Хаврын номын баяраар Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний эмч, яруу найрагч Тө.Бямбасүрэнгийн “Улам дөжрөм, тэгээд нам гүм” номыг зорьж авч, уншлаа. 2020 оны УИХ-ын сонгуулиар манай редакцынхан Төв аймгийн Зуунмод сумаас сонгуулийн үйл явц, нөхцөл байдлын талаар мэдээ, сурвалжилга бэлтгэн ажилласан юм. Тэнд миний бие залуу сонгогчдоос санал сэтгэгдлийг нь сонсож, бэлтгэсэн мэдээ сэлтээ хянаж суухдаа нүүр номоор танил залуутай ярилцсан гэдгээ хэзээ хойно нь мэдсэнсэн. Харин тэрхэн үедээ түүний анхны бичсэн туужийг уншчхаад бүр болоогүй зорилго болгон сэтгэгдлээ бичнэ гэдгээ яахин мэдэх билээ. Хэзээ нэгэн цагт хэн нэгэнтэй таарсан учрал хожмын өдөр ямар нэг сэжмээр холбогддог ч юм шиг. Сонин шүү.
Ном “Хорин гурван оны нэг сарын хорин долооны шөнө…” гэж эхэлнэ. Харин миний бичих дурсамж хорин нэгэн оны зургаадугаар сараас эхтэй юм. Одоогоос яг 5 жилийн өмнө, зургаан сартай жирэмсэн би ковидоор хүнд өвдөж, “Яармагийн 300 орт”-ын эрчимт эмчилгээний тасагт хагас сарыг өнгөрүүлж байлаа. Тэгэхэд ковидын нөхцөл байдал хүндхэн, өглөө бүр 11.00 цагаас Үндэсний телевизээр холбогдох албаныхан мэдээлэл өгнө. Албаныхны тайланг тоймолж, шинэ мэдээг уншигчдад хүргэх нь миний үүрэг. Харин тэрхэн удаад өөрөө би “маш хүнд” ангилалд нь статистик болчихсон яваа нь хоржоонтой ч юм шиг санагдаж билээ.
Жирэмсэн болон ахмад настнууд хамгийн их хүндэрч, хорвоог орхиж байсан үе л дээ. Баянзүрх дүүрэг дээр ажил хөөцөлдөж явахдаа ээж маань ковид тусч, нууц үед нь ойрын хавьтагч болсон би “эерэг” заав. Улсаас шинжилгээ авах, хариу баталгаажуулан илгээх, тусгаарлах гэж маш их хугацаа алдаж эцэст нь нэг юм хороололд байрлах МҮИС-ийн байранд аваачсан ч биеийн байдал хүндэрсээр байгааг мэдэрч байв. Тусгаарлагдах хүртлээ энгийн ханиад байхвий гэсэндээ гэдсэн дэх ургаа бодоод халуун бууруулах эм ч уулгүй сармистай битүү шөл уухаас эхлээд монгол аргаараа мөн ч их үзсэнсэн. Харин тэр нь ханиад биш цар тахал байж. Нэлээн хүнд амьсгаатай тусгаарлах байранд очиход бидний хэдэн нөхдийг өрөө өрөөнд хуваарилсан эмч нь цахилгаан шатанд над руу их л сэжиглэнгүй харсныг мартдаггүй. Арбидол, 1000-тай C-витаминаас өөр ямар ч эмчилгээ байхгүйн дээр дүрэм журмынхаа дагуу эмч, сувилагч нар биед ойртож чагнах ч ёсгүй гэсэн учраас бууддаг халууны төхөөрөмжөөр халуунаа хэмжүүлж, халуун бууруулах эм гуйж авлаа. Уусан эмэндээ үүр цайтал хөнжилдөө усан хулгана болтлоо хөлөрч хэвтэхдээ хоёр ээлжийн цагаан даавуугүй ирсэндээ харуусаж байв. Гол шинжилгээ болох уушгины рентген тэнд байхгүй тул машинаар тээвэрлэн ойролцоох эмнэлэгт хэсэг хэсгээр нь рентгенд харуулах гэхчлэн цаг алдан нааш цааш явах зуур биеийн байдал хүндэрч, хөдлөх байтугай суухад ч хэцүү боллоо. Биеийн байдлынхаа тухай хэлж ярьж, зөвлөх хэн ч байхгүй, улаан бүс учраас гэрийнхэн ч нэвтрэх эрхгүй. Иймэрхүү байдалтай 48 цаг өнгөрсний дараа тэр хавьд “олдсон” эмчид миний бие улам муудаад байна, өөр эмнэлэг рүү шилжүүлж өгөөч гэсэн хүсэлт тавихад “Хувийн унаагаар явах хориотой, тусгай зориулалтын машинаар зөөх тул хүлээгээрэй” гэсэн ч маргааш үдээс хойш нь болоход намайг авах машин ирсэнгүй. Аргагүйн эрхэнд хувийн машинаараа халууны газраа бараадлаа. Энэ бол Яармагийн 300 орт хэмээх “Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв II” байсан юм. Хөдлөх байтугай амьсгалахад ч хэцүү байсан тул бүртгэлийн эмч сахиуртай орохыг зөвшөөрсөнд баярласандаа уйлах шахсныг яана. Ингэж нөхөр сахиураар үлдэж, Маагаа ах ээж хоёр арын албаа хариуцахаар болов.
