UBLife Logo
Ako's review

Ako's review | Бусад нь хэн ч биш

Ako's review | Бусад нь хэн ч биш

Театрын тайзны том улаан хөшиг дээр оросын зохиолч Николай Гоголийн хөрөг зураг үзэгдэнэ. Энэ удаад түүний “Тоглоомчид” жүжгийг Э.Ёндоншаравын найруулснаар үзэхээр суудалд тухаллаа. Өмнө нь Н.В.Гоголийн “Амьгүй албат”, “Байцаагч түшмэл” мөн л уг тайзнаа тоглогдож байсан удаатай. Мөн тус жүжгийг дэглэж, тайзнаа найруулан тавьсан найруулагч Э.Ёндоншаравын “Сычуаны сайн хүн”, “Шөнө буусан аадар” жүжгийг өмнө үзсэн билээ. Аль аль нь гурвын тоон дээр нэгтгэгдэнэ. 

Гоголь тун өвөрмөц, олон талын арга барилтай зохиолч. Түүний зохиолын дүрүүдийн гротеск буюу хачин жигтэй байдлыг нэг шугам дээр тодорхойлох аргагүй. Ерөөс дан гагц гротеск байдалтай нь харьцуулшгүй реалист чанар, хошин егөөдөл, кубизм, ид шид, совин билиг түүний бүтээлд ямар нэгэн хэмжээгээр нэгдмэл байдалтай өрөгдсөн байдаг. Ид шид, хачин жигтэй байна гэдэг бол далд ухамсрыг нь сэрээх хамгийн чухал зүйл байсан байж таарна. Иймээс л Гоголь өөрийн оюун сэтгэхүйгээ бичгийнхээ өрөөгөөр чөлөөтэй нисгэж, үзгээрээ тэдгээр санаанаас шүүрэн бүтээлүүдээ туурвиж байсан нь гарцаагүй. 

“Довтлон шунгах, элин халих. Хөл дөөр чинь гэнэтхэн л алам хар нүх онгойхыг, тэгтэл таныг ойчуулалгүй өндөр өргөсөн ид шидийн хөнгөн нислэгийг төсөөл дөө, энэ мэдрэмжээ замхрахад та зэргэлдээх нүхэнд нь ойчих болно. Ийм абсурд өгүүлэмж Гоголийн онгод байсан юм” гэж Набаков бичжээ. 

Харин энэ бүхэн дээр Гоголь тэрхүү абсурд өгүүлэмжийн цаана амьдралыг, оршин буй нийгмийнхээ бурангуйг, хүмүүсийн арга заль, өчүүхэн сул доройг хэрхэн илчилж байсны тод жишээ нь “Тоглоомчид” жүжиг юм. Бусдын амьдралаар бусад нь тоглоод дуусдгийн илрэл бол энэ. 

Жүжиг доторх жүжиг 

Уг жүжигт ямар нэгэн тодорхой цаг хугацааны эхлэл, оршил гэж үгүй. Яг л үргэлжилсэн дуусшгүй урт жүжгийг дундаас нь эхлүүлсэн аятай мэдрэмж төрүүлнэ. Ачааны том хайрцагт хамаг эд хогшлоо чихсэн буурчийн газрынхан, газрын эзэд, тариаланчид, тоглоомчид гээд есөн шидийн хүмүүс ийш тийш яаран зорчих оросын багашаархан хотод үйл явдал өрнөх эсэхээ өөрөө шийдэн байх шиг. Харин гол үйл явдал нь хотын буурчийн газар гарамгай мөрийтэй тоглоомчин болох Ихарев өөрийн зарц Гаврюшкагийн хамт ирснээр эхэлнэ. 

Тэнд мөн Утешительный, Швохнев, Кругель гэх гурван мөрийтэй тоглоомчид буудалласан байлаа. Тийнхүү Ихарев өөрийн заль мэх, хөзрийн шидэнд итгэн тэднийг хожих хүсэлдээ тэсгэлгүй их автахаас гадна буурчийн газрын Алексейгаас мэдээлэл цуглуулсны хойно мөнөөх гурван тоглоомчийг өрөөндөө урьж, хөзөр тоглохыг санал болгоно. 

