Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

Миллениалуудын ажлын орчин | Ажлын байрны уламжлалт ойлголтыг эвдэгч HOME хамтын оффис


Нарлаг хотод маань HOME хэмээх тохилог, бас шинэлэг хамтын оффис нээгдээд удаагүй байна. Ажлын байрны тухай уламжлалт ойлголтыг эвдэж, хамт олны бүтээлч байдлыг дээд зэргээр дэмжсэн энэ оффист "Монре даатгал", "Zeel.mn", "Standard Investment" зэрэг байгууллагууд нэг дор ажилладаг юм. Миллениал залуусаар багаа бүрдүүлсэн дээрх байгууллагуудын төлөөлөл болох дараах хүмүүстэй бид уулзаж, ажлын ширээ, орчин, мэргэжлийн үнэт зүйлсийнх нь тухай ярилцлаа.

Б.Мишээл 

"Zeel" платформ, "Монре даатгал" компанийн контент маркетер

Би ерөнхийдөө хоёр байгууллагын продакшн ажлыг хийж, зураг, бичлэг, дижитал медиа, контент ажлыг хариуцдаг юм. Уг нь бол хэрэглээний математикийн мэргэжилтэй л дээ. Анх ажилд орохдоо санхүүгийн мэргэжилтэн болох гэж байв. Гэтэл захирал маань дуртай зүйлээ л хий гэж зөвлөснөөр маркетинг, контентын салбарт ажилласан. Тэр үед надад контент маркетер хийх суурь ур чадвар огт байгаагүй атал бүгдийг шинээр сураад хийх боломж олгосон нь тэр. Ажлаа сонирхож, дурлаж хийхийн чухлыг эндээс ойлгосон.

Өглөө 7-10 цагийн хооронд дуртай цагтаа ирээд, кофегоо чанаж уугаад ажилдаа ордог заншилтай. Өдөржингөө ажилтай, хэтэрхий их завгүй байхыг боддоггүй. Өөртөө тохирсон завсарлага, сул цагтай байх нь илүү бүтээлч байхад тусалдаг юм. Бас нэг газраа удаан суугаад байхаар тархи толгой царцах, санаа орж ирэхгүй гацах үе байна. Тийм үед оффис дотроо суудлаа сэлгээд, орчноо солиод явдаг. Эморсон үедээ тэр хөшигний цаана, харанхуй өрөөнд сууна. 

ЗурагТайлбар



Бүх ажлаа компьютер дээр хийдэг тул гар доорх хэдэн программ, аппуудтайгаа байхад алзахгүй. Аdobe after effect, Illustrator, Lightroom зэрэг программ байнга ашиглаж, Google Drive дээр хийх ажлаа төлөвлөж явдаг. Гэхдээ бүх юм дижитал байхаар бүтээлч сэтгэлгээ нэг л хязгаарлагддаг юм шиг ээ. Цаасан дээр бичих, тодруулагчаар зурах, хуудас эргүүлэх чимээ энэ тэр чинь бас хүнд илүү амьд, илүү бүтээлч мэдрэмжийг төрүүлдэг гэнэ л дээ. Тиймээс би төлөвлөгөөгөө аль болох уламжлалт маягаар дэвтэр дээр, цаасан дээр давхар хөтлөж явахыг хичээдэг болсон. Ажил хийхэд дижитал ширээ, аналог ширээ гэж хоёр ширээ байвал зүгээр гэж бас уншсан юм.  

Дундын оффист сууж ажиллахын давуу тал нь дуртай газраа өөрийн ажиллах орчныг бүрдүүлж, нэг л орон зайд хязгаарлагдахгүй байх явдал юм. Нөгөөтэйгүүр дундын орон зай гэхээр олон хүмүүс хамтдаа эзэмшиж буй боловч энд эмх цэгцгүй хөглөрсөн зүйл нэг ч байдаггүй. Олон хүн хэрэглэж буй учир бусдадаа төвөг учруулахгүй гэх зарчимтай. Энд би эмх цэгцтэй ажиллаж сурч байна. 