***
Энгийн тасагт эхний ганц хоёр хоног дусал тариагаа залгуулж, эм бэлдмэлээ ч ягштал уугаад халуун буурч бие овоо дээрдээд л байх шиг. Гэтэл эмч хүчилтөрөгчийн аппарат давхар зүүх ёстойг хэлж, тэндэхийн аппарат оочер ихтэй тул гаднаас процессорын дайны том хүчилтөрөгчийн төхөөрөмж авчруулж нөгөөхөө хамар амандаа зүүлээ. Тэгэхэд л анх даралтны аппаратнаас гадна пульс хэмжигчээр зүрхний цохилт, хүчилтөрөгчийг хэмждэгийг мэдэж билээ. Пульсээ байнга хэмжихийн тулд авсан хэмжигч маань манай гэрийн эмийн сангийн хайрцагт одоо ч бий. Тэр өдрийн орой нөхцөл байдал дордсон бололтой залуухан эрэгтэй эмч биеийн байдлыг маань хянаж байгаад сахиуртай хамжилцан намайг тэргэн дээр түрээд эрчимт эмчилгээний тасаг руу хар хурдаараа гүйцгээлээ. Түүнээс хойшхи хэсэг хугацааны үйл явдлыг би тийм ч тод санадаггүй юм. Амьсгалын дутагдалд орохоор хүний орчны мэдрэмж дагаад сарнидаг бололтой. Тэр үеийн үйл явдлыг би дэн дунтай, бүдэг бадагхан л санадаг. Яг л зүүд зэрэглээ шиг.
Эрчимт эмчилгээний төхөөрөмжүүдийн чих дөжрөм ёнгиносон чимээ хэнгэрэг байтугай тархийг нэвт хатгах мэт зовиуртайг яана. Барилгын ажилчид хэрэглэдэг чихний бөглөөсийг хэд хэдэн төрлөөр нь найзууд явуулсан боловч миний чихэнд олигтой ч тогтсонгүй, тогтлоо ч тэр чимээг нам дарж дийлсэнгүй. Амьдрах, амьдруулах гэж хичээж буй мань хэдэд тэр зэргийн чимээ ёстой яамай гэлтэй. Ковидоор хүндэрч уушги нь өвдсөн хүнийг нуруугаар нь биш гэдсээр нь доош харуулан хэвтүүлдэг юм байна. Эмч залуу доош харан хэвтэх надад аппарат залгахаар хэрхэн, яаж амьсгалахыг хичээнгүйлэн тайлбарлахад яг хэлснээр нь хичээе л гэж бодсон, чадсан. Тэр аппаратыг би 24 цаг зүүсэн үү, бүтэн 2 өдөр ч болсон уу санадаггүй. Санасныг бодвол хурдан авах шиг болсон ч ам ямар их цангасан гээч. Омголтсон уруулаа шилэмдэхийг хичээхдээ уруулаа вазелинаар сайн тосолдог байж гэж л харамссан.
