Өнөө шөнө нутгийн төв хэсгээр, маргааш нутгийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг ЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна.
Улаанбаатарт өнөөдөр үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. 19-21 градус дулаан байна. Харин маргааш өдөртөө хур тунадас орж цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

Энэ сарын 16,17-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 18-нд төвийн аймгуудын нутгийн ихэнх, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 16-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр, 17,18-нд Алтайн салбар уулс, говь, тал хээрийн нутгаар, 19-нд нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд сэрүүхэн Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан байна. 16-17-нд говь, талын нутгаар дулаарна.