Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

“Кармен” дуурийн талаарх сонирхолтой 15 баримт

Бидэнд эчнээ танил болсон Кармены түүх эхэндээ хэтэрхий хурц хэмээн шүүмжлүүлж байв. Маргааш ДБЭТ-ын тайзнаа тоглогдох тус дуурийн тухай сонирхолтой 10 баримтыг хүргэж байна.


Анх 1875 онд Парисын “Опера-Комик” театрт тавигдсан “Кармен” дуурийн гол дүр Дон Хосе Карменыг гэсэн сэтгэлээсээ болж цэргийн албаа орхин дээрэмчин болж, эцэст нь алуурчин болдог. Бидэнд эчнээ танил болсон энэ түүх тухайн үедээ хэтэрхий хурц хэмээн шүүмжлүүлж байв. Маргааш ДБЭТ-ын тайзнаа тоглогдох тус дуурийн тухай сонирхолтой 10 баримтыг хүргэж байна.  

Дуурийн цомнолыг франц зохиолч Проспер Меримегийн ижил нэрт романаас сэдэвлэсэн. Ингэхдээ тус бүтээлд гардаг Кармены дүрийн хулгай хийдэг, худал хэлдгийг хасаж, эрх чөлөөт дүр төрхийг нь дөвийлгөжээ. Хосе, Кармены дүрийг гэгээлэг болгосноор өдгөө бидний мэдэх романтик баатрууд бий болсон юм.

П.Мериме Испаниар аялж байхдаа цыган бүсгүйн түүхийг сонссоноо зохиол болгон дэлгэрүүлсэн байдаг.  

Дууриасаа гадна дэлгэцийн олон бүтээлд тоглож олон улсад хамгийн танигдсан бүтээлүүдийн нэг болсон “Хабанера” арийн хөгжмийг бичихдээ Жорж Бизе испани ардын дуунаас санаа авсан гэж боджээ. Хожмоо тэр ая нь Испанийн нэрт хөгжмийн зохиолч Себастьян Ирадьерийн бичсэн “El Arreglito” нэртэй бүтээл байсныг олж мэдээд дуурийг бүтээгчдийн жагсаалтад С.Ирадьерийн нэрийг багтаасан аж. 

“Хабанера”-ийн үгийн ихэнхийг нь Ж.Бизе өөрөө бичсэн бөгөөд хөгжмийг нь 13 удаа засварлажээ. 36-хан насандаа хорвоог орхисон Жорж Бизе Испанид хөл тавьж үзээгүй аж.

Домогт дуучин Мария Каллас “Хабанера”-г тайзан дээр дуулж байгаагүй ч дуу бичлэг нь үлдсэн байдаг. Франко Зеффирелли “Мөнхийн Каллас” киногоо хийхийн тулд дуулуулсан нь тэр аж.

“Кармен”-ы эхлэлд гардаг тамхины үйлдвэрийн барилга одоо ч Севильд байдаг. Оргил үедээ тус үйлдвэр 6000 гаруй эмэгтэй ажилчинтай томоохон үйлдвэр байв. Өдгөө тус барилга Севилийн их сургуулийн эзэмшлийнх болжээ.

1875 онд Парисын театрт болсон тоглолт нь амжилтгүй болж, шүүмжлэгчид, олон нийтийн таалалд хүрээгүй “Кармен” Венад болсон нээлтийнхээ дараа алдарт гарсан. Гэвч тэр үед Ж.Бизе хэдийнэ таалал төгссөн байлаа. И.Брамс, П.И.Чайковский зэрэг алдартай хөгжмийн зохиолч түүний бүтээлийг гайхалтай хэмээн магтаж байв. Асар их хөдөлмөрлөж бүтээсэн дуурийг нь сөргөөр хүлээн авсанд сэтгэлээр унасан нь үхэлд нь нөлөөлсөн гэж үздэг.

