Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

New York Times: Феминист хүү өсгөх “жор”

Бид нийгмийн хэвшмэл ойлголтуудыг эвдэхийг охиддоо хэлж сургадаг атлаа хөвгүүдээ тэр тал дээр орхигдуулдгийг та анзаарсан уу?


Гэрийн ажлаас өгсүүлээд олон зүйлтэй холбоотойгоор охид бүсгүйчүүдийг “ороодог” хэвшмэл ойлголтууд бага багаар алсарч буй энэ үед хөвгүүд залуусаа ч бас хэвшмэл ойлголтод баригдахгүй байхад сургах хэрэгтэй хэмээн “New York Times”-ийн нийтлэлч Клэр Кэйн Миллер бичжээ. Зургийг Агнес Ли.

Орчин цагт бид охиддоо “Чи хүссэнээрээ байж болно” гэж хэлдэг болов. Эмэгтэйлэг, эршүүд, сансрын нисгэгч, ээж гээд л юу хүссэнээ хий, хүссэнээрээ бай гээд л. Гэвч хөвгүүддээ тэгж хэлдэггүй. Охидын нийгэмд хүлээх үүргийн хүрээ тэлэгдсээр байгаа атал хөвгүүд хязгаарлагдмал ертөнцдөө хавчигдсаар байна хэмээн нийгэм судлаачид хэлж буй. “Эмэгтэйлэг сонирхолтой" байхаас зайлсхийж, юу ч болж байсан хатуужилтай байх гэх мэт өнөөх л сануулгууд.  

Хүн бүхэнд ээлтэй тэгш нийгмийг бүтээхийг хүсвэл бид хөвгүүдэд илүү олон сонголт өгөх хэрэгтэй. Глория Стайнемын хэлдэгчлэн “Бид охидоо хөвгүүдээс ялгалгүй өсгөдөг болсонд би баяртай байна. Гэвч бид хөвгүүдээ охидоос ялгахгүй ханддаг болоогүй цагт тэр нэмэргүй”.   

Эрчүүдийн тухай ойлголтыг өргөжүүлэхгүйгээр эмэгтэйчүүдийнхийг тэлээд байж таарахгүй. Энэ бол зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал ерөөс биш шүү дээ. Бид хөвгүүдээ “ягаан” хэмээн тодорхойлж болохуйц шинэ зах зээлд зохицохоор хүмүүжүүлж чадахгүй байгаагаас сургууль, ажил гээд хаа сайгүй эрчүүд хоцорч байгаа дүр зураг харагдаж байна. Нийцэх, энэрэнгүй хандах, хичээнгүйлэх зэрэг голчлон эмэгтэйчүүдтэй холбон ойлгодог чадвар өнөөдөр хамгийн чухал болж, ийм чадвар шаардсан ажил мэргэжлүүдийн эрэлт эрчимтэй өсөж байгаа билээ.

Би сэтгэлзүйч, мэдрэл судлаач, эдийн засагч гэхчлэн төрөл бүрийн мэргэжилтнүүдээс хүүгээ хэрхэн феминист болгож өсгөх вэ гэж асуусан юм. Тэдний хэлсэн зөвлөгөө эелдэг, өөртөө итгэлтэй, хүссэндээ хүрэх чадвартай хүн өсгөх хүсэлтэй эцэг, эх бүрт хамааралтай юм шүү.

Уйлахад нь бүү саад хий

Нялх нярай байхдаа эрэгтэй, эмэгтэй хүүхэд адилхан уйлдгийг судалгаагаар тогтоосон байдаг. Гэтэл таван нас хүрэх үед нь хөвгүүдийн толгойд дотроо уурлаж бухимдаж болох ч бусдад түүнийгээ харуулж болохгүй гэх ойлголт суудаг хэмээн “A Call to Men” номын зохиогч Тони Портер хэлж байна. “Охид маань хүн шиг өсдөг атал хөвгүүдээ бид робот болгодог. “Би уурлаагүй, би айж байна, гомдсон, надад тусламж хэрэгтэй гэх мэтээр шаналлаа гаргаж хэлдэг байхад сургах хэрэгтэй” хэмээн тэрбээр онцолсон.

Сайнаар нөлөөлөх хүмүүсийн дэргэд байлга

Хөвгүүдийн хувьд үлгэр жишээ үзүүлэх хүн охидынхоос чухал байдгийг судалгаа харуулсан байдаг. Эцэгтэйгээ өссөн хөвгүүд биеэ авч явах тал дээр ганц бие ээжтэй өссөн хөвгүүдээс муу, том болоод муу сурч, бага орлоготой байх магадлал өндөртэй байдаг хэмээн мөн хэд хэдэн судалгаагаар дүгнэсэн юм. Гэр бүлийн орчинд эрчүүд хариуцлага хүлээхгүй байгааг харснаас тэгдэг хэмээн эдийн засагч Дэвид Отор, Мелани Вассерман дүгнэжээ. “Хүүгээ чадварлаг эрчүүдээр хүрээлүүл” хэмээн Т.Портер зөвлөж байна.

