Хайх зүйлээ бичнэ үү

12 мин

Хуяг аа, чи шүдэнз зурчихлаа

Гэртээ хөгжмөө тоглохоор цуглана.


Энэ үгийг маэстро Б.Лхагвасүрэн түүнд хэлсэн. Санаачилгыг нь сайшаав гэхээсээ дэлхийн олон орноос, янз бүрийн театраас, Улаанбаатарынхаа тал талаас цуглаад хамтран хөгжимдөх, нэгэн гоёсмог наадам бүтээх Монголын сонгодог хөгжмийнхний ав адилхан, асар хүчтэй хүсэл тэмүүллийг илтгэсэн үг аж. Хэн нэг нь шүдэнз асаахад л аандаа гал болчих тийм их сэтгэл Монголын хөгжимчдөд байж.  

Гадаадад сурч ахуй арваад жилийн өмнө мөрөөдсөн, тэгээд блогтоо бичиж үлдээгээд хэсэгтээ хойш тавьсан хүслээ огт санамсаргүйгээр биелүүлсэн Т.Хуягийг “Улаанбаатар фестиваль оркестр” наадмыг санаачлагч гэдгийг онцлох цаг одоо иржээ. “Санамсаргүй” ч гэж дээ, дэлхийн театрууд коронавирусын их завсарлага авсныг “далимдуулан” БНХАУ-ын Күнмин хотын олон улсын филармонийн нэгдүгээр угалзан бүрээч Т.Хуяг энэ оны нэгдүгээр сарын сүүлчээр эх орондоо ирж, хоёр сарын дараагаас Улсын филармонид хэрэгжиж байсан онцгой дэглэмийн хүрээнд бэлтгэл сургуулилалтаа хийж байхдаа Улаанбаатарт наймдугаар сард бэсрэг тоглолт хийхээр шийдсэнээс энэ бүхэн эхэлсэн юм билээ. Хамтран хөгжимдөх найман хүний эрэл эхлүүлсэн эхний 20 минутад өөр шиг нь хөгжмөө, тайзаа, үзэгчдээ санасан уран бүтээлчид наймаар ч тогтохгүй хэд дахин олуул цуглахад бэлэн байгааг ойлгожээ. Тэр шөнөдөө БНХАУ-ын ӨМӨЗО-ы Урлагийн их сургуулийн профессор, удирдаач Б.Лхагвасүрэн рүү зориг гарган “Багш аа, би тоглолтоо хийхээр зөвхөн утсан хөгжмийн цөөн хүнд санал тавихад цаана нь 20-иод хүн тоглох хүсэлтэй байгааг олж мэдлээ. Тэгвэл манай үлээврийнхэн ялгаагүй их хүсэж байгаа даа” гэсэн зурвас илгээж орхив. Харин маргааш өглөө нь Б.Лхагвасүрэн залгаж, “Чиний зурвасыг аваад шөнө нойр ч хүрсэнгүй” гэх нь тэр. 

UB festival orchestra-2020-ын ноён нуруу нь тэр хүн, дэлхийн түвшиний маэстро байх ёстой шүү дээ! Тэр даруй ДБЭТ-ын гоцлол хөгжимчин, ХБК-ийн багш Д.Анхбаяр найздаа “Б.Лхагвасүрэн удирдана” гэдгийг дуулгаж байхдаа тэр өөртөө ч итгэж өгөхгүй баяртай байв. Ийнхүү ганцхан өдрийн дотор 55 хөгжимчний нэр цуглав. Шинэ оркестрын бүрэлдэхүүн гарахад Б.Лхагвасүрэнгийн дохиур дор өөрийн гэсэн онцлог тоглолттой, чухам тэрхүү онцгой чадвараараа “Би энд тоглох ёстой” гэх итгэл үнэмшлийг бүтээсэн 60 гаруй уран бүтээлч дуртайяа нэгдлээ. Тэд бол ДБЭТ-ын гоцлол хөгжимчин, концертмэйстр, урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Мөнхболд, Филармонийн гоцлол хөгжимчин, концертмэйстр Д.Азбилэг нараар ахлуулсан Монгол Улсын ДБЭТ, Филармони, Консерватор, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, болон олон улсын симфони оркестрт ажиллаж буй хөгжимчид, гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутнууд байв. Ийнхүү эхний нэгдсэн бэлтгэл наймдугаар сарын 27-нд зарлагдсанаас хойш яг нэг сарын дараа Улаанбаатарын байгалийн үзэсгэлэн дунд орших аварга том монгол гэр-“Хүн” театрт өнгөрсөн амралтын өдөр Монголд анх удаа, үүнээс хойш жил бүр зохиож байх сонгодог урлагийн мэргэжлийн хөгжимчдийн олон улсын наадам хөшгөө нээв. Тал талаас цуглаж нэгдээд ганцхан удаа тоглоод тардаг ийм онцгой оркестрыг монгол хөгжимчид Улаанбаатарт бий болгосон нь Москвагаас Бээжин хүртэлх уудам орон зайд өөр үгүй. 

