Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит бус чуулган 2016.08.25-ны өдөр нээлтээ хийсэн. УИХ-ын дарга М.Энхболд ээлжит бус чуулганыг нээж хэлсэн үгэндээ цаг хугацааны хувьд тулгамдаж байгаа, нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай хэд хэдэн асуудлыг Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэн шийдвэрлэнэ хэмээн онцолсон юм.
Тэрбээр, “Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Монгол Улсын Засгийн газрын 2016- 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын 2016 оны төсвийн тодотгол, Засгийн газрын 2015 оны Санхүүгийн нэгдсэн тайлан, Монгол Улсын 2015 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай, Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулд техник хэрэгсэл хэрэглэх тухай Улсын Их Хурлын тогтоол, Эрүүгийн, Зөрчлийн тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Төр нийгмийн зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон нэн шаардлагатай гэсэн бусад асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн” хэмээлээ.
Улс орны нийгэм, эдийн засаг, төсөв, санхүүгийн нөхцөл байдал хүнд, хямралын шинжтэй байгааг УИХ-ын дарга хэлсэн үгэндээ тэмдэглээд нэгэнт нөхцөл байдал ийм болсныг олон улсын байгууллагууд ч дүгнээд хэлчихсэн байхад бид ойр зуур ийм болсон болоогүй гэж маргаж суух цаг нэгэнт өнгөрсөн гэлээ. Тэрбээр тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, хямралын шалтгаан, нөхцөл байдлыг бодитой үнэлэн, тогтоосны үндсэн дээр хямралыг эдийн засаг, нийгэм, ард түмний амьдралд аль болох хохирол багатайгаар даван туулах, эдийн засгийн бууралтыг зогсоох, хямралаас гарах, цаашдын санхүү, эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр бодлогын шинэчлэл, зорилт, арга хэмжээгээ тодорхойлох нь бидний өмнө байгаа амин чухал асуудал юм. Үүнтэй холбогдуулан ээлжит бус чуулганаар Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн батлахаар төлөвлөсөн гэж хэлсэн юм.
Хямралыг даван туулах цогц арга хэмжээг төлөвлөн, хэрэгжүүлж эхлэхэд 2017 он шийдвэрлэх жил болохыг УИХ-ын дарга М.Энхболд онцлоод нэн тэргүүнд төсвийн зарлагын шинэчлэлийг эхлүүлэх, төсвийн сахилга, хариуцлагыг чангатгах, зардал, үр өгөөжийн зохистой харьцааг хангах, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийн үр ашгийг нэмэгдүүлэх, алдагдлыг бууруулах, төсвийн тусгай шаардлагыг ханган биелүүлэх, эдийн засагт үзүүлэх өрийн дарамтыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн өрийн удирдлагын стратегийг тодорхойлон хэрэгжүүлэхэд 2017 оны болон дунд хугацааны төсвийн баримт бичгүүдийн бодлогын зөв шийдэл шийдвэрлэх үүрэгтэй болохыг УИХ-ын дарга М.Энхболд ээлжит бус чуулганы үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ онцолжээ.
УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ТОЙМ
Хууль зүйн байнгын хороо
Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв.
УИХ Эрүүгийн хуулийг 2015.12.03-ны өдөр, Зөрчлийн тухай хуулийг 2015.12.04-ний өдөр баталж, 2016.09.01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан ч дээрх хуулиудыг олон нийтэд сурталчлан таниулах, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм, журмыг боловсруулах, холбогдох байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх зэрэг ажлуудыг зохион байгуулахад хугацаа шаардлагатай байгаа тул хэрэгжих хугацааг 2017.07.01-ний өдөр болгон өөрчлөхөөр төслүүдийг боловсруулжээ.
Дээрх асуудлыг хэлэлцэж эхлэх үеэр УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авснаар хэлэлцүүлгийг хойшлууллаа.
Үндсэн хуулийн цэцийн 2015.12.12-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ.Мөн Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр дүгнэлтээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэмээснийг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх шийдвэрийг хүлээн авах боломжгүй хэмээн үзсэн юм. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2016.05.25-ны өдөр болж, иргэн Р.Очирбал, Ц.Монгол нарын мэдээллийн дагуу Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэмээн дүгнэснийг хэлэлцээд Цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэв.
Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ.
Төрийн байгуулалтын байнгын хороо
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын 31 гишүүн санаачилж 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн “Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолыг хэлэлцэн батлав.
"Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлуулах нь зүйтэй гэж үзэв. Тогтоолын төсөлд Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 13.9 тэрбум төгрөгөөр тогтоохоор тусгажээ.
“Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ.
"Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай" УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
“Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэв. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл нь Эдийн засгийн бодлого, Нийгмийн бодлого, Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого, Засаглалын бодлого гэсэн 4 үндсэн бүлэгтэй. Эдийн засгийн бодлогын бүлэг нь эдийн засгийн хүндрэлийг даван туулах хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ гэсэн 1 дүгээр үе шатны зорилтууд, эдийн засгийг эрчимжүүлж, тогтвортой өсөлтийг хангах хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ гэсэн 2 дугаар үе шатны зорилтоос бүрджээ. Гишүүд үг хэлж дууссаны дараа "Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 85.7 хувийн саналаар дэмжсэн байна.
Төсвийн байнгын хороо
Онцгой албан татвараас чөлөөлөх тухай, Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, мөн 2016 оны төсвийн тодотголыг дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулан төсөл санаачлагчаас тодруулах зүйлс байгаа тул ажлын 5 хоногийн завсарлага хүссэн тул ирэх 7 хоногийн мягмар гараг хүртэл завсарлага өгч, төслүүдийн хэлэлцүүлгийг түр хойшлууллаа.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.“Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд импортлох дизелийн түлшинд ногдуулдаг онцгой албан татварыг чөлөөлөхөөр санаачилсан хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 71.4 хувь нь дэмжээгүй тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай” хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв.
Өнгөрсөн 4 жилийн байдлаар малын гаралтай түүхий эдийн экспорт нийт экспортын 6-7 хувийг эзэлж байсан бөгөөд жилд дунджаар 310 орчим сая ам.доллартай тэнцэх хэмжээний малын гаралтай түүхий эд экспортолсон байна. Үүний дийлэнх хэсэг буюу 60 орчим хувийг мал, амьтны самнаагүй үс, хялгас эзэлж байгаа юм. Манай орны хувьд малчид, бизнес эрхлэгчид, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн оролцоотойгоор импотлогч орноос экспортлогч орон болох бодлогыг хэрэгжүүлж, мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг нэмэгдүүлэх асуудлыг татварын бодлогоор дэмжих зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ.
“Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр байнгын хорооноос гарах санал дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд оруулж танилцуулахаар тогтов.
· Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэжээ.
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэдээллээр бэлтгэв.