Ч.Өнөржаргал

 "Zeel" платформын санхүүгийн менежер

Би Зээл платформын админы ажил, мөн санхүүтэй холбоотой тайлан болон зээлдэгчдийн мэдээлэл дээр дүн шинжилгээ хийдэг мэргэжилтэн. Манай оффисын ажлын цаг уян хатан болохоор өглөө хоцорлоо гэж сандрах зүйлгүй ажилдаа тайван ирдэг. Өглөөг тэгж тайван, тухтай эхлүүлнэ гэдэг ажлын бүтээмжид нөлөөлдөг чухал зүйл юм билээ. 09.00-18.00 цаг хүртэл ажиллана гэдэг нь өглөөд түгжрэлд орох, тооцоолоогүй зүйлс тохиолдож ажилдаа хоцрох гэхчлэн сул талтай шүү дээ. Уян хатан цагийн систем ийм бэрхшээлийг тойрох боломж олгож буй юм. 

Бид оффис дотроо үргэлж нүүдэллэж явдаг учир өөртөө яг хэрэгтэй гэсэн цөөхөн зүйлсээ биедээ аваад, илүү дутуу зүйлс тэр болгон хэрэглээд байх нь бага. Мөн уламжлалт оффисууд шиг бичиг цаасан дээр ажил явах нь цөөн, үүлэн системд ажлаа боловсруулж буй учир цаасны хэрэглээ асар бага. Энэ нь мэдээж байгаль орчинд ээлтэй. За тэгээд уламжлалт оффист ажиллаж байхдаа өөрийн гэсэн ширээ, шургуулгатай тэндээ хэрэгтэй гэж үзсэн зүйлсээ хадгалж, овоолдог байж. Энд бол өөр. Эмх цэгц, минимал байдал давамгайлна.

Манай оффисын байршил хотын төвлөрсөн газруудаас жаахан зайтай учир бид тэр бүр гарч өдрийн цай ууж чадахгүй байлаа. Тиймээс ямар нэг ухаалаг шийдэл олох шаардлагатай болсон юм. Тэгээд гэртээ хоолоо бэлдэж ирсэн хүмүүсийг урамшуулдаг системтэй болж, одоо бол өөрсдөө хийж ирэх нь их болсон. Хоолоо авч ирсэн тоогоорооо оноо цуглуулаад, тэрхүү оноо нь цалин дээр нэмэгдэл болж ордог юм. Мөн гэрээсээ алхаж ирэх, дугуйгаар ирэхэд бас оноо цуглуулна. Энэ мэт хүрээлэн буй орчинд ч ээлтэй, тухайн ажилтанд ч хэрэгтэй шийдлүүдийг оффисын бодлого болгоод хангаад өгчихөөр хүн урам зоригтой ажилладаг шүү.

ЗурагТайлбар






Энэ оффисын нэг онцлог нь энд байгууллагын сэтгэл зүйч ажилладаг. Сэтгэл зүйчтэй уулзах хүмүүс урьдчилж цаг товлоод уулзана. Ер нь ийм үйлчилгээ бүхий л газар хэрэгтэй гэж бодож байна. Хүний хувийн сэтгэл зүй, ааш авир тухайн өдөр ямар ч байж болно, гол нь тэр нь ажил дээрх хүрээлэн буй орчиндоо нөлөөлж болохгүй. Энэ үүднээс хэрэв танд хувийн асуудал, ажил хоёроо тусад нь байлгахад хэцүү нөхцөл үүсвэл үүнийг чинь шийдэрлэхэд туслах сэтгэл зүйч ажиллаж байгаа хэрэг. Ер нь аль ч оффист интроверт, экстроверт янз бүрийн хүмүүс хамт ажиллана шүү дээ. Тэдний зарим нь асуудлаа бусадтай ярьж шийдвэрлэж чаддаг бол зарим нь чадахгүй. Энэ мэт тохиолдолд сэтгэл зүйчийн хэрэг маш их. 

Өглөө бид хурлаа эхлэхдээ өөрсдийнхөө өнгийг тодорхойлдог л доо. Ногоон бол сайн байна, хэрэв улаан бол асуудалтай байна гэх ч юмуу өнгөөр илэрхийлнэ. Тэгэхээр тухайн хүний өнгийг хараад бусад нь ч гэсэн яаж харилцаж, ойлголцохоо ухамрстайгаар зохицуулна. Энэ мэт оффис доторх уур амьсгал, хүмүүс хоорондын харилцааг эерэг байлгах байгууллагын бодлогууд надад таалагддаг юм. 

