Олимпийн гудамжин дахь "Forrest Gump" сандалтай бяцхан цайны газар
Байршил
Олимпийн гудамж, хуучин “Хэлмэгдэгсдийн музей”-н замын эсрэг талд
Уур амьсгал
Тун энгийн шийдлээр дотоод заслаа хийжээ. Үүдэн хэсэгт байрлах номын тавиур, өдөр тутмын шинэ сонин, хана дагуух жаазтай зургууд нь гэрсэг мэдрэмжийг төрүүлж байв.
Ая, тух
Өдрийн хоолны цагаар үйлчлүүлэгч ихтэй байдаг юм байна. Харин бусад цагуудад хүн багатай, тухтай. Өглөөний 08.00 цагт үүдээ нээж 11.00 цагаас хоол гарч эхлээд 19.00 цагаас үүдээ барьдаг болохоор цагаа тооцоолж ирвэл зүгээр санагдлаа.
Ачаалал багатай үед хөнгөн дуу сонсоод, өдөр тутмын сонин, сонирхолтой зурагт номнуудыг нь үзэж суухад тун тухтай.
Хөгжмийн сонголт
Акустик, инди хөнгөн, үүсгэн байгуулагчийн хэлснээр “эмо” дуунууд энд эгшиглэнэ. "Эмо" дуу сонсоод суух "эмо" сандлыг хүртэл байршуулжээ.
Онцлох хоол
Тахианы махан хоолнууд. 7,900₮
Ихэнхи өдрийн хоолны газрууд тахианы цээж мах ашиглаж хоол хийдэг бол энд гуя болон зөөлөн хэсгийг хоолондоо хэрэглэдэг. Тиймдээ ч тахианы махан хоолнууд амттай, зөөлөн болцтой байв.
Аарц: 1,000₮ /авч явбал 1,500₮/
Хүйтний улирал халуун кофеноос илүү исгэлэн, чихэр багатай аарцаар үйлчилж байгаа нь их таалагдлаа. Мөн авч явах саваа өөрсдөө өвөрмөц байдлаар сэтгэж хийжээ.
Пирожки: 1,000₮
Эдний хамгийн эрэлттэй, хамгийн түргэн дуусдаг хоолны нэг болох үхрийн мах, хөц будаатай пирожкиг хотын "Хамгийн амттай пирожки" цол тэмдгээр шагнамаар байна. Заавал идэж үзээрэй.
Тогтмол хоолны цэстэй бөгөөд бүх хоолондоо зөвхөн тахиа, үхрийн мах ашигладаг. Нийслэл салад нь хүртэл үхрийн махтай.
Магтах зүйлс
Хотын төвд түргэн үйлчилгээтэй, боломжийн үнэтэй, чанартай хоолны газар нээгджээ. Мөн авч явах савлагааг нь магтмаар байна. Өдөр тутмын сонин ашиглан гялгар торны оронд баглаж өгч байв. Бусад газрууд ч энэхүү санааг хэрэгжүүлж байгаа гэж үүсгэн байгуулагч нь онцолж байв.
Бага зардлаар бүтсэн ойлгомжтой, сольж шинэчлэхэд хялбар ухаалаг хоолны цэстэй.
“Gallery on a street” нэртэй концепцийг хэрэгжүүлж байсан. Төрөл бүрийн уран зураг, фото зургийн үзэсгэлэнг эндээс үзэх боломжтой. Одоогоор "Гайхамшигт 50: Урам зоригийн түүх" номын эх зургууд дэлгэгдсэн.
Муулах зүйлс
Үдээс хойш хоол нь бага зэрэг хөрсөн байв.
Зөөгчдийн “царай”
Харилцааны соёлтой, цэвэрч, найрсаг.
Instagram зураг хийхэд хэр үзэмжтэй вэ?
Үзэмжтэй.
Хоол идэхээс өөр юу хийх боломжтой вэ?
Сонин гарчиглаж, ном уншиж, үзэсгэлэн үзэх боломжтой. Тун удахгүй үдшийн 23.00 цаг хүртэл ажилладаг болж, шар айраг болон бусад уух зүйлсээр үйлчилж эхлэхээр төлөвлөж байгаа гэв. Мөн дулаарахаар гадна талбайгаа тохижуулж, хотын хамгийн завгүй гудамжуудыг нэгд тухлан суух газрыг бий болгох аж.
Холбоосууд