Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Вакцинтай холбоотой хүмүүс хамгийн их мэдэхийг хүсдэг 7 чухал АСУУЛТ, ХАРИУЛТ


Манай улсад цар тахлын эсрэг дархлаажуулалт 2021 оны ХОЁРДУГААР САРЫН 23-НД эхэлсэн бөгөөд өчигдөр буюу гуравдугаар сарын 25-ны байдлаар улсын хэмжээнд 256,979 хүн вакцинд хамрагджээ. 

Монгол Улс одоогийн байдлаар дөрвөн төрлийн вакцинаар дараах хуваарийн дагуу хүн амаа дархлаажуулж байна. Үүнд:

  1. Хариу арга хэмжээний баг,
  2. Үйл ажиллагаа нь тасралтгүй үргэлжлэх шаардлагатай салбар,
  3. Худалдаа үйлчилгээний салбар,
  4. Бүх шатны боловсролын салбарын ажилчид,
  5. 50-64 насны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд,
  6. 65+ насныхан болон эрхтэн шилжүүлэн суулгасан иргэд,
  7. 18-25 насныхан,
  8. 25-49 насны иргэд тус тус багтжээ. 

Бид вакцин хийлгэхтэй холбоотой зарим чухал асуултад хариулж байна. Энэхүү мэдээллийг АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв (CDC), Европын анагаах ухааны зохицуулагч дээд байгууллага (EMA), ДЭМБ-аас гаргасан мэдээлэл, мэргэжилтнүүдийн зөвлөгөөнд үндэслэн боловсруулсан болно. 

Вакцин хийлгэх нь ямар үр ашигтай вэ?

Манай улс Оксфордын Их сургуулиас гаргасан AstraZeneca, ОХУ-ын Гамалея институтийн Sputnik V, Хятадын Синофармын Vero Cell, Pfizer-BioNTech компаниудын хамтран боловсруулсан BNT162b2 вакциныг дархлаажуулалтын хөтөлбөртөө ашиглаж буй. 

Одоогоор коронавирусийн эсрэг ямар ч вакцин хөнгөн хэлбэрийн халдвараас 100 хувь сэргийлэхгүй хэдий ч амьсгалын аппаратад орох, амь насаа алдах гэх мэт хүнд хэлбэрийн өвчлөлөөс 100 хувь хамгаална гэдгийг АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв (CDC) онцолж байна.

Мөн ковид-19 өвчний эсрэг аливаа вакцины батлагдсан үр өгөөж нь үүсгэж болзошгүй эрсдэлээс өндөр байгаа тохиолдолд яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөл олгодог гэжээ. Тиймээс вакцинд хамрагдах нь ковид болон түүнээс үүдэлтэй аливаа өвчлөл, хүндрэлээс хамгаалах хамгийн аюулгүй арга юм.

Ковид тусаад эдгэсэн хүн вакцин хийлгэж болох уу? 

Коронавирусийн халдвар аваад эдгэсэн хүмүүсийг ч вакцин хийлгэхийг олон улсын мэргэжилтнүүд уриалж байна. Одоо байгаа дата мэдээллээс үзвэл халдвар аваад эдгэсэн хүн 90 хоногийн дотор дахин халдвар авах нь харьцангуй бага байгаа ч энэ дархлаа хэр урт хугацаанд үргэлжлэхийг эрдэмтэд хараахан хэлж мэдэхгүй байна. 

Нөгөөтэйгүүр, ковид тусаад эдгэсэн хүний биед үүссэн эсрэг биетүүдийн хэмжээ (дархлааны систем) нь вакцинаар үүссэн эсрэг биетийн хэмжээнээс бага байгаа тул дахин халдвар авахаас сэргийлэхийн тулд вакцин хийлгэх нь илүү үр дүнтэй гэжээ. 

Харин моноклональ эсрэг биет эсвэл эдгэрсэн хүний цусны сийвэн (convalescent plasma)-г тариулах эмчилгээ хийлгэсэн хүмүүс 90 хоногийн дараагаас вакцин хийлгэх боломжтой гэж  АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв (CDC) мэдээлжээ. 


Жирэмсэн эмэгтэй вакцин хийлгэж болох уу? 

Манай улс одоогоор жирэмсэн эмэгтэйчүүдийг вакцинд хамруулахгүй байх чиглэлийг баримталж байна. Харин дэлхийн бусад улс тухайлбал, АНУ-д жирэмсэн эмэгтэйчүүдийг эмчтэйгээ зөвлөлдсөний үндсэн дээр сонголтоо хийхийг зөвлөж байгаа аж. Учир нь, жирэмслэлт нь коронавирусийн халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг тул үүнээс хамгаалах шаардлагатай байгаа юм. 

Эрдэмтэд вакцины жирэмсэн эмэгтэйчүүд болон урагт үзүүлэх эрсдэл бага, одоогоор вакцин хийлгэсэн эмэгтэйчүүдэд ямар нэгэн гаж нөлөө үүсээгүй хэмээн мэдээлж байгаа ч энэ талаар нарийвчилсан судалгаа хийгдээгүй, мэдээлэл хангалтгүй байгааг АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв сануулжээ. Одоогоор вакцины жирэмсэн хүмүүст үзүүлэх үр нөлөө, аюулгүй байдлыг үнэлэх клиник туршилтууд хийгдэж байна.

