UBLife Logo
-

ХӨВСГӨЛД очсон хүмүүсийн тэр бүр мэддэггүй СОНИРХОЛТОЙ 13 ГАЗАР

UBLife
UBLife
ХӨВСГӨЛД очсон хүмүүсийн тэр бүр мэддэггүй СОНИРХОЛТОЙ 13 ГАЗАР

Монголын Щвейцарь –Хөвсгөлөөр аялахаар төлөвлөж байна уу? Хөвсгөл бол жуулчид хийгээд аялагчдын очих дуртай газрын нэг яалт ч үгүй мөн. Хэт олон хүн бөөгнөрч, ая тух алдагдуулах бус сонирхолтой, судлагдахуунтай байх үзэсгэлэнт газруудыг танд санал болгож байна.

1. Алсыг харагч Чөчүү уул

Хөвсгөл далайн баруун талд сүндэрлэх Чөчүү уул далайн түвшнээс дээш 2444 метр өндөрт өргөгдсөн бөгөөд алсыг харагч л гэсэн үг. Баруун болон баруун хойд талд нь Хорьдол Сарьдагийн нуруу, Саяны салбар уулс хараа булаан сүндэрлэнэ. Хоймор хэсэгт Мөнх цаст Бүрэнхан уул нүд баясгана. Зүүн талаар Сантийн нуруу үргэлжлэн харагдана. Хараад хараад ханашгүй диваажингийн хөндий юутай гайхамшигтай гээч.

Уул өөд мацахад ойролцоогоор 2-2,5 цаг зарцуулдаг. Харин буухад 30-45 орчим минут. Уулын оргил хүртэл 5 орчим км.

2. Уран дөш хайрхан –Модон хүй арал

Жиглэгээс усан онгоцоор 30 орчим км аялсны дараа үдийн цайгаа уухаар далайн тэг дунд байрлах битүү модон аралд бууж болно. Аралыг “Модон хүй” гэж нэрлэдэг. Тэнгэр баганадсан модоор бүрхэгдсэн арлын урт нь 4 км, өргөн нь 3 км юм. Арал дээр хандгай, гөрөөс, чандага зэрэг төрөл бүрийн ан амьтад байдаг, олон зүйлийн ургамал жимс ургадаг ажээ. Хөвсгөл нууранд Модон хүй, Хадан хүй, Далайн хүү, Бага хүй гэсэн дөрвөн үзэсгэлэнт арал байдаг.

“Эрт урьд Хөвсгөл далай байгаа энэ нутаг талтай, уултай хөндий байжээ.Тэнд таргийн таван үнээтэй, таван хар ямаатай эмгэн 3 хүүгийн хамт амьдардаг байж гэнэ. Эмгэн малаа усалж яваад худгийнхаа тагийг таглахаа мартжээ. Өглөө сэртэл хөндий тэр чигээрээ ус болсон байв. Усанд амьдрахад хэцүү тул худгийн тагийг тагла гэж эмгэн 3 хүүдээ хэлэв. Бага хүү нь нэг худгийн амыг таглах гэж 7 атга шороо авч хаяв. Хөвсгөл нуурын зүүн талд орших “Долоон уул” бий болов.  Дунд хүү нь бас нэгэн худгийг таглах гэж хурц шовх оройтой “Уран дөш” уулын оройг тасдан авчирч тагласнаар “Хадан хүй” арал үүсэв. Том хүү нь  Баясгалант уулын оройг тасдан авчирч үлдсэн худгийг таглав. Ингэж үзэсгэлэн төгөлдөр “Модон хүй” арал бүрдсэн байна”.

