод хүн төрөлхтний цэвэр усны хувь заяаг шийднэ гэж үздэг. Таван жилийн өмнө би “Нью-Йорк таймс” сонинд гарсан нэг нийтлэл уншиж байсан. Уг нийтлэлийн гол санаа нь 2020 оноос хойш хүн төрөлхтөн газрын тосны төлөө бус харин цэвэр усны төлөө дайтах болно гэсэн утгатай байв. Дэлхийн нийт цэнгэг усны гуравны хоёр нь Антарктид тив болон өндөр уулсын оройд цас мөсөн бүрхүүл хэлбэртэй байдаг ба энэхүү нөөцийг ашиглах боломж бараг үгүй. Ашиглая гэж бодоход гаргаж авах нэг литр усны үнэ нэг грамм алтнаас үнэтэй тусах учир эдийн засгийн хувьд боломжгүй зүйл.

-Тэгэхээр дэлхийн цэнгэг усны гуравны нэг нь гол нууруудад байдаг гэсэн үг үү?

-Яг зөв. Бидний хэрэглэдэг цэвэр усны үндсэн эх үүсвэр нь нуур цөөрөм, гол, гүний ус бөгөөд эдгээр уснууд нь хоорондоо нягт холбоотой. Аль нэг нь дундрахад бусдад нь ч бас нөлөөлдөг учир аль алийг нь хамгаалах ёстой.

- Яагаад Монголын ойгоос хүн төрөлхтний хувь заяа хамаарна гэж та үзэх болов?

- Дэлхийн нийт цэнгэг усны зургааны нэг буюу авч ашиглах боломжтой усны бараг 50 хувь нь Байгаль нуурт бий. Тийм ч учраас ЮНЕСКО-ийн үнэт өвд орсон. Гэтэл уг нуурын үндсэн цутгалан нь манай Сэлэнгэ мөрөн байдаг. Байгаль нуурт өөр олон жижиг гол цутгадаг ч үндсэн нөөцийг нь Сэлэнгийн ус тэтгэж байдаг юм. Тиймээс монголчууд бид Шүрэнгийн хөндийд усан цахилгаан станц барих тухай ярьж эхлэхэд Оросын эрдэмтэд, эрх баригчид дургүйцэл илэрхийлж байсан. Байгаль нуур руу цутгах Сэлэнгийн усны түвшин буурахад уг нуур орших уу, эс орших уу гэдэг асуудал гарч ирэх нь ойлгомжтой.  

- Сэлэнгэ мөрний усны түвшин буурах талаар та их санаа зовдог бололтой. Ямар хүчин зүйлүүд үүнд нөлөөлөх вэ?

 - Олон хүчин зүйл байгаа боловч хамгийн чухал нь Монгол орны ой юм. Ой мод экологийн тэнцвэрийг хадгалахад олон үүрэг гүйцэтгэдэг. Үүний дотор ус цуглуулах, усыг тогтмол барьж, жигд хуваарилах, унах хур тунадсыг нэмэгдүүлэх зэрэг юм. Сэлэнгэ мөрний ус цуглуулах талбайн 73 хувь нь ой модтой нутаг байдаг. Өөрөөр хэлбэл Сэлэнгэ мөрөн үндсэндээ Монгол орны ойгоос эх авдаг гэсэн үг. Орхон, Туул, Чулуут, Тамир зэрэг томоохон голууд ч мөн адил ойгоос эх авдаг ба Сэлэнгэ мөрний урсцыг бүрдүүлдэг. Бас нэг чухал эх үүсвэр нь Хөвсгөл нуур юм. Хөвсгөл нуур руу 100 гаруй уулын гол цутгадгийн ихэнх нь ойгоос эх авдаг. Ингээд үзэхээр Байгаль нуурын усны нөөц Монголын ойгоос шууд хамааралтай байгаа юм. 1990 онд Монголын бүх газар нутгийн 9.8 хувийг ой эзэлж байсан бол 2005 он гэхэд ойгоор бүрхэгдсэн талбай 6.3 хувь болтлоо буурсан гэх тоон үзүүлэлт бий. Бид 15 жилийн дотор эмх замбараагүй мод огтлолт, ойн түймэрт асар их хэмжээний ойгоо алдсан.

- Ойгүй болох нь усны хэмжээнд яаж нөлөөлдгийг та манай уншигчдад тодорхой тайлбарлаж өгч болох уу?