***
Одоо номынхоо тухай руу оръё. Туужид “Диваажингийн хаалгаар нэг хүн шагайснаа л буцаж хаагаад байх юм гэнэ. Бурхан багш гайхаад “Тэр хүн яагаад орж ирэхгүй эргэцээд байгаа юм бэ?” хэмээн асуусанд шавь нь “Багш минь, тэр хүн сэхээний өвчтөн байгаа юм аа” гэсэн гэдэг. Би тэр онигоог үргэлжлүүлэн зохиосон юм. Өнөөх хүн хэсэг шагалзаж байснаа таг чиг болчхож гэнэ. Бурхан багш бүр ч их гайхан “Тэр хүн яагаад шагайхаа больчихов оо?” хэмээн лавлатал шавь нь “Багш минь, Бямбасүрэн эмч буцаагаад аваад явчихлаа” гэжээ” гэсэн хэсэг бий. Би гэдэг хүн эрчимт эмчилгээний эмч, сувилагч, асрагчийн ачаар нар үзэж яваа хүн учраас энэ хэсэг нь сэтгэлд тод үлджээ. Эрчимтийн тасаг руу шилжихэд эмч “Танай хүний уушгины 83-84 хувь нь устчихсан байна. Амьд үлдэх боломж хэцүү шүү. Бид нар эхийн амийг аврахын тулд бүхий л арга хэмжээг авна” гэсэн гэнэ лээ. Хань ижилтэй боллоо, анхны үрээ үзэх нь дээ гээд дэвж явсан залууд тэнгэр ниргэх шиг л санагдаа биз. Харин надад хэн ч, юу ч хэлээгүй. Тэгж бие маань муудсан хэрнээ би нэг ч удаа үхэх нь дээ гэж бодоогүй. Амьдралыг би хайрласан шиг амьдрал намайг хайрласан юм байлгүй. Эрүүл уушгины зураг харлаж бараантаж харагддаг бол эмчийн ширээн дээрх миний нэртэй рентгений зураг цагаан будаг цацсан мэт ихэнх хэсэг нь цагаан байж. Ээж, хамаатан садан, хадмууд гээд бүгд л шүтдэг шүтдэг рүүгээ зорьж, лам нь ламаар, бөө нь бөөгөөр явж, ном уншуулж, үзүүлж харуулсан гэсэн. Хүний сэтгэлийн үйл юм хойно амьд үлдэхэд нөлөөлж, өдий зэрэгтэй яваа гэдэгтээ би итгэдэг.
Аппараттай дээрээс нь доошоо харж хэвтсэн болохоор бусдыгаа харах ямар ч боломж байсангүй. Хүмүүс чанга орилж, хашхичихгүй ч төхөөрөмжийн чимээ хангинаж хөлийн алхаа гишгээнүүд түргэсээд ирэхээр хэн нэгнийх нь биеийн байдал огцом муудаж, үхэж байх шиг санагдана. Утасныхаа нөөт дээр бичиж, нөхрөөсөө байдлыг асуухаар “Зүгээрээ хайраа. Эмч нар хүмүүсийн биеийн байдлыг хянаад явж байна” л гэнэ. Үнэндээ хэн нэгэн тэнд амьсгал хурааж байж. Эрчимтийн тасагт тэр минь олон хүн амьсгал хураахыг харсан гэнэ лээ. Эмч нарын хамгийн эцсийн арга нь 10-20 минут зогсоо зайгүй өвчтөндөө хиймэл амьсгаа хийж, цээжин дээр нь нэг хэмнэлтэйгээр дарж зүрхийг нь “массажилдаг” гэсэн. Хүн яг үхэхдээ сонин чимээ гаргаад л оддог юм гэнэ лээ. Магад гол нь тасарч, сүүлийн амьсгалаа хурааж буй нь тэр биз. Нөхөр маань бурхан болоочдыг эмч, сувилагч, сахиуртай хамжилцан дараагийн дамжлага руу зөөж, түрэлцэхээс авахуулаад тэр өрөөнд туслах, оролцох ажил мундаагүй гэсэн. Улаан бүс дээрээс нь эрчимт эмчилгээний тасаг тул эргэлт авах бараг л боломжгүй. Олон дамжлага давж, орж ирсэн эргэлтийн сүү хэд хэдэн бурхан болоочийн аманд дусаасан буяны сүү болсонд нөхөр бид хоёр одоо ч Кайлас уулыг гороолсон лугаа адил буянд бодож явдаг юм.
***
Тө.Бямбасүрэн ийн бичиж, “Ээж ээ, та намайг үхчихвэл айх уу? гэж асуутал “Ээж нь галзуурна шүү дээ” гэж билээ” .