Жорж Бизе 30 гаруй дуурь бичсэн ч алдарт хүрсэн нь зөвхөн “Кармен”.

Ж.Бизегийн ээж нь мэргэжлийн төгөлдөр хуурч байв. Ээжээрээ заалгасан хүү есөн настайдаа чадвараараа гайхагдахуйц болсон байсан тул Парисын Хөгжим бүжгийн коллеж элсүүлжээ. Ийн тус коллежид эллсэн хамгийн залуу сурагч болсон байна.  

Хөнгөн явдалтай, ёс зүйгүй Кармен жүжиг дуусахад зарчимч, журамтай хүмүүсээс илүү эергээр, баатрын дүрээр сэтгэлд үлдсэн нь олон нийтэд таалагдаагүй аж. Тухайн үед дурлал, хүсэл тачаалыг тайзан дээр тийм нээлттэйгээр дүрсэлдэггүй байсан учраас “муу үлгэр дуурайл үзүүлсэн бүтээл” гэж байв.

Дуурийн анхны хувилбарт зарим хэсэгт дүрүүд дуулахгүйгээр ярилцаж байсан бол Ж.Бизе нас барсны дараа түүний найз Эрнест Гиро харилцан яриаг дуут болгожээ. Өдгөө олон улсын театрууд аль аль хувилбараар нь тоглодог.  

Кармены дуулж байгаа хэсэг бүрийн ая бүжгийнх. “En vain pour éviter” арийн ая хүртэл үхэгсдийн бүжгийнх гэдэг.

Дон Хосегийн найз бүсгүй Микаэла зохиол ёсоор бол шаргал үстэй байх ёстой. Дон Хосе тэр хоёр Наваррын баск хэлтэй хэсгээс гаралтай учраас тэр.

“Тореадорын дуу” аригаа бичихдээ Жорж Бизе хэмнэлд нь тааруулахын тулд испани хэлний “тореро” гэдэг үгийг “тореадор” гэж өөрчилсөн нь одоо нэгэнт нийтийн хэрэглээнд оржээ.   


“Кармен”-ыг дэлхийн театрууд олон янзаар тавьж байв. Москвагийн “Геликон-Опера” театр 1996 онд уг дуурийн үйл явдлыг XX зуунд авчирч, Карменыг биеэ үнэлэгч болгон, гүн оноотой бошинз өмссөн бүсгүйчүүд, машинууд оруулж байв. Франц найруулагч Оливье Пи Лион хотын сонгодог театрт тавихдаа Карменыг кабаре дуучин болгосон удаатай. Будапештын “Эркель” театр 2014 онд Ж.Бизегийн хөгжмийг жазз хэлбэрээр тоглож байв.

Хамгийн их уншилттай
1
2022.01.19
"Single's Inferno" шоуны оролцогч Сүн Жи-А дахин хэл аманд өртөв
2
2022.01.19
"Single's Inferno" шоунаас төрсөн хосууд одоо ч хамтдаа байгаа юу?
3
2022.01.11
Итгэмээргүй санагдах ч үргэлж "бүтдэг" амьдралын 15 ХАК
холбоотой мэдээ
1
2022.01.10
П.Баярсайханы "Хүн гөрөөс" тайзнаа дахин тоглогдохоор болжээ
2
2022.01.07
Г.Номуун: Өөрийгөө танина гэдэг чухал үйл явц
3
2022.01.07
2021 ОНЫ ОНЦЛОХ КИНОНУУД
санал болгох
1
7 цагийн өмнө
Швед улс ХУДАЛ мэдээлэлтэй тэмцэх "Сэтгэл зүй хамгаалах агентлаг"-тай болжээ
2
11 цагийн өмнө
"Single's Inferno"-гийн од Сон Жиа инстаграмын бүх постоо устгаж, уучлал гуйжээ
3
12 цагийн өмнө
"Playtime 2022" ирэх долдугаар сард 4 ӨДӨР зохиогдоно

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
5
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.