Хайх зүйлээ бичнэ үү

20 мин

Шинэ жилээр “баярлалаа” бас “уучлаарай” гэж хэлэхийг хүссэн 11 түүх


2020 он таны хувьд ямар байсан бэ? Амар амгалан эсвэл айдас түгшүүртэй, олон зүйл төлөвлөсөн ч бүтээгүй, эсвэл эсрэгээрээ төсөөлөөгүй сайхан зүйл болсон ч байж мэдэх. Энэ хүмүүс надтай холбогдохдоо өөрсдийн энэ жилийн хамгийн сэтгэл эмзэглэм, бас хамгийн сайхан түүхүүдээ хуваалцсан юм. Та ч бас сэтгэгдэл хэсэгт, энэ нийтлэлийг шэйрлэхдээ оны эцсийг дүгнэж, түүхээ бусадтай хуваалцаарай. UB LIFE-ийн хамт олон та бүхэндээ хайртай шүү. Бас та бүхний түүх бидэнд чухал байх болно.  


1. Коронавирусийн халдвар гараад удаагүй байсан үе. ЕБС-иасаа эхэлж найзалсан дотнын найз маань өвлийн амралтаараа ОХУ-аас ирээд байлаа. Өвлийн тачигнасан тэр нэг өдөр найзтайгаа уулзаж, өдрийг өнгөрүүлсэндээ их баярладаг. Учир нь энэ цагаас хойш найзтайгаа хэзээ ч уулзаж чадахааргүй болсон. Найзын маань дараагийн улирлын хичээл эхлэх дөхсөн тул энэ өдрөөс цөөн хэдэн өдрийн дараа Москва хотыг дахин зорьсон. Очоод удаагүй байтал дэлхий даяар нөхцөл байдал хүндэрч, хөл хорио тогтоосон. Энэ үеэс эхлээд найз маань тусгаарлалтад маш удаан цаг хугацааг элээсэн. Амьдарч байсан дотуур байранд нь халдвар илэрсэн учраас өрөөнөөсөө ч цухуйх боломжгүй болсон гэдгээ ярьж байсан.

Гадаадад байгаа иргэдийг татах үйл явц хүнд суртал ихтэй, өндөр зардалтай байсан учраас очоод удаагүй байсан найз маань ирэх гэж зүтгэсэнгүй. Цаашлаад нөхцөл байдал хүндэрсээр байсан тул ирэхээс өөр аргагүй болов. Ирээд зочид буудал дахь 21 хоногийн тусгаарлалт, гэрийн тусгаарлалт гэсээр өнөөх л хөлөө тушуулсан өдрүүд удаан үргэлжилсээр байв. Би ч энэ үед найзтайгаа холбоо тогтоож, уулзах завыг гаргаагүй адгийн хүн. Энэ тусгаарлалтын үеэс найзад маань цусны өвчний (нэрийг нь оновчтой мэдэхгүй) шинж илэрснийг хожим нь мэдсэн. Бие нь базаахгүй явсаар есдүгээр сартай золгожээ. Энэ үед би хол байсан тул биеийг нь асуухад “Бие тэнхэрсээн. Удахгүй уулзана аа” гэж байв.

Гэтэл “Номын баяр” болж байсан тэр өдөр талбай дээр хэдэн асраар эргэлдэж, ганц хоёр ном сонгож байх зууртаа хүнд мэдээг дуулсан. Найзтайгаа ахиж хэзээ ч уулзаж чадахгүй болсноо мэдэрсэн юм. Тэр үед өөрийн эрхгүй хөл салгалж, нүднээс нулимс урсдаг юм билээ.

Алдарт яруу найрагчийн “Амьддаа бие биенээ хайрла” шүлгийг энэ үед л ухаарсан. Ажил, сургууль зэрэг зүйлсдээ бүхнээ зориулж, хайртай дотнын хүмүүсээ үл ойшоож байснаа яг энэ үеэс л улам ихээр ойлгосон. Энэ онд гэр бүл, найз нөхдөдөө улам их анхаарал хандуулах ёстойгоо ойлгож ухаарсан билээ. Түүнтэйгээ хамтдаа ярилцдаг, төлөвлөдөг байсан бүхнээ гүйцэлдүүлнэ гэдгээ амлаж, ганц удаа зорьж очоод уулзаж чадаагүй чамаасаа уучлал хүсье. ❤


Тайлбар: Энэ дууг ахлах сургуулийн төгсөх ангийн шинэ жилээр найз маань танхим дүүрэн хүнтэй тайзан дээр итгэл бардам дуулж байсан нь одоо ч нүдэнд тод харагдаж байна. Шинэ жилийг санагдуулдаг нандин дуу одоо харууслын аяз болон хувирчээ.