Анхандаа угалзан бүрээч Т.Хуягийн концертын төлөвлөгөө байснаа сонгодог хөгжмийн наадам болж тэлсэн “Улаанбаатар фестиваль оркестр” бол Монголоос гадаадын сонгодог урлагийн театруудад тоглож буй хөгжимчид, хилийн чанадад суралцаж буй оюутан залуус, өөрийгөө бусдадаа таниулах, харилцан сурах, хамтран хөгжих эрмэлзэлтэй хөгжимчид цуглавал ямар найрал тоглохыг үзүүлэх, сонсгох, нотлох гэсэн амбийц. Үзэгчдийн хувьд урьд өмнө сонсоогүй шинэ хөтөлбөрийг шимтэх завшаан тохиов. Хөгжим судлаач, урлаг судлалын магистр, соёл судлалын ухааны доктор Б.Батжаргалын шүүмж анхаарал татсан юм. “Улаанбаатар фестиваль оркестр” наадамд нэгдсэн хөгжимчид суут хөгжмийн зохиолч Р.Вагнерын “Риенци” удиртгалыг дэлхийд ч ийм түвшинд цөөн удаа тоглосон болов уу гэмээр тоглолоо. Р.Вагнерын удиртгалыг тоглож байх үеийн деталиуд, хийлүүд болон модон үлээврүүдийн шилжилтүүд тансаг байлаа. Мөн хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын морин хуурт зориулсан концертыг гайхамшигтай тоглолоо. Өрнийн, Дорнын энэ хоёр бүтээлийг хэрхэн хөгжимдсөнөөр уран бүтээлчдийн сэтгэлийн болоод мэргэжлийн ялгааг хэмжиж болно. Тэд сайн дурын үндсэн дээр, хөгжмийн төлөө, сэтгэлдээ хүрсэн сайхан дуугаралтын төлөө нэгдсэнд гол учир оршиж байгаа юм. Тэд мөнгө болон цалингийн төлөө хамтраагүй. Хөгжим ийм увдистай. Удирдаач Б.Лхагвасүрэнгийн ур чадварыг онцолмоор байна. Тэр үнэхээр дэлхийн удирдаач болжээ. Удирдаач Б.Лхагвасүрэнгийн хөгжмийг шинээр бүтээж буй дүр төрх бахархам юм” хэмээн дуу алдан өгүүлсэнтэй нь сонгодог урлагт дурлагч олон хүн санал нийлж байна. 