Спорт, улс төр, медиа гээд салбар салбарт мундаг амжилт гаргаж яваа эмэгтэйчүүдийн талаар байнга ярьж өгч байгаарай. Ганц бие ээжтэйгээ өссөн эрэгтэй хүүхэд эмэгтэйчүүдийн амжилтад бусдаасаа хавьгүй хүндэтгэлтэй ханддаг хэмээн мэргэжилтнүүд онцлов. 

Өөрийнхөөрөө байхад сурга

Хүүхдийн бүтээгдэхүүн 50 жилийн өмнөхөөс ч илүү хүйсийн заагтайгаар бүтээгдэж буйг судалгаа харуулжээ. Ягаан хувцастай хүүхэлдэйнүүд, цэнхэр машинууд гэхчлэн цэнхэр, ягааны зааг тоглоомын тасгаас ариун цэврийн тасаг хүртэл хаа сайгүй. Насанд хүрсэн хойноо хүссэн замаараа явах боломжтой гэдэг ч зөрчил үүсээд буйн шалтгааныг эрж ядах юмгүй байгаа биз.  Тоглоом, хэрэглэлийг өнгөөр нь ялгаж хэрэглүүлэх нь ирээдүйн сурлага, хөдөлмөрийн чадварт нь сөргөөр нөлөөлдгийг Калифорнийн их сургуулийн Сэтгэлзүйн тэнхмийн эрхлэгч Кэмпбелл Липер тайлбарласан юм. 

Амжилтад хүргэе гэвэл уламжлалт ч бай, үгүй ч бай дур сонирхлоо дагахад нь туслах хэрэгтэй. Машин, шавраас өөрөөр тоглохгүй гэж байсан ч илүү урлагт ойр, нээлттэй тоглоомуудаар тоглуулж, бүжиг, дууны зэрэг дугуйланд явуул.

Өөртөө анхаарал тавихад сурга

“Зарим ээж охидоо өсгөөд, хөвгүүдээ зүгээр л хайрладаг” хэмээн хөвгүүдийн хүмүүжлээр мэргэшсэн Йаванза Кунжүфү хэлж байна. Охидынхоо сурлагад илүү анхаарч, гэрийн ажилд сургадаг. Харин хөвгүүддээ бол барагтаа үгүй. “Охиддоо оффист хэнээс ч дутуугүй чадварлаг байх шаардлага тавьдаг шигээ хүүгээ хоол хийх, цэвэрлэгээ хийх, өөрсдийгөө арчлахад сурга” хэмээн судалгааны “New America” байгууллагын гүйцэтгэх захирал Анн-Мари Слотер зөвлөж байна.

Бусдыг халамжлахад сурга

Айл гэрийн эцэг, эх адилхан ажилладаг байлаа ч эмэгтэйчүүд гэрийнхэндээ халамж тавих үүрэг хүлээдэг хэвээр. Хөвгүүддээ гэр бүл, ажлаа тэнцүүлэхийн ач холбогдлыг ойлгуул. Хүүхэд асрах, гэрийн ажил хийх зэрэгт хүйсийн ялгаа болж өгвөл гаргахгүй бай. Өсвөр настай байхад нь ээж нь дор хаяж жил ажилласан бол насанд хүрээд ажил хийдэг эмэгтэйтэй гэрлэх магадлал нь эрс нэмэгддэг гэх дүгнэлт бүхий томоохон судалгаа бий. “Ажилтай эмэгтэйчүүдийн дэргэд өссөн эрчүүд эмэгтэйчүүдэд хүйсийн харилцаанд хавьгүй нээлттэй байдаг” хэмээн Харвардын бизнесийн сургуулийн профессор Катлин Макгинн онцлов.

Өвчтэй найздаа, эсвэл эмнэлэгт хэвтэж буй хамаатандаа шөл хүргэхийг хүүдээ даалга. Хүүхэд харуул, хичээл заалга.

Охидтой найзлуул

Хүүхдүүд цэцэрлэг, бэлтгэл ангиа төгсөөд хүйсээр ялгаж эхэлдэг гэж Аризонагийн их сургуулийн судлаачид дүгнэжээ. Тэр үедээ эсрэг хүйсний хүүхдүүдтэй нөхөрлөж, тоглож сурсан хүүхэд том болоод аливаа асуудлыг шийдэх, бусадтай харилцахдаа илүү чадварлаг болдог аж. Багийн тоглоом тоглуулах, төрсөн өдрийн үдэшлэг зохиох мэтийг хүйс ялгалгүйгээр зохион байгуулж бай хэмээн Кентаккийн их сургуулийн өсөлтийн сэтгэлзүй судлаач Кристиа Браун хэлсэн юм. Охидтой тоглож өссөн хөвгүүд том болоод бүсгүйчүүдийг сексийн нүдээр харах нь ховор аж.

Бусад эрийн зохисгүй авирыг үл тэвч

Бэлгийн болон төрөл бүрийн хүчирхийлэл, зохисгүй авиртай нүүр туулбал заавал арга хэмжээ авахуулж сурга. “Хөвгүүд л бол хөвгүүд шүү дээ” гээд элдэв авирыг тэвчиж болохгүй хэмээн К.Браун зөвлөсөн.

Эх сурвалж: "New York Times" 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
17 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
18 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.