-Нэрээ нууцалсан

2. Сайн байна уу. Намайг Должинжав гэдэг. 21 настай. 2020 он миний хувьд олон эерэг өөрчлөлтийг авчирсан, бүхэлдээ ухаарлын жил байлаа. Амьдралын үнэ цэн, аз жаргал, баяр баяслыг хүн жижигхэн зүйлсээс өдөр бүр мэдрэх боломжтойг ухаарлаа. Хүнд хэцүү зүйл тохиолдож, гуниглаж, ганцаардаж, бүх зүйл утга учраа алдсан ч бууж өгөхгүйгээр энэ бүхний өөдөөс тэмцэх, сөрж зогсох хэрэгтэй гэдгийг ойлголоо. Энэ бүхнийг ухаарахад хамгийн их тусалсан зүйл нь хөл хорио байв. Өнгөрсөн хавар гурван сар гэрээс огт гарахгүй, цахимаар хичээлээ судалсан. Энэ хугацаанд эрүүл мэнддээ санаа тавихын тулд өглөө бүр Youtube харан 20 минутын дасгал хийж, хөлсөө гаргадаг байлаа. Гурван сар тасралтгүй дасгал хийсний үр дүнд сэтгэл санаа сэргэж, өдрийг эрч хүчтэй өнгөрүүлэх нэг чухал зүйл нь хөдөлгөөн гэдгийг мэдэрсэн. Одоо биед минь ямар нэгэн зовуур байхгүй, тэгээд ч ажил руугаа байнга алхдаг юм чинь хөдөлгөөн хийх хэрэггүй гэдэг бодлоо хаяад, өглөө бүр 15-20 минут тогтмол дасгал хийгээд удахгүй нэг жил болох нь ээ. Гэхдээ би хэзээ ч өөрийгөө ийм эрч хүчтэй, өглөөдөө дасгал хийдэг нэгэн болно гэж төсөөлж байгаагүй. Энэ бол хөл хорионы ач юм. Үүнээс гадна өглөө бүр 30 минутаас 1 цагийг ном уншихад зарцуулдаг болж, гадаадын маш гоё дуурь, балетын тоглолтуудыг онлайнаар үзэж, олон кино үзэж, амьдралын минь хэв маяг их өөрчлөгдсөн. Сэтгэл зүйн хувьд эмзэг, амархан гунигладаг байсан би нэг л мэдсэн ямар ч асуудлыг даван туулаад гарах хэмжээний сэтгэлийг хатыг өөртөө суулгаж чадсан. Учир нь уншсан номууд минь, завгүй, идэвхтэй амьдралын хэв маяг минь ганцаардлаа даван туулахад тусалсан юм. 

Өнгөрсөн оноос ухаарсан хамгийн чухал зүйл нь аз жаргал гэдэг жижигхэн зүйлд байдгийг ойлгосон явдал байв. Хүн бүр сэтгэхүй, хүсэл сонирхол, авьяас чадвараар өөр. Гэхдээ бүгд аз жаргалыг мэдрэх гэж амьдарч байгаа. Тэгвэл бидний хайгаад байгаа аз жаргал өдөр бүр таны хажууд байдаг юм шүү. Өглөөг ямар нэгэн зовуургүй, санаа зовних зүйлгүй угтана гэдэг аз жаргал. Босоод бүлээхэн зөгийн балтай, нимбэгтэй усаа ууна гэдэг бас аз жаргал. Өдөр бүр гэр бүлээрээ хамтдаа цагийг өнгөрөөнө гэдэг хэмжээлшгүй их аз жаргал. Өөрийг чинь хайрладаг, халамжилдаг найз нөхөд, ээж аав, ах эгчтэй байна гэдэг хамгийн том аз жаргал. Чамайг үргэлж дэмждэг, өөрийгөө хөгжүүлэхийг шаарддаг, хамтдаа хичээдэг хэн нэгэнтэй хамт амьдарна гэдэг хамгийн сайхан зүйл юм байна. Өглөө бүр хүссэн хэмжээгээрээ ус уух боломжтой байна гэдэг ч ховор, гайхалтай аз жаргал. Унших номтой, үзэх кинотой, сонсох дуутай, энэ бүхнийг өөрийн сонголтоороо хийж байгаа бол бид үнэхээр аз жаргалтай амьдарч байгаа юм гэдгийг ухаарлаа.

