Уран зохиолын түүхэнд хоёр хөөрхөн, хэрсүү, хайр татам Нелли бий. Нэг нь Чарльз Диккенсийн "Эртний эдлэлийн мухлаг" романы дүр Нелли Трент, нөгөө нь Фёдор Достоевскийн "Дорд үзэгдэгсэд" романы дүр Нелли Валковская.Чарльз Диккенс Английн нийгмийн бодит байдлыг зохиол бүтээлдээ тусган, шударга бус тогтолцоо, ёс суртахууны гажуудлыг тунгаан бичдэг, шүүмжлэлт реализмын хамгийн том төлөөлөгчдийн нэг болсон зохиолч. Нийгмийн аль ч давхаргын хүн түүний бүтээлийг уншаад, дүрүүдтэй нь хамт зовж, жаргаж чаддаг агаад Диккенсийн номын дараагийн бүлэг ирэх өдөр усан онгоцны буудал сэтгэл нь хөдөлсөн олны хөлд дарагддаг байсан нь олон эх сурвалжид гэрчлэгдэж үлджээ. Диккенсийн дүрүүдийн дотроос Нелли Трент бол уншигчдын хайрыг хамгийн ихээр татаж, сэтгэлийг нь догдлуулж чадсан дүр юм.
Достоевский "Дорд үзэгдэгсэд" романдаа Диккенсийн Неллиг “өргөж авсан” бөгөөд дүрийн нэр ус, царай төрх, гарал угсаа, ааш занг нь өөрчлөлгүй шууд ашигласан нь Неллид ямар их хайртайгаа, Чарльз Диккенсийг ямар их хүндэлдэгээ нууж хаагаагүйн илрэл гэлтэй. Хоёр Неллигийн ээж хоёул тансаг сайхан гэр бүлд төрөөд, хайрын халуунаар төрсөн гэрээсээ оргон, эцгээ санахын гачлан, бардамналын харанхуйд унадаг. Хоёр Нелли хоёул хар багаасаа өнчрөл, хагацал үзэж, хорвоогийн хамгийн хатуу харгис бүхнийг жижигхээн биеэрээ туулдаг нь “Эртний эдлэлийн мухлаг”-т ч, “Дорд үзэгдэгсэд”-д ч ав адилхан өгүүлэгддэг. Амьдарсан замнал, төгсгөл нь ч ав адил аж.
Харин Чарльз Диккенс, Фёдор Достоевский нарын хүүхдийн дүрүүдийн сэтгэлзүйн нас нь эрс ялгаатай байдаг. Чарльз Диккенс Фёдор Достоевскийг бодвол харьцангуй оптимист. Диккенсийн Нелли Трент (ерөнхийдөө Оливер Твист тэргүүтэй бусад хүүхдийн дүрүүд нь ч) амьдралд учрах аймшигтай хүмүүс, аймшигтай үйл явдлуудын ард бузар бурангуйгаас ангид, гэнэн ариун хэвээр үлддэг бол, Достоевскийн хүүхдүүд ариун нандин хэвээр боловч бузар бурангуйтай хэрхэн зохицохоо мэддэг, хэрсүү, хатуу болсон байдаг. Өөрөөр хэлбэл, Диккенс хүүхдийн дүрүүдээрээ бурангуй нийгмийн үнэн төрхийг илчилдэг бол, Достоевский тэрхүү бурангуй нийгэмд дүрүүдээ өсгөж, дасан зохицоож чаддаг ч гэж болох юм. Иймд Достоевскийн хүүхдүүд Диккенсийн хүүхдүүдээс сэтгэлзүйн насаар харьцангуй хөгшин байдаг ба Диккенс хүүхдийн дотоод сэтгэлийг төгс төгөлдөржүүлж харуулдаг бол, Достоевский тэгдэггүй.
Неллинүүдийг тойрсон сайн хүмүүсийг ч бас уг хоёр зохиолч ав адил үзүүлдэг. Иван Петрович болон Брассын дүрүүдээр бурангуй нийгэмд үгүйлэгдсэн тэдгээр сайн сайхан хүмүүсийг ангамал цөлд бороо шаагиулах мэт дүрслэн амьдруулжээ. Дүр хоорондын харилцаагаар хайр халамжийн хүсэмж ба цөхөртөл доромжлуулсан итгэл найдварын эсрэгцэлийг ч асар хурцаар хөндсөн байдаг. Харин Достоевский Иван Петровичийгоо Брассын гэр бүлээс ялгаатай болгож зохиомжилсон нь Неллиг зүгээр ч нэг жаахан хүүхэд биш, харин Достоевскийн бүтээлд тогтмол тааралддаг өнөөх л зовлонд нэрвэгдсэн, эрх эмзэг эмэгтэй хүн гэж үзсэнтэй холбоотой. Энэ утгаараа Нелли бол уран зохиолд чухал байр суурь бүхий хүүхдийн дүрээс гадна "Албингууд"-ын Катерина Мармеладова, Настасья Филипповна, Лизавета Тушина, "Карамазовын хөвүүд"-ийн Лиза Хохлакова нарын үргэлжлэл болсон эмэгтэй хүн ажээ.
Диккенс, Достоевский аль аль нь хүүхдийн сэтгэлзүй, гэр бүлийн аж байдал, хүмүүжлийн асуудалд ихээхэн ач холбогдол өгдөг байсан. Ялангуяа Диккенсийн аль ч романы гол дүр нь хүүхэд байдаг. Диккенс өөрөө хар багаасаа хатуу бэрх амьдрал туулж, хүнд хүчир ажил хийн, хамгийн харанхуй захын хорооллоос ажилдаа явахдаа хамгийн тансаг хороолол хүртэл урт замыг өдөр бүр алхан туулж, нийгмийг өнгөн талаас нь ч, дотоод байдлаас нь ч харьцуулан ажиглаж сурсан нь түүний зохиолчийн хэл, хэв маягт нөлөөлсөн аж.Хүүхэд ямар ч гэмгүй хэр нь харилцааны бас нийгмийн золиос болдог. Гэсэн ч тэдний бяцхан зүрх энэ дэлхийг бүхий л шударга бус, бузар булайтай нь хамтад нь хайрлах тэнхээтэй байдаг. Үүнийг Чарльз Диккенс, Фёдор Достоевский хоёр томчууд хүүхдүүдэд нөлөөлөхөөс гадна хүүхдүүд ч томчуудад нөлөөлж чадахын баталгаа болгож их сайн мэдрүүлдэг билээ. Хүүхэд хүмүүжлэх гэдэг нь хөдөлмөр юм шүү гэдгийг ч сануулаад авдаг.
Эмгэгт нийгэмд хүүхдүүд л эмгэнэлт дүрүүд.