UBLife Logo
Боловсрол

Э.Тунгалаг: Өгөгдлийн салбар бол хийх, хөгжүүлэх зүйл ихтэй сонирхолтой талбар

Б.Саруул
Б.Саруул
Э.Тунгалаг: Өгөгдлийн салбар бол хийх, хөгжүүлэх зүйл ихтэй сонирхолтой талбар

“Тунгаахуй” өгөгдлийн урлангийн үүсгэн байгуулагч Э.Тунгалагтай өгөгдлийн бүтээгдэхүүн гэж юу болох, нийгэмд үзүүүлэх нөлөөлөл, ач холбогдлын талаар ярилцлаа.

- Юун түрүүнд “Тунгаахуй” өгөгдлийн урланг үүсгэн байгуулах болсон шалтгаанаас яриагаа эхэлье?

- Би нийгэм, макро эдийн засгийн судалгааны салбарт 10 гаруй жил ажиллаж байна. Судлаач хүний хувьд судалгааны хэрэглээг хэрхэн нэмэгдүүлэх, үр дүнгээ хүмүүст яаж хүртээмжтэй хүргэх вэ гэдэг асуудал байнга тулгамддаг л даа. Ер нь судалгааг ч, өгөгдлийг ч хүнд хүргэхийн тулд “бүтээгдэхүүн” гэж харах ёстой юм байна гэдгийг олон жил харж, анзаарч явсан. Тэгээд хоёр жилийн өмнө “Тунгаахуй” өгөгдлийн урлангаа үүсгэн байгуулсан. 

-  Нээлттэй өгөгдөл гэж юу вэ, энэ нь нийгэмд ямар нөлөө, ач холбогдолтой вэ?

- Бид өгөгдөл, дата, статистик, тоон мэдээлэл гэхчлэн янз бүрээр нэрлэдэг. Өгөгдөл гэдгийг хамгийн энгийнээр тодорхойлбол баримтуудын цуглуулга юм. Жишээ нь, А4-ийн цаас бол ийм хэмжээ, хэлбэр, өнгө, жинтэй гээд тухайн цаасны талаарх баримтууд нь өгөгдөл гэсэн үг. Бид өдөр тутамдаа ийм өгөгдлийн шинжилгээг байнга хийдэг. Таван мэдрэхүйгээрээ төрөл бүрийн өгөгдөл хүлээн авч боловсруулаад том, жижиг олон шийдвэрийг гаргадаг. Харин орчин цагт хүн төрөлхтөн хараад өнгөрдөг байсан тэр бүх өгөгдлийг бүртгэж нэг санд төвлөрүүлээд шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр гаргах боломжтой болсон. Ялангуяа цахим үйлчилгээ, технологийн хөгжилтэй холбоотойгоор бидний хажуугаар урсаж буй өгөгдлүүдийг хадгалж, цуглуулж, эмхэлж цэгцлээд боловсруулсаны эцэст оновчтой шийдвэр гаргадаг болсон. Тиймээс өгөгдлийн гол хэрэглээ нь нэгдүгээрт, зөв шийдвэр гаргах, хоёрдугаарт, өгөгдлийг ашиглаад тулгамдсан асуудлыг гаргаж ирэх, нөхцөл байдлыг тодруулах юм. 

Өгөгдлийн гол хэрэглээ нь нэгдүгээрт, зөв шийдвэр гаргах, хоёрдугаарт, тулгамдсан асуудлыг гаргаж ирэх, нөхцөл байдлыг тодруулах юм.

- Тэгвэл “Тунгаахуй” урлан ямар өгөгдлийн бүтээгдэхүүн гаргаж байна вэ? 