Чамд хэцүү, гунигласан, ганцаардсан, бүх зүйл бүтэхгүй тийм өдөр тохиолдож байна уу. Тэгвэл бүү санаа зов. Чиний аз жаргалтай, ямар сайхан амьдарч байгаа юм бэ гэж бодож байгаа нэгэнд ч, үргэлж инээмсэглэдэг нэгэнд ч, хүн бүрт хэцүү зүйл тохиолддог юм аа. Харин үүнийгээ даван туулж, сөрж амьдарсан нь аз жаргалыг хүртэнэ. Ямар ч хэцүү зүйл тохиолдсон ийм зүйл угаасаа тохиолдох ёстой гэж бодоод, яаж даван туулах аргыг л эрэлхийлэх ёстой юм байна. Учир нь бид ямар ч гуниггүй, бүх ажил үйлс байнга бүтдэг төгс амьдралыг хүсээд, энэ нь биелэхгүй болохоор шаналаад, сэтгэлээр унаж, бүх эрч хүчээ алддаг гэдгийг ойлголоо.

Одооноос хором мөч, жижигхэн агшин бүрээс сайхныг, аз жаргалыг мэдрэхийг хичээнэ ээ. Яг одоо ийн сэтгэлээ уудалж бичиж байгаа минь ч үнэхээр гайхалтай аз жаргалтай мөч байлаа. Маш чухал зүйлийг ухааруулсан 2020 ондоо үнэхээр их баярлалаа.

-Должинжав

3. Үргэлж юмсыг олон өнгөөр харж, тэдгээрийн мөн чанарыг ойлгож, бас хайрлаж, тэр хэрээрээ аз жаргалыг бусдад түгээдэг хүмүүсийг би хүндэлж хайрладаг байсан юм. Харин энэ жил би тийм хүмүүсээр дүүрэн урлангийн нэг хэсэг болсондоо баяртай байна. Харах өнцөг, үзэл бодол, авьяас мэдрэмж гээд бүхий л зүйлээрээ үнэхээр гайхалтай хүмүүсийг олоод тэдгээр хүмүүсийнхээ нэг болсондоо одоо ч итгэж чадахгүй нь. Урландаа очих болгондоо би амьдралыг өөр нүдээр харж, ахин дахин юмсын гоо үзэсгэлэнг мэдэрч амьдрал яаж ийм гэгээлэг, хүмүүс яаж ийм хайр татам байдгийг гайхан биширсээр ирлээ. Би бурханд итгэдэггүй, гэхдээ энэ удаа түүнд баярлалаа гэж хэлэх хэрэгтэй бололтой. Ийм онцгой хүмүүсийг бэлэглэсэн танд бас цар тахалд баярлалаа гэж хэлмээр байна. Тахлаас аз жаргалыг олчихдог үгүй мөн азтай хүн шүү би. Хүн болгонд шинэ жилийн баярын мэнд хүргэе ❤