Муу ээж минь намайг сэхээ рүү орчихлоо гэдгийг дуулаад хөл нь хий гишгэх шиг санагдаад байсан гэсэн. Ганц охин нь сэхээнд орохыг сонсоод орчлон ертөнц дайвалзах шиг болоо байлгүй дээ, хөөрхий минь. Өвдөхөөсөө хэдхэн хоногийн өмнө гэртээ их цэвэрлэгээ хийж, цуглуулсан хамаг варений шилийг нь хаячихсандаа сүүлд баахан бодол болсон. Улаан бүсрүү нэг орсон бол гаргах боломжгүй тул шинэ шөл устай хоол зөөх болгондоо гэрт байсан бүх сав суулгандаа хийж, халууныг нь алдуулахгүй гэсэндээ гар нүүрний, гал тогооны гээд бүх алчуур, ороолтоороо боогоод явуулна. Хамгийн сүүлд будаа агшаагчинд хоол орж ирлээ. Хайран шилнүүд... Өөрөө ээж, эхнэр болсныхоо дараа уут, варений шил цуглуулдаг болсон. Амьдрал гэж хоржоонтой юм шүү. Дөнгөн данган машинаа хөдөлгөж сурч байсан Маагаа ах минь намайг эмнэлгээс гарахад мундаг жолооч болсон байж билээ. Гэр, эмнэлгийн хооронд өдөрт хэдэн удаа хоол, цай зөөсөөр байгаад тэр шүү дээ. Хайрлаж бас баярлаж явдаг даа.
“Өвчин намдаах тариандаа охин удалгүй тайвшран унтаж, ердөө хагас цагийн дараа ээж нь ч ор дэрлэн суугаагаараа унтаад өглөө. Хүний санаа ингэж амардаг байжээ. Хэчнээн шөнө энэ сандал дээр нойргүй суув даа” гэж туужид өгүүлжээ. Сэтгэл гэж эрхтэн нээрэн ч ийм аж. Хэзээ нь ч билээ би нөхөртөө “Хүн үүр шөнийн заагаар ихэвчлэн үхдэг гэсэн” гээд хэлчихэж л дээ. Сэхээнд байх хугацаанд нарны туяа үзэгдэх төдий нөхрийн санаа нь амарч, ямар ч байсан үхэхгүй өглөөтэй золголоо гэж баярладаг байсан гэсэн, эвий минь. Тэгж л нэг хэсэг дугхийдэг байсан байх даа.
Сахал, үс нь ургаад царай дарчихсан нөхрөө шал арчиж зогсохыг харж хэвтэхдээ даварсан үедээ харна гэж өөртөө сануулаад, зориуд авсан зураг маань одоо ч байдаг. Тэр зургандаа хайртай. Хүн ер нь өнгөрснөө ямагт санах учиртай. Зовлон, жаргалаа хамтдаа үүрч, дүүрч явах сайн ханьтай учирснаа үхлийн болоод өөрийнхөө өмнө тэгэхэд баталсан юм.
