UBLife Logo
Tegshee's movie corner

THE DEVIL JUDGE кино ревью | Үнэн ямар ч үнэ цэнгүй болчихвол хэн, хэрхэн ялах вэ?

Ub.life
Ub.life
THE DEVIL JUDGE кино ревью | Үнэн ямар ч үнэ цэнгүй болчихвол хэн, хэрхэн ялах вэ?

Юнивишнийн Ази багц шинэчлэгдэж 7 хоног бүр цоо шинэ, хит кинонуудаар давалгаалж байгааг дуулгая.


Худал хуурмаг олон хэлбэр, янз бүрийн дүртэй. Уран зохиол, кино урлаг үүнийг үргэлж дэлгэцийн ард үлдээдэг мэт... Эсвэл над шиг мөрөөдөмтгий үзэгчид гол баатар ялах тэр агшинд олон сэдвийг мартдаг биз. Уран зохиол, кино урлагт хэн нэгэн бус, өөрчилж болохгүй, тодорхой субъект болох "үнэн" ялдаг. Гэхдээ бүхий л нийгэм шударга бус байдалд живж, үнэн ямар ч үнэ цэнгүй болчихвол хэн, хэрхэн ялах вэ? 

Юнивишнийн "Ази багц"-д шинээр нэмэгдсэн “The Devil Judge” цуврал өнөөгийн Өмнөд Солонгос улсыг “антиутопио” байдлаар дүрсэлж, ихэнхдээ дэлгэцийн ард үлддэг худал хуурмагийн жинхэнэ төрхийг камерт буулгажээ. Уран зохиол, кино урлагийн улиг болсон, сэтгэл хөндүүрлэм сэдэв бол хайр дурлал гэдэгт хэзээд итгэдэг байлаа. Гэвч би андуурчээ, хамгийн шаналант сэдэв бол шударга ёс аж. Зуун дамжсан нууц задарч, жинхэнэ хайрын үнсэлт хараалыг арилгаж, баатар эр эцсийн мөчид дайснаа өвдөг сөхрүүлнэ. Энэ бол уран зохиол, кино урлагийн хүн төрөлхтөнд итгүүлсээр ирсэн мөн чанар. Харин шударга ёсны тухай ойлголт зөвхөн нийгмийн харилцаанд үүсдэг байна. Аристотелийн тайлбараар, тодорхой нэг эрх мэдэлтэн, хууль тогтоогч бус нийгмийн аливаа систем нийгэм дэх бүхий л тоглогчид тэгш хандаж, боломж олгохыг нийгмийн шударга ёс гэнэ. Эрх баригчдын эрх мэдэл хэрээс хэтэрч, нийгмийн шударга ёс алдагдаж, үймээн самуун дэгдэхэд тухайн нийгэм сүйрч, “антиутопиа” хэмээх нийгмийн үзэгдэл үүсдэг тухай Эртний Грекийн домогт өгүүлдэг.

“Эрх мэдэл л нийгмийг хүссэнээрээ удирдаж чадна, ямар ч нийгмийн тогтолцоо үүнийг өөрчилж чадахгүй” – Киноны хэсгээс

Ижил нэрт комикоос сэдэвлэн бүтээсэн “The Devil Judge” 16 ангит цуврал бий. Эхний ангиасаа л киноны хөгжмийн эх бүтээл, тусгай эффект анхаарал татна. Мөн эсрэг тэсрэг илэрхийлэл цувралын турш бодолд автуулах зорилгоор кино зохиолд туссан нь анзаарагдсан юм. Энэ л тус цувралыг улам сонирхолтой болгож байлаа. 

Ар араасаа тасрахгүй хөврөх нийгмийн асуудлыг сүх далайсан ганц баатар шийдчихгүй. Сүх далайгаад л, нийгэмд шударга ёсыг тогтоохгүй. Улигт үзэл санаа, дарангуйлал эрх мэдлийн тухай бодол сэтгэхүйг устгаагүй цагт асуудал шийдэгдэхгүй. Гэсэн ч “The Devil Judge” /”Чөтгөр хочит шүүгч”/ цувралын сурталчилгааны зурагт гол дүр цохиур барин зогсож байна.

