Юуны өмнө 12 жил амжилттай суралцсан чамд баяр хүргэе! Айж бас сандарч байна уу? ЭЕШ гэхээр л асар том даваа мэт санагдаж тэрхүү өдрийг тойрч гармаар байгааг чинь ойлгож байна. Иймд чамд туслах хэд хэдэн зөвлөгөөг хүргэе.
1. Бид заримдаа өөрт тулгараагүй нөхцөл байдлыг хэт их бодсоноосоо болж айдсыг төсөөллөөрөө, зохиомлоор бий болгох нь бий. Үүний сөрөг тал нь айдас бодитой мэд мэдрэгдэж, бодол санаа үйлдэлд нөлөөлж эхэлдэг. Тийм учраас амьсгаа ав. Элсэлтийн ерөнхий шалгалт бол бидний мэдэхгүй, ангид зүйл огт биш. Энэ бол зүгээр л шалгалт юм шүү.
2. Намайг ерөнхий боловсролын сургуульд суралцдаг байхад математикийн багш маань байнга нэг өгүүлбэрийг давтаж хэлдэг байлаа. "Хүний амьдралд нэг л шалгалт байдаг тэр бол ЭЕШ!" энэ өгүүлбэр надад их айдас төрүүлдэг байсан. ЭЕШ-д уначихвал амьдрал сүйрэх мэт л санагддаг байж билээ. Одоо эргээд харахад багшийн маань хэлсэн үг арай л хэтрүүлчихсэн мэт санагдаж байна. ЭЕШ хүний амьдралын чухал мөчүүдийн нэг мөн ч гэлээ тийм ч том зүйл биш гэдгийг амлая. ЭЕШ-ийн цаана маш их боломжууд чамайг хүлээж буй учир амьдрал баялагт итгээд тайвшраарай.
3. Тэмдэглэл хийх нь ямар ч асуудал тохиосон сэтгэл зүйн сайн эмчилгээ болдог юм шүү. Яг одоо чамд юу мэдрэгдэж байна. Мөн тэрхүү шалгалтын өдрийг ямар байгаасай хэмээн бодож байна. Тэр бүх төсөөлөл, мэдрэмжүүдээ цаасан дээр буулгаарай. Заавал эерэг юм бичих гэсний хэрэггүй дээ. Айж сандарч байгаа бол тэрхүү мэдрэмжээ ч бас бич. Харин хэдэн өдрийн дараа өнөөх тэмдэглэлээ давтаж уншаад нэг үзээрэй. Энэ нь чамайг өөрийгөө хөндлөнгөөс харахад тусална.
4. Өсвөр насанд бүх зүйл их эмзгээр тусаж сэтгэл зүйн байдал тогтворгүй байдаг. Тийм байхад шалгалт дөхөөд ирэхээр хүн бүр гэнэт л чамд санаа зовж эхэлнэ. Хажуу айлын эмэгтэй, ээж аавын найз, эмээ өвөө гээд бүгд л шалгалтыг сануулж зөвлөж байгаа биз? Тэр бүгдийг хүнд дарамтаар бүү тусгаж аваарай. Тэр хүмүүс чиний дотор юу мэдрэгдэж байгааг мэдэхгүй шүү дээ. Яг үнэндээ тэдэнд тийм ч хамаа байхгүй. Чамд чи л хамаатай гэдгийг санаарай.
5. Айдсаа бүтээл болго. Өөрөөр хэлбэл зүгээр сууж огт болохгүй. Шалгалтын өмнөх 14 хоног нэг жил бэлтгэсэн хугацаанаас ч чухал байдаг шүү. Иймд сандрах огт хэрэггүй. Зүгээр л хий. Бас сайн унтаж амраарай.
6. Эцэст нь хэлэхэд хүн бүрд хувь тохиол гэж байдаг юм шүү. Зарим боломж хаагдах нь өөр олон боломжийн үүд хаалга нээгдэх гарц гаргалгаа болдог. Иймд амьдрал шийдэгдэх ганц товчлуур мэт ЭЕШ-ийг бодох хэрэггүй дээ. Зүгээр л хамгийн сайнаараа байхад болно. Би чамд итгэж байна. Амжилт хүсье!