Казах түмний өргөн тэмдэглэдэг баяр ёслол, тоглоом наадгай, ёс заншлын тухай сонирхолтой баримтаас хүргэж байна.
1. Наурыз

Наурыз бол хаврын “төрсөн өдөр” гэсэн үг. Казах хүмүүс Наурыз тохиож буй өдөр буюу гуравдугаар сарын 22-ныг “Улыстын Улы Күнi” буюу "шинийн нэгэн" гэж нэрлэдэг. Наурыз бол ямар нэгэн шашны баяр бус байгаль эхтэйгээ хүйн холбоотой хүн төрөлхтний баяр юм. Хахир хүйтнийг өнөтэй даван хаврын урь орж, хүн амьтны зоо тэнийсэн, өдөр шөнө тэнцэн гэрэл гэгээ нэмсэний баяр билээ. Казахын ёсонд Наурызаар будаатай шөл хийдэг. Баярын хамгийн гол хоол бол “Наурыз-көже” буюу наурыз-шөл хэмээх хоол юм. “Наурыз-шөл” нь амьдралын долоон элементийг илтгэдэг долоон төрлийн бүтцээс бүрдэнэ. Үүнд: ус, мах, давс, өөх, гурил, будаа /цагаан будаа, улаан будаа, шар будаа/, сүү зэрэг орно. Энэ нь баяр баясгалантай, азтай, цэцэн, эрүүл байх, элбэг дэлбэг байх, хурдан шаламгай, бурхнаас өршөөлтэй байхыг билгэддэг.
2. Сырга салу "Ээмэг зүүх"

Ээмэг зүүх ёс нь эрт үеэс улбаатай Казах үндэстний соёл юм. Залуугийн гэрлэх бүсгүйг эцэг эх нь сонгодог байсан үеэс эхлэлтэй. Харин одоо залуус өөрсдөө гэрлэх бүсгүйгээ сонгодог болсон. эхнэр болгохоор сонгосон охины гэрт аав ээж нь очиж, эцэг эхтэй нь уулздаг байна. Охины тал ширээ засаж, харилцан ярилцаж зөвшөөрвөл охиноо харуулдаг. Ээмэг зүүх ёсны гол учир нь залууд бүсгүйг харуулж, хурим хийх өдрийг товлодог ёстой. Бэр гуйхтай ойролцоо ёс юм. Охины гэрт залуугийн хамгийн ойрын гэсэн тав, зургаан хүн дагаж ирдэг. Жишээлбэл, өвөө, эмээ, аав, ээж, ах, дүү, бэр эгч нь байх юм. Охиныг харуулахаар бол охины бэр эгч нь дагуулж гарч ирдэг. Харин залуугийн бэр эгч охинд ээмгийг нь зүүж өгдөг. Заавал алтан ээмэг зүүдэг учир нь казахууд охин хүүхдийг алттай зүйрлэж, үнэ цэнэтэй байлгадагтай холбоотой. Мөн хүзүүнд нь шувууны өдтэй алчуур зүүж өгдөг. Залуугийн талын настангууд охинд бэр болох ёсны тухай хэлж, зөвлөж гэрийнхэнд нь авчирсан бэлгээ өгдөг уламжлалтай аж.
3. "Кыз узату"- Охиноо үдэж өгөх ёс

Охиныг үдэж өгөх ёс нь гэрлэх ёслолын эхлэл юм. Охины тал ширээ дүүрэн идээ будаа засаж, өөрсдийн хамаатнуудын хамтаар охиныг очсон газартаа эрүүл энх аз жаргалтай амьдрахыг билэгшээж "Батаа" буюу ерөөлөө айлдацгаана. Энэ үед мөн л залуугийн хамаатнууд ирж, охиныг дагуулаад "Мешит" буюу сүмрүү явж гэрлэлтээ батлуулна. Охиныг гэрээс гарахад "Ак жол" буюу уртаас урт цагаан зам тавьсан байна. Энэ нь охины зам үргэлж дардан байхыг билэгддэг. Охиноо сайн бэр болж, очсон газартаа жаргалтай болох биш жаргалтай болгох гэж очоорой гэсэн утгийг агуулдаг байна.
4. Гэрлэх ёс
Гэрлэх ёс нь бусад үндэстний адил хоёр талын хамаатан, найз нөхөд цуглан өргөн тэмдэглэнэ. Хурим нь 10 шөнө 10 өдөр нижгэр үргэлжлэн тэмдэглэн өнгөрүүлэх энэ баяр бол хамгийн үнэ цэнэтэй баярын нэгд тооцогддог. Хосууд хуримаа хийснээсээ хойш таван жилийн зайтай хуримын ойгоо тэмдэглэн өнгөрөөдөг.
5. "Бала бесикке салу"

Казах үндэстнүүдийн хэрэглэдэг хүүхдийн ор гэж хэлж болно. Хүүхэд төрөөд хүзүү нь бэхжсэн өдрөөс "Бесик"-т унтуулдаг. Анх "Бесик"-т хийхээс өмнө ойр дотнын эмэгтэйчүүд, хүүхдүүд ирж мундаг хүн болж өсөж, эрүүл энх амьдрахыг ерөөдөг. Эмээ эсвэл ээж нь бесикийг галаар нааш цааш "Алас" хийнэ. Энэ нь муу муухайг хөөж байгаа хэрэг юм.
6. Тусау кесер