Дээр дурдсанчлан, урлагт нийгмийн шударга ёс гэдэг бол хөндүүр, илэрхийлэхэд адармаат сэдэв юм. Харин найруулагч Чой Жонгю тус цувралд энэ сэдвийг телевизийн салбарын хамгийн олон хандалттай нэвтрүүлгийн хэлбэр бүхий реалити шоу байдлаар үзүүлжээ. Реалити шоунд ихэнхдээ үзэгчдийг ховсдож чадах драма үзүүлэх тоглогч ялах магадлалтай байдаг. Сэтгэл хөдлөлийг удирдаж, анхаарал татах нь энтертайнмент салбарын гол зорилго юм чинь арга ч үгүй биз. Харин Грекийн домогт шударга ёсыг илэрхийлэх дарь эх гартаа жинлүүр барьсан сохор эмэгтэйгээр дүрслэгддэг. 

“Бодит амьдралд шударга ёс гэж байхгүй. Бодит байдал бол бүхэлдээ зүгээр л аймшигтай шударга бус тоглоом шүү дээ” – Киноны хэсгээс

Гэмт хэрэгтнийг өрөвдөх сэтгэлгүйгээр шийтгэдэг, Ерөнхий шүүгч Кан Ёохан бол тус кино зохиолын гол дүр. Тэр реалити шоуг шууд дамжуулах телевийн студид гэмт хэрэгтнийг шүүдэг. Кан Ёоханы гэрийн үйлчлэгчийн охин бага байхаасаа л түүнд хайртай байсан. Ядуу гаралтай, хир халдаамгүй цагаахан санагддаг Юун Сун-А харин түүний өрсөлдөгч болно гэж хэн санах билээ. Тормогор алаг нүдтэй хүүхэд байхыг нь санадаг хүнээ шүүхийн танхимд зогсоож чадах уу. Ингэхэд, хүн нэгэнт цагт “Хайртай шүү” гэж хэлж явсан хүндээ хатуурхаж чаддаг юм болов уу.

“The Devil Judge” цувралаас үзэгчдэд таалагдсан бас нэгэн зүйл бол гол дүрийг бүтээсэн жүжигчин Жи Соны чадвар байсан. Түүнийг гэмт хэрэг, хууль, шинжлэх ухааны сэдэвт кинонд тоглох дуртай гэдгийг солонгос цувралын үнэнч үзэгч нар андахгүй биз. 

“Хорвоо ертөнцийг хэчнээн үзэн ядаж байсан ч, чи ганцаараа байж чадахгүй. Хүнд найдах хэн нэгэн үргэлж хэрэгтэй байдаг ” – Киноны хэсгээс

Энэ нийтлэлийг унших зуураа “Sondia - Nightmare” дууны аяыг сонсвол илүү амттай. Тус цуврал бүхэлдээ хөгжмийн эх бүтээлийн нэгэн адил нотаноос нотаны хооронд үсчих мэт шилжилтээр, адгасан, давчидсан сэтгэгдлийг төрүүлэх атлаа зогсолтгүй найдах мэдрэмжийг өгнө. 

Нийтлэлийг бичих зуурт толгойд олон асуулт хөврөөд л байх шиг санагдсан. Тодруулбал, цуврал намайг олон асуулттай үлдээчих шиг, яг л миний бичвэр танд асуулт тавьсаар байгаа шиг. Технологийн дэвшил бидэнд олон боломжийг нээж, орчин цагт бид мэдлэгтэй бас сэргэлэн байх нь хангалттай болсон. Гэсэн ч үгүйсгэж чадамгүй олон асуудалд бид бүдэрсээр байна. Аливаа ажил хэрэг зохицуулахад бэрх болох бүрт бид таньдаг хүнээ хайдаг. Хичээл зүтгэл, чадвар үнэлэгдэх ёстой гэж итгэдэг ч хандлага ажлын байранд тэнцэх нэг шалгуурт орсоор байна. 

Шударга бус байдлыг шүүмжлэх амархан. Харин шударга байна гэдэг хэцүү сонголт. Сүүлийн үеийн Өмнөд Солонгос цувралууд орчин үеийн соёл бол шударга байдал гэдгийг сурталчилж байна. Харин “The Devil Judge” цуврал хэрхэн шударга байх тухай зааж өгөх юм. Сайн бүтээлийг бид үздэг. Сод бүтээл биднийг үздэг гэдэг дээ. Ингэхэд, “The Devil Judge”-д хэн тэнцдэг юм бол? Зохиолын гол дүр өөрөө ч шалгууртаа тэнцэж чадах болов уу?

 “The Devil Judge” цувралыг Юнивишнийн "Ази багц"-аас хүлээн авч үзэх боломжтой шүү.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.