UBLife Logo
-

Алжирын тулаан: Эрх чөлөөний тэмүүлэл

Алжирын тулаан: Эрх чөлөөний тэмүүлэл

Британийн улстөрийн философич, өнгөрсөн зууны нэгэн том идеологич Исайя Берлин эрх чөлөөний хоёр ойлголтыг тодорхойлсон байдаг. Берлин жинхэнэ эрх чөлөөнд тэмүүлсэн хувьсгалд хөтөлдөг санааг позитив эрх чөлөө гэж нэрлээд жинхэнэ эрх чөлөө гэж юу болохыг үл ойлгох олон нийт хувьсгалын дараа ахиад л дарангуй гарт ордог хэмээн дүгнэжээ. Орос болон Францын хувьсгалын дараа тохиосон хэрцгийлэл түүний санааг бататгаж байв. Францын хувьсгалын үеэрх Якобины удирдагчдын нэг Робеспьерын “Хувьсгалт засгийн террор бол өмнөх дарангуй засгийн терророос тэс өөр юм. Яагаад гэвэл энэ нь ёс суртахууны завхралыг устгах зорилготой, эрх чөлөөний дайсны эсрэг харгислал юм” гэсэн үг үүнийг хамгийн сайнаар тайлбарлана.

Берлин позитив эрх чөлөө, энэ хорвоог сайхан болгох гэсэн оролдлого бүр үргэлж бүтэлгүйтдэг гэж үзээд үүний эсрэг негатив эрх чөлөө гэсэн ойлголтыг тодорхойлжээ. Энэ нь нийгэм дэх хувь хүн бүрийн хүсэл шуналыг дэмжиж, үйлдлийг нь хуулиар хязгаарлах буюу одоогийн бидний мэдэх эрх чөлөө юм. Берлин хүйтэн дайны үед барууны цорын ганц сонголт нь негатив эрх чөлөө гэж үзэж байсан бөгөөд коммунизмын аюулаас айсан барууны ертөнц түүний үзэл санааг түгээн дэлгэрүүлж, хувьсгалын зорилго хэчнээн сэтгэл татам, романтик байгаад ч сүйрэл рүү хөтлөх тухай олон нийтийг хүмүүжүүлж эхэлсэн юм. Гэвч негатив эрх чөлөө бүхий нийгэм нь хувь хүмүүсийн хүсэл шуналаас өөр идеалгүй бөгөөд Берлин өөрөө ч негатив эрх чөлөөг үргэлжлүүлэн хадгалах амаргүй тухай сануулж байв.

Дэлхийн II дайн дууссаны дараахнаас буюу 1950-иад оноос дэлхийн энд тэндгүй барууны колони гүрнүүдийн эсрэг эрх чөлөөний төлөө хөдөлгөөнүүд өрнөж эхэлсэн юм. Тэдгээрийн анхдагчдын нэг Үндэсний чөлөөлөх фронт марксист бүлгээр тэргүүлүүлсэн Алжирын хувьсгал байв. Энэ хөдөлгөөний үзэл санааны удирдагч нь Франц Фанон хэмээх Карибын тэнгис дэх Францын жижиг колони арлаас гаралтай, өнгөт арьст эр байв.

Фанон Барууны улс орнууд колони орнуудын иргэдийг пассив, нэг төрлийн зомби болгон хувиргаж байна, үүнээс гарах ганц арга нь хүчирхийлэл, терроризм юм гэж үзэж байв. Түүний хувьд хүчирхийлэл, терроризм нь зөвхөн цэрэг армийн эсрэг чиглэх албагүй бөгөөд зомби болсон тэдгээр хүмүүсийг сэрээж, өөрийнх нь тодорхойлсноор “шинэ хүн” болгон хувиргахуйц, катарзист шинжтэй байх хэрэгтэй гэж үзэж байв. Шинэ хүнийг бүтээхийн тулд хувьсгал хүмүүсийг урьдын зовлон шаналал, сэтгэлийн шархнаас нь чөлөөтгөж, нэг ёсондоо буй бүхнийг хоослон, цоо шинэ эхлэл тавих гэсэн Буддист гэмээр ойлголтыг тэр боловсруулсан юм.

Фаноны үзэл санааны суурь Сартрын экзистенцаль философи байв. Фанон бусад олон хувьсгалчдын нэгэн адилаар Парист боловсрол эзэмшсэн бөгөөд энэ үедээ Сартртай нөхөрлөх болжээ. Сартрын хүмүүс эрх чөлөө нэртэй шоронд хоригдож байдаг гэсэн санаа түүнд хүчтэй нөлөө үзүүлсэн юм. Сартрын хувьд жинхэнэ эрх чөлөөнд хүрэхийн тулд энэ хий хоосон зэрэглээг гэтлэх ёстой гэж үзэж байсан бол энэ санааг нь Фанон хувьсгалын идеологи болгон хувиргасан юм. Энэ идеологи нь 1960-70-аад оны гуравдагч ертөнцийн орнуудад өрнөсөн бараг л бүх хувьсгалын бамбар нь болон хувирч, Че Гевара, Ясер Арафат, Стив Бико нарын хувьсгалчдыг өдөөсөн юм. Тэр байтугай Фаноны санаа Сартрын ч сэтгэлийг хөдөлгөсөн бөгөөд тэр энэ санаа зөвхөн гуравдагч ертөнцийн орнуудад төдийгүй барууны улс орнуудад ч хэрэгжих боломжтой, зөвхөн хувьсгалт хүчирхийлэл л барууны хүмүүсийг хөрөнгөтөн ангийн ноёрхлоос чөлөөлж чадна гэж үзэж байв. “Та бүхэн, бүх л хувьсгалууд өнөөдөр хүчирхийлэл болон дарлал мөлжлөгөөс өөрсдийгөө хамгаалахын тулд орчин үеийн нийгмийн тогтолцоог түлхэн унагаах хүчирхийллээс өөр арга зам байхгүй гэдгийг ойлгох ёстой. Би хувьсгалын зорилгыг дэмжиж байна. Яагаад гэвэл миний зорилго бол чинээлэг давхаргын ноёллыг зогсоох юм” Ж.П.Сартр. Энэ үзэл санааны араас 1960, 1970-аад онуудад Европ даяар цоо шинэ эрх чөлөөнд хүрч, хөрөнгөтөн нийгмийг түлхэн унагаах зорилготой террорын давалгаа эхэлсэн юм.

Мэдээж хэрэг аль ч тохиолдолд хүчирхийлэл зөв биш. Гэхдээ эрх чөлөөний төлөө, энэ орчлон ертөнцийг энх тайвнаар илүү сайхан болгох гэсэн хүсэл эрмэлзлээ бид гээх ёсгүй. Гудамжны ноорхой жаалууд л Алжирт эрх чөлөө авч ирсэн. Тэр жаалууд манай нэг сэхээтний хэлсэнчлэн өөрөө дэнгүй байж, өрөөлийн гэрэлд санаа зовоод яах вэ гээд негатив эрх чөлөөндөө ханан суусан бол тусгаар Алжир улс байхгүй байж ч болох. Өнөөдрийн бидний мэдэрч, ойлгож байгаа энэ эрх чөлөөний тухай ойлголт ч үнэндээ хүйтэн дайны үед коммунизмын альтернатив хэлбэрээр л загварчлагджээ. Тэгвэл шинэ зуунд бид энэ хязгаарыг тэлж, орчлонг хорвоог илүү сайхан болгох оролдлого бүр дарангуйллыг бий болгоно гэсэн Берлиний санаа буруу гэдгийг батлах хэрэгтэй. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
41
26
10
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.