Д.Анар

"Zeel" платформ, "Монре даатгал" компаниудын маркетинг координатор

Би энэ байгууллагат ажиллаад 3 сар болж байна. Энэ богинохон хугацаанд сурсан нэг чухал зүйл маань багаар ажиллах сэтгэлгээ, ур чадвар юм уу даа.  Маш олон төрлийн өөр өөр ажил хийдэг хүмүүс нэг дор байхаар аль нэг алба гэж ялгарах биш, харин байгууллага гэдэг нэг том баг болж ажилладаг юм байна. Эндээс багийн итгэл үнэмшил гэж юу вэ гэдгийг ойлгосон гэх үү дээ. Бас том хамт олон дотор ажиллахад хүн өөрийнхөө дутагдал болон давуу талуудаа сайн олж харж, мэдэрдэг.

Хүмүүс ингэж нэг баг болж ажиллахад байгууллагын дотоод соёл, удирдлагын бодлого маш чухал юм билээ. Хоёрт, хамт олны илэн далангүй, нээлттэй, чөлөөтэй байдал чухал. Ийм "open space" оффист суухын давуу тал нь уламжлалт оффист байдаг, хүмүүсийг бие биенээс нь тусгаарладаг тэр ханануудыг аваад хаячихсанд байна л даа. Хана гэдэг нь бодит хана, бас харилцааны хана, итгэл үнэмшлийн хана аль аль нь юм. Хүмүүс бие биенийхээ хана, хаалгыг мөргөж буцах, бие биенээ олохгүй төөрөх, зөрөх зүйл энд байдаггүй. Ингэснээр хүмүүс биенээ үгүйсгэхгүй, нэгнээ хүндэлдэг, эрүүл уур амьсгал бүрдүүлж чаддаг. Хэнээс ч айж бэргэж, бие биенээ үзэн ядах шаардлага энд гарахгүй, хүмүүсийн харилцаа маш либерал.

ЗурагТайлбар





Нөгөө талаас хамтын оффис хүмүүсийн ажлын ёс зүй, зан үйл, ухамсарт хүртэл эерэгээр нөлөөлдөг. Манайд нэг их олон ингэж болохгүй, тэгж болохгүй гэсэн дүрэм байдаггүй л дээ. Гэхдээ энэ нь та нар дураараа байгаад юу хүссэнээ хий гэсэн үг биш. Харин хүнд өөрөө өөрийнхөө үнэт зүйл, итгэл үнэмшил, эрхэм чанараа хамт олныхтойгоо нийцүүлж сураарай, өөрөө түүнийгээ бодож, тунгааж,төлөвшүүлээрэй гэж өөрт нь итгэл хүлээлгэсэн үйлдэл гэвэл зохино. Хэт их дүрэм журам байхаар хүмүүс илүүтэй дүр эсгэсэн хандлагатай болох гээд байдаг талтай. Хэн нэгэнд харагдах, нөгөө нь түүнийг хянах тогтолцоо болчихно. Тэрнээс зайлсхийхийн тулд өөрөө өөртөө ёс суртахууны стандарт бүтээдэг систем илүү үр дүнтэй байдгийн жишээ гэж ойлгож болно. 

Нөгөө талаас байгууллагын дотоод харилцаа холбоо илүү ойр, илэн далангүй байна. Санхүү гэхээр нэг өрөөнд, маркетинг гэхээр нэг өрөөнд тус тусдаа суух нь хүмүүсийг хол байлгаж байна. Энд тийм асуудал байхгүй. Дуртай хүнтэйгээ дуртай газраа суугаад, харилцаад ажлаа хий гэдэг тун чөлөөт зарчимтай. 

Б.Сонинбаяр

"Монре даатгал" компанийн эрсдлийн шинжээч, даатгалын мэргэжилтэн

Байгууллагын соёл гэдэг зүйл ажилтны хандлагыг тодорхойлдог гэж би боддог. Манай байгууллагын соёлын үр дүн манай хамт олон гэж хэлбэл хэт өөрсдийгөө магтсан хэрэг болохгүй байх. Учир нь энд маш гайхалтай хүмүүс ажилладаг. 

