Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Шударга ёс үгүй бол энх тайван үгүй : Хэн ч буруугүй юм бол Бреонна яагаад үхэв?


Лхагва гарагийн шөнө АНУ-ын хэд хэдэн хотод бослого хөдөлгөөн өрнөж, зарим хотуудад онц байдал зарлалаа. 6 сарын өмнө Кентаки мужийн Луисвилл хотод шөнө гэртээ унтаж байсан 26 настай Бреонна Тэйлор бүсгүйн гэрт цагдаа нар нэгжлэг хийх нэрээр дайран ороход, бүсгүйн найз залуу гэнэтийн дайралтаас айн гал нээснээр цагдаа нар хариу буудалцаан өрнүүлж, гэм зэмгүй эмэгтэйн аминд хүрсэн билээ. Дотоод дахь арьс өнгөний үзлээс улбаатай гэж үзэж буй энэ хэргийг хагас жил дээр дооргүй хэлэлцэж, цагдаа нарын гарт амиа алдсан бусад хар арьстнуудын амийг хамтатган нэхэж, олон жагсаал цуглаан өрнөснөөр эл явдал нийгмийн анхаарлын төвд ороод байв. Тэгвэл Лхагва гарагт Жефферсон тойргийн тангарагтны шүүхээр уг хэргийг хэлэлцээд эмэгтэйн аминд хүрсэн цагдаа нарт ял оноох үндэслэлгүй хэмээн үзсэн байна. Нэгжлэг хийхээр дайран орсон гурван цагдаагийн нэгэнд ажил үүргээ хариуцлагагүй байдлаар гүйцэтгэж, баримжаагүй буудаж оршин суугчдыг аюулд учруулсан үндэслэлээр ажлаас нь халах шийтгэл ногдуулж, нөгөө хоёрыг нь буруутгах шалтгаан байхгүй хэмээж. Учир нь Тэйлорын найз залуу эхэлж гал нээсэн тул цагдаа нар аргагүй хамгаалалт хийсэн, харин ажлаас халагдсан офицерын хувьд хаалга цонх гэх мэт газар руу баримжаагүй буудаж, оршин суугчдын аюулгүй байдалд халдаж, ажилдаа хайнга хандсан нь алдаа болсон гэжээ. Нэг ёсондоо Тэйлорын амь насанд хэн ч шууд хариуцлага хүлээхгүй гэсэн үг юм. 

Шүүх хурлаас өмнө хотын захиргаанаас талийгаачийн гэр бүлд 12 сая долларын нөхөн төлбөр олгохоо мэдэгдсэн. Гэвч энэ мөнгө гэмгүй иргэнийг хөнөөсөн цагдаагийн офицеруудын үйлдэлд төлөөс болж чадахгүй гэж эсэргүүцэгчид үзэж, Тэйлорын амь насанд хариуцлага хүлээх хэн