-Хэрлэн

4. Арван жилийн ахлах ангид ороход ангид маань нэг хөөрхөн дэлдэн цагаан охин шилжиж ирсэн юм. Ангийн дарга байсан болохоор хэдэн зүйлс асуугаад бид танилцаж түүнээс хойш дотноссоор нэг л мэдэхэд толгой сээр, зүрх сэтгэлээ холбосон дотнын найзууд болсон. Нийлээд хамт сонсдог дуутай ч болсон. Түүнтэйгээ танилцаж нөхөрлөснөөс хойш олон жил өнгөрчээ. Энэ жилийн зургадугаар сард тэр минь хөөрхөн хүүхэдтэй болоод долдугаар сард өвчний улмаас биднийгээ орхиод явсан. Жирэмсэн болсноо хэнд ч хэлээгүй байхад нь би сториг нь үзэж мэдээд надад л хэлээгүй гэж буруугаар ойлгож гомдоллож билээ. Эмзэгхэн чамдаа гомдоод хэдэн сар харилцаагүй, хангалттай сайн найз байж чадаагүй найзыгаа уучлаарай. Жирэмсэн байхад нь, төрөхөд нь хамт байж чадаагүйдээ маш их харамсдаг. Төрснийх нь дараа хүүхдийг нь 1 сар хүрэхээр уулзацгаана гэж яриж байсан хэдий ч бидний уулзалт түүний минь оршуулга болон өөрчлөгдсөн юм. Барагтаа уйлж чаддаггүй хэдий ч миний нулимсыг арчиж өгсөн цөөхөн хэдэн хүний нэг бол тэр. Түүнийг шилжиж ирсэн жил миний нэг сайн найз өнгөрч байсан юм. Хэнд ч хэлээгүй хэцүү байхад чимээгүй тэврээд тайвшруулдаг байсансан. Одоо хүртэл тайвшрахыг хүсэж хамт сонсдог байсан дуугаа сонсоход дуутай хамт намайг найз минь тэврээд байгаа юм шиг л санагддаг. Ганцаараа сэтгэл санаа тавгүй байх үед мэдсэн юм шиг залгаж, зурвас бичдэг байсан хүн минь. Тэр бол миний сахиусан тэнгэр байсан, байсаар байх ч болно гэдэгт би итгэдэг. Төрөх үед нь дэмжлэг үзүүлээгүй, өвдөж байхад нь хажууд нь байж чадаагүй чамайгаа мэдрээгүй хэнэггүй тэнэг найз байжээ би. Арван жилийн ганц найз минь, үргэлж арван жилийн ганц гэдгээрээ зүрхэнд минь хадгалагдах чи минь мунхаг найзыгаа уучлаарай. Холбоогүй байсан цаг хугацаа бүрд харамсаж байна. Олон сайхан дурсамж бэлэглэж найзын хайр мэдрүүлсэн чамдаа маш их баярлалаа. Хамт сонсдог байсан дуу, чиний минь түрхдэг байсан сүрчигний үнэр хэзээ ч санаанаас гарахгүй биз. Ядаж ээж болохын том жаргалыг мэдрээд энэ хорвоогоос явсандаа гэж бодоод найз нь арай л тайвширдаг шүү. Аан бас энэ ташрамд гэр бүлийнхэндээ намайг сэтгэл санаагаар дэмжиж байсанд талархаж байна. Байгаа дээр нь хайрлахыг ахин дахин ухаарсан шүү. Хөл хорио надад гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлж өгсөн. 2020 он коронатай хэцүү байсан ч өөртэйгөө ярилцан, хажууд буй нандин зүйлсээ анзаарч ухаарахад тусалсан сайхан жил боллоо.

