“Суман галт тэрэг” (Bullet Train) гэх нэрнээс эхлээд киноны үйл явдал хурдны галт тэргэнд өрнөх юм байна гэдгийг үзэгчид хэдийн таамагласан байх. Гэхдээ тэр өрнөл хэчнээн “галзуу” байхыг яагаад ч таамаглахгүй биз ээ. “Галт тэрэг” гэхээр зорьсон газраа буюу аль нэг өртөө буудалд хүрэхээс нааш зорчигчид нь хүссэн үедээ бууж, сууж болохгүй онцгой нөхцөл, хязгаарлагдмал орон зайд үйл явдал өрнөнө гэсэн үг. Энэ өгөгдсөн нөхцлөөс л киноны гол эгзэг, адармаа эхэлдэг.
Өндөр хөгжсөн япон, аниме маягийн уур амьсгал, өнгөлөг, тод зураглал дунд Брэд Питт дэлгэцнээ тодрох агшинд хийц, зураглалын хувьд юутай ч өөгүй түвшинд гүйцэтгэсэн давгүй кино үзэх нь гэсэн сэтгэгдэл шууд төрнө. Брэд Питт бол Ladybug гэх нэр бүхий хөлсний алуурчин. Киото орох хурдны галт тэргэнд Carver гэх хөлсний алуурчинг орлож мөнгөтэй цүнх ангуучлах даалгавар зааварлагчаасаа (Sandra Bullock) эцсийн мөчид тулгуухан авснаар баахан хөлсний алуурчид, гэмт хэрэгтнээр дүүрсэн “үйлтэй” галт тэрэгний нэг хэлхээс болох хувь тавиланд орооцолдоно. Чухам тэр галт тэргэнд яагаад тийм олон хөлсний алуурчин нэг дор цугласан нь хожим тодорхой болдог ч дүрүүд анх дэлгэцэнд гарахдаа элдэв оршил, танилцуулгагүй шууд нэг нэгнийхээ бодийг хөтлөхөөр улайрцгаадаг болохоор эхэндээ юу болоод байгааг бүрэн ухаарах, үйл явдлын хурдыг гүйцэхэд бага зэрэг хүндрэлтэй ч тэр хэрээр бас сонирхолтой. Галт тэргэнд ямар дүрүүд явааг урьдчилаад товчхон мэдчих юм бол кино үзэгчдэд илүү ойлгомжтой, сонирхолтой болно.
Ladybug-ийн даалгавар болсон мөнгөтэй цүнхийг Нимбэг (Lemon), Жүрж (Tangerine) гэсэн нэр бүхий ах дүү хоёр хөлсний алуурчин мөн ангуучилж байна. Нимбэг, Жүрж хоёр орос угшилтай “Цагаан үхэл” хэмээх япон якузагийн толгойлогчийн хүүг, мөнгөтэй цүнхний хамт хамгаалж аавд нь хүлээлгэж өгөх даалгавартай тэрхүү галт тэргэнд яваа юм. Нимбэг, Жүрж хоёр бол бидний үзэж дадсан хүйтэн царайтай, хэрцгий эсвэ сэтгэл хөдлөлийн илэрхийлэлгүй, өөгүй, яв цав алуурчдаас тэс ондоо, туйлын зугаатай хоёр. Нэг нь хар арьстай, нөгөө нь цагаан боловч ухаан орохоосоо хамтдаа өсөцгөөсөн болохоор төрөөгүй ч төрсөн ах дүүс юм. Нимбэг, Жүрж хоёр галт тэргэнд гарч ирсэн цагаас эхлээд тэдний элий харилцан яриа, аялга, ёжтой байдлаас болоод кино туйлын зугаатай өнгө аястай болно. Эл хоёр жүжигчний ур чадвар, зохицлыг үнэхээр хүндэлмээр. Ladybug юутай ч хөгтэй хэр нь алуурчны хувиар өндөр ур чадвартай энэ хоёр ах дүүтэй тулгарах шаардлагатай болно. Энэ гурвын “үзэлцээн” үнэхээр үзүүштэй.