Энэ үеэс л Ихарев болон театрт ирсэн үзэгчид ч мөн тааварлаж чадаагүй жүжгийн доторх жүжиг буюу дотоод өгүүлэмж эхэлнэ. Тэрхүү жүжгийн дотор тоглогдох жүжгийг бүтээлийн гол дүрүүдийн нэг болох Утешительный найруулан тавих билээ. Тиймдээ ч хоёрдугаар үзэгдлийн зарим хэсэгт Утешительный огт жүжиг тоглоогүй хүн шигээр үзэгчдэд жүжгийн болон түүнд тоглож буй дүрүүдийн зарим тайлбарыг хөндлөнгийн этгээдийн зүгээс хандан хэлж байв. Нэг жишээ нь л гэхэд түүний хамтрагчид өөрийг нь амиа хорлохоор оролдлого хийлээ хэмээн бөөнөөрөө дайрч давшлахад “Наадах чинь хоёрдугаар үзэгдлийн үг шүү дээ” гэнэ. Энэ бол ерөөс зохиолтой огт хамаагүй хийгээд найруулагч Э.Ёндоншаравын “Сычуаны сайн хүн” жүжиг дээр ашиглаж байсан найруулгын арга барилын онцлог юм. 

Дотоод өгүүлэмж үүсэх тэр үеэс Ихаревийн хөзрийн ид шид, хоосон агаар дээр эргэлдэн хүмүүсийг айлгаж, цочоох зэрэг нь мөнөөх Гоголийн абсурд онгодын хэсэг ч гэлээ уг зохиол дотор тус өгүүлэмж байдаггүйг санана. Тиймээс найруулагчийн эл санаа нь зохиолоос гадна зохиолчоо дэлгэрэнгүй судалж, түүний бүтээлийн хамгийн чухал элементүүдийн нэгийг “Тоглоомчид” жүжигт чадварлагаар дэглэн үзүүлснийг харуулж байна. 

Ихаверийн төсөөлөл

Магадгүй зөвхөн Гогольд нялзаах аваас Ихавревийн хөзөр өөрөө хөдөлдөг, солигддог, ямар нэгэн шидийн тусламжтайгаар агаарт хөөрөх нь хүртэл жигтэй санагдахгүй. Харин энэ нь найруулагчийн шийдэл, хачин жигтэй уур амьсгалыг бүрдүүлж буй жүжгийн нэг хэсэг гэвээс Аделаида Ивановна буюу тоглоомчин Ихаревийн төсөөллөөс бүтсэн уг дүр нь нэгдүгээр үзэгдлээс эхлээд тайзан дээр гротекс уур амьсгалыг бүрдүүлнэ. Дүрийн сонголт нь эрэгтэй боловч эмэгтэй хүний хувцастайгаас гадна Ихаревийн хайр сэтгэл зөвхөн түүн рүү урсдаг гэмээр. Магадгүй зөвхөн Ихаревт зориулагдсан дүр гэж сэтгэвээс үзэгчид ч мөн өөрсдийн бодол санаанд нийцүүлэн утгыг нь тодорхойлж болох биз ээ. Учир нь эл дүр зөвхөн Ихаревт харагдана, түүний гарт илбүүлснээр тайвширна. Бусад нь сонсохгүй, харахгүй. 

Нөгөөтээгүүр энэхүү илбэ жатгын гэмээр Аделаида Ивановна гэх хөзрийн давхар бэлгэдэл нь Ихаверийн дуусашгүй шунал хүслийн илэрхийлэл болно. Тэр хэдийнэ 80 мянган рубль халаасласан. Гэвч Утешительный, Швохнев, Кругель гурав 200 мянган рублийн тухай ярихад хэрхдэг билээ. Ихавер хэчнээн их мөнгө хожсон хөзөр тоглох дон, бусдыг залилах сэтгэлзүй, шунал нь хэзээд замхрахгүй тул жүжгийн туршид энэ бооцоо улам л өсөн нэмэгдсээр байна. 

Жүжигт гарах заль мэх ийнхүү Ихаревийн хөзрөөс үүдэн бүрэлдэх ч яваандаа тэр жинхнээсээ төсөөлж байх шигээр бодит байдал бүхэлдээ түүний эсрэг бүтээгдсэн агаад огт тааварлашгүй хуйвалдаан явуулж байсныг хэн ч мэдэхгүй. Ингэж жүжгийн гол санааг, жүжиг доторх Утешительный найруулгыг Ихаревээс хүртэл алхам тутамд нууцалж, дүрээ эртдэж задлах ямар нэгэн алдаа, эндэл гаргаагүйд гол үнэ цэн оршино. 

Хайрцаг дүүрэн шид

Жүжигт хайрцаг чухал үүрэгтэй. Чемодан шиг хэлбэртэй том, жижиг олон төрлийн хайрцаг. Тэд тайзан дээр бидэнд үзэгдэх авч харин тоглоомчдын хууран мэхэлж, бусдыг хэн ч бишээр үзэх ертөнцийн хайрцаг үзэгчдэд харагдахгүй. Амьдрал нэг зах нь үхэх, нөгөө нь төрөх үл үзэгдэгч заагтай. Тэрхүү хоёр талын зааг дээрээс бид эцэс төгсгөлгүй тоглоом үргэлжлэх нэгэн хайрцаг руу түлхэгдэн орох шиг болно. 

