UBLife Logo
-

Юу ч бүү үйлд

Юу ч бүү үйлд

Хэрэглэсээр байх уу, хэмнэх үү?

Хүн төрөлхтөн нэг талаараа түүхийнхээ хамгийн таатай, нөгөө талаараа хамгийн төвөгтэй цаг үедээ тулан иржээ. Өлсгөлөн, халдварт өвчин, байгалийн гамшиг, гаднын түрэмгийлэл, дотоодын үймээн самуун хийгээд дарангуйлагчид гээд бараг бүхий л түүхийнх нь туршид хүмүүний оршихуйд ямар нэг аюул, дайсан заналхийлсээр ирсэн бол эдүгээ халдварт өвчин, байгалийн гамшгийг шинжлэх ухаан төгс биш гэхэд тодорхой хэмжээнд ялж, масс үйлдвэрлэл бидний дийлэнхийг хувцаслаж, хооллож, ардчилал, капитализм дарангуй тогтолцоог үнэмлэхүй ялж, дэлхийн ихэнх хэсэгт энх амгалан тогтов.

Гэлээ гээд бас орчлон ертөнц диваажин болчихсонгүй. Хэн нэгэн гадаад хүчин зүйл, дайсны эсрэг биш өөрөө өөртэйгээ тэмцэх цаг эхэлсэн бололтой. Магадгүй энэ бидний түүхэн дэх хамгийн хэцүү тэмцэл байх биз ээ.

Хэрэглээ ба Байгаль

Хэдийгээр техник, технологийн хөгжил дэвшил нөөцийг хэмнэх, үр ашигтай зарцуулах тал дээр маш их амжилтыг олж буй ч орчлон ертөнцийг оргүй хоосноос бүтээх хүч бурханд л байдаг болохоор уух уснаас маань эхлээд ухаалаг утас маань хүртэл байгалиас л гарган авч боловсруулсан түүхий эдээр бүтдэг. Дэлхийн цаг уурын өөрчлөлт, экосистемийн сүйрэл зэрэг байгаль дэлхийд учруулж буй бүхий л хор уршгийн ард та бидний анзааргагүй худалдан авалтууд байдаг.

Бид хүн төрөлхтний түүхэнд байгаагүй олон байгаль хамгаалагчтай цаг үед амьдарч буй ч байгаль хамгаалж буй арга зам маань зэрлэг зулгаахаас төдий л ялгаагүй, үр дүн муутай байна. Учир нь байгаль хамгаалах үзэлтнүүд хүлэмжийн хий ялгаруулагчид, уул уурхайн компаниуд, атомын эрчим хүчний салбар, ус их хэмжээгээр ашигладаг үйлдвэрүүдийг л буруутгаж, бохирдсон бүс нутгийг нөхөн сэргээх, цэвэрлэгээ хийх, ховордсон ан амьтдыг хамгаалах ажлуудыг зохион байгуулдаг. Гэвч, байгаль, экологийн сүйрэл рүү хөтлөгч гол хүч нь бидний цадашгүй шунал хүсэл, тоомжиргүй хэрэглээ юм.

Байгаль орчинд хөнөөл учруулдаг хэмээн буруутгагддаг компаниуд бидний халаасанд байгаа мөнгөний төлөө л байгаль орчныг сүйтгэдэг. Тийм болохоор хэрэглээгээ тодорхой хэмжээнд хязгаарлаж, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг эрхэмлэх нь байгаль орчны төлөө идэвхтэн тэмцэгч байхаас хамаагүй том хувь нэмэр болох бөлгөө.

