UBLife Logo
Нэг өдөр

НЭГ ӨДӨР: “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг

НЭГ ӨДӨР: “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг

Бид “Нэг өдөр” фото сурвалжлагынхаа эхний дугаарт “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг урьлаа. Түүний нэг өдрийн ажлыг сурвалжлахаар “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн байранд 07:00 цагт очиход аль хэдийнэ ирчихсэн, ажлын албаныхантай хуралдахаар зэхэж байв. Б.Ганхуяг 06:00-06:30 цагт гэрээсээ гарч, ажилдаа ирдэг. Тэрбээр “Миний өдрийг эрч хүчтэй болгодог гол зүйл нь өглөө. Өглөөд гол ажлуудаа төлөвлөж, нугалдаг” хэмээн тодорхойлсон. 07:15-08:00 - Ажлын албаны хуралдаан

Ихэнх хүний гэрээсээ ажил руугаа гардаг цагаар тэд ажлын албаараа хуралдаж, тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга замаа тодорхойлж, хэлэлцдэг юм билээ. Энэ өдөр тэд дэд бүтэц, авто замын нээлтийн бэлтгэл ажил, “Таван толгой түлш” үйлдвэрийн ажлын явц, тээвэрлэлтийн төлөвлөгөө мэдээллийг сонсож, хуралдав. Энэ үеэр ярьсан гол асуудал нь нийслэлд түүхий нүүрс түлэх, оруулахыг хориглосон Засгийн газрын шийдвэртэй холбоотойгоор “Таван толгой түлш” үйлдвэр энэ жил 600 мянган тонн нүүрс бэлдэхээр эрчимтэй ажиллаж, түлшний агуулахын хэрэгцээ их байгааг дурдаж байлаа. 08:15-08:35 - Бизнес төлөвлөлт, инновацийн хэлтсийн хурал

Тэд Бизнес төлөвлөлт, инновацийн хэлтсээ 10 хүний бүрэлдэхүүнтэй өнгөрсөн жил байгуулжээ. Уг хэлтэс компанийн ойрын болоод хэтийн төлөвлөгөөг гаргах, бусад улсын ойролцоо түвшний уул уурхайн компанитай харьцуулсан судалгаа хийдэг зэргээр ажиллаж, бусад хэлтэс газрууд, удирдлагуудтайгаа нягт уялдаатай ажиллаж,  шинэ мэдээ мэдээллийг цаг тухай бүрт нь танилцуулж хэвшжээ. Хурлын үеэр “Эрдэнэс Таван толгой” компани энэ оны эхний зургаан сарын байдлаар 1 их наяд гаруй төгрөгийн борлуулалт хийснийг танилцуулсан юм.08:50-11:20 -  Уулзалт, хуралдаан үргэлжилсээр

Б.Ганхуяг захирлын өглөө  уулзалт, хуралдаанаар үргэлжилсээр үдийн цайны цагтай золгодгийг хамт явсан багийнхан маань мэдэрсэн. Өглөө эхэлсэн хурал нь Борлуулалт маркетингийн хэлтсийнхэнтэй уулзсанаар үргэлжиллээ. Компанийн борлуулалт болон мөнгөн урсгал, зарж буй нүүрсний үнэ  өнгөрсөн оны мөн үеийнхээс 20 хувь өсчээ. Зорилтот буюу БНХАУ-ын зах зээл дээрх нүүрсний үнэ ханш, эрэлт нийлүүлэлтийн прогнозыг тус хэлтэс байнга хийж, үүнтэйгээ уялдуулан маркетинг борлуулалтаа төлөвлөдөг байна. Цаашдаа зах зээл дэх нүүрсний үнэ ханш, эрэлт тогтвортой байх төлөвтэй байгааг хэлтсийн дарга С.Амгалан танилцууллаа. Дараа нь  Хууль зүйн газрынхантайгаа хуралдав. Түүнчлэн худалдан авалтын төлөвлөгөөний биелэлт, гүйцэтгэлтэй танилцаж, ерөнхий нягтлантайгаа уулзаж, тайлантай холбоотой мэдээлэл авлаа.11:40-12:30 - МУБИС-аас докторын диплом гардлаа

Биднийг сурвалжлагаа бэлтгэх үеэр Б.Ганхуяг захирлын амьдралд нэгэн чухал үйл явдал тохиосон. Тэрбээр Монголын улс төрийн намуудын уул уурхайн салбар дахь бодлого, сайжруулах арга зам” сэдвээр/Таван толгойн бүлэг ордын жишээн дээр/ докторын ажлаа амжилттай хамгаалж, дипломоо гардаж авлаа. Одоо түүнийг улс төр судлалын доктор Б.Ганхуяг хэмээн нэрлэж болно. 2007 онд МУБИС-д магистрын зэргээ хамгаалж, үргэлжлүүлэн сурахаар шийдсэн ч хэсэг завсарлаж, өөр сэдэвтэй ажиллах хэрэг гарсан тухайгаа ярилаа. Ийн сүүлийн жил гаруй хугацаанд идэвхтэй судалгаа хийж, дипломын ажлаа бичиж, өнгөрсөн тавдугаар сард сэдвээ амжилттай хамгаалжээ.  

