Гэрэл зургийг Ү.Гэрэл
Энэ сарын 22-25-ны өдрүүдэд нийслэлийн Shangrila La Mall-d нэгэн мод хүмүүсийн анхаарлыг татан сүндэрлэлээ. Яг л жинхэнэ ургаа мод мэт ногоон бөгөөд навч, мөчрөө найгуулан, ганхах ажээ. Юнител групп өнгөрсөн жилийн ажлаа дүгнэж, амжилтаа онцлохын зэрэгцээ олон нийтийг “Ногоон байгаасай” аянд нэгдэж, дижиталаар мод тарихыг уриалж байгаа юм.
Дижитал гэхээр хиймэл мод гэж та бүү бодоорой. Shangrila La Mall-d болж байгаа арга хэмжээний хамгийн эхэнд ногоон модны зурагтай цахим самбар таныг угтана.
Энэ самбараас та эвентийн талаар мэдээлэл авахаас гадна мод тарьж болно. Утасныхаа дугаарыг оруулан илгээхэд л та энэ орчлонд нэг мод бэлэглэлээ гэсэн үг. Утсанд тань “Таны дижитал модыг бид тавдугаар сард тарьж ургуулна” гэсэн зурвас ирнэ. Ирэх сард бидний дижитал модыг нийслэлийн Чингэлтэй дүүргийн Хайрхан хөгжлийн төвийн талбайд тарьж ургуулахаар бэлтгэсэн байгаа.
Биеэр мод тарьж, ургуулж чадахгүй, завгүй хүмүүст ч мод тарих боломжийг энэхүү дижитал мод олгож байгаа юм. Модоо тариад орхихгүй, цаашид ургуулах, арчлах бүх ажлыг мэргэжлийн компани хариуцаж байна. Дэлхийн дулаарлын улмаас цаг агаар эрс өөрчлөгдөж, үер, ган гачиг, зудын аюул байнга тохиолддог болсон өнөө үед үүн шиг буянтай ажил гэж үгүй. Магадгүй бид “Ногоон байгаасай” аянд нэгдэж, мод тарьснаараа хэдэн жилийн дараах байгалийн гамшгийг ирэхээс нь өмнө зогсоож байгаа. Ингэснээр малчид, тариаланчдад тус болохоос гадна нийслэлийн утааг багасгаж, иргэдийн эрүүл мэндэд ээлтэй ажил болж байгаа юм. Энэ сайхан ажилд бид гар бие оролцож, утасны маань дугаар цэцэрлэгт хүрээлэнд хадгалагдан үлдэнэ.
Юнител групп 2021 оноос эхлэн жил бүр мод тарих өдөрлөг зохион байгуулж байгаа. Энэ хугацаанд тарьсан модны тоо 6000 хүрчээ. Бага биш тоо. Харин энэ тоог улам нэмэгдүүлэхийн тулд бидний дэмжлэг хэрэгтэй. Тус группийн хамт олон сүүлийн долоон жил нийслэлийн ундны усны ундарга Туул голын ойр орчмын газрыг цэвэрлэж, нийт 1000 тонн хог хаягдал цэвэрлэжээ. Юнител-ийн сүлжээний 6 станц тутмын нэг нь сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг. Хүлэмжийн хийг багасгах дэлхийн нийтийн үйлсэд оруулж байгаа хувь нэмэр.
Тун дэвшилтэт, шинэлэг бүтээлч маягаар танилцуулж байгаа дараагийн төсөл бол “Хөв цөөрөм”. Хөв гэхээр уншигч та гайхаж байж магадгүй. Цас, бороо, шар усны үер зэргээс үүссэн тогтоол усыг хөв цөөрөм гэдэг. Юнител группээс зэрлэг амьтдыг ундаалах “Хөв цөөрөм” байгуулах ажил хийж байгаа. Ган гачигтай үед ирвэс, мазаалай, янгир зэрэг ховордсон ан амьтад уух усгүйн улмаас олноор хорогддог. Энэ асуудлыг хөв цөөрөм шийдэх учиртай.
Хийхэд тун хялбархан бөгөөд гарын доорх материалаар хувь хүн ч хийж чадна. Бүх материал нь эко тул байгаль орчинд ямар ч хоргүй. Нэг хөв цөөрөм байгуулахад 3000 орчим амьтан ундаалж чаддаг гэсэн тооцоо гарчээ. Юнител групп уг төслийг 2021 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнгөрсөн онд БОАЖЯ-тай хамтран тусгай хамгаалалттай 10 газарт нийт 16 хөв цөөрмийг байгуулжээ. Энэ арга хэмжээгээр хөв цөөрөм байгуулах арга технологийг бичлэг ашиглан, дэлгэрэнгүй зааж байгаа тул та сураад авахад гэмгүй. Оршин суугаа нутаг усандаа нэг хөв цөөрөм байгуулчихад гэрийн болон зэрлэг олон амьтны амь насыг аварч, хамгаалж байна гэсэн үг юм шүү.