Хэрэглээ ба шунал хүсэл

Хүний хүсэл шунал хязгааргүй. Эдийн засгийн ухаанд хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөц баялгаар хангах үйл явцыг зохицуулахыг эрхэм үүргээ гэж үздэг. Гэвч нөгөөтэйгээр бизнесийн байгууллагын эцсийн зорилго нь ашиг олох болохоор бүтээгдэхүүн, үйлчилгээ нь хэрэглэгчид зайлшгүй шаардлагатай эсэхээс үл хамааран аль болохуйц их хэмжээгээр борлуулах хүсэл рүү хөтөлдөг. Энэ зорилгоо биелүүлэхийн тулд бизнесийн байгууллагууд хэрэглэгчийн хүсэл шуналыг өдөөж, хэрэглээг хиймлээр нэмэгдүүлж, шинэ шинэ хэрэгцээг буй болгож, эд материалыг дээдлэх үзлийг нийгэмд төлөвшүүлдэг. Үүний хажуугаар банк санхүүгийн салбар төрөл бүрийн зээлүүд санал болгох замаар худалдан авалтыг улам хөхиүлэн дэмжинэ. Дэлхий дээр өнөөдөр 800 сая орчим өлсгөлөн хүн амьдарч байгаагаас гадна 1.5 тэрбум илүүдэл жинтэн бий. Бид эхлээд хэтрүүлэн идэж илүүдэл жинтэй болоод, дараа нь илүүдэл жингээ хасахын тулд тураах бэлдмэл хэрэглэж, эсвэл биеийн тамирын танхимыг зорьдог. Энэ бол хэрэглээнд жолоодуулсан манай цаг үеийн түгээмэл нүүр царай.

Өнөөдөр дэлхий ертөнц дээр оршиж буй капиталист тогтолцооны гол зорилго нь нийгмийн гишүүдийн шуналыг өдөөж, хангагдаагүй хүслүүд үүсгэхэд чиглэж байгаа. Ингэснээр нийгмийн гишүүд хүслээ хангахын тулд үйлдвэрлэлийн процесст оролцож, хариуд нь хангагдаагүй хүслээ хангах боломжийг олгох мөнгө хэмээх шидэт цаасыг авдаг. Энэхүү эргэх цикль нь хэзээ ч төгсөхгүй бөгөөд эцсийн эцэст эхлэх цагт л хангагдаагүй хүсэлтэй байсан хэрэглэгч тэр л хэвээрээ насаараа цуглуулсан баялгаа энд үлдээгээд өөр ертөнцийг зорино. Энэ механизмыг амжилттай ажиллуулахын тулд тогтолцоо маань эд материалаар хэмжигдэх амжилт, аз жаргалын тухай төсөөллийг зогсолтгүй цацаж байдаг. Энэхүү суртал ухуулгаар нийгмийн гишүүдийн зорилготой, хөдөлмөрч, тууштай байхыг уриалдаг. Залхуу, бүтэлгүйчүүдийн өмнөөс санаа зовсондоо тэр биш. Учир нь залхуу, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, материаллаг баялгийг огоорогч иргэд нийгэмд олшрохын хэрээр хөдөлмөрийн нөөцийн хомсдол үүсч, корпорациудын бүтээсэн бараа үйлчилгээг худалдан авах чадвартай иргэдийн тоо буурч, улмаар тогтолцооны тогтвортой байдал алдагдана. Нэгэнт тогтолцоо ийм хэтийдмэл эрэлт дээр тогтож буй болохоор ард түмэн хувьсгал хийхийг хүсвэл зуун жилийн өмнөх шиг буу зэвсэг барихын оронд ердөө л хэрэглээгээ хумихад хангалттай. Хэрвээ бүх хүн цадаж, хүсэл нь хангагдаад ирвэл тогтолцоонд хямрал нүүрлэнэ.

ТОГТОЛЦОО БИДЭНД “АЗ ЖАРГАЛ БОЛ “ФЕРРАРИ”-ГИЙН ЦУГЛУУЛГА” ГЭЖ ИТГҮҮЛЭХЭЭР ЗОГСОО ЗАЙГҮЙ ОРОЛДДОГ.