- Өгөгдөл хязгааргүй, олон төрөлтэй учир бидний ажил тэр хэрээр өргөн хүрээг хамардаг, ямар ч бүтээгдэхүүн гаргах боломжтой. Бид гол нь өгөгдөл, дизайн, технологи гэсэн гурван орцыг хольж, “бүтээгдэхүүн”-ээ гаргахыг чухалчилдаг. “Тунгаахуй” өгөгдлийн урлан маань байгуулагдаад удаагүй тул одоохондоо цөөн төрлийн бүтээгдэхүүн гаргахад төвлөрч байна. Тухайлбал, data visualization буюу өгөгдлийн дүрслэл, аппликэйшн, цахим хуудас гэх мэт өгөгдөлд суурилсан бүтээгдэхүүн хөгжүүлдэг. Мөн дизайныг технологитой холбож судалгааны тайлангуудыг сонирхолтой, хүртээмжтэй болгох ажлыг нэлээд хийж байна. Судалгаа гэхээрээ л уйтгартай, олон хуудас материал байх албагүй шүү дээ. Судалгаа ч гэсэн нэг төрлийн бүтээгдэхүүн. Тиймээс бүтээгдэхүүн гоё савлагаа боодолтой, өөрийн гэсэн өнгө төрхтэй байх хэрэгтэй гэж боддог. 

Монгол Улсын Их хурлын сонгуулийн товчоонЭх сурвалж: ТУНГААХУЙ өгөгдлийн урлан

Хэдий бид бизнесийн байгууллага боловч өөрсдийгөө сошиал энтерпрайз (social enterprise) гэж тодорхойлдог. Өгөгдлийн бүтээгдэхүүн хөгжүүлэхийн зэрэгцээ салбарынхаа хөгжилд хувь нэмрээ оруулахыг зорьж байна. Тийм ч учраас манай урлан олон нийтэд зориулсан сайн дурын ажлуудыг тогтмол хийдэг юм. 

Судалгаа гэхээрээ л уйтгартай, олон хуудас материал байх албагүй. Судалгаа ч гэсэн нэг төрлийн бүтээгдэхүүн. Тиймээс бүтээгдэхүүн гоё савлагаа боодолтой, өөрийн гэсэн өнгө төрхтэй байх хэрэгтэй.

- Өгөгдөл бидэнд одоо ч нэн шинэ ойлголт хэвээр байна. Магадгүй уншигчид маань өгөгдөлд суурилсан ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ байж болох вэ хэмээн бодож байгаа болов уу. Жишээ татвал?

- Өгөгдлийн бүтээгдэхүүнтэй бид өдөр бүр таардаг. Ялангуяа  Монголд санхүүгийн болон үүрэн холбооны салбаруудад өгөгдлийн хэрэглээ эрчимтэй нэмэгдэж шинэ бизнесүүд төрж байна. Жишээ нь, финтек, зээлийн аппликэйшн, онлайн зээлийн үйлчилгээ, сэтгэлзүйд суурилсан зээлийн үйлчилгээг дурдаж болно. Ер нь орчин цагт хэрэглэгчдийнхээ өгөгдлийг цуглуулж, анализ хийдэггүй бизнесийн байгууллага байхаа больсон. Аливаа бизнесийн шийдвэр гаргахаас эхлээд сурталчилгаа, идэвхжүүлэлт, маркетингаа хийх, хэрэглэгчийн гомдлыг шийдвэрлэх гээд бүхий л үйл ажиллагааг өгөгдөлд тулгуурлан хийж байна. 

- Нээлттэй өгөгдлийг боловсруулж олон нийтэд хүртээмжтэй байдлаар хүргэх ажлыг дагнан хийдэг байгууллага манайд цөөн шүү дээ. Таны анзаарснаар Монголд өгөгдлийн салбарын хөгжил ямар байна вэ? 

