Одоогоос 3 жилийн өмнө Т.Бум-Эрдэнэ зохиолчийн “Дотроосоо” өгүүллэгийн түүврийг уншиж байлаа. Уг түүврээс “Түнтүүлэй” өгүүллэг сэтгэлд тод үлджээ. “...Нарнаас нүүрээ халхалж байсан цамцаа хуулан харвал дөрөв тав орчим настай болов уу гэмээр халзан толгойтой, онигор нүдтэй түнтгэр бор хүү зогсоно. Хацар нь улаа бутраад хачин эрүүл, тохой нь нөхөөстэй, энгэр нь халтардсан дээл өмсжээ. Түүний ард их номхон болов уу гэмээр хонгор алаг даага толгой хаялан тургина. Нойрмог нүдээ нухлаад тэр том хүнтэй юу гэж яриа эхлэхээ мэдэхгүй гөлрөв…” хэмээн эхлэх мөнхүү өгүүллэгийн дараа уншигч бүр сэтгэлдээ нэг нэг Түнтүүлэйтэй найзалж үлдсэн болов уу. Т.Бум-Эрдэнэ зохиолчийн өгүүллэгүүд нь юмс үзэгдэл, аж байдлыг хүний дотоод бодрол, эргэцүүлэлтэй сүлж дүрсэлсэн, ихээхэн ажигч өгүүллэгүүд байдаг. Харин энэ бүх агуулга, дүрслэл, бодол эргэцүүлэл кино болж дэлгэцэнд бууна гэхэд чин үнэндээ юу хүлээх ёстойгоо мэдэхгүй л байв. Түнтүүлэйгээс болж сэтгэл саруулсаад байна уу, буглараад байна уу гэдэг нь үл ялгагдам, торгон ирэн дээр харайх тэрхүү ээдрээт мэдрэмжийг дэлгэцээс дахин авна гэдэгтээ итгэлгүйхэн байсных болов уу. Гэхдээ…Сэтгэл алдарч, дотноссон бүсгүй нь хүүхэдтэй байсныг мэдсэн Тулгаа хүндхэн эргэлзээнд унажээ. Үүнтэй зэрэгцэн өргөж авсан аав нь өнөө маргаашгүй боллоо гэх мэдээ ирж тэрээр нутаг буцна. Насаараа шаргуулан ажилласан аавынх нь хийж дуусгаагүй сүүлчийн ажил нь хадлан хадах байв. Ийнхүү Тулгаа аавынхаа ажлыг дуусгахаар шийдэж, хадлангийн талбайд байрлах хугацаандаа Түнтүүлэй гэх хүүтэй танилцжээ. Насаар балчир боловч өвөө эмээтэйгээ өссөөр аавын цээж болсон энэ хүүгийн ээж нь хотод ажилладаг, харин төрсөн эцгээ мэддэггүй юмсанж. Тулгаа түрхэн хугацаанд Түнтүүлэйд дутагдсан орон зайг нөхөж, харин Түнтүүлэй Тулгаагийн эргэлзээ, ээдрээний эрчлээсийг аажим тайлсаар нэгэн хадлангийн сар шувтарна.