Тоглоомчдын барьж яваа том хүрэн хайрцаг доош ёроолгүй, ид шидийн гэмээр мэдрэмжийг төрүүлнэ. Яг л үлгэр дээр гардаг шиг бүгдийг багтаах шидтэй ч гаднаасаа бол дундаас жаахан том авдар мэт үзэгдэнэ. Мөнхүү гурван тоглогч нэгтгэх төлөвлөгөөг эхлүүлэх үед Ихаверийн гар ширээнд наалдан хэсэгтээ салахгүй байх, хотын олны дунд Кихот ноён зохиолдоо автан өөрийгөө хөлөг баатраар сэтгэн буй нь үзэгдэж, илжигээ гээчихсэн явган Санчо түүнийг дагалдсан хэвээр явааг харж болно. Ерөөс жигтэй, эмх цэгцгүй дотор утга учрыг агуулах, хоас байдлаас эмх цэгцийг хайх тэр л хувиршгүй эрлийг тайз хэмээх нэг тал нь онгорхой улаан хайрцагнаас бид үзэж сууна. Үүнээс гадна тэр хайрцаг үзэгчдийн зальдаж байна уу, эсвээс жинхэнэ бодит тоглоомын ертөнцөд татан оруулж байна уу гэдэг асуултыг өдөөнө. Үүнд хариулахыг тулд та тайз зайслын уг шийдлийг сайтар ажиглах хэрэгтэй. 

Хөглөрсөн, хуучирч салбайсан том хөшиг магад оросын бүүдгэр тэнгэр, эсвээс гол дүрийг тосох хоосон халаасыг хэд дахин ихэсгэсэн хувилбар ч байж болох. Хэн түүнийг хэрхэн мэдэх билээ. Гол нь түүний наадах хайрцаг нээгдэхэд жүжигчид болон туслах дүрүүд, буурчийн газрын жоом, Ихаверийн шидэт хөзрүүд хүртэл урган гарч ирэх илбэчний бүрх малгай шиг сэтгэгдэнэ. Ерөөс эл жүжгээс найруулагчийн шийдлээр дахин амилсан Гоголийн уран бүтээлийн амин сүнс нэвт харагдана. 

Хоёр дахь найруулагч 

Н.Ялалтын бүтээсэн Утешительный жүжгээс нэн түрүүнд онгойлж харах, төгсгөлийн хойно сэтгэлд мөн л бүхнээс эхэнд тодрон гийх дүр байлаа. Тэрээр өмнөх дүрээсээ тэс ондоо Ялалтыг дахин харуулав. Хэт зарчимч хийгээд түүндээ улайрахдаа үгийг угсруулж, дээр дээрээс нь давхцуулах гэнэн тэнэг гэмээр тоглоомчин. Гар хурууны салганах хөдөлгөөн нь хүртэл сэтгэл хөдлөлөө ямагт ил гаргадаг, бусдад нууцаа дэлгэдэг, амьдралын хамаг л муу муухайд хөл дүрэвч гэгээн цайлган сэтгэлтэй хэвээр үлддэг мөн чанартай эрхмийг санагдуулна. 

Гэвч тэр л Ихаверийг хоослох найруулгыг тайзан дээр урлаж, шинэ жүжгийг тун гарамгай найруулан тавьж чадах билээ. Бусдад үргэлж сайныг хүсэж, өглөгөөс хүртэл татгалзсанаар өөрийгөө хүн ёсны бүрэн дүүрэн илэрхийлэл болсон дүрийн сэтгэмжээр авч үлдсэн нь хүртэл уг дүрийн тайзан дээрх тоглолт ямар ч саадгүй, алдаагүй явахад тусалсан уран шийдэл болж үлдсэн билээ. 

Бусдыгаа бодвол хэн нэгэнтэй хамгийн соёлтой, зөв зүйтэй харьцаж, эв эеээр асуудлыг зөв аргаар шийднэ. “Өрөөний эзний эедэг ааш ямар ч тав тухаас үнэтэй шүү дээ” гэх ухаалаг үгс урсгасан түүний халаасанд  хэчнээн гарамгай, нарийн логик, олон нүүдлийн өмнөөс төлөвлөгдсөн “жүжгийн зохиол” зөвхөн түүний халаасанд байсныг бид эцэст нь харах болно. 

