UBLife Logo
Надад нэг санал байна

МЭДЬЕ: Ерөнхийлөгчийн сонгуулийг өчигдрөөс өнөөдөр хүртэл

МЭДЬЕ: Ерөнхийлөгчийн сонгуулийг өчигдрөөс өнөөдөр хүртэл

Ирэх зургаадугаар сард монголчууд 9 дэх удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар 6 дахь ерөнхийлөгчөө сонгоно. Хаант засаглалын бахдам түүхтэй бидний хувьд ерөнхийлөгчийн сонгууль тийм ч хуучин зүйл биш ээ. Үндсэн хуулиа шинэчилж Ерөнхийлөгчөө сонгодог болсноор 21 жил болж байна. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн түүхийн тухай мэдвэл зохих  13 баримтыг уншигчдадаа хүргэж байна. 


1924 он

Наймдугаар Богд Жавзундамба 1924 онд таалал болсны дараа анхны үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласныг бид мэднэ. Тэгвэл тэрхүү шинэ үндсэн хуулиар Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн дарга гэсэн албан тушаалыг Монголын төрийн тэргүүн гэж заажээ. 

1949 он

Улсын бага хурлыг татан буулгаснаар Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, түүнээс хойш Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэдэг боллоо. 

1990.09

1990 онд ардчилсан хөдөлгөөн гарснаар Ерөнхийлөгч сонгодог боллоо. Анхны Ерөнхийлөгчөөр Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй Пунсалмаагийн Очирбат сонгогдлоо. Тухайн үед Монгол улсыг Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэж байсан тул тэрбээр БНМАУ-ын анхны бөгөөд цор ганц ерөнхийлөгч болсон юм. 

1992.02.22

1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Үндсэн хуулийг шинэчлэн баталж, БНМАУ гэдэг нэрийг Монгол улс болгон өөрчиллөө. Өмнөх Ерөнхийлөгч П.Очирбат Монгол Улсын анхны ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо. Тэрбээр ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Монгол Улсын нутаг дэвсгэрийг цөмийн зэвсгээс ангид бүс болгох тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47 дугаар чуулганд зарлан мэдэгдэж, саналыг нь НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн байнгын гишүүн гүрнүүд дэмжсэнээр манай орны хувьд аюулгүй байдлаа улс төрийн аргаар бататгах чухал алхам болжээ.

1997 он

1992 оны шинэ үндсэн хуульд заасны дагуу УИХ байгуулагдахад анхны даргаар сонгогдож байсан Нацагийн Багабанди 47 насандаа хоёр дахь ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Төв аймгийн намын хорооноос улс төрийн ажлын гараагаа эхлүүлсэн Н.Багабандийг өдгөө бид “Титэм үг” номоор нь шаггүй мэддэг болсон.  

2001 он

Хүнсний технологич, инженер мэргэжилтэй Нацагийн Багабанди Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёрдахиа сонгогдлоо. Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон ажиллахдаа Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хуулиар тогтоосон бүрэн эрхээ хэрэгжүүлэх, Ерөнхийлөгчийн институтийг биежүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг. Тэрбээр Ерөнхийлөгчөөр найман жил ажиллахдаа 42 хууль, УИХ-ын 8 тогтоол санаачилснаас УИХ 35 хууль, найман тогтоолын төслийг нь хэлэлцэн баталжээ.

 2005 он

Энэ онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН-аас нэр дэвшсэн Намбарын Энхбаяр сонгогдлоо. Орос Улсын Москва хотноо Горькийн нэмэржит утга зохиолын дээд сургууль төгссөн тэрбээр Монголын Зохиолчдын Эвлэлээс гараагаа эхэлж Соёлын яамны мэргэжилтэн, сайдаар дамжин Ерөнхийлөгч болсон замналтай. Мөн албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр ял сонссон гэх бараан толбо намтарт нь үлдээсэн анхны ерөнхийлөгч. 

2009 он

Ардчилсан намаас нэр дэвшсэн Цахиагийн Элбэгдорж урьдчилсан дүнгээр 51.24 хувийн саналаар яллаа. Түүнийг ардчиллын анхдагчдын нэг, хамгийн залуухан ерөнхий сайд гэсэн элдэв цол дагадаг. 

2013 он

Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж дахин Ардчилсан намаас нэр дэвшин ялалт байгууллаа.

2013 он

Ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэнд анх удаа эмэгтэй хүн нэр дэвшсэн сонгууль боллоо. МАХН-наас нэр дэвшсэн Н.Удвал сонгогчдын 6.5 хувийн санал авсан юм. 

2017 он

Самбо бөхийн дэлхийн аварга, зураач мэргэжилтэй, Монголын томоохон бизнесмен гээд баялаг намтартай Халтмаагийн Баттулга Ардчилсан намаас нэр дэвшиж Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч боллоо. 

2020.05.25

1992 оны нэгдүгээр сард Үндсэн хуулийг шинэчлэн баталснаас хойш анх удаа 19 зүйл, 36 заалтад нэмэлт өөрчлөлт оруулж, 2020 оны тавдугаар сараас мөрдөж эхэллээ. Энэхүү өөрчлөлтөөр парламентын тогтолцоотой улсын хувьд Ерөнхийлөгч идэвхгүй, хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хооронд хямрал үүсэхээр гарч ирэн зохицуулдаг арбитрчийн үүрэгтэй л байх хэрэгтэй. Мөн ерөнхийлөгч нь үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч болохын хувьд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насны доод хязгаарыг 45 байсныг 50 болгох, дөрвөн жилээр хоёр хүртэл сонгогдох боломжтой байсныг зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгогдох зохицуулалт оруулжээ. 

2021.06.09

Энэ жил Монгол Улс ес дэх удаагаа Ерөнхийлөгчийн сонгууль явуулна. Дэлхий даяараа хүнд хэцүү цагтай нүүр тулж буй үед төрийн тэргүүнээ сонгох сонгуулийн товыг 2021 оны зургаадугаар сарын 9-нд байхаар тогтжээ. Намууд нэр дэвшигчдаа сонгууль болохоос 55 хоногийн өмнө бүртгүүлж зарлах бөгөөд сурталчилгааны хугацаа сонгууль болохын өмнө 15 хоног үргэлжилж, сонгуулийн товлосон өдрөөс нэг хоногийн өмнө дуусах ёстой гэж хуулинд заажээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.