Уг кинонд монгол эрэгтэй хүний гурван үеийг харуулсан байв. Ээжээсээ, эхнэрээсээ, сэтгэлт бүсгүйгээсээ хол “эмсгүй эрсээр” дүүрсэн энэхүү кино угтаа их ялдам, зөөлөн кино болжээ. Гаднаасаа эрмэг чадмаг эрсийн сэтгэлийн гүн дэх уй гуниг, ганцаардал, харууслыг аажим сөхөж дэлгэсэн нь ийм зөөлөн уур амьсгалыг бүрдүүлсэн байв. Бүх үйл явдал Түнтүүлэй рүү цутгаж, эргээд Түнтүүлэйгээс асгарах тул хүүхдийн гэмээр гэгээн, сониуч, хөгжилтэй дүр байдал ч киног бүхэлд нь эзэмджээ. Гэхдээ хүүхдэд ч бас том хүнийхээс ялгаагүй гүн гүнзгий уй гуниг, шаналант мэдрэмж байдгийг харуулснаар томчуудын, цаашлаад нийгмийн асуудлыг хөндсөн байв.Эх өгүүллэгтээ Тулгаа дагавар хүүхэдтэй болоход бэлэн биш бөгөөд хүүхдийг “хүнтэй ханилах гэсэн миний хүсэлд сөргүүлэн тавьсан хувь заяаны занга…” гэж тодорхойлдог. “Хүүхэд хөөрхөн. Хүний, өөрийн ялгаагүй.” гэж хэлэхэд дэндүү амархан. Гэхдээ ганц хүнтэй гэр бүл болоод, эвтэй амьдарч чадах эсэхээ ч мэдэхгүй, өөрийнхөө чин хүслийг ч таньж амжаагүй байхад шууд аав хүний хариуцлагатай тулна гэдэг бэрх хэрэг. Тулгаагийн энэхүү эргэлзээ ээдрээний эрчлээсийг Түнтүүлэй бага ч болов суллаж өгдөг. Гэхдээ энд хоёрхон хүний асуудлыг бус, өнчрөл, хагацалд өртсөн хүүхэд бүрийн ганцаардал, хөндүүр шаналлыг уудалж харуулжээ. Төлөвлөлтгүй гэрлэлт, түүнээс улбаатай салалтын үр дүнд олон олон Түнтүүлэй хэн нэгнээс аавын, ээжийн дүрийг эрж хайсаар буйг хүчлэлгүй, алгуур зөөлнөөр илэрхийлсэн байлаа.
Нүүдэлчдийн ахуйг харуулсан кино сүүлийн жилүүдэд олширсонд бодлогын нөлөө бий. Гэвч ихэнх уран бүтээлчид гадаад үзэгчдийн анхаарлыг татахын тулд нүүдэлчин ахуйг кинондоо тусгадаг. Яагаад монгол үзэгчдээ алгасаж алхах гээд байдаг нь ойлгомжгүй. Эндээс “бор” кинонуудын хамгийн том алдаа урган гардаг. Тэд гадаад үзэгчдийн анхаарлыг татах зорилгоор нүүдэлчин ахуйгаа ердөө л чимэглэл, арын фон төдий болгож орхидог. Харин нүүдэлчин ахуй соёлоос тогтсон философи, хүмүүсийн мөн чанар, сэтгэлгээний онцлог зэргийг умартчихдаг. Өөрөөр хэлбэл, киноныхоо дүрээр ардын дуу дуулуулах бол нэг хэрэг, харин ардын дууны айзам эгшгээр тухайн дүр ямар дурсамж, мэдрэмжээ хөндөж илэрхийлж байгааг харуулах бол өөр хэрэг юм. “Түнтүүлэй” киноны хувьд нүүдэлчдийн соёл руу аажим нэвчих хотжилт, техник технологийн дэвшил зэргээр дамжуулан энэхүү философийг шүргэж тэмтэрч чадсан байлаа. Гэхдээ бүр гүн нэвтэрч чадсан гэж дэгсдүүлэхгүй.Тулгаа шоргоолжны үүр мэт идэвхтэй бужигнах хэр нь угтаа зогсонги, ойлгомжгүй, замбараагүй хотоос тал нутгийн ахуйд очсоноор бодол сэтгэлээ цэгцлэх боломжтой болж буйг бэлхнээ харж болмоор. Гэвч төгсгөлд нь жижиг хадуурын машин ирээд хамаг ажлыг нь бужигнуулаад дуусгачихдаг. Нэг эр хөдөө нутагт ирээд, юмсыг удаанаар мэдэрч, доторхоо цэгцэлж байтал, нэг хүү аавын гэмээр нөмөр нөөлгийг мэдэрч байтал хадуурын машин орж ирээд, бүхнийг бусниулчих мэт. Яг энд бид хотжилт, хэт тав тухад суурилсан хөгжил дэвшлийн хувь хүний сэтгэлзүйд нөлөөлөх нөлөөллийг харж болох юм. Юмсыг хэт түргэсгэчихээр бид ямар ч мэдрэмжээ бүрэн мэдэрч чаддаггүй. Аливааг удаанаар мэдрэх, мэдрэмжээ хүлээн зөвшөөрөх хэрэгцээг үл хүлцэх үхлийн мэт идэвхтэй байдал хөдөө нутаг руу ч нэвчин буйг хадуурын машин илэрхийлэх аж.
