“Боловсрол суваг” телевиз, АНУ-ын “CBS studios international” компанийн албан ёсны эрхтэй зохион байгуулж буй “Mongolia’s Next Top Model” шоу эхлээд гурван дугаарыг ардаа үджээ. Үзэгчид хэдийнэ оролцогч охидод өөрсдийн дүгнэлтээ хийж, дэмжих нэгнээ онилоод авсан байна билээ. Харин бид энэ удаад хамгийн хүчтэй, сүүлийн шатуудад шалгарах магадлал өндөртэй оролцогчдыг нэрлэж байна.
Б.Цэрэндолгор, 20 нас

Хоёр дахь дугаарын зураг авалтад хамгийн түрүүнд дуудагдсан оролцогч Б.Цэрэндолгор “Mongolia’s Next Top Model” нэвтрүүлгийн хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг. Загварын ертөнцөд хөл тавиад нэг жил болж байгаа тэрбээр өвөрмөц төрх, эрхэмсэг байдлаараа бусдаасаа онцгойрч байгаа. Тэр дугаар ирэх тусам чадвараа дээшлүүлж, хичээл зүтгэлтэй байж чадваас өндөр зэрэглэлийн модель болоход тун ойр байгаа болов уу.
Б.Ану-Үжин, 17 нас

Нэвтрүүлгийн хамгийн залуухан оролцогчдын нэг Б.Ану-Үжин энэ жагсаалтад багтах нь зүй. Хэлж ярьж байгаа нь балчир хүүхэд шиг ч камерын өмнө гарахаараа мэргэжлийн загвар өмсөгч шиг хувирч чаддаг түүнийг загварын ямар ч туршлаггүй, ахлах ангийн сурагч гэхэд итгэмгүй. Тэр “Mongolia’s Next Top Model” нэвтрүүлгийн сүүлийн шатанд үлдэх магадлалтай оролцогч яах аргагүй мөн.
Ш.Мандхай, 20 нас

Энэ нэвтрүүлгийн оролцогчдоос хамгийн өөрийнхөөрөө байж чадаж байгаа нь Ш.Мандхай. Санасан бодсоноо нуулгүй хэлж, сэтгэл хөдлөлөө илэрхийлж чаддаг тэр телевиз үзэгчдийн хамгийн хайртай оролцогчдын нэг болоод байна. Олон жил загвар өмссөн охидын дундаас онцгой төрх, зан чанараараа тодорч гарах гэнэтийн ялагч тэр байж ч мэдэх юм.
Ю.Балжидмаа, 19 нас

Ю.Балжидмаа бол оролцогч охидоос хамгийн туршлагатай, бас олны танил билээ. Тэр камерын өмнө хэрхэн хувирахаа хэнээс ч сайн мэддэг. Хөөрхөн царай, төгс бие галбираас гадна гурван жил загвар өмссөн туршлага нь түүнд томоохон давуу тал болж буй. Ю.Балжидмаа “Mongolia’s Next Top Model” нэвтрүүлгийн ялагч болох юм биш биз?
Т.Номин-Эрдэнэ, 19 нас

Нэвтрүүлгийн гурав дахь дугаарын зураг авалтад хамгийн эхэнд нэр дуудагдсан Т.Номин-Эрдэнэ дугаар ирэх бүрт сайжирч байгаа. “America’s Next Top Model” шоунд гоц гойд ялгарах зүйлгүй нам гүм явсаар эцсийн шатанд тунаад үлдчихсэн байдаг оролцогчдыг та санаж байна уу. “Mongolia’s Next Top Model” шоуны тийм оролцогч нь Т.Номин-Эрдэнэ ч байж мэдэх юм шүү.