Галт тэргэнд хамгийн хүнд ачаа тээж суусан өөр нэг зорчигч бол Юүчи. Юүчи мөнгөтэй цүнх ч юм уу эд материалын ашиг сонирхол тээх бус хүүгийнхээ амийг аврахын тулд мөнөөх галт тэргэнд суусан. Хүү Ватаруг нь хэн нэг нь дэлгүүрийн дээврээс түлхэж унагаснаар эмнэлэгт ухаангүй байдалтай асруулж байгаа бөгөөд Юүчи хүүгийнхээ эл алуурчинг хайж яваа нэгэн. Арван жилийн охины байр байдал, хувцаслалттай, гэм хоргүй төрхтэй нэгэн охин галт тэргэнд яваа нь “Ханхүү” (The Prince) хочтой өсвөрийн алуурчин. Харахад гэмгүй, жаахан энэ охин Юүчигийн хүү Ватаруг дээврээс түлхэж, өөрийнх нь хэлснийг хийхгүй бол эмнэлэгт байгаа хүүг нь алуулахаар зохицуулснаа Юүчид хэлдэг. “The Prince”-ийн хүсэж буй зүйл нь “Цагаан үхэл”-ийг алуулах. Учир шалтгаан нь хожим тодорхой болно.
Ladybug галт тэргэнд гагц Нимбэг, Жүрж хоёртой тулгарч үзэлцэх хэрэг гарахгүй. Хуриман дээрээ сүйт бүсгүйгээ хордуулж алуулсны өшөөгөө авах гэсэн мексикийн гэмт бүлэглэлийн толгойлогч Чоно (“The Wolf”) гэгчтэй мөн тулгарна. Чоно Ladybug-ийг өштөнөө хэмээн андуурсан хэрэг. Яг үнэндээ сүйт бүсгүйг нь хордуулж алсан, могойн хороор аллага үйлддэг алуурчин болох “The Hornet” гэгч ч бас галт тэргэнд өнөө мөнгөтэй цүнхний араас ангуучлан явж байх нь тэр. Нээрээ л тус тусын зорилго, ур чадвар, арга ажиллагаа бүхий энэ олон алуурчинг нэг галт тэргэнд хооронд нь тулгаруулж үзэлцүүлнэ гэдэг бол action киноны хувьд байж болох адал явдлын хурц тун юм. Хамгийн гол нь Ladybug-ийг зааварлагч нь буу ашиглахыг хориглосон болохоор эдгээр алуурчинтай тулгарахдаа цүнх, бал, савх, шил зэрэг ойр орчноосоо олдсон юу л бол юугаар зэвсэг хийх шаардлагатай болно. Тиймдээ ч буудалцаж хядалцаад хялбархан шийдэгдчихдэг адал явдалт кинонуудаас “Bullet Train”-ий илт ялгарах нэг онцлог нь тулааны энэ бүтээлч шийдэл нь.
Уг киноны найруулагч Дэвид Литч бол найруулагч болохоосоо өмнө тулаант киноны орлон тоглогч байсан нэгэн. Хар багаасаа кунг футэй кино үзэж хорхойсон дурлах болсон тэрээр тулааны урлагаар хичээллэж, энэ чиглэлээр багшилж, үүгээрээ амьдрах гэж хэрэндээ мэрийж байсан гэдэг. Нэг удаа зодоонтой киноны зураг авалтад орлон тоглогч хийж үзсэнээр тулааны чадвараараа ингэж амьдарч болох юм байна гэдгийг сэрхийтэл ойлгож түүнээс хойш цөөнгүй кинонд орлон тоглогч хийж байжээ. Хувь тавилангийн оноолтоор Дэвид Литч 90-ээд онд Ван Дамтай кинонуудыг найруулан тавьж байсан хонгконгийн найруулагч Ринг Ламтай хамтран ажиллах болж, түүнээс суралцсанаар өөрийнх нь тулааны арга барил бүрэлдэхэд чухал нөлөөтэй байсан гэдэг. Компьютер графикаар орлуулж, нөхөж, эсвэл сүр оруулахаас илт зайлсхийсэн, өөгүй дэглэсэн, үнэмшилтэй гардан тулаан бол түүний холливудын тулаант кинонуудад бий болгосон шинэчлэл гэхэд хилсдэхгүй. “John Wick”, “Matrix” зэрэг кинонд найз Чад Стахелскитэй хамтран дэглэсэн тулааны