- Салбарын хөгжлийг Монгол Улсын хувьд авч үзвэл өгөгдлөө бүтээх шатандаа явж байна гэж боддог. Төрийн үйлчилгээ цахимжиж бизнесийн салбарт технологийн хэрэглээ өссөнтэй холбоотойгоор өмнө нь урсаад өнгөрдөг байсан өгөгдлүүд бүртгэгдэж, хадгалагдаж, улмаар бид өөрийн гэсэн өгөгдлийн сантай болж байна. Цаашид энэ цуглуулсан өгөгдлөө хэрхэн оновчтой ашиглах вэ гэдэг асуудал үүснэ, бас чанарын асуудал хөндөгдөнө. Цуглуулсан өгөгдөл үнэхээр ашиглаж болохуйц юм уу, нэмж ямар өгөгдөл цуглуулах шаардлагатай, тэдгээрийг яаж нарийвчилбал зохимжтой вэ гэдгийг ярилцах хэрэгтэй болно.

Өгөгдөлд тавигдах шаардлага, түүний хэрэглээ, өгөгдлийг ашиглах явцад хүний хувийн мэдээллийг хамгаалах гэх мэт хууль эрх зүйн орчны суурь дөнгөж одоо л бүрэлдэж байна.

Өмнө нь хэлсэнчлэн бизнесийн салбарт өгөгдлийн хэрэглээ харьцангуй идэвхтэй ч тухайн бизнес, бүтээгдэхүүн үйлчилгээ эсвэл салбарын хүрээнд л ашиглагдаж байна. Энэ бас нэг алхам, хөгжил мөн. Нөгөөтээгүүр нийгмийн асуудлыг шийдвэрлэх, төрийн үйлчилгээг сайжруулах, төрийн бодлого, шийдвэрт иргэдийн оролцоог бий болгоход өгөгдлийг хэрхэн ашиглах вэ гэдэг илүү өргөн хүрээний асуудал байна. Монгол Улсад 2022 оноос Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай зэрэг багтсан багц хуулиуд хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор нээлттэй өгөгдөл гэдэг ойлголт анх удаа хуульд тусгагдсан. Өгөгдөлд тавигдах шаардлага, түүний хэрэглээ, өгөгдлийг ашиглах явцад хүний хувийн мэдээллийг хамгаалах гэх мэт хууль эрх зүйн орчны суурь дөнгөж одоо л бүрэлдэж байна. Том зургаар нь харвал өгөгдлийн бодлогын суурийг тавих, хөгжүүлэх, ашиглах, давхар хууль эрх зүйн орчноо сайжруулах гээд хийх зүйл ихтэй сонирхолтой цаг үе юм.  

- Нээлттэй өгөгдөл гэхээр нэн түрүүнд төрд буй нийтийн эрх ашигт хамаарах мэдээлэл санаанд орж байна. Гэтэл тэр мэдээлэл одоогоор нээлттэй, хүртээмжтэй биш байна. Таны үзэж буйгаар нийтийн эрх ашигт хамаатай мэдээллийг нээлттэй болгоход юуг анхаарвал зохих вэ?

- Дээр дурдсан хуулийн хүрээнд төр өөрөө мэдээлэл хариуцагч болж, өөрт буй өгөгдлөө нээлттэй болгох үүрэг хүлээж буй. Мэдээж хууль хэрэгжихэд хугацаа шаардагдана. Энэ нь нэг талаас төрд мэргэжлийн боловсон хүчин дутмаг, нээлттэй өгөгдлийн талаарх ойлголт төрийн албан хаагчдын дунд шинэ байгаатай холбоотой. Товчхондоо, төр нээлттэй өгөгдөл гэдэг ойлголттойгоо танилцаад явж байна. Нээлттэй өгөгдөл гэдэг бол хуучин өгөгдлүүдээ вэб сайт дээр гаргаж тавихаас өөр ойлголт. Учир нь нээлттэй өгөгдөл тодорхой шаардлагыг хангасан байх ёстой. Тухайлбал, нээлттэй болгосон PDF эсвэл word файлыг нээлттэй өгөгдөлд тооцохгүй, машин унших форматтай өгөгдөл байх ёстой. Түүнчлэн өгөгдөл үнэн зөв, бүрэн, нарийвчилсан, өмчлөлгүй форматтай байх гэх мэт шаардлагыг тавьж буй. Өөрөөр хэлбэл, тухайн өгөгдлийг аваад шууд боловсруулалт хийх болохоор чанартай байх ёстой. Иймд төрийн байгууллагууд өгөгдлөө хуульд заасан шаардлагад нийцүүлэн сайжруулахад хугацаа орно. Энэ ажил өөрт байгаа өгөгдлөө тодорхойлохоос эхэлнэ. Тухайн байгууллагын үйл ажиллагааны явцад ямар өгөгдөл үүсэх боломжтой, тэдгээрээс ямар өгөгдлийг цуглуулж, ямар өгөгдлийг орхигдуулсан, өгөгдөл цуглуулдаг урсгал гэхчлэн өгөгдлийн бэлэн байдлаа үнэлэх шаардлагатай. Хэт ерөнхий өгөгдөл хэрэглээнд төдийлөн ач холбогдолгүй. Ядаж л өгөгдлөө нас, хүйс, байршил, салбараар нь ангилах хэрэгтэй болно. Цаашлаад өгөгдлийн урсгалыг оновчлох, чанаржуулах, нийгмийн эрэлттэй уялдуулах гэх зэрэг төрийн байгууллагууд тус тусын өгөгдлийн бодлоготой болох ёстой юм. Энэ бол нэг далайлтаар хийх боломжгүй цаг хугацаа шаардсан ажлууд.  