“Түнтүүлэй” өгүүллэгт орчин үеийн хот суурингийнхны хэл яриа, хөдөө нутгийн нүүдэлчдийн хэл яриа хосолсон байдаг. Хотоос ирсэн залуугийн ганцаараа үлдэхдээ дотроо эргэцүүлж, бодолхийлдэг хэсгүүдийн бичиглэл болон Түнтүүлэй, түүний өвөө, эмээгийн харилцан ярианы бичиглэл нь эрс ялгаатай байдаг. Үүнээс хот суурин болоод нүүдэлчин ардын хэл ярианы соёл, өнгө аяс, үгийн баялгийн ялгааг бэлхнээ харж болмоор. Харин кинонд энэхүү ялгаа тийм ч хүчтэй мэдрэгдэхгүй. Угаас кинонд хүний бодрол, эргэцүүлэл, сэтгэлгээний хэл, түүний өнгө аясыг илэрхийлэхэд хэцүү. Гэхдээ үзэгчид киноны дүрүүдийг өөрсөдтэйгөө харьцуулснаар уг ялгааг мэдэрч болно. Монгол хэлний баялаг, ялангуяа аливааг тодорхойлох, зүсэлж онцлох, оноож нэрлэх тэмдэг нэрийн арвин сан бийг хөдөө өссөн жаал хүүгийн “том, том” яриа бидэнд сануулах шиг болов. Мөн өгүүллэгийн Сахал Дамиа, Чих Сумъяа нарыг кинонд Жигмид, Тогмид болгож оруулах зэргээр монголчуудын шооч зан болоод аливаа зүйлийн дүр төрхийг яг таг онож тодорхойлдог онцлогийг тодотгосон байв. Киноны яг энэ онцлогийг зөвхөн монгол үзэгчид л мэдэрнэ. Ерөөс “Түнтүүлэй” кино монгол үзэгчдээ алгасаж алхах гэсэн явуургүй оролдлого хийгээгүй, үзэгчээ басамжилж хамаг гол юмаа чалчаад байдаггүй нь үнэнхүү таалагдлаа. Найруулагч, уран бүтээлчид нь зарим үгс хэлэгдээгүй байхдаа үнэ цэнэтэй байдгийг мэдэрч чаджээ. Хэл бичигт зогсоц, түдэц чухал үүрэгтэй, утгатай байдаг бол кинонд аниргүй нь утгатай байдаг.Мөн киноны нэгээхэн онцлог нь үл үзэгдэх дүрүүд байв. Тулгаагийн сэтгэлт бүсгүй, түүний хүүхэд, Түнтүүлэйгийн ээж гээд л. Үзэгчдэд огт харагдахгүй хэр нь эдгээр дүрүүдийн үг үйлдэл киногоор нэлэнхүй үсэрхийлсэн байх аж. Т.Бум-Эрдэнэ зохиолч “Сэтгэл гэдэг зовлонгийн цагаан тэмтрүүл.” гэсэн байдаг. Үнэхээр ч Тулгаа, Түнтүүлэй хоёр зовлонгийн цагаан тэмтрүүл нь үл үзэгдэгч дүрүүдээ тэмтрүүлж, давхар амилуулж чаджээ. Инээдмийн, уянгын төрлийг тунг нь тааруулан сүлж, хүүхдийн ертөнцөөс томчуудын ертөнцийг сугалан гаргаж ирэх уг кино эх өгүүллэгтэйгээ адил сэтгэл саруулсах, бугларахын хоорондох ээдрээт мэдрэмжийг өгөх ажээ.