-Намуунаа

5. Сайн уу, намайг Дүүриймаа гэдэг. 22 настай. Ном уншиж, мэдрэмж, сэтгэгдлээ бусадтай хуваалцах дуртай. Сэтгүүлч мэргэжилтэй ч түүгээрээ хараахан ажиллаж амжаагүй л байна. 2020 он миний хувьд олон чухал зүйлийг ойлгуулсан их содон жил байв. Ер нь л өвчний улмаас хүн бүрийн амьдрал бага ч болов өөрчлөгдөж, бүгдэд нь л ухаарал хайрласан жил байсан болов уу. Миний хувьд ороод жил хүрээгүй анхны ажлаа орхиж, өөрийн хийхийг хүсэж, мөрөөдөж байгаа зүйлээ мэдрэхийг хичээлээ. Хүнд хэцүү цагтай давхацсан болоод ч тэр үү, нэлээд хэдэн байгууллагын хаалга тогшиж, анкетаа барьчхаад л өөртөө итгэлтэйгээр бүхнийг хийж чаддаг юм шиг “бурж”, амьдралаа ярин сууж үзэв. Таалсан газраа гологдоод л, таалаагүй газартаа тэнцээд л, өглөө бүр зарын сайт гүйлгэж, өдөр болгон өөр ажилд явсан сонирхолтой, бас жаахан хүнд ч юм шиг үе байлаа. Гэхдээ би энэ үед анх удаа хамгийн удаан хугацаанд өөрийгөө сонсож, өөртэйгөө ярилцаж, мартчихсан мөрөөдлүүдээ хүртэл эргэн санаж өөрийгөө ойлгосон. Инээдтэй сонсогдож магадгүй л дээ, гэхдээ бид эргэн тойрны хүмүүсийн үнэлэлт дүгнэлт, санаа бодол, нийгмийн шаардлага зэрэгт хэт автаад “Би ингэх ёстой, миний ирээдүй бол энэ” гээд л өөртөө хуурмаг мөрөөдөл, зорилго бүтээчихдэг юм билээ. Харин одоо бол өөр хэрэг шүү. Юу хийж байхдаа би жаргалтай байдаг, юуг би дандаа урам зоригтойгоор хийж чадах вэ гэдгээ ойлгон, ямар чиглэлээр гүнзгийрүүлэн сурч, яаж амьдрах вэ гээд ойрын 5 жилээ бэлдээд, төлөвлөчихсөн. Бас сонирхлоороо “Riimaareads” гэх номын тэмдэглэлийн инстаграм хаяг нээж, “хөөрхөн” хэдэн хүнд хүрдэг болчихсон. Нэмээд бас зав чөлөөтэй хүн чинь бараг 40 ном уншчихсан гэж байгаа..

2020 онд би ажлын амжилт гаргаагүй, “сайн байлаа” гээд хэн нэгэн намайг магтаагүй, шагнаагүй. Гэвч маш үнэтэй амьдралын ухаан, цаг хугацаа, хайр, найз нөхдийн үнэ цэнийг ойлгосон. Айлын эрх охины байр суурьнаасаа арай жаахан ахисан амжилттай шүү. Энэ онд би халаасандаа гараа шургуулчхаад нулимс цийлгэнүүлэн гудамжаар алхаж, олон хүнд өөрийгөө сонжуулан анкет бөглөж яваагүйсэн бол дараа хэзээ, хэдэн насандаа ч энэ бүхнийг ойлгож “балрах” байсан юм билээ. Юм бүхэн өөрийн цаг хугацаандаа л ирдэг гэдэг шиг ирсэн нь л энэ байх.

Ингээд энэ онд надтай хамт байсан, намайг хайрлаж, дэмжиж байсан аав, ээж, найз залуу, ах, дүү, найзууд гээд бүгдэд нь баярлалаа. Цаг гарган ярилцаж суусан хүний нөөцүүддээ ч баярлалаа.  

Шинэ жил ирэхээр яагаад ч юм бүх зүйл гэгээлэг санагдаж, шинэ зүйл эхлэх боломж ч юм шиг мэдрэгддэг. Хэдий зүгээр л хүмүүс бидний зохиосон цаг хугацааны дараалал  солигдож байгаа ч гэлээ шинэлэг, сайхан мэдрэмж бэлэглэдэг ийм үе байдаг нь ямар гоё юм бэ, тийм ээ? Энэ онд жаргалтай байлаа. Ирэх онд илүү сайхан байна аа, бүгдээрээ.

Шинэ жилийн мэнд хүргэе!