үзэгдлүүд нь үүний гэрч юм. Өөр нэгэн сонин баримт байдаг нь “Bullet Train”-ийг найруулахаас өмнө Дэвид Литч өмнө нь “The Fight Club” кинон дээр Брэд Питийн тулааны орлон тоглогчоор ажиллаж байжээ. Хэвлэлийнхэн энэ баримтыг их л онцолж Дэвид Литч найруулагчаас “Bullet Train” киног нь сурвалжлахдаа өмнө орлон тоглогчоор нь ажиллаж байсан жүжигчинтэйгээ найруулагчийн хувиар хамтран ажиллах ямар байсныг нь хэд хэд асуухад нь “Брэд Пит бид хоёр найзууд. Энэ кинон дээр намайг анхнаасаа л найруулагчийн хувиар шууд хүлээн зөвшөөрч, миний найруулагчийн хараанд итгэж, удирдуулсан нь, тулааны хэсгийн 95 хувийг өөрөө гүйцэтгэсэн нь түүнийг ямар хэмжээний мэргэжлийн гайхалтай жүжигчнийг нь илтгэх болов уу. Брэд Питтэй ахин хамтран ажиллахад үнэхээр таатай байсан” гэсэн хариулт өгсөн билээ. Ямарваа нэг гарамгай, ялгуун зүйлийг хөндлөнгөөс үзэхэд, харахад хүн өөрийн эрхгүй автаж, алмайрч, нэг л таатай сайхан болдог доо. “Bullet Train” киноны тулааны хэсгүүд үнэхээр л яг ийм, дэлгэцэнд өрнөх тулаанд өөрийн мэдэлгүй автаж, үзэхэд нэг л таатай, зугаатай, сайхан байх болно. Мөн киноны уур амьсгал хүнд, бараан биш, хөнгөн, егөөтэй, басхүү аниме маягийн хийц бүхий туульслаг, хараа булаам нь үзэхэд улам л таатай.
Суман галт тэрэг үзэгчдийг адал явдлын эргүүлэгтээ хаман эрчлэн хурдалсаар эцсийн зогсоолдоо хүрэх ойртжээ. Эцсийн зогсоол дээр “Цагаан үхэл” бүгдийг хүлээж буй. “Цагаан үхэл”-тэй тулгарахаас өмнө галт тэргэнд Юүчигийн аав болох үйл явдлын зангилаа болсон нэгэн чухал дүр Настан (The Elder) орж ирнэ. Настан авааль эхнэрээ алуулсны өшөөг “Цагаан үхэл”-ээс нэхэж буй нэгэн.
Амьдралыг галт тэрэг хэмээвэл эцсийн зогсоол нь үхэл. Харин суман галт тэрэгний зорчигчид эцсийн зогсоол дээр “Цагаан үхэл”-тэй тулгарч буй нь бэлгэдлийн утгаар ч тэр шууд утгаар ч тэр нэгийг өгүүлнэ. “Хэрэв чи хувь тавиланг удирдахгүй бол хувь тавилан чамайг удирдана” гэж “Цагаан үхэл” хэлдэг. Үзэхэд зугаатай, тулаант кино маань төгсгөл рүүгээ ойртох тусам хувь тавилан, аз, үйлийн үрийн тухай “нухацтай, хүнд” тээшийг үзэгчдэд өгөх нь жигтэй. Магад хувь тавилан булзашгүй, үйлийн үр үнэн, аз сохор, тэр дунд гагц хүмүүний хянаж болох нь өөрийн шийдвэр, тэрхүү шийдвэртээ эргэлзэлгүй итгэж үнэн байсан нь л биз ээ. Хүмүүний үхэх амьдрахыг шийддэг хөлсний алуурчид болох “Bullet Train”-ий жир бус зорчигчид эцсийн зогсоол дээр харин “Цагаан Үхэл”-тэй тулгараад чухам хэрхэх бол?
За тэгээд энэ кино маань дуу дүрсний супер чанартайгаар Юнивишний “Хамтдаа жаргалтай ” цэсд 2’000 төгрөгөөр орсон байгаа юм байна. Заавал үзэх кино шүү. Өөр бас 200 гаруй сонирхолтой кино болон хүүхэлдэйн кинонууд ч багтсан байгаа гэнэ. Энэхүү цэс нь 12 сарын 10 хүртэл байх учраас та бүхэн амжаад зөндөө олон киног хайртай хүмүүстэйгээ хамтдаа жаргалтай амжаад үзээрэй. Дэлгэрэнгүйг ЭНД-ээс.