UBLife Logo
-

Авторын булан: Гандан, самган хоёр

Авторын булан: Гандан, самган хоёр

Гандантэгчилэн хэмээгч хийд оршин байна. Монголчууд зүгээр л Гандан гэж товчлон авгайлах нь саахалтын самганаа дуудах лугаа элэгсэг дотно буй за. “Бурхан шашинтны төв” гэсэн тов тодорхой хаягтай, үүгээрээ үйлс, зорилгоо түмэн олноо зарлагч түүн тийш хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж хүрсээр л. Хорвоогийн жам, амьдралын замд жаргаж, зовсон түмнээсээ хэн ялгалгүй өргөл барьц хураан төвхнөдөг, гал алдах бүү хэл гадна дотногүй дэвжсэн товхийсэн айл бий.

Бурхан шашинтны сүрлэг төвтэй саахалт айлсах нэгэн самган амьдарч байна. Насаараа Гандангийн дэнж дэрлэн, өрх толгойлж, газар дээрх ганц хүүгээ хошуу дэвсэн өсгөжээ. Өр нимгэн буянтны буянаар аяга цай олж уухаас бусад цагт ная гарсан самган хүйтэн газарт хөлөө хайруулан хашаагаа налж сууна. Хорвоог үзэх нүдгүй болсон түүнд уйлан хайлан үхлээ хүсэх өдөр бишгүй. Ганц хүү нь мөнх бусын хорвоод хоёр жаахан хүүхэдтэйгээ бэлэвсэн хоцорсноосоо болж өдөр, шөнөгүй гансрах нь Гандангийн саахалт самганы түмнээс буян эрж амьд үлдэх цор ганц шалтгаан болж байна. Гагц Гандангаас л түлш байтугай түүхий төмс дөхүүлсэнгүй ээ.    

Гандан хэзээнээсээ нүгэлийг тэвчих, буяныг үйлдэхийг номлож ирсэн оюун санааны оройн дээд ариун охь газар гэдэгт нь сүсэгтэн олон эргэлзэлгүй гүн бат итгэдэг. Лам нар хар цагаан, хайр энэрэл, үхэл хагацал, жаргал зовлон хэмээх хүний үйл, явдал учрын талаар дуржигнуулан номлодог билээ. Жишээ нь Та л гэхэд харуй бүрийд хүүхдээ тэвэрч яваа эхчүүдийн амны уншлага “Ум дари дү дари дүри дүри сууха”-гаа эрхбиш мэднэ биз дээ. Монголчууд хэзээ ч энэ хэдхэн үг юу гэсэн утгатай болохыг асууж зүрхлээгүй тийм их сүсэг бишрэлтэй, ноомой ард түмэн. Монголд Бурханы шашин самгарди хэлээр дэлгэрэн түгсэн зургаан зууны турш маань мэгзэмийн орчуулгыг адган шаардалгүй өнөөдөртэй золгожээ. Ганданг гороолсон хүний сэтгэл уужирдаг. Чухам яагаад гэдгийг энэ цагийн сүсэгтнүүдэд монгол хэлээр, буддын шинжлэх ухааны онолыг үндэс болгон энгийн ойлгомжтой тайлбарлахаас орчин үеийн Гандангийн үүрэг хариуцлага эхлэх ёстой. Бурхан бол шидтэн биш. Гандан бол сүсэгтнүүдийг мунхруулагч зальхай зах биш.