Хамгийн сүүлд, Pfizer/BioNTech болон Moderna вакцинд хийгдсэн судалгааны үр дүн Америкийн Эх барих, эмэгтэйчүүдийн сэтгүүлд нийтлэгджээ. Судлаачид дээрх хоёр вакциныг хийлгэсэн нийт 131 эмэгтэйд судалгаа хийж үзэхэд вакцины тогтоож буй эсрэг биетүүдийн хэмжээ (дархлааны систем) итгэмээргүй өндөр байсан гэдгийг онцолжээ. Үүгээр ч зогсохгүй эхийн сүү, эхэсээр дамжин шинэ төрсөн хүүхдэд эсрэг биет дамжуулдаг болохыг уг судалгаагаар тогтоосон байна. Судалгаанд хамрагдсан 131 эмэгтэйн 84 нь жирэмсэн, 31 нь хөхүүл, 16 нь жирэмсэн биш эмэгтэйчүүд байжээ. 


Эм, хоол зэрэгт харшилтай бол яах вэ? 

Ямар нэгэн харшилтай тохиолдолд вакцин хийлгэхээсээ өмнө эмч (сувилагч)-дээ урьдчилан мэдэгдэх, вакцин хийлгэсний дараа 15-30 минут хяналтанд байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Мөн вакцины эхний тунг хийсний дараа хүнд хэлбэрийн харшлын урвал илэрсэн бол хоёр дахь тунг хийлгэхгүй байхыг CDC зөвлөжээ

Гэхдээ одоо мэдэгдэж буй статистик мэдээллээс үзвэл вакцин хийлгэсэн хүмүүсийн дунд анафилаксийн шок буюу амь насанд заналхийлсэн харшлын хариу урвал илэрсэн тохиолдол маш цөөн байгаа юм. Тухайлбал, CDC-ээс мэдээлснээр Pfizer вакциныг хийлгэсэн 1 сая хүний дунд хүнд хэлбэрийн харшлын 11.1 тохиолдол бүртгэгдсэн гэжээ. Мөн харшлын хариу урвал нь вакцин хийлгэснээс хойш хэдэн минутын дотор илэрсэн бөгөөд өмнө нь ямар нэгэн хэлбэрээр анафилаксийн шоконд орж байсан, хүнд хэлбэрийн харшлын түүхтэй хүмүүст гол төлөв илэрч байсныг дурджээ. 

Тэгвэл Их Британид AstraZeneca вакциныг хийлгэсэн 5 сая хүний дунд хүнд хэлбэрийн харшлын 41 тохиолдол бүртгэгдсэн гэж Европын анагаах ухааны зохицуулагч дээд байгууллагын тайланд дурджээ. 


ХДХВ-ийн халдвартай хүн вакцин хийлгэх үү? 

ХДХВ-ийн халдвартай хүмүүс нь эрүүл мэндийн суурь өвчтэй хүмүүсийн бүлэгт хамаарах тул вакцин хийлгэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Анхаарах зүйл: 

  • Хүнд хэлбэрийн харшлын түүхтэй эсэхийг харгалзаж үзэх, 
  • Дархлаа суларсан бол вакцины үр нөлөө буурч болзошгүй,
  • Мөн одоогоор ХДХВ-ийн халдвартай хүмүүст үзүүлэх вакцины үр нөлөө, аюулгүй байдлыг үнэлэх хангалттай клиник туршилт хийгдээгүй байгааг ДЭМБ онцолжээ.  

Вакцин хийлгэсний дараа ямар хариу урвал илэрч болох вэ? 

Вакцин хийлгэсний дараа:

  • Ядрах / Бие сульдах
  • Халуурах
  • Толгой өвдөх
  • Дотор муухайрах
  • Булчингаар өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч болох учраас сандрах шаардлагагүй юм. 

Эдгээр түгээмэл тохиолддог шинж тэмдгүүд нь 2-3 хоногийн дотор арилах ёстой бөгөөд арилаагүй, хүндрэл цааш үргэлжилсээр байвал эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.

Вакциныхаа хоёр тунг хийлгэсэн хүмүүс маск зүүхгүй, бусдаас зай барихгүй байж болох уу?

Вакцины хоёр дахь тунг хийлгэснээс 14-21 хоногийн дараа дархлаа тогтоно гэдгийг мэргэжилтнүүд сануулж байна. Гэвч өмнө нь дурдсанчлан аль ч вакцин таныг халдвараас 100 хувь хамгаалахгүй. Нөгөө талаар та вакцин хийлгэсэн байгаад хөнгөн хэлбэрээр өвчилж болох ч бусад хүнд халдвар тараах эрсдэлтэй тул хаалт зүүх, зай барих зэрэг халдвар хамгааллын дэглэмийг заавал барих шаардлагатай. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
2
18 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
21 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.