 Миний хувьд онцлох хоёр зүйл байна. Нэгт, аливаа ажлыг хэн нэгэнд даалгахдаа тулгаж, шаардаж, хүчилж ажил хийлгэдэггүй. Санал бодол, боломж бололцоо бүхнийг асууна. Хоёрт, энэ оффист хэн ч хэнийг ч хянаж цагдах, асууж шалгаах шаардлага гардаггүй. Магадгүй бидний хэн нь ч юм ажилдаа ирээд юу ч хийхгүй 9 цаг суугаад явбал явж болно. Гэхдээ хэн ч тэгдэггүй. Тэр бол байгууллагын маш ухаалаг бодлого, соёлын үр дүн юм. Хамтын оффистоо бүгд зэрэгцэж ажилласнаараа хоорондоо нээлттэй харилцаж, зөвхөн итгэл болон ухамсар дээр суурилж энэ бизнес явж байна гэсэн үг. 

Болно болохгүй гэж хүмүүсийг хайрцагласнаар хүмүүсийн бүтээмж буурдаг тухай судалгаанууд ч бий, бас практикт ч энэ нь илэрхий байдаг. Дарга тушаалаа гээд хүн өөрөө ухамсарлахгүй бол ажилдаа дургүй болоод л дуусна тийм биз дээ. Харин хүн өөрт хэрэгтэй зүйлээ өөрөө туршиж, мэдэж, ухамсарлах нь хамгийн зөв хичээл болдог юм билээ. Тиймээс орчныг нь зөв бүрдүүлээд өгвөл ажлын үр дүн өндөр байдаг гэж боддог. 

ЗурагТайлбар



Энэ байгууллагат ажиллаад би хүнд хэрэгтэй зүйлийг чин сэтгэлээсээ хийе гэх тэр эрмэлзлийг олж авсан. Аливаа ажлыг зөвхөн одоо цагаар хязгаарлан бодож, ингэсгээд л хийгээд өнгөрөөе гэж бодож болдоггүйг сурсан. Асар энгийн жижигхээн ажил байсан ч би муу хийх юм бол тэр муу нь өнөөдөртөө биш гэхэд ирээдүйд мэдэгдэнэ, буцаад л над дээр ирнэ. Харин хичээгээд сайн хийгээд байвал үр дүн нь өнөөдөр биш ч ирээдүйд заавал гарна. Үүнийг л сурсан даа. 

Даатгалын үйлчилгээ үзүүлж буй учраас надад заримдаа ажлаасаа стресстэх, бухимдах, залхах үе гарна. Тэр бол нэг их нуугаад байх зүйл биш. Гол нь яг юунаас болоод стресстэж байна гэдгээ ойлгох хэрэгтэй. Надад хамаагүй зүйлээс болоод бухимдаад байна уу, эсвэл бусдад хэлж, тусламж гуйгаад, шийдвэрлэж болох зүйл дээр дэмий бухимдаад байна уу. Энэ мэт өдөр тутмын жижиг сажиг зохицуулалт, ажилтнуудын зарчим, бодол санаа, итгэл үнэмшил нь энгийн зүйлс юм шиг боловч үнэндээ байгууллагыг тодорхойлж байдаг чухал хүчин зүйл л дээ. HOME оффис буюу House of mind exercise гэж нэрлэж байгаа нь ч үйл ажиллагаа, дотоод соёлоор дамжин энэ оффисын зарчим бидний оюун санаанд дасгал болж байгааг илэрхийлэх болов уу. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
7 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
14
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.10.22 172.69.252.149

Unheer goy hamt olon

0 Хариулах


Durlalt 2020.10.22 172.69.45.137

Зээлийн санхүүгийн менежэр охин ямар хөөрхөн юм бээ <3

0 Хариулах


Зочин 2020.10.20 172.69.252.139

Ajiliin zuv orchin bolon handlaga ni uuruu companynii tom unet zuil bolj bnaa. Monre daatgal bas l shinleg bn shu

0 Хариулах


Зочин 2020.10.19 172.69.252.137

Ажлын цаг уян хатан болно гэдэг нь өөрөө хамгийн том урамшууулал юм

0 Хариулах