Нээлттэй өгөгдөл гэдэг бол хуучин өгөгдлүүдээ вэб сайт дээр гаргаж тавихаас өөр ойлголт. Учир нь нээлттэй өгөгдөл тодорхой шаардлагыг хангасан байх ёстой.

- Тэгвэл энэ ажлыг хийхэд төрийн байгууллагуудад тулгарч буй гол сорилт юу вэ? 

- Хууль хэрэгжиж эхэлснээр төрийн байгууллагууд өгөгдлөө байгууллагынхаа цахим хуудас болон төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн систем болох Opendata.gov.mn-д нийтлээд эхэлсэн. “Тунгаахуй” өгөгдлийн урлан төслийн хүрээнд болон сайн дураараа нээлттэй өгөгдлийн салбарт нэлээд идэвхтэй ажиллаж байна. Хуулийн төсөл яригдаж эхлэхэд л саналаа тусган, хамтарч ажилласан. Нэг талаас бид хэрэглэгч учраас нээлттэй өгөгдлийг хүрээмжтэй, чанартай болгох талаар төрд шаардлага тавих ёстой оролцогч тал. Гэвч төрд мэргэжлийн боловсон хүчин хомс, нээлттэй өгөгдөл хариуцсан мэргэжилтнүүд нь ихэвчлэн үүрэгт ажлынхаа хажуугаар хавсарч гүйцэтгэж байгаа тул шууд нэхэх, шаардлага тавихад хүндрэлтэй байдаг. Тиймээс бид хамтрагч, дэмжигчийн үүднээс ажиллаж байна. 

Төрийн байгууллагын мэргэжилтнүүдэд дутагдаж буй ур чадварыг олгох, сайжруулах, дэмжлэг үзүүлэх ажил хийдэг. Тухайлбал, манайх “Нээлттэй нийгэм” форумын дэмжлэгтэйгээр “Нээлттэй засаглалыг бэхжүүлэхэд нээлттэй өгөгдлийг ашиглах нь” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд өнгөрсөн есдүгээр сард төрийн нээлттэй өгөгдөл хариуцсан мэргэжилтнүүдэд сургалт, хэлэлцүүлгийг хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Мөн Сонгуулийн ерөнхий хороотой хамтарч сонгуулийн нээлттэй өгөгдлийг хөгжүүлэх зөвлөх үйлчилгээг үзүүлж байна. Эндээс харахад нээлттэй өгөгдлийг төр дангаараа хөгжүүлэх боломжгүй, олон талын оролцоо шаардлагатай гэдгийг ойлгосон. Ялангуяа өгөгдлийн салбарын мэргэжилтнүүд, “Тунгаахуй” шиг мэргэжлийн байгууллага, судлаачид, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээлэл, бизнесийн байгууллага, иргэдийн хамтын ажиллагаа шаардлагатай. 