12:30-14:10 - Өдрийн цай

Дипломоо гардаж авсны дараа тэрбээр гэр бүл, хамт олон, багш нартайгаа хамтдаа “Улаанбаатар” зочид буудлын ресторанд үдийн зоог барьж, баяраа хуваалцсан юм.14:30-14:50 “Найрамдал” зуслангийн удирдлагатай санамж бичиг байгуулав

“Эрдэнэс-Таван толгой” компанийнхан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дараа орох чухал зүйл нь нийгмийн хариуцлага гэж үздэг. Сүүлийн жилүүдэд хүүхдийн эрүүл мэнд, бие бялдрыг хөгжүүлэх чиглэлд анхаарал хандуулж байгаа тухай Б.Ганхуяг онцолсон. Тус компанийнхан энэ өдөр Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын удирдлагатай санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд “Найрамдал” цогцолборын спорт заалыг засаж, сайжруулахад зориулан 70-80 сая төгрөг хандивлахаар боллоо.16:05-17:00 - Компанийн засаглалын зөвлөх Тоби Пилпоттой уулзлаа

Б.Ганхуяг захирал үдээс хойш компанийн засаглалын зөвлөх Тоби Пилпоттой уулзаж, компанийнхаа нөхцөл байдал, үйл ажиллагааны талаар ярилцаж, санал бодлоо солилцлоо. Сонирхуулахад, Б.Ганхуяг захирал Тоби Пилпоттой англиар ярьж, ажил хэргээ төлөвлөж байсан юм.17:30-18:30 - “Таван толгой түлш” үйлдвэр рүү

Түүний нэг өдрийг “Хурал, уулзалт бас дахин хурал” гэж тодорхойлоход оновчтой мэт. Өдрийн, долоо хоногийн ажил нь урьдаас төлөвлөгөөтэй байдаг хэдий ч завсар зай гарвал түүнтэй уулзах, зөвлөлдөх, гарын үсэг зуруулах гээд үүдийг нь манах хүн цөөнгүй. Энэ өдөр Б.Ганхуяг захирал “Таван толгой түлш” үйлдвэрийн явцтай газар дээр нь танилцаж, ойрын хугацаанд үргэлжлэн орох борооноор ямар төлөвлөгөө гаргахаа ярилцахаар явж буй нь энэ.18:30-19:30 - “Таван толгой түлш” үйлдвэрт

“Агаарын бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе” уриатай “Таван толгой түлш” үйлдвэрийг “Эрдэнэс таван толгой” компанийн 100 хувийн санхүүжилтээр байгуулахыг өнгөрсөн оны тавдугаар сарын 18-нд шийдвэрлэжээ. Ингээд өнгөрсөн 11 дүгээр сард үйлдвэрийг нээснээс хойш 70 мянган тонн түлш нөөцөлж, 3 мянган тонныг борлуулсан байна. Түүхий эдийн 250 мянган тонны нөөцтэй байгаа аж. Нийслэлчүүдийн жилд хэрэглэдэг 1.2 сая тонн түүхий нүүрсийг 600 мянган тонн сайжруулсан шахмал түлшээр орлуулж, агаарын бохирдол 50 хувь буурна гэж тооцоолж байна.

Б.Ганхуяг захирлын ажлын нэг өдөртэй танилцах бидний фото сурвалжлага өглөөний 07:00 цагтай уралдан эхэлсэн ч орой 19:30 цагт дөнгөн данган өндөрлөв. Тэрбээр үйлдвэрээс буцахдаа дахиад л уулзалттай хэмээн яаравчлан хөдөллөө. МУИС-ийн хуулийн ангийг 2001 онд төгссөн тэрбээр оюутан ахуй цагаасаа эхлэн өглөө эртлэн босож, ажил амьдралаа зохицуулан хэвшжээ. Түүнийг хөдөлсний дараа ажилтнууд нь биднийг ядарсан, эсэхийг сонирхохын зэрэгцээ түүний өдөр тутмын ажил яг л ийм нарийн, шахуу хуваарьтай байдгийг онцолсон билээ.

Мөн  долоо хоногт нэг, аз нь таарвал хоёр удаа теннис тоглож, хааяа амрах боломж гарвал гэр бүлийнхэнтэйгээ агаарт гарч, найз нөхөдтэйгөө шатар нүүчихдэг гэнэ лээ.

Уг нийтлэл нь долоодугаар сард "Залуусын өргөн чөлөө" сэтгүүлд нийтлэгдсэн болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
2

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.