***
“Хүн болж төрнө гэдэг өөрөө агуу хувь заяа” гэж номонд бичжээ. Нээрэн ч хүү минь ээж аавдаа ирье гэж ирждээ. Амьсгалын дутагдалд орсон, хүнд эмчилгээ хийлгэсэн ээжтэйгээ бүхнийг даван тулаад 2021 оны есдүгээр сарын 21-нд мэндэлсэн юм. Төрсний дараах өрөөндөө ороод хүүгийнхээ бичлэгийг явуултал шөл ус, өлгий даавуу зэхэж явсан аав нь асгартлаа уйлсан гэсээн. Бид аав ээж, үр минь хүн болох гэж юуг даван тууллаа даа. Уйлахаас ч биш яахав. Үр хүүхэд байтугай нөхөр сүүдрийн тухай ч бодоогүй, сургийн бараа ч үгүй явсан тээр жил миний сүжиглэж явдаг сахиус нэг удаа “Чи хүүхэдтэй болохоороо Тэнгэрийнтөмөр гэж нэрлээрэй. Бүстэй ч бай, бүсгүй үр алин ч байсан” гэхэд нь нааш харж “За” гэчхээд амьдралдаа ч сонсож байгаагүй сүрдэм нэр болохоор нь цааш харан “Нэр хүнддэнэ гэж байдаг даа. Яаж тийм нэр хүүхдэд өгөх билээ” гэж бодоод өнгөрсөн удаатай. Гэтэл ийм хувь заяа биднийг тосож байжээ. Угтуулж ерөөсөн нэрийг аав нь хүүгийнхээ чихэнд шивнэсэн юм. Бидний хүү Тэнгэрийнтөмөр эрүүл саруул, чийрэг эр болон торниж байна. Таван нас хүрэх дөхсөн хүүдээ аав нь бараг л гар хүрэлгүй өдий боллоо. Эднийхэн угаасаа зөөлөн улс. Хүүхдэд гар хүрэх нь битгий хэл загнахыг ч мэдэхгүй. Харин үхэлтэй тэмцэлдэн арай ядан төрж, төрүүлсэн хоёр бол ач тач үзэлцэнэ, миний алганы амтыг хамгийн их амталж яваа туучий байгаа юм. Борог өсвөл өөрт, өрөөлд ч амар биз. Дүү Бүжинлхамдаа хамгаас илүү хайртайн дээр шогчилж, сахилгагүйтэхээ мартахгүй. Өнөөх нь мөчөөгөө өгөхгүй. Ханиндаа хөөрхөн өсөцгөөж байна.
***
2012 оны арваннэгдүгээр сарын тэр нэгэн шөнө аавын бие нь муудаж, түргэний тэргээр Баянзүрх дүүргийн эмнэлэг рүү явсныг сонсоод яаран яаран очиход эмч залуу намайг хараад юу ч дуугаралгүй хоёр мөрөө гунигтайхан хавчсансан. Аав минь амьсгал хураажээ. Тө эмчийн номдоо бичсэнээр нээрэн ч тэр эмч надад ямар “Тайвшир” гэж хэлэлтэй нь биш. Оюутан болдог жил аавын элэг нь өвдөөд тэнгэр шиг гэдэстэй, амьсгаадсан хүн болсон байж билээ. Элгээр явчихвий дээ гэж бодож байтал овоо эдгэрээд “Аав нь одоо алзахгүй, 10 жил амьд явна” гэж байсан хүн 5 жил наслаад эцэст нь зүрхний өвчнөөр хорвоог орхисон. Арван жил амьдарна гэсэн үгэндээ хүрэлгүй орхиод явчихсан мэт санагдаад гомдох ч шиг. Гэхдээ голох юм биш. Хорь гаруй жил сайн хамаатан садангийнхаа ачаар ганцаардлыг амсаагүй явжээ, би. Ажил явдлын үеэр айлын ганцын зовлонг мэдрэв. Бичиг баримт хөөцөлдөх, өр ширтэй эсэхийг нь шүүлгэх гээд албан газруудаар иргэний үнэмлэхээ бариад зайлшгүй би явах болчихоод л тэр. Гашуудлын үг бичиж, унших ч бас хүсэх юм биш. Хоолой зангирч, хамар ам гуншаад тод, чангахан уншиж чадахгүй өөртөө уур ч хүрэх шиг, гомдох ч шиг. Ядаж хоёулаа байсан бол тэврэлдээд уйлсан ч хамтдаа байх байж гэж бодохоос л ганцаардаад... Бүх зүйл дуусахад ааваас минь надад овог, ногоон өнгөтэй жижигхээн нас барсан гэрчилгээ хоёр л үлдэж, хорвоогийн тухай эргэцүүлж бодохоос хоолой дээр нэг юм тээглэчихэж билээ.
***
“Улам дөжрөм, тэгээд нам гүм” энэ номын үйл явдал бүхэн танил, дүр болгон нь дотно санагдана. Сэтгэлд торсон дурсамж бүхнийг сэдрээгээд эс хүссэн ч нүдэнд хурсан нулимс тэмээний хоргол шиг том томоор хацар дагаад бөмбөрөөд байх юм. “Хүний төлөө л хүн байх” гэж, эмч болох гэж зорьсонд, зориглосон баярлалаа. Эмч хүний зовлон жаргалаа уншигчидтай хуваалцаж, бичсэнд талархлаа. Төв сайхан нутгийнх нь уул ус түшиж яваг ээ, Тө. Түмэн олныг нь ариун дээд Манал бурхан адисалж яваг.