Өгөгдлөө шинжлэх, ашиглахын давуу талыг бизнес эрхлэгчид хэдийнэ ойлгочихсон. Тэгэхээр өгөгдөлтэй ажилладаг ямар ч мэргэжил эрэлттэй гэдгийг мэргэжлээ сонгох гэж буй залуучууд харгалзаж үзээрэй.

- Биг дата, хиймэл оюун гэж ярьдаг болсон өнөө цагт мэдээллийн үнэ цэн улам бүр нэмэгдэж байна. Үүнийг дагаад шинэ, нарийн мэргэжлийн боловсон хүчний хэрэгцээ нэмэгдэж байгаа болов уу. Таны үзэж буйгаар манайд ямар мэргэжилтнүүд хамгийн их хэрэгцээтэй байна вэ? 

- Өгөгдлийн салбар шинэ тутам хөгжиж байгаа учраас мэргэжлийн боловсон хүчин ихээхэн дутагдалтай байна. Өгөгдлийн салбарын мэргэжлүүд дундаас энэ нь илүү хэрэгтэй, тэр нь арай бага хэрэгцээтэй гэж хэлэх боломжгүй л дээ. Өгөгдлийн шинжээч, хиймэл оюун ухаан, машин сургалт, өгөгдлийн сан, мэдээллийн технологийн мэргэжилтэн, өгөгдлийн архитектор (data architect), өгөгдлийн бодлого, өгөгдлийн засаглалын мэргэжилтнүүд гээд бүх л чиглэлд эрэлт байна. Монголд зөвхөн технологи гэлтгүй бүх төрлийн бизнесүүд дотроо өгөгдлийн шинжилгээний багтай болж байна. Ер нь өгөгдлөө шинжлэх, ашиглахын давуу талыг бизнес эрхлэгчид хэдийнэ ойлгочихсон. Тэгэхээр өгөгдөлтэй ажилладаг ямар ч мэргэжил эрэлттэй гэдгийг мэргэжлээ сонгох гэж буй залуучууд маань харгалзаж үзээрэй. 

- Тэгвэл өгөгдөлтэй ажилладаг хүмүүст нэн шаардлагатай суурь ур чадвар юу юм бол?

- Өгөгдөл цуглуулах, боловсруулах, шинжилгээ хийх, машин сургалт, хиймэл оюун ухааны шийдэл, загвар боловсруулах гэх мэтэд шаардагдах техникийн шинжтэй мэргэжлийн ур чадварууд хэрэгтэй. Тэрнээс гадна өгөгдлийг бодит хэрэглээнд оруулах, бүтээгдэхүүн болгож хувиргах чадвар ихээхэн ач холбогдолтой. Өгөгдлийг зөвхөн өгөгдлийн мэргэжилтэн ойлгож хэрэглэх бус мэргэжлийн бус оролцогч талууд, иргэд хэрэглэдэг байх шаардлагатай. Тэгэхээр аливаа өгөгдлийг хэрхэн ойлгомжтой, хэрэглэгдэхүйц гоё бүтээгдэхүүн болгох вэ гэдгийг бодож боловсруулдаг, өгөгдлийн салбарын мэдлэгээ бусад салбартай холбох чадвартай мэргэжилтэн манайд ихээхэн үгүйлэгдэж байна. 

Мөн олон нийтийн өгөгдлийн бичиг үсэгт тайлагдалтыг (data literacy) сайжруулах зайлшгүй шаардлага үүссэн. Учир нь, өгөгдлийг уншиж ойлгох, өдөр тутмын амьдралдаа ашиглах хэрэгцээ өдөр өдрөөр нэмэгдэж байна. 

- Хэвлэл мэдээлэл өгөгдлийн салбартай хэрхэн уялдаж болох вэ, өгөгдлийг сэтгүүлзүйн бүтээлтэй уялдуулах боломжийн талаар та ямар бодолтой байна вэ?