UB festival orchestra-2020-ын суу намжаагүй, “шүдэнз асаагч” Т.Хуягийн баяр хөөр бүрэн дарагдаагүй байх энэ өдөр бид ярилцсан юм. Түүнтэй танилцахын тулд эхлээд тэр хэрхэн угалзан бүрээч болсон, яаж яваад Күнминий филармонид оччихсоныг нь сонирхлоо. Т.Хуяг цэцэрлэг, сургуулийнхаа концертод дуулж л явдаг, том болоод дуучин болно гэж ярьдаг хүү байж. Түүний аав тээврийн жолооч Түвдэндорж өөрөө шаггүй дуулчихдаг хүн бөгөөд хүүгээ 12 настайд Хөгжим бүжгийн сургуульд шалгуулахад үлээвэр хөгжимд тэнцэв. Дууны ангид орохын тулд дахиад зургаан жил хүлээх хэрэгтэй байсанд аав, хүү хоёр хүлээж тэсэлгүй мөнөөх үлээвэр хөгжим, тэр дундаа угалзан бүрээний ангид суралцахаар болжээ. Чухам яагаад угалзан бүрээг сонгосноо ч ойлгохгүй шахам, мэргэжилдээ нэг л дурлаж өгөхгүй явсаар есдүгээр ангид орж. Тэр үед сонгодог хөгжмийн бичлэгтэй диск гадуур нүдний гэм, одоогийнх шиг интернэтээс дуртай хөгжмөө сонсох боломж хомс байсан бөгөөд найз Батбаяр сонгодог хөгжмийн диск бэлэглэжээ. Дискийг тоглуулагчид хийн сонсох мөчид тэндээс урсах хөг аялгуу түүнийг орчноос таслан ямар нэг гайхамшигтай сайхан зүйлд итгүүлж байв. “Би чухам үүнд л дуртай юм байна. Би яг сурах ёстой зүйлээ сурч, хүссэн мэргэжлээ эзэмшиж байна шүү дээ”. Ийм мэдрэмжийг авсан цагаас угалзан бүрээ Т.Хуягийн хувьд “миний хөгжим” гэж итгэлтэйгээр нэрлэх, донтон дурлах, түүгээр амьсгалах, ухамсарлах, ирээдүйгээ бүтээх бүхэл бүтэн зам мөр болж тодорсон байна. 

Т.Хуяг ХБК-ийн бакалаврыг дүүргээд, угалзан бүрээний эх орон гэгддэг Чех улсын урлагийн дээд сургуульд мэргэжлээрээ таван жил суралцаж төгсжээ. Т.Хуягт хичээл зааж байсан швейцарь багш түүнд Швейцарьт мэргэжлээрээ ажиллах, сурах боломжийг санал болгосноор дагаад явж. Дараа нь Эрхүүгийн филармонийн нэгдүгээр угалзан бүрээч болсон тухайгаа “Намайг Швейцариас Монголдоо ирээд ердөө гурав хонож бхад Эрхүүгийн филармони тоглолтоор ирж таарсан. Тэдний удирдаач шинэлэг өнгө, дуугаргалтыг хайж байсан үедээ миний талаар олж мэдээд Улаанбаатарт буумагцаа надад ажлын санал тавина гээд төлөвлөчихсөн байсан юм билээ. Би энэ саналыг туршлага хуримтлуулах боломж гэж хүлээж аваад Эрхүүгийн филармонид гурван жил ажилласан” гэв. Түүнийг Эрхүүд байхад нэг өдөр хамт ажилладаг найз нь БНХАУ-ын Күнминий олон улсын филармонид угалзан бүрээч шалгаруулж авах журам, тоглох нотын хамт зарлагдсаныг хэвлээд Т.Хуягт хэвлэн аваад ирэв. Ноттой нь танилцаж байхдаа Т.Хуяг энэ шалгаруулалтад тэнцэнэ гэдэгтээ итгэлтэй байлаа. Ийнхүү 2017 оноос тэрбээр Күнминий олон улсын филармонийн гоцлол хөгжимчнөөр ажиллаж, мөн тус хотын нэгэн их сургуульд цагаар багшлах болжээ. Энэ филармонид өдгөө дэлхийн 13 орноос шалгарсан 75 хөгжимчин ажилладаг. Монголоос хоёр хүн тэнцсэний нэг нь Новосибирскийн театрт тубистээр ажиллангаа докторантад сурч байсан Сундуйжав аж.

-Би Чехэд европ сургалт, сонгодог хөгжмийн стандарт гэж юу болохыг мэдэж ойлгосон. Угалзан бүрээч мэргэжлийг хүмүүс нэг их тоодоггүй юм шиг. Гэтэл энэ мэргэжлийг сайн эзэмшчихвэл эрэлт нь хаа газрын оркеструудад их байна шүү дээ. 

-Угалзан бүрээ найрал хөгжимд ямар үүрэгтэй байдаг юм бэ? Энэ хөгжмийг гоцлоочийн хувьд Та хөг аялгууг нь энгийн үгээр тайлбарлаад өгөөч?