Өнөө цагийн Ганданд талийгаачийн араас уншуулах маань, эрүүл энхийн ерөөл, хэл амнаас гэтэлгэх тарни гээд ном мэгзэм тус бүр харилцан адилгүй тарифтай. Бодвол Гандангийн дулаан, цахилгаан, лам нарын хөдөлмөрийн хөлс зэрэг зардлыг маань, мэгзэм, ерөөл, ном тус бүрийн онцлогт дүйцүүлэн шингээж гаргасан тариф болов уу. Түүнээс биш түмэн олны өглөгийг их, багаар хэмжих, мөнгө өгөөгүйд үл үйлчлэх ёс зүй Бурханы шашинд огтоос үгүй байлтай. Гандан хийд өнөө цагт ажлын байр олгодог, үйлчилгээ үзүүлж ашиг олдог гэхчлэн бүхий л үзүүлэлтээрээ байдаг л нэг бизнесийн байгууллага болсон нь нууц биш. Арай л Монгол Улсын топ-100 аж ахуйн нэгжид нэрээ дэвшүүлсэнгүй, мяндаг цолтой хамба, гавж нар нь улс төр лүү урвасангүй. Тэдэнд үгээгүй доодост өглөгийн гар сунгадаггүй юм гэхэд ашиг орлогыг нь эрс хумьж мэдэх энэ мэт рүү үл алхан нэр хичээх ухамсар хараахан байдаг бололтой. “Одоохондоо”. Ойрын ирээдүйд шашин хийгээд төр хэр самуурахыг таашгүй.    

Түмэн олон сүсэгтэн орчин цагийн жишгээр өөрчлөгдөн хувьсаж буй Гандангаа огт сонждоггүй, шоолдоггүй. Лам нар эхнэр авч, номоо тарифжуулсанд нь аанай л тайван хандсаар. Буян номлож, бусдаас шан харамж горилон амьдардаг шигээ ядарч зүдэрсэн хүүхэд, хөгшдөд буян үйлдээч гэж гоочилдоггүй. Зүгээр л халаасаа ухаж, байгаагаа барьчихаад гуутай бурхадын өмнө мэхийн хүндлээд гарч оддог. Зах зээлийн эдийн засгийн аясыг үтэр мэдэрч, даган найгах атлаа гадаа нь хүмүүсийн амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилж, үгүйрэл хоосрол, өнчрөл хагацал байдгаараа байж л байгааг Гандан мэдэхийг хүсэхгүй байна.

Монголд шашны гаж урсгалууд түрэн орж, хүүхэд залуус, ялангуяа эмзэг хэсгийн иргэдийг урхидан ухаан санааг нь самууруулж буйг үл тоосоор байх уу. Саахалтын самганаа ч тоодоггүй ийм Ганданг гороологсдын жим тасрах вий. Мань Гандан арц хүжнийхээ ариун үнэрт мансууран суух зуур хэн нэгэн үл таних шашны номлогчоос “Аав аа, намайг ашиглаач” хэмээн орь дуу тавин гуйж, бархиран уйлалдах монголчууд олширсоор. Саахалтын самгандаа ч гар сунгадаггүй, шаналанд умбасан хүүд нь сургааль номоо хайрлаагүй Гандангийн тарифжсан ихэмсэг оршихуй дор оюун санааны асар том хоосон орон зай бий болжээ. Энд танихгүй бурхад галзуурч, элдэв шашин, урсгал Монголын нийгмийн итгэл үнэмшил, ёс суртахуунаар хүссэнээрээ тоглох боллоо. Тэдэнд монгол хэлээр бичсэн сургааль, ном, ядууст тараах өглөг, сэтгэл уудлах найрсаг харилцаа гээд манай Ганданд байхгүй маш хүчтэй үнэт зүйлс байх тул хүмүүс хэн нэгэн үл таних этгээдийг ачит аавтайгаа зүйрлэн эгнэж зогсоод бөөнөөрөө уйлж, дуулах болжээ. Тиймээс Бурхан шашинтны төв өөртөө үнэлэлт дүгнэлт өгөх хэрэгтэй болж байна. Ганданд үйл ажиллагааны менежмент зайлшгүй шаардлагатай гэдгийг хүлээн зөвшөөрөх цаг иржээ.  

Саахалтын самган үйлийн үрийг мэдсэн бол хүүгээ цэгц зөв хүмүүжүүлэх байсан, тэгээд хүү нь хоёр хүүхэд болон хөгшин эхийнхээ дэргэд ёс суртахууныг хичээн эцэг шиг, хүү шиг хариуцлагатай амьдрах байсан. Тэдний зовлон арай нимгэн байж болох л байсан даа, Гандангийн дэнжид.   

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
15
29
49
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.