Зохиол нь түүнд байснаас тэр ганцаараа жүжгээ найруулаагүй нь тодорхой. Хамгийн гол нь эл дүрийг анхнаасаа үзэл бодолдоо үнэнч боловч ямар нэгэн байдлаар бусдын үгнээс үл гарах, айдастай нэгэн мэтээр урлан гаргасанд гол учир оршино. 

Шувуудын хэлмэрч 

Дараагийн онцлох дүр бол Кругель. Архивын бүртгэгч адил уг дүр нь хаана хэн хэдэн төгрөгтэй байгааг, түүний талаарх мэдээлэл, луйвардаж болох зэргийг нэг бүрчлэн тэмдэглэж, нягтална. Үүнээс гадна түшмэлийн архи хийсэн таягийг, Гловийн таягаар сольчхож буйгаас үзэхэд мөн л ч хоосонгүй мөрийтэй тоглогч болохыг илтгэнэ. Тэрээр хөхөө, хэрэээ зэрэг ямар нэгэн шувуу дуугарахад чих тавин чагнаж бусдадаа хэлмэрчлэх авай. Гэтэл нөгөө талаас бусдыг мэхэлж байгаагаа мартан үнэнээ дэлгэчих шахах нь хаа сайгүй гуагчих хэрээ, шаазгай зэргийг санагдуулна. 

Жүжигчин О.Гэрэлсүх уг дүрийг бүтээхдээ, үйл хөдлөлөөс гадна хоолойн өнгө дээр тун няхуур ажилласан байв. Цаанаасаа л нэг тийм сөөнгө, цахиртаж дуулдах нимгэн өнгөтэй түүний яриа заль мэхийн тухай хамгийн түрүүнд бусдад анхааруулж байх шиг мэдрэгдэх билээ. Эл дүрд жүжигчин О.Гэрэлсүх тоглосон гэж харах нэг ч зүйл байсангүй. Тэр өөрийгөө хөшигний гадна орхиж чадаад гуншаа дуутай, зальжин, бусдыгаа даган дэрвэх немцийн дүрийг хиймэл биш, магадгүй Гоголь анх тархиндаа ийнхүү төсөөлж, найруулагч яг л ингэж бодож олсон биз хэмээтэл урлаж чаджээ. 

Бусад нь хэн ч биш

Уг жүжигт бусад хүмүүс гэж байхгүй. Зөвхөн “Би” л бий. Бусад нь хэн ч биш. Тэднийг заль мэхээр, агуу их ухаанаар хоосолж болно. Боловсрол, сайхан сэтгэл, үнэнч шударга зан хэрэггүй. Тэгээд л баян, аз жаргалтай болох нь тэр. Аз жаргал угаас жүжгийн төгсгөлд хэлэгддэг үгс шиг “...зөвхөн гуалин шиг тэнэг, юу ч чаддаггүй, юуны ч тухай боддоггүй, юу ч хийдэггүй, хуучин хөзрөөр сохор зоосны үнээр тоглодог тэнэг хүн рүү” зүглэдэг учраас тэр шүү дээ. Энэ бол Гоголийн егөө. 

Харин жүжигт Ихарев эдгээр үгсээр өөрийгөө даапаалснаас ялгаагүй. Тэр хамгийн гарамгай мөрийтэй тоглоомчин. Гэвц тэр өөртөө хожигджээ. Тайзны хөшиг нээгдэхэд жүжгийг танилцуулж, ухаалаг утас гарган /огт зохицоогүй шийдэл/ хөрвүүлгэ хийж асан эл дүр эцэст нь амьдарл өөр “салаавч” гаргаад төгссөн нь амьдралын даажинг илэрхийлэхэд тун оносон үйлдэл байв. 

Эцэст нь өөрөө өөртэйгөө ялагдаж төгссөн гэх агуулга дээрх үйлдээс үүдээд улам тодорхой болно. Зогсолтгүй өрнөх инээд, наргианы сүүлд ялагдлын нулимс угтах нь зүй зохисоороо л болж буй шудрага наймаатай адил. Час улаан дэвсгэр дээр гилийн хар дүрсэлсэн түүний хүрэм ч анхнаасаа энэ л эсрэгцлийг далдуур бэлгэдсэн болов уу. Өөрөөсөө бусдыг хэн ч биш, мал хэмээн үзэж хууран мэхлэхээр тэмдэг тавьсан онцгой хөзрөө Утешительный тэргүүт луйварчдад өгч, зальдуулах ч хамгийн гол нь түүнийн халаасанд дахиад хөзөр, Аделаида Ивановна үлджээ. Шунал хүсэл төгсгөлд ч алга болсонгүй. Харин уруулаа шинээр будаад инээмсэглэж байх ажээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.