Юнивишн үйлчилгээ 2022 онд бүрэн андройд болсон тул өмнөх төхөөрөмжүүд ашиглалтаас гарсан. Ингээд хуучин төхөөрөмжүүд хэрэглэгчдийн гар дээр электрон хог хаягдал болоод үлдсэн билээ. Электрон хог нь бүрэн устаж шингэхэд доод тал нь нэг сая жил шаардлагатай тул хамгийн аюултай хаягдлын тоонд ордог. Ингээд Юнител групп нийгмийн өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу өөрсдийн үйл ажиллагааны дүнд үүссэн хог хаягдлаа хэрэглэгчдээс буцаан авч, дахин боловсруулж эхэлсэн. Ингэж авсан төхөөрөмжөө эхлээд цэвэрлээд ангилж, задалж ялгана.
Хавтанг нь цахилгаан барааны сэлбэгт хэрэглэж болно. Үлдсэнийг нь хайлуулж, тусгай хольц холиод барилгын туслах материал, арматурын ивээс үйлдвэрлэдэг байна. Одоогийн байдлаар 17 мянган хуучин төхөөрөмжөө эргүүлэн авснаас 7000-г нь дахин боловсруулаад байгаа гэнэ. Өөрсдийн үйлчилгээнээс гарсан электрон хаягдлыг буцаан аваад дахин боловсруулсан Монголын анхны компани нь Юнител болжээ. Монголд ийм хаягдлыг дахин боловсруулах менежмент, дэд бүтэц байгаагүй тул тэд өөрсдөө туршилт хийж, хамгийн боломжит шийдвэрийг олсон нь энэ юм. Арга хэмжээний үеэр дахин боловсруулалтын үе шатыг бичлэгээр тун ойлгомжтой тайлбарлан үзүүлж байлаа.
Unitel HUB төв нь “Боломжийг хүн бүрд” гэсэн уриатай, нийтийн цахим бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэх зорилготой, бүх насныханд нээлттэй хувь хүний өсөлт, хөгжлийн орчин юм. Энд хүүхдүүдэд робот угсрах, код бичих, электроникийн суурь зарчмуудыг заах онол, практикийн сургалтуудыг тогтмол явуулж байна. Ирээдүйн инженерүүдийн анхны гараагаа эхлэх цэг нь энэ төв болжээ.
2023 онд шинээр 11 аймагт Unitel HUB төвийг нээж, улсын хэмжээнд нийт 12 төвтэй болсон бол энэ онд үлдсэн 9 аймагт HUB төвөө нээж, Монгол Улсын бүх аймагт үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Хүн болгонд, хүүхэд бүхэнд тэгш боломж олгох энэхүү хөтөлбөр хөдөө орон нутаг, нийслэлийн захын дүүргийн мянга мянган хүүхдийн шинжлэх ухаан, инженерчлэл, математик, технологийн сонирхлыг дэмжихэд эергээр нөлөөлж байна. Энэ төвд ирсэн хүүхдүүд ирээдүйдээ итгэлтэй, хичээж сурах урам зоригтой болж байгаа нь гарцаагүй.
Тогтвортой ирээдүй рүү хамтдаа
Юнител группийн ESG менежер Г.Ану “Тогтвортой байдал гэдэг ойлголт нь урьд өмнө байсан компанийн нийгмийн хариуцлага гэдэг ойлголтоор хязгаарлагддаггүй. Энэ нь ирээдүй хойч үеэсээ нөөцийг нь хумслахгүйгээр өнөөдрийнх нь хэрэгцээг хангахад төвлөрдөг. Бид өнөөдөр зөвхөн тогтвортой байдлынхаа тайланг танилцуулаад зогсохгүй олон нийтэд тогтвортой байдал, хөгжил гэж юу вэ, үүнд өөрсдийн хувь нэмрийг хэрхэн оруулах вэ гэдгийг таниулах зорилготой. Ингэснээр манай хэрэглэгчид, ажилтнууд, бусад байгууллагууд өөр өөрсдийн хувь хэмжээнд тогтвортой байдлыг хэрхэн сайжруулж болох вэ гэдэг талаар тодорхой мэдлэгтэй болох юм. Цахим хуваагдлыг бууруулах нь манай зорилтуудын нэг. Энэ хүрээнд хийж байгаа хамгийн том ажил маань Unitel HUB хөтөлбөр байгаа”