-Дүүриймаа

6. Би уучлаарай гэж хэлэхийг хүссэн юм. Энэ хэцүү цаг үед яаж зовж биднийг өсгөж байгааг нь ойлголгүй, яаж мөнгө олохын төлөө зүтгэж байгааг нь анзааралгүй хөл хорионы үед ч гэртээ тогтохгүй байна хэмээн зэмлэж, аавыгаа хэцүү байдалд оруулсан. Миний нүдэнд манайх гэж айл энгийн л сайхан дутагдах зүйлгүй. Гэтэл аав гэртээ тогтдоггүй, баяраар ч нэг их байдаггүй. Сая 11 сард хөл хорионы үеэр аавыгаа "Өвчин чирээд ирэх гэж байгаа юм. Ажил чинь орохгүй гэсэн биз дээ? Өөр ажил хийгээд байгаа юм уу. Гэртээ байх тийм дургүй юм уу" гэж хэлж гомдоогоод, гаргаж явуулсан юм тэр өглөө. Дараа нь дөнгөж арван жилийн дунд ангид сурдаг дүү минь намайг зэмлэхэд л орой руу орох шиг болсон. Би ямар тэнэг, харалган юм бэ гэж хорвоогоор нэг хашхирмаар, аавынхаа араас гүйгээд гармаар санагдсан. Бараг л сүүлийн автобусаар гэртээ ирэхэд нь би хоолыг нь аягалж өгөөд, өөр юу ч хэлж чадаагүй. Өдий том оюутан залуу болчихсон байж ийм юм ойлгохгүй, тэгээд бүр дүү минь ойлгосон байхад хажууд нь тийм мунхаг байгаагаа мэдэрсэн болохоор ч тэр үү би ичээд олигтой үг хэлж чадалгүй ор орондоо орсон. Түүнээс хойш би өдөрт хэд хэдэн удаа залгаж, ажил нь хэр байгааг асууж, хоолоо идсэн эсэхийг нь лавлаж, орой болгон яриа өрнүүлдэг болсон. Хүүгээ үнэхээр уучлаарай, аав аа. Бидний төлөө хийдэг бүхэнд тань талархаж байна. Хүү нь дахиж тэнэг зүйл ярьж, таныгаа гомдоохгүй ээ. Би ч гэсэн ядаж нэг дэлгүүрт худалдагч хийгээд тус нэмэр болох болно. Авахаас өөрийг мэддэггүй байж. Үрчлээ нэмэгдэж, өдөр ирэх тусам хөгширч, ядарч байгаа аавыгаа анзааралгүй мөнгийг нь хий дэмий үрж, зүгээр олддог мэт аашилж байж. Шүд нь хүртэл муудаад, өвдөөд байсныг мэдээгүй явсан алдаагаа засаж саяхан эмнэлгээр авч явсан. Бие нь яаж ч өвдсөн хэлэхгүй яваад байгаад нь битүүхэн гомдож, бас анзаараагүй өөрийгөө зүхэж байлаа. Хайртай шүү тандаа! Бас дүүдээ баярлалаа. Тийм хэрсүү, ухаалаг болон өсөж, надад бурууг минь ойлгуулж байгаад баярлалаа. Дэргэдэх хоёр эрдэнийг би чадлаараа хайрлах болно оо.

-Магсаржав овогтой Энх-Эрдэнэ

7. 2020 он надад олон шинэ өөрчлөлт, ололт амжилтыг, ухааралтай хамт хайрлалаа. Хавар Магистрын зэргээ амжилттай хамгаалснаар ажилдаа жинхлэгдэх боломжийг надад авчирсан. Даанч жинхлэх шалгалтдаа сайн бэлдээгүйгээс болоод тэнцээгүй ээ. Дараагийн удаа илүү хичээж шалгалтдаа заавал тэнцэнэ ээ. Баяр баяслыг ухааралтай хамт бэлэглэсэн хэрсүү саарал Хавар чамд баярлалаа.

Зуны гурван сард харин хайртай охин болон хамгийн дотнын найзуудтайгаа Хөвсгөл далай, хөдөө нутгаар олон хоногоор амарч зугаалсан. Анх удаа алсын замд машин жолоодон асгарах усан бороо, исгэрэх ширүүн салхинд бартаа саад нь дийлдэхгүй балчиг шавартай Дарханы замд төөрч будлин явсан минь надад туршлага болсон юм. Залуу насны эрч хүчийг мэдэрч, зорьсон газартаа нуруугаа чилээн байж хүрч очсон газар минь надад гайхамшигт сайхан байгалийг мартагдашгүй сайхан дурсамжтай бэлэглэсэн юм. Хөөр хөгжөөн, адал явдлаар дүүрэн гаатай ногоон Зун чамд баярлалаа.

