UBLife Logo
Алисагийн Булан

Хайртай хүмүүсээ анхаарч, аюулгүй байлгахын төлөө бидний хийх ёстой 5 зүйл

Хайртай хүмүүсээ анхаарч, аюулгүй байлгахын төлөө бидний хийх ёстой 5 зүйл

Зүрх зүсэм үйл явдал болсны маргааш өглөө хүмүүсийн пост, сэтгэгдлийг уншиж байх үедээ бид үнэхээр нэгэндээ яаж анхаарч, юу хийж чадвал нөхцөл байдалд илүү бэлтгэлтэй байх бол гэх бодол төрсөн. Бид хайртай хүмүүсээ жинхэнээсээ анхаарч, хамгаалахын тулд дор бүрнээ юу хийх нь чухал тухай энд өгүүлье. Бас амиа алдаж, хохирч, гэмтэж, энэ бүхнийг туулсан хүн нэг бүрийн төлөө маш ихээр харуусаж буйгаа илэрхийлье. Бид танихгүй хүмүүсийг хүртэл хэрхэн хайрлах вэ?


1. Бид гамшиг осол, аюул, гэнэтийн үйл явдалд яах ёстойг гэр бүл, найз нөхөд, ойр тойрны хүмүүстээ зааж өгөх хэрэгтэй

Гал гарсан тохиолдолд яах вэ, хэрэв хажууд шатсан машин байвал дэргэдүүр нь өнгөрч болох уу болохгүй юу, хэрэв гэмтсэн тохиолдолд яаж анхан шатны тусламж үзүүлэх вэ, газар хөдлөлт, үер усны үед ямар байршилд очих хэрэгтэй вэ, ямар орц гарцаар гарах ёстой гэх мэт гамшиг, ослын нөхцөл байдалд авах арга хэмжээг олон нийт даяар маш сайн зааж, ойлгуулах нь чухал байна. Бид анхны тусламж болоод гэнэтийн үед авах арга хэмжээг хүүхэд томчуул гэлтгүй бүгдэд хичээл сургууль, ажлын орчин, амьдарч буй хороо дүүргээрээ хийж хэвшиж, сурталчлах шаардлагатай байна.

2. Таны эргэн тойронд эрсдэлтэй зүйл байгаа бол заавал мэдээлэлж, урьдчилан шийдвэрлүүлэх хэрэгтэй

Хотхонтой дэндүү ойрхон шатахуун түгээх станц, гал алдах аюултай байгаа ил утас, хэн нэгэн ороод бэртэж магадгүй нүх, хүн явах ч зайгүй болсон битүү зогсоол, машины хөдөлгөөн, халтиргаатай зам гээд таны эргэн тойронд аюул учруулж мэдэх, эсвэл өөр хэн нэгэнд гай болж мэдэх ямар ч зүйлийг мэдээлдэг байх нь бас бидний үүрэг билээ. Хариуцлага нэхдэг, шаарддаг байх нь эргээд бидний аюулгүй, тав тухтай амьдралд хамгийн хэрэгтэй зүйл юм.

3. Ямар ч үед холбоо харилцаатай байх нь чухал

Багад манай өвөө над руу байнга залгаж, хаана явж байгаа, яаж, ямар замаар ирэх гээд бүхнийг асууж, хэзээ гарахыг ч тодруулдаг байсан. Ихэнхдээ бүр өөрөө ирээд намайг авч харина. Энэ бүхэнд нь эхэндээ дургүйлхэж, байнга хянах гэж оролдлоо гэж боддог байж билээ. Гэтэл яг үнэндээ ямар ч аюул хэлж биш хийсч ирдэг, анхаарал хандуулахгүй л бол юу ч болж мэдэх байсан учраас ингэж, надад санаа зовдог байжээ гэдгийг ухаарсан. Тэр хүний санаа тавьж буй арга нь энэ байсан юм. Гэртээ санаа зовж суухын оронд хамт явбал илүү амар, аюулгүй учраас тэр. Одоо би өөрөө ээж болоод үүнийг маш сайн ойлгож байна. Үр хүүхэд, хайртай хүмүүсээ байнга анхаарч, хаана явж байгааг нь асууж, эрсдэлээс хамгаалах хэрэгтэй юм байна. Хүүхдээ хэзээ ч ганцааранг нь үлдээх ёсгүй гэдгээ мэдэрч, хайртай хүмүүс рүүгээ залган мэндийг нь асууж байх ёстойг хамгийн ихээр ухаарч байна. 

4. Танихгүй нэгэнд ч анхаарал тавьдаг байя

Энэхүү үйл явдлын үеэр нэгнээ гэх сэтгэлтэй, замаас холдуулж, эсвэл гарахдаа хөршүүдийнхээ хаалга үүдийг балбаж, тусалж, гэртээ оруулж, машинаараа хүссэн газар нь хүргэж өгч, хувцас хандивлаж байсан хүмүүс үнэхээр хайр татам байсныг хэлэх хэрэгтэй. Хэрэв та бас яг одоо тусламж хэрэгтэй байгаа хүмүүст тус болохыг хүсвэл хувцас хандивлах, өөр олон зүйлээр тус болох сайн дурын хөдөлгөөн, үйл ажиллагаа олон нийтийн сүлжээгээр идэвхтэй явагдаж байна. Бид танихгүй нэгнийг хүртэл анхаарч, өөрийн гэр бүлийн гишүүн мэт анхаарч чаддаг байвал энэ хот хэчнээн хайраар дүүрэн газар болох бол оо. Бидний төлөө хичээнгүйлэн ажилласан гал команд, онцгой байдал, түргэн тусламж, цагдаа сэргийлэхийн ажилчдад бид талархаж, мөн тэдэнд анхаарлаа хандуулж, аюулгүй байдлыг нь сайтар хангахад бүгд оролцож, үүн дээр шийдвэр гаргах хүмүүсээс хариуцлага нэхэх хэрэгтэй байна.

5. Ямар ч үед эрсдэл тооцож чаддаг байх нь бидэнд чухал болжээ

Бид ямар нэг байдлаар асуудалд нухацтай хандаж, "ингэсэн бол яана" гэх болгонд хүмүүс "Заа муу ёрлоод..." гээд өнгөрөх нь бий. Гэхдээ үнэндээ ямар ч аюул хэдийд ч тохиолдох боломжтой байдгийг бид ойлгох ёстой. Даатгал хийлгэх, гэнэтийн үед хэрэг болох хувцас хэрэглэл, анхан шатны тусламжийн хайрцаг, цэвэр ус, хоолтой үүргэвчтэй цүнх бэлдэх гэх мэт бүх зүйл нь хэтрүүлэгтэй зүйл биш, бас гадныхан эсвэл кинон дээр л гардаг зүйл биш болохыг бид ойлгож, ямар ч үед эрсдэлээ тооцох шаардлагатай болж байна. Бас хамгийн ихээр, төр засаг, шийдвэр гаргах түвшний хүмүүсийн бэлэн байдал, нөөц, мэдрэмж үүнд хамгийн чухал билээ. Бид бүгд дор бүрнээ хариуцлага нэхэж, аюулгүй байдлыг нэхэх хэрэгтэй байгааг энэ үйл явдлаас мөн хамгийн их анзаарч авлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.