Хүүхдийг хурдан хөлд орохыг билэгшээж хөлөнд нь уяа уяж, хамгийн хөдөлгөөнтэй, шаламгай хүндлэл хүлээсэн хүнээр ерөөл хэлүүлэн хайчлуулдаг. Мөн л зам нь дардан байхыг билэгшээж цагаан замаар алхуулдаг.
7. Көкпар

Залуусын хүч. бяр, тэвчээр, овсгоо самбааг шалгадаг морин уралдаан юм. Энэ спорт нь Азийн орнуудад өргөн тархсан спорт билээ. Зөвхөн залуусын хүчийг шалгахаас гадна морины хүчийг хэмждэг.
8. қыз қуу

Тоглоомд үндэсний хувцсаар гоёсон охид, хөвгүүд оролцоно. Уралдаан нь 300-400 метр давхиад эргэж гараанд иртэл үргэлжилнэ. Эргэх газар хүртэл залуу охины морины хүзүүнд байх алчуурыг аван охиноос зугтаж баригдалгүй барианд орвол залуу ялсан болно. Харин охин гүйцээд очвол охин ялсан хэрэг. Тэмцээний явцад нэгнийхээ урд хөндөлсөж, татаж чангаахыг хориглодог. Охин ялсан тохиолдолд залуугийн морь эсвэл өөрийг нь ташуурддаг, харин залуу ялбал охиныг үнсдэг.
9. "Теңге ілу"- Зоос шүүрэх

“Тенге илу” морин спортын нэг төрөл. Тэгш газар тоглох ёстой бөгөөд насанд хүрсэн залуус оролцоно. Дээр үед том эсгийн дээр 15, 20, 50 зоосыг тавьчхаад шүүрч тоглодог байсан бол орчин үед зоосыг даавуунд ороож, газарт эгнүүлэн тавьдаг. Уг тоглоомд хүний тоо тэнцүү 2 баг оролцоно. Оролцогчид хамгийн сайн гэсэн морио унаж, 30-40 метрийн зайд давхиж яваад газарт тавьсан даавуунд ороосон зоосыг тонгойж шүүрэх ёстой. Энэхүү тоглоом маш их эв дүй, хурдан шаламгай хөдөлгөөн шаарддаг аюултай тоглоом юм. Тоглоомын явцад морио зогсоох юмуу өөр зүгрүү хазайж болохгүй. Зоосыг шүүрч чадсан залуу зоос ороосон даавууг хэн нэгэн эмэгтэй хүнд бэлэглэдэг байна.
10. "Казак күресі"- Казах бөх

Казах үндэстний хамгийн эртний спортын төрөл юм. "Казак күресі" 2016 онд ЮНЕСКО-гийн биет бус соёлын өв болон бүртгэгдсэн. Тоглоомын гол дүрэм нь бөхчүүд өвдөгөө газар хүргэж болохгүй.
11. " Домбра, дабыл"

"Кобыз, асатаяк"

Эдгээр нь Казах үндэстэнгүүдийн хамгийн өргөн хэрэглэдэг, хамгийн эртний хөгжимийн зэмсэгүүд юм.
12. Хүмүүжилтэй өссөн охид мөн зоригтой, хөдөлмөрч хөвгүүд бол хамгийн үнэтэй чимэг бас толь.

Казах үндэстнүүд охин хүүхдийг гэр бүлийн төдийгүй үндэстний толь гэж хардаг.Тийм ч учраас хүмүүжилд нь маш ихээр анхаарал тавьдаг. Хэлэх үг хийх үйлдэл бүрийг нь зөв байлгахыг хичээж ёс, заншил, гэрийн ажил зэргийг цаг тутамд сануулж мөрдүүлж байдаг. Харин эрэгтэй хүүхдүүд гэрийн ажлаас бусдад нь суралцана. Мал нядлахаас авахуулаад чанасан махыг хөшиглөх хүртэл нь өөрийн гэсэн утга учиртай байдаг. Казах үндэстний устаж үгүй болгодоггүй гол хүч нь тэдний хүүхдүүд байдаг учир хүчирхэг байх үүднээс багаас нь үндсэрхэг болгон өсгөдөг.
13. Казах ард түмний хамгийн дуртай хоол "Каз"

Каз нь адууны махыг давсалж, нарийн гэдэсрүү нь хийж борцолж бэлддэг Казах түмний үндэсний хоол гэж хэлж болох юм. Дархлаа дэмжих, шим тэжээлтэй хоол болдог учир голцуу өвөлдөө иддэг.
14. Мэдээж казах түмний бэлгэ тэмдэг нь бүргэд.

Казах түмний бүргэдийн ан авлах ёсыг гадаадын жуулчид маш ихээр сонирхох болж Бүргэдийн баяр, бүргэдчидийн өдрийг хүртэл зохиох болсон нь бахархууштай хэрэг.
15. Буянтай буурлууд.

Казах түмний чимэг болдог олон зүйл байдгийн нэг нь залуусдаа ерөөлөө айлдаж, бурхандаа залбиран суух халуун дулаан сэтгэлтэй буянтай буурлууд багтдаг.Ач, зээгээ тойруулан сууж үлгэр домог ярьж өгч үндэстний бахархлаа үргэлжид сануулан сайн хүн болохыг л захин суух нь үнэхээр бахархууштай. Зочид ирэхэд хойморт суугаад халуун яриа өрнүүлдэг буурал байдаг айлаас зочин тасардаггүй.
Бэлтгэсэн:Е.Алтанжимс