Намар бид үр жимсээ хураадаг шиг манай ажил өмнөх жилийн хийж бүтээсэн ажил үйлсээ дэнслэн шилдгүүдээ өрсөлдүүлэн тодруулдаг юм. Ажилдаа ороод удаагүй байгаа ч шилдэг ажилтнаар шалгарсан минь бүтэн жилийн ажлын үр шимийг сая сая төгрөгийн шагналтай, сайшаал магтаалын урамтай, хамт олны хүндлэлтэй, хайртай хүмүүсийн минь бахархалтай цуг хүртээсэн юм. 

Халуун намрын баяр үүгээр ч дууссангүй. Хайртай бүсгүй минь надад хөл хүнд болсноо дуулгалаа. 29 насандаа хамгийн том бэлгийг авлаа. Хоёр талын ээжүүд маань энэ сайхан мэдээг нүдэндээ нулимстай сонслоо. Нүдэнд амьдрал харагдаж, толгойд ирээдүй бодогдоно. Өөрийн амьдралдаа нэгэн том хуудсыг шинээр нээж байгаа минь мэдрэгдэнэ. Амжилт ололтын хур буулгасан, амраг бидэнд үр заяасан, амьдралын утгыг мэдрүүлсэн алтан Намар чамд баярлалаа.

Өвөл бид бүгд хөл хорионд. Ажлаа гэрээсээ хийнэ. Гадуур гарч ороход хэцүү. Азаар хонгор түүний минь гэр манайхаас холгүй учир бидэнд уулзахад хүндрэлгүй. Долоо хоногийн гуравт нь тэр манайд надтай хамт байна. Ирээдүйн амьдралаа хамтдаа төсөөлж, хэвлийдээ бага багаар томрох үрээ хамтдаа ажиглан хүйтэн өвлийг дулаан гэртээ өнгөрөөж сууна. Хахир хүйтнийг, хэцүү өвчнийг, хөл хориог бид энэ өвөл мэдэрч байгаа ч хайртай хүмүүстэйгээ халуун бүлээрээ хамтдаа жарган өнгөрөөх цагийг бидэнд өгсөн цасан цагаан Өвөл чамд баярлалаа.

Хүн төрөлхтнийг сэрээсэн 2020 он надад баяр баясал, уйтгар гуниг, сургамж, ухаарал, хариуцлага, хайр сэтгэл, аз жаргалыг бэлэглэлээ. Энэ бүхнийг надтай хуваалцсан энхрий хайрт амраг чамдаа намайг ойлгож, надад итгэж, намайг хайрладагт чинь баярлалаа! Аз жаргалтай ирээдүйг хоёул хамтдаа бүтээцгээе!

-М.D <3 

8. Энэ жил би төгсөх ангид орсон юм. Өмнө жилийн мэдлэг дутуу манай үеийнхэн энэ намар хичээлүүдээ их шахуу үзсэн. Ядаж байхад би дөрвөн хичээлээр ЭЕШ өгөх болохоор бүр их хичээх хэрэгтэй байгаа. Нэг шөнө бараг унталгүй хичээлээ хийгээд өглөө нь сэрүүлгээ сонсолгүй унтчихсан. Яарсан хүн гарах гэтэл ээж "Цайгаа уучхаад яв, ажил нь бүтэхгүй" гээд болдоггүй. Би ээжид уурлаад хаалгаа саваад гарсан. Орой гэртээ орж ирэхэд "Ээж нь ажил ихтэй оройтох байх. Плиткэн дээр хоол байгаа, халаагаад идээрэй" гэсэн зурвас ирэхэд тэсэлгүй уйлчихсан. Би л ядарч байна, хэцүү байна гэж гомдоллож байснаас ээж бас ажил хийдэг, ядардаг, намайг ганцаараа өсгөх гэж зовдог гэж урьд нь сайн бодож үзээгүй юм билээ. Шөнөжин хичээлээ хийхээр надад санаа зовоод унтдаггүй хөрвөөдөг байсныг нь ч мэддэггүй би тэнэг охин. Тийм болохоор хамгийн ихээр ээждээ бүх зүйлд уучлаарай бас баярлалаа гэж хэлмээр байна. Охин нь таны бүх ачийг хариулж чадахгүй ч цаашид санааг тань зовоохгүй тайван амьдруулж, сайн яваагаа харуулах болно оо. Хайртай шүү ээж ээ ❤