- Илүү ойлгомжтой болгохын тулд нэг жишээ татья. Халзан толгойтой хүн бороонд нороход толгой нь хоёр минутын дотор л хатна. Толгой дээр нь буусан ус торох зүйлгүй урсаад л алга болно шүү дээ. Харин урт үстэй хүний толгой бороонд нороход хатталаа нэг цаг гаруй болно. Үс нь ус цуглуулах, хадгалах үүрэг гүйцэтгэж байгааг энэ жишээнээс бид тод харж болно. Байгаль дээр ч яг адил зүйл болдог. Ойтой уул толгодоор бороо ороход өвсөн бүрхүүл нь нэгээс хоёр хоног нойтон байдаг. Мод, бут сөөг, өвслөг ургамал, хөвд, хөрс аль аль нь асар их хэмжээний хур тунадас хадгалж, усыг гол горхинд тогтмол барьж, хувиарлаж байдаг. Ой мод нь ус чийгийг бороо, цас, манан, шүүдэр, хяруу, хөрсний ус, гол мөрөн, тогтонги цөөрөм хэлбэрээр байнга хадгалж байдгийн шалтгаан нь тэнд ургаж байгаа ургамал юм. Замбараагүй мод огтлох, түймэрт ойгоо шатаах зэрэг нь эргээд усаа хадгалж барих аргагүй байдлыг үүсгэдэг.

-Тэгэхээр Монголын ойг устгах нь Байгаль нуурт шууд заналхийлж буй хэрэг гэсэн үг үү?

- Энэ нь шууд утгаараа гарч ирэх ойлголт. Хүний буруутай үйл ажиллагаа үүнд нөлөөлөхөөс гадна манай эрдэмтэд, эрх баригчдын идэвхгүй, санаачлагагүй байдалтай холбоотой гэж би боддог. Байгаль нуурыг ЮНЕСКО-ийн үнэт өвд авсан юм бол уг нуурыг усаар тэтгэдэг Монголын ойг ч бас авах шаардлагатай гэж би үздэг. Хамгийн гол нь үүний араас хөөцөлдөх хүсэл эрмэлзэл, санаачлага дутаад байгаа юм.

- Та өөрөө энэ асуудлыг хөөцөлдөж болдоггүй юм уу?

- Хөөцөлдөж байсан ч олигтой дэмжлэг аваагүй учир энэ бүгд цаасан дээр л үлдсэн дээ.

-Хөвсгөл, Байгаль хоёр нуурыг хүйн холбоотой гэж урьд нь уншиж байсан юм байна. Та энэ талаар юу гэж бодож байна?

-Манай монголчууд ер нь яруу найргийн мэдрэмж өндөртэй хүмүүс учраас Байгаль далай, Хөвсгөл нуур хоёрыг хүйн холбоотой буюу ээж хүү хоёр гэж дүрсэлдэг. Хөвсгөл нуурт урсан орж буй гол горхины усны хэмжээ нь уг нуураас эх аван урсаж байгаа усны хэмжээтэй тэнцүү юм. Хөвсгөл нуураас урсан гарч байгаа Эгийн голын эх нь нэг метр ч хүрэхгүй гүнтэй байдаг бөгөөд ямар нэг шалтгаанаар Хөвсгөл нуурын усны түвшин ялимгүй багасахад л Эгийн гол тасарч, Хөвсгөл нуур тогтмол устай болж хувирна. Иймд Хөвсгөл нуурын ай савын ойг огтолж устгаваас далайн экологийн тэнцвэр алдагдаж, Эгийн гол устах аюул нүүрлэнэ. Эгийн гол нь өөрөө Сэлэнгэ мөрний үндсэн том цутгалангийн нэг учир Байгаль нуурт очих усны түвшинд шууд нөлөөлнө. Үүнийг л экологийн гинжин хэлхээ буюу хүйн холбоо гэж нэрлээд байгаа юм. Энэ бүгдийг маш сайхан танилцуулж, олон улсын байгууллагууд, ЮНЕСКО-н анхааралд хүргэвээс бид санхүүгийн эх үүсвэртэй болж, огтолж, шатаасан ойн талбайгаа нөхөн сэргээх боломж бүрдэнэ.

- Үүнээс өөр гарц байхгүй юу?

- Айлаас эрэхээр авдраа ух гэгчээр мэдээж улс орон, Засгийн газар энэхүү асуудлыг үндэсний бодлого болгон хэрэгжүүлбэл болох байх л даа. Дэлхийн өндөр хөгжилтэй гүрнүүд улсынхаа ойн санг хадгалах, нэмэгдүүлэх шат дараалсан цогц бодлого хэрэгжүүлдэг. Харамсалтай нь бид одоогоор энэ түвшинд хүрэх арай болоогүй байна даа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
6
0
0
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.