-Угалзан бүрээ маань гурван дарвуултай, хөгжимчин уруул, хоёр завжныхаа булчингийн чадлаар үлээн бүрээддэг зэмсэг шүү дээ. Би хөгжимдөхдөө дуулж байдаг. Хөгжимдөж байгаа маань дуулж байгаа юм шиг л санагддаг, надад бол. Оркестрын дээд, доод регистрийн хөгжмүүд нэг аянаас нөгөөд шилжих, чангыг зөөлрүүлэхэд угалзан бүрээ үүргээ гүйцэтгэж, голд нь базаж өгдөг. “Угалзан бүрээ” гэж монгол хэлэнд Н.Жанцанноров гуайн орчуулгаар дэлгэрсэн нэршил шүү дээ. Миний хөгжим бол Чехээс гаралтай, чех хэлнээ “ойн бүрээ” хэмээгддэг зэмсэг. Анх ан авлах зориулалттай үүссэн хөгжим юм билээ. Ингэж хэлэхээр бугын урамдааныг дуурайлган хийв үү гэх зэргээр хүмүүс эндүүрэх талтай. Анчид бүрээ татахаар ойн амьтад сонирхоод гүйж ирдэг юм байна л даа, тийм зориулалттай анх үүссэн юм билээ. Угалзан бүрээ оркестрт дөрвүүл дуугардаг. Том оркестрт, зарим хөгжмийн зохиолоос шалтгаалж наймуул хөгжимдөх шаардлага бас байдаг. 

-Та ХБК-ийг төгссөнөөс хойш гадаадын оркеструудад ажиллаж иржээ. Цалин өндөр байдаг нь гадагшаа явж ажиллах гол шалтгаан байв уу?

-Үгүй ээ, хамгийн эхний шалтгаан цалин мөнгө ч бас биш юм. Би хөгжмөө яаж төгс тоглох вэ гэдэг шаардлагыг өөртөө үргэлж тавьж, гол шалтгаан нь энэ болж л ажиллах газраа сонгож ирсэн. Энгийнээр хэлэхэд би хөгжмөө сайн тоглохын тулд л ажиллаж байгаа хүн. Өнөө өглөө нааш ирэх замдаа ч би өөрөөсөө “Яаж төгс тоглох вэ” гэж асууж л явлаа. Машиндаа ч бэлтгэлээ хийгээд л явж байдаг юм шүү дээ.

-Тэнд хөгжимчдөд ямар шаардлага тавьдаг вэ?  

-Алдаа гаргах эрхгүй. Алдсан ч суулгаж байдаг газар биш. Алдвал чиний оронд гараад тоглох хөгжимчин үргэлж хүлээж байдаг. Тиймээс хөгжимчдийн хувийн бэлтгэл байнга өндөр, улам бүр өөрийгөө хөгжүүлж байх ёстой.

-Гадаадын оркестрт мэргэжлээрээ ажилладаг хэдэн монгол хөгжимчин байдаг бол. Сая тэднээс “Улаанбаатар фестиваль оркестрт” хэд нь цуглав? 

-Гадаадын театр, оркеструудад ажиллаж байгаа 11 монгол хүн байна. Сая тэднээс зургаа нь ирлээ. Тюменьд ажиллаж байгаа гобоист Ганбаатарыг Оросын бүх оркестр урьдаг. Японы Хёго хотын нэгдүгээр хийлч Санчир маань байна. Эрхүүгийн филармонид гурван хүн байна. Хөлбөмөгчид Реал Мадридад хүчээ үзэхийг хүсдэг шиг хөгжимчид бид том оркестрт өөрийгөө хөгжүүлэх, сорих гэж ажилладаг гэж би ойлгодог. Сая “Улаанбаатар фестиваль оркестр” монгол гэрт сонгодог хөгжмөө эгшиглүүллээ. Энэ бол бидний гэртээ хөгжмөө тоглохоор ирэх шалтгаан. Гадаадад ажиллаж байгаа олон хөгжимчин над руу бичиж байна. Ирэх жил оролцоно шүү гэж. Испанийн оркестрт тоглодог америк хөгжимчин бас бичсэн. Ирэх жил илүү өргөн фестиваль болох нь. Монгол Улсын аялал жуулчлалын брэнд контент болоосой гэсэн хүсэл бидэнд байна. 

-Та олон орны тайзан дээр тоглосон хүн. Сонгодог урлагийн үзэгчид ялгаатай юу? 