- Сэтгүүлчид яалтачгүй өгөгдлийн идэвхтэй хэрэглэгчдийн нэг мөн л дөө. Тиймээс манай урлан сэтгүүлчдэд мэдээлэл өгөх, өгөгдлийн дүрслэлээр хангах зорилгоор “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдэлтэй тогтмол хамтарч ажилладаг. Сая дурдсанчлан өгөгдлийг олон нийт мэдэх, ашиглах шаардлагатай. Ялангуяа төрд байгаа өгөгдлийг. Иргэд төрийн үйл ажиллагаанд хяналт тавих, хэрэгцээ, шаардлагаа тусгуулахад хэвлэл мэдээллийн хэрэгсэл гүүр нь болдог гэдэгт итгэдэг. 

Олон нийтийн өгөгдлийн бичиг үсэгт тайлагдалтыг сайжруулах зайлшгүй шаардлага үүссэн. Учир нь, өгөгдлийг уншиж ойлгох, өдөр тутмын амьдралдаа ашиглах хэрэгцээ өдөр өдрөөр нэмэгдэж байна.

Үүнээс гадна сэтгүүлзүйн бүтээл бол олон хүнд хүрч чаддаг нэг төрлийн өгөгдлийн бүтээгдэхүүн шүү дээ. Тиймдээ ч орчин цагт сэтгүүлчид өгөгдлийг ойлгох, тодорхой хэмжээний шинжилгээ хийх бодит хэрэгцээ үүсээд байна. Гэхдээ сэтгүүлч ганцаараа өгөгдлөө шинжилж, дүрсжүүлж, сайн нийтлэл бичээд түүнийгээ вэб сайтад хөдөлгөөнт контент болгож байршуулж чадахгүй. Энэ бол багийн ажил. Өгөгдлийн бүтээгдэхүүн хөгжүүлэхэд өгөгдлийн мэргэжилтэн, өгөгдлийн дизайнер, мэдээллийн технологийн мэргэжилтэн, сэтгүүлчээс эхлээд олон төрлийн ур чадвар шаардагдахаас гадна харилцан бие биенээ ойлгох нь чухал. Тэгэхийн тулд өгөгдлийн шинжээч нь сэтгүүлзүйн салбарыг тодорхой хэмжээгээр ойлгодог, сэтгүүлчид өгөгдлөө уншиж, боловсруулж чаддаг байх шаардлагатай. Ингэж байж л сая амжилттай ажиллаж сайн бүтээгдэхүүн гаргана. “Тунгаахуй” өгөгдлийн урлан ч гэсэн ийм багийг бүрдүүлээд явж байгаа. 

Эх сурвалж: ТУНГААХУЙ өгөгдлийн урлан

- Та бүхэн ямар хүмүүстэй хамтарч ажиллахыг хүсэж байна вэ, тэдэнд хандаж юу хэлэх вэ?

- Өгөгдлийг ашиглах соёл төлөвшүүлэх шаардлагатай гэж санагддаг. Би хувьдаа ямар ч мэргэжлийн хүн өгөгдлийг ойлгож ашигладаг, хэрэглэдэг, өгөгдлийг чухалчилдаг, шийдвэр гаргахдаа хаана, ямар өгөгдөл байгааг хайж олоод ашигладаг байгааасай гэж хүсдэг. Төр, бизнесийн байгууллага, иргэд аль аль нь өгөгдөлд суурилж шийдвэр гаргах дадлыг суулгаасай. Өгөгдлийн салбарын хөгжилд хүн бүрийн оролцоо чухал тул бүтээгч, хэрэглэгч, түгээгч талууд хаа хаанаа өгөгдөлд хариуцлагатай хандаж сурахыг эцэст нь онцолмоор байна. “Тунгаахуй” өгөгдлийн урлангийн хувьд салбарынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой тул ямар ч салбар, мэргэжлийн хүмүүстэй хамтран ажиллах боломжтой гэдгийг энд дашрамд хэлье. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.