Бидний үздэг бүхий л түүхүүдэд гол дүрийн баатрууд нь ихэвчлэн тансаг хувцас өмсөж, үнэтэй машин унаж, сайхан орон сууцанд амьдарч буйгаар дүрслэгддэг. Харин үүнээс эсрэг харагдах гол дүрийн баатрууд нь ийм амьдралыг хүсэж мөрөөдсөн, эсвэл бүтэлгүйтсэн нэгэн байдлаар л үзэгддэг. Энэ бүхнийг харж мэдэрсэн хүний дотор өөрийгөө чамлах, медиагаас харсан дүр зурагтайгаа өөрийгөө харьцуулах, тэдэн шиг болохыг хүсэх хүсэл нууцхан төрдөг. Яг үнэндээ өнөөдөр бидний хүсэн тачааддаг тэр зүйлийн ихэнх нь байгаагүй хорь, эсвэл тавин жилийн өмнө ч хүмүүс жаргалтай амьдарч болоод л ирсэн билээ. Ингэж Бат, эсвэл Долгор зэргээр  харьцуулах дүрүүд үүсгэж, тэдгээр дүрүүд шиг болохсон гэх хүслийг нийгэмд төрүүлэх нь нийгмийг хөдөлгөгч эрчим болдог байж болох ч тухайн нэг хувь хүний амьдралд зовлон л нэмэхээс өөр юмгүй билээ. Энэ бүхний эцэст бидний амьдрал бүхнийг өөрийн болгохын төлөөх тэмцэл л болж хувирах бөгөөд эцэст нь оршихуй, БИ маань надад юу байгаа вэ, би юу эзэмшиж байгаа вэ гэдгээр л тодорхойлогдож эхэлдэг. Тогтолцоо бидэнд “Аз жаргал бол “феррари”-гийн цуглуулга” гэж итгүүлэхээр зогсоо зайгүй оролддог. Хэрэв үнэхээр аз жаргал ийм хямд байсан бол бидэнд бүх юм хавьгүй амар байх байсан биз ээ.

Хэрэглэх үү ЭСВЭЛ?

Зарим тохиолдолд илүү цаг ажиллана. Энэ бүх амьдралаасаа хулгайлах цаг хугацаа маань шунал хүслээ дарахад буюу хэрэглээнд маань л зориулагддаг. Хэрвээ бид хэрэглээгээ бууруулж, зайлшгүй бус бараа үйлчилгээнээс татгалзаж чадвал ажлын цагаа бууруулж, илүү завтай, илүү амар тайвнаар амьдарч ч чадах нь ээ.

Арван таван жилийн өмнө Хайди Марие Швермер гэгч нэгэн эмэгтэйд энэ ертөнц дэх бүхий л зүйлс буруу юм шиг санагдаж, хүн мөнгөгүйгээр амьдарч болох, эсэхийг шалгахаар нэг жил огтоос мөнгө хэрэглэлгүй амьдрахаар гэрээсээ гараад нэг л мэдэхэд 15 жилийг сохор зоос ч ашиглалгүй өнгөрөөсөн түүх эдүгээ ч үргэлжилж буй. Хэдийгээр тэр ямар нэгэн альтернативыг бидэнд санал болгоогүй ч маш сонирхолтой асуултуудыг тавьж чадсан байна.

Эцэст нь уншигч авхай та энэхүү уйтгартай нийтлэлийн ард яаж ийгээд гарч чадсан бол өөртөө буй төдий л ашиглаад байдаггүй эд зүйлийнхээ жагсаалтыг гаргаад, өртөг нь хэд болохыг барагцаалах гээд үзээрэй. Америкт явуулсан нэгэн судалгаагаар америк эмэгтэйн шүүгээн дэх нэг ч өмсөөгүй хувцасны өртөг дунджаар 500 доллар гэсэн үр дүн гарсан байна лээ.

  1. Зайлшгүй, шаардлагагүй хэрэглээгээ хязгаарласнаар нөөцийг үр ашигтай зарцуулж, байгальд учруулж буй хөнөөлөө бууруулж, магадгүй хүн төрөлхтний соёл иргэншлийн насыг уртасгаж байна

  2. Хэрэглээгээ багасгаснаар хэмнэх мөнгөө ядууст туслах, аялалд явах зэрэг илүү аз жаргал хүртэж болох зүйлд зарцуулж болно.

  3. Бид өдөр тутам цайны цагтай нийлээд хоногийн есөн цагийг нь ажлын байран дээрээ өнгөрүүлдэг бол ахиад багаар бодоход нэг цагийг ажилдаа ирж, очиход зарцуулдаг. Долоо хоногийн ажлын таван өдөрт 50 цаг гэсэн үг. Долоо хоног нийтдээ 168 цагтай гэхээр бараг гуравны нэг нь. Ахиад гуравны нэгийг нь нойрсож өнгөрөөнө гэхээр бидний ухамсарт амьдралын маань тал хувь нь ажил дээр өнгөрдөг байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.