-Н.Энхжин 

9. Амьдрал биднийг магтаж сайшаах биш үнэнийг хэлж шүүмжлэх хүмүүсээр дутдаг. Өнгөрсөн зун би нэг тийм хүнтэй таарсан юм. Ярилцах, найзлахад таатай байдаг тийм хүн. Хааяа загнуулах, үнэнийг сонсох таатай байдаг бүр сэтгэл сэргэдэг. Одоо чамтай утсаар ярьж уулзахаа больсон ч чи миний хувьд эрхэм хүн хэвээрээ байгаа шүү. Би чамтай танилцаж найзалсандаа баяртай байдаг. Чамд БАЯРЛАЛАА. Чи бол зүгээр нэг шүүмжлэх биш сайн сайхан чанарыг ч ярьж өгдөг тийм ухаалаг хүн.

-Г.Ганбат

10. Аав минь өөд болж, оршуулах үед нагац ах нийлээд удаагүй эхнэртэйгээ цуг ирснийг би мартдаггүй юм. Аавтай нэг ч удаа уулзаагүй хэрнээ хүндэтгэж, эцсийн замд нь үдэж өгсөн учраас бэр эгчдээ би хязгааргүй баярладаг. Аав минь тэнгэрт дэвшээд найман жил өнгөрчээ. Энэ хугацаанд эгч минь гурван хөөрхөн хүүхэд төрүүлж, ураг удмыг минь тэлж өгсөн. Он солигдох мөч хором хормоор ойртож байгаа шиг эгчийн амь нас ч минут, секундээр хэмжигдэж байна. Дөчин насыг шүргэхдээ дөрвөн сайхан үр төрүүлжээ Та минь. Хэдийгээр бичсэн зүйлийг минь унших боломжгүй байгаа ч гэсэн яг одоо л бичих ёстой үе минь бололтой. Ганжаа эгчээ тандаа баярлаж явдаг шүү. Бас хайртай!

-Нэрээ нууцалсан

11. Уучлаарай ханиа бас баярлалаа. Хол байна гэдэг маш том шалгуур бас сургамж байдаг юм байна. Миний мэддэг, харсан бүхэн зөндөө л гэж бодож явлаа. Тэгсэн амьдрал дээр үнэхээр өчүүхэн байж. Ханийгаа жаргаана аа, зовлонг нь хамт үүрнэ ээ гэчхээд тэгж чадсангүй. Өөрийн түр зовлонг дааж давашгүй мэт, чиний өмнөөс үүрч явна гэж ялархаж байжээ би. Энэ бүхнийг ухааруулж чиглүүлж өгсөнд баярлалаа. Бүх зүйлд баярлалаа.

-Б.А

Шинэ он гарах мөчтэй зэрэгцэн та хамгийн хайртай хүмүүстээ БАЯРЛАЛАА, УУЧЛААРАЙ, бас ХАЙРТАЙ ШҮҮ гэх үгсээ харамгүй хэлээрэй. Энэ нийтлэлд оролцсон зоригтой, сэтгэлтэй та бүхэндээ баярлалаа. Хайртай хүмүүст нь хэлэх гэсэн үг нь хүрч, зүрхэнд нь хайр, итгэл бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна. 

2021 ондоо дэргэдэх хүмүүсээ илүү хайрлацгаая! Шинэ жилийн мэнд хүргэе.   

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
2024.04.05
UB.LIFE-ийн түүхүүд | Хаврын хайрын баяртай, гунигтай 8 ТҮҮХ
3
2023.11.21
Ub.life-ийн түүхүүд | Аз жаргал авчирсан анхны хадгаламжийн түүхүүд
санал болгох
1
8 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
12
0
2
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Унших дуртай 2021.01.09 172.69.252.145

ub.life niitleluud ih goy yumaa, unshih durtai shuu. Niitlelch Anhzayadaa ih bayrlalaa

0 Хариулах


Зочин 2020.12.31 162.158.7.80

Yg iim udur heregtei gaiham niitlel bailaa. Bayarlaaa!

0 Хариулах