3. Хөвсгөл далай, Сүхбаатар хөлөг

Хөвсгөл нуур бол Монгол улсын хамгийн гүн, цэнгэг устай нуур. Сүр жавхлантай шигүү тайга, нуурын аглаг ширүүн үзэсгэлэн, түүнийг тойрсон өндөр уулс жуулчдын зорих дуртай газрын нэг. Нуурын эргээр жигд шинэсний мод ургаж, нуурын тохой алтан элсэн жалгайгаар элсэг ажээ. Хөвсгөл нуурын ус Байгальтай адил цэнгэг, цэвэр түүхийгээр ууж болдог. Далайн түвшинээс дээш 1645 м, урт нь 136 км, хамгийн өргөн газар нь 36.5 км, үнэмлэхүй гүн нь 262м юм.

Мөн Сүхбаатар хөлөг таны аялалд нэгэн адал явдал нэмнэ гэдэгт итгэлтэй байна. Сүхбаатар онгоц нь 1985 оноос эхлэн Хөвсгөл далайд аялж эхэлсэн 40 жил ашиглах нормативтай, орчин үеийн автомат удирдлага бүхий 800 морины хүчтэй дизель хөдөлгүүртэй, 1800 тонн ачаа чирэх чадалтай , цагт 20 22 км хурдалдаг, манантай үед 24 метрын радиуст ус хуурай газрыг ялгаж харах болон усны гүнд 50 метр дотор хэмжих эхолакатортай зүтгүүр онгоц юм. 

4. Хорьдол сарьдаг

Шохойн чулуунаас тогтсон, шовх шовх оргилтой ой хөвч, тагийн бүс бүхий сүртэй сайхан уул. Оргил нь 3200 орчим м хүрнэ. Энэ хавийн уулын зүүн хэсэг нь дархан газарт багтах бөгөөд энд нэн ховор ойн цаа буга болон сибирийн хандгай, аргал болон явлаг сар, усны цагаан сүүлт бүргэд зэрэг ховор амьтад жигүүртэн шувууд оршдог.Хорьдолсарьдаг уулын Арсайн голд байдаг хүрхрээ нь 70 м өндөр манай орны хамгийн өндрөөс буудаг хүрхрээ юм. Энэ хавь уулын тайга, ян сарьдагт нутгийг 1997 оноос 1886 ам км талбайг хамруулан дархан газар болгожээ.

5. Мөнх хааны Эрчүү хотын туурь

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутаг Дэлгэр мөрний хойд хөвөө Алтай гадасуулынарханд XIII зууны Монголын хаан Мөнх хааны хөшөө, орд харшийн үлдэгдэл эвдэрхий балгас бий. Эвдэрхий балгасны урд үүдэнд хэвтэх гол дундаа ухмал том дөрвөлжин хүрэн боржинг сангийн бойпор гэдэг байжээ. Балгаснаас урагш 40 м орчим зайтай овгор дэрсэн дотроос цухуйж байсан хавтгай хөх чулууг түшлэг гэдэг байсан нь Мөнх хааны монгол, хятад бичигтэй хөшөө байжээ.Уг хөшөө сайхан цамхаг орон савын дотор оршиж байсан шинжтэй бөгөөд малтлагаар ногоон паалантай ваараар хийсэн, монгол хувцастай хүний жижиг цээжин баримал дүрс, ховилтой хөх ваар гэх мэт олон янзын ваар тоосго элбэг гарчээ. Түүнээс гадна Мөнх хааны хөшөөний баруун өмнө 8-10 км зайтай газар /Дэлгэр мөрний тэртээ Эрчмийн нурууны ар Загзуугийн амны адагт/ хэрэм цайз бүхий том хот балгадын үлдэгдэл байдаг бөгөөд үүнийг Загзуугийн балгас буюу Эрчмийн балгас гэнэ.

