UBLife Logo
Дэлхий

Балба улс Эверестийг зорих уулчдад тавих шаардлагаа өндөрсгөжээ

Балба улс Эверестийг зорих уулчдад тавих шаардлагаа өндөрсгөжээ

Дэлхийн хамгийн өндөр оргил Эверестэд авирах уулчдын тоо жил ирэх тусам өсөн нэмэгдсээр байна. Түүнийг дагаад амь эрсдэх уулчдын тоо ихэссэн гэж хэлж болно. Өнгөрсөн тавдугаар сард л гэхэд тус оргил руу мацсан уулчдаас 11 нь амь эрсэдсэн байна. 

Үүний шалтгаан нь хэт олон уулчин нэг цэгт бөөгнөрч түгжрэл үүсгэснээс, зарим нь байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр амиа алдсан аж. Амь эрсэдсэн 11 уулчны ес нь Балба, хоёр нь Төвдийн талаас авирчээ. Энэ нь Балбын засгийн газар энэ онд 381 уулчинд авирах зөвшөөрөл өгсөнтэй холбоотой гэж олон нийт дүгнэж байна. 

Улмаар Балбын засгийн газрыг мөнгөний хойноос хэт их улайрсан хэмээн дэлхийн нийт буруутгах болжээ. Тэгвэл тус улсын засгийн газраас Эверестэд авирах уулчдад тавигдах шаардлагыг өндөрсгөсөн аж. 

Тодруулбал, тухайн уулчин Эверестэд авирахдаа мэргэжлийн хөтчийн хамт явах шаардлагатай гэж үзжээ. Мөн урьд өмнө 6500 ба түүнээс дээш өндөртэй аль нэг оргилд заавал авирсан байх, эрүүл мэндийн үзлэгт орсон байх, ууланд авиралтын бэлтгэл сургуулилт хийсэн байх зэрэг шаардлагуудыг тавьж буй аж. 

Тус улсын нутаг дэвсгэрт дэлхийн хамгийн өндөр оргилуудын найм нь оршдог. Тийм ч утгаараа уулын спорт, уулын жуулчлал эдийн засагт нь чухал нөлөөтэй байдаг. 

Эверест нь Хималайн нурууны Күмбу Гимал хэсэгт оршдог бөгөөд урд оргил нь Балба болон Төвдийн өөртөө засах орны хилд байрладаг. Харин хойд оргил нь БНХАУ-ын нутагт оршдог байна.

Эх сурвалж: Guardian

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.