-Азийн хотуудад тоглоход үзэгчдээс хүчтэй эмоц илэрдэг. Сэтгэл хөдлөлөө тэд ямар нэг онцгой дэг жаягт баригдалгүй илэрхийлдэг. Харин Европын үзэгчид сонгодог урлагийг таашаах өөрийн гэсэн уламжлалт соёлтой байдаг болоод тэр үү, алга ташилт, дахиулах хүсэлт нь хүртэл тогтсон стандарттай. 

-Таны бодлоор сонгодог урлагаар соён гэгээрүүлэх, энэ төрлийн урлагийг олны хүртээл болгохын тулд нийгэмд ямар ажил хийвэл илүү үр дүнтэй бол? 

-Хүүхдүүдэд үзүүлэх. Эрхүүд ажиллаж байхад цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд чиглэсэн концертуудыг тусгайлан тоглодог байсан. Саяхан мэдээ харж байхад Берлиний театр хүүхдүүдэд зориулан тоглож байна. Төлөвшсөн хойно нь биш, хүүхдүүдэд үзүүлж ирээдүйн үзэгчдээ бэлтгэх, нийгмээ соён гэгээрүүлэх нь үр дүнтэй болов уу. Урлагийг мэдэрч ойлгодог хүн, тийм боловсрол соёл бүхий нийгэм орчин үед том баялаг болж байна шүү дээ.

-Хүмүүс цэнгэх, тайвшрах, хөгжилдөх гэж хөгжим сонсдог бол хөгжимчин хүний ажил нь хөгжим учраас сонсож таашаах мэдрэмж хэр өөр байдаг бол. Хөгжмөөс ажил шиг залхах үе жишээ нь Танд байдаг уу. Таны амьдралд хөгжим ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

-Олон цагийн бэлтгэлээс ядрах үе байдаг ч хөгжмөөс залхаж дургүйцсэн удаа надад лав үгүй. Би тоглолтоос маш их таашаал авдаг. Ганцаараа тоглож байхдаа ч тийм таашаалыг эдэлж болдог. Тюменийн филармонийн гобоист Ганбаатар найз маань нэг удаа “Кайф аваад байхад л цалин өгөөд байх юм” гэж хошигнож байсан. Хөгжимд нэг орсон хүн гарч чадахгүй, гаръя гэж ч боддоггүй. Өөрийн дотор байгаа хамаг нандинаа хөгжмөөр илэрхийлэн гаргана гэдэг юу болохыг үгээр илэрхийлж мэдэхгүй юм. Бүр 2-4-хөн секундын такт гоё дуугаргачихад ч асар их таашаал. Хүн тийм сайхныг мэдрэхийн тулд тоглосоор л байна. Аз жаргал хөгжимд байхад түүнээс залхах гэж байхгүй дээ. 

-Та ямар хөгжим сонсдог вэ?

-Өөрөө тоглохыг хүссэн хөгжмөө сонсох үе байна. Зүгээр л тайвшрах гэж, аз жаргалаа эдлэх гэж ч сонсоно. Ер нь би сонгодог хөгжим сонсдог. Сүүлийн үед Хү хамтлагийг сонсож байна. Ш.Өлзийбаярын морин хуурын гуравдугаар концертыг “Улаанбаатар фестиваль оркестр”-ын бэлтгэлийн үеэр сонсоод л байсан. Д.Шинэцог түүнийг тоглох гэж зүгээр л гайхууллаа шүү дээ.

-Таны дуртай хөгжмийн зохиолч гэвэл..?

-Петр Чайковскийн хөгжмүүд, Антон Брукнерийн дөрөвдүгээр симфони, Моцартын Гранд партито адажио гуравдугаар анги, Рахманиногийн хоёрдугаар симфонийн гуравдугаар ангийг нүдээ аниад сонсвол тэгээд л ертөнцөөс тасарна даа. 

Хамгийн их уншилттай
1
3 өдрийн өмнө
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
SHINee хамтлагийн Taemin албан ёсны фэн клубийнхээ нэр, логог зарлалаа
2
16 цагийн өмнө
Канье Уэст ирэх сард Москвад тоглолт хийнэ
3
22 цагийн өмнө
Met Gala: Женни магтуулж, Stray Kids газар дор ортлоо муулуулав
санал болгох
1
21 цагийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
2
Уржигдар
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
3 өдрийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.