UBLife Logo
-

49 “Баярцогт” буюу шинэ цагийн ШУЛМЫН АН

49 “Баярцогт” буюу шинэ цагийн ШУЛМЫН АН

Дэлхийн гэмтнүүд цагийн зөрүүнээс үл шалтгаалан өдөржин, шөнөжин гэлбэлзэв. Учир нь Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэг хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том, хамгийн дуулиантай, хамгийн их нууц мэдээлэлтэй баримтыг Монголын цагаар 03.00-д ил болгосон юм. 2.6 терабайт хэмжээтэй файлд 200 мянга гаруй офшор дансны мэдээлэл бий. Эндээс Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгийн цахим хуудаст нэвтрээд, “Mongolia” хэмээн бичиж хайлт хийвэл давхацсан тоогоор 49 илэрц гарч ирж байна. Одоо Монголд шулмын ан эхэлнэ. Дэлхий даяар аль хэдийнэ эхэлчихээд байна.

Энэ тухай мэдээллийг хамгийн түрүүлж Монгол ТВ “Оргил цаг” мэдээллийн хөтөлбөрөөрөө зарлахдаа Ерөнхий сайд асан Сү.Батболд, Барилга, хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар, “Петровис”-ийн Ж.Оюунгэрэл гэсэн хүмүүсийн нэрийг офшор данстай хэмээсэн. Гэтэл ОУЭССН-ийн цахим хуудаст дээр дурдсанаас Ж.Оюунгэрэлийнхээс бусад хүний нэр олдсонгүй. Буруу, зөвийн алин болсныг одоогоор хэлж мэдэхгүй ч, Монгол даяар баримттай, баримтгүй бие биенээ хардан, зүхэх “хөдөлгөөн” хэдийнэ эхлээд байна.

Дээрх 49 нэрний дунд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай, “Петровис”-ийн Ж.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн асан Кёкүшюүзан Д.Батбаяр. “Дорнын говь”-йн Б.Дэлгэрсайхан, 1998-2000 онд Сангийн сайдаар ажиллаж байсан Я.Очирсүх, НИК-ийн Ч.Давааням тэргүүтэй нэрс байх аж. Харин офшор гэдэг үг бараг овог нь болтлоо хэлэгдсэн УИХ-ын гишүүн С.Баярцогтын нэр Монгол биш Хятад гэсэн хэсэгт байна. 

Уг байгууллагын дэлгэсэн нууц баримтууд дэлхий нийтийг хөдөлгөж эхэллээ. Эхнээсээ улстөрчдийг огцруулах, тайлбар шаардах, үнэн мөнийг өөрсдөөр нь хэлүүлэх хөдөлгөөн өрнөөд байна. Харин бид хэд хоног нийтээрээ зүхэж аваад л намждаг “уламжлалтай”. Өмнө нь офшор данстай нь илэрсэн хэд хэдэн монгол хүний нэр гарч байсан. Тэд одоо ч төрийн томоохон албаа хашсан хэвээр байгаа.

Энэ удаа бүгдээрээ асуудалд арай бодитой хандвал сайнсан. Үйл явдал дөнгөж эхэлж байна, эхлээд баримтаа судалъя. Юу болохыг бас хэсэг харзная. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
29
3
26
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.