6. Уушгийн өврийн буган чулуу

Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотоос баруун тийш 25 километрт Бүрэнтогтох сумын нутагт Дэлгэр мөрний хойд эргээс 3 орчим километрт Уушиг хэмээх хадархаг уулын зүүн урд өвөрт булш хиргисүүр, хөшөө чулуу байдаг бөгөөд нэгэн доор 14 буган хөшөө буй. Буган хөшөөнүүд хоорондоо 3-20 метрийн зайтай. Улаавтар өнгийн боржин чулууг дөрвөн тал гарган тэгшлэн засаж буга, нум, бамбай, морь, хутга, нар сар, толь, хээтэй бүс зэргийг дүрслэн сийлж хөшөөнүүдийг бүтээсэн. Хөшөөнүүд гонзгой урт хэлбэрийн, 1.5-4.8 метр өндөртэй, 0.4-1 метр өргөнтэй, 0.2-0.5 метр зузаантай. Эдгээр 14 буган хөшөөнд нийт 109 бугыг сийлсэн байдаг. Уг дурсгал нь нэг дор олноороо цогцолсон гэдгээрээ онцлог бөгөөд Монгол орны хамгийн тод дүрслэлтэй буган хөшөө юм. Эдгээр хөшөө нь хойноос урагш цуварч байрласан байдаг. 

7. Монгушийн хавцал

Монгол улсын ерөнхий сайд асан Н.Алтанхуяг монгол хүн бүрийн заавал очих ёстой газрыг "Хөвсгөл аймгийн Монгушийн хавцал, Тэнгис Шишгэд голын бэлчир, Хорьдол сарьдаг юм" хэмээн өөрийн цахим хуудаснаа ийн нэрлэж байсан билээ. 

8. Рашаан

Булнайн халуун рашаан, Салбартын халуун рашаан, Гантигтын рашаан, Тошинтын рашаан, Хоногцолын рашаан, Цахир түрүүний рашаан гээд аялж, байгалийн сайхныг үзэж биширхийн сацуу биеэ тордоод, амраад авах бүхий л боломж энэд бий. 

9. Цаатан ахуй соёл

Цаа бугатай амьдралаа холбосон тэднийг ийн нэрийдэх болсон таамаг байдаг. Та аялалаараа Хөвсгөл аймгийн хөвч ойн оройгоор цаа бугаа хариулан нүүд эллэн амьдардаг нэг хэсэг хүмүүсийн амьдрал ахуйтай танилцах боломжтой. Цаа бугыг эртнээс гэршүүлсэн цаатангуудын эрхэлдэг гол аж ахуй нь агнуур бөгөөд буга, бор гөрөөс, баавгай, аргаль, хандгай, гахай, янгир зэргийг агнаж, хоол хүнсэндээ хэрэглэдэг.

Цаатан ардын бэр сонгох ёсон тун нарийн уламжлагдаж ирсэн заншилтай байдаг. Эрчүүдэд эхнэр болох хүнээ сонгохдоо өөр овгоос сонгох хатуу үүрэг ногддог ба өөрийн овгоос авахыг цээрлэдэг бөгөөд эдгээрийг сонирхон судлах боломж таны өмнө нээлттэй гэсэн үг.

Цаатангуудын соёл иргэншлийг өнөө хүртэл хадгалж ирсэн том өв бол өөрсдийнх нь орон байр болох урц (өүке) яах аргагүй мөн. Урцыг хэрхэн барих, хаана барих, ямар аргаар барих гээд өөр өөрийн тогтсон дэг жаяг, ёс уламжлал нь таны хувьд содон байна гэдэгт итгэлтэй байна. Содура киног бодитоор үзэх аялалд таныг олон зүйл хүлээж буй. 

10. Тэнгис, Шишгэд голын бэлчир

Шишгэд, Тэнгис голын бэлчир хэмээх энэ хосгүй үзэсгэлэнтэй газар Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Цагааннуур суманд оршдог. Шишгэд, Тэнгис голын ай сав газарт 300 гаруй гол, нуур бий бөгөөд араатан амьтан, загас жараахайгаар баялаг газар юм. Шишгэдийн гол далайн түвшнээс 2610 метр өндөр Хорьдол Сарьдагийн салбар уулс Алтан тайгын Гунын голоос эх аваад хэд хэдэн нуурыг дамжин урссаар Енисей мөрөнтэй нийлж, хойд мөсөн далайд цутгадаг байна. 

11. Улаан тайга уул

Голын хөндий дагуу, нуурын эрэг орчмоор нилээд намагжсан байдаг. Энэ нутагт зэрлэг цаа, хандгай, халиу, суусар зэрэг амьтдыг та ойроос харах боломж бүрэлдэж ч болох юм. Улаанан-Уул  сумын хойд хэсэгт улсын хил хүртэл үргэлжлэх ой хөвч, хад асгатай өндөр уулс, нуруудыг Улаан тайга гэж нэрлэдэг. Улаан тайгын салбар уулс болох  Лам тайга  2659 метр, Улаан тайга 3059, Бошдог 3009 метр, Дээд тайга 3222 метр, Ивтэйн уул 2750 метр өндөр юм. Улаан тайга түүний салбар уулсаас  Дэлгэрмөрөн, Хөг, Мунгараг зэрэг манай орны  томоохон гол мөрөн эх авч урсдаг. Улаан тайгад хэд хэдэн салбар уулс, доод, дунд тайга гэдэг зэрэгцсэн хоёр тайга болдог. Улаан тайгын ой нь шинэс, хушин ой, зонхилдог бөгөөд  зарим ховор мод ургадаг. 

12. Даян дээрхийн агуй

1864 онд Даян Дээрхийн хийд хэмээх шарын шашин, бөө мөргөлийн төвийг Цагаан-Үүр сумын нутаг дахь Үүр, Дээрхийн голын бэлчир байгалийн үзэс - гэлэнт газарт байгуулсан туурь одоо хүртэл бий. Энэ агуйг үзэж сонирхох, онгод шүтээнээс нь абшиг авах гэсэн гадаад, дотоодын жуулчид сүүлийн үед олноор ирдэг болжээ. Даян Дээрхийн агуй нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвөөс зүүн хойно Үүр голын зүүн цутгал, Дээрх гэдэг хавцал голын дунд хавьд зүүнээс нийлэх хавцлын аманд орших, Монгол орны хамгийн том агуйн нэг юм. Агуй дотроо 450 шоо метр хэмжээтэй, арав гаруй тасалгаатай, зүг бүртээ олон ам бүхий “хаалгатай”. Төрөл бүрийн рашаантай, нарийн шороон будагтай, “эхийн умай” хэмээх эмэгтэй хүний савыг дүрсэлсэн амсартай дэлхийд ховор байгалийн “үзмэр” юм.

Даян дээрхийн шүтээндээ мэргэн бөөгийн сахиустайДалай ээжийн давалгаандаа дэлтэй цэнхэрийн түрлэгтэйХамаг монголоо өмөөрч боссон Чингүнжавын удамтайХарцын уяанаас гаргаж сойсон домогт хурдан хүлгүүдтэй 

13. Дархадын 13 овоо

Хатгалаас Улаан-Уул руу явах замд Өлийн халзан даваа байдаг бөгөөд 13 овоотой. Өлийн халзан даваа нь 2110 м-ийн өндөрт оршдог. Дархад овгийн хүмүүс манай улсын олон аймаг сумаар тархсан байдаг гэж угсаатан зүй судлаачид өөр өөрсдийн бүтээлд тэмдэглэсэн байдаг. Дархад овгийн хүмүүсийн уг гарал XII-XIII зуунаас улбаатай. “Монголын нууц товчоо”-нд  дархад аймаг гэж гардаг. Одоогийн Улаан-Уул, Ринченлхүмбэ, Баянзүрх, Цагааннуур суманд аж төрж байгаа дархдууд дархад ястны зан үйл, хэл аялгуу, аж төрөх ёсон, сүсэг бишрэл зэргийн үүх  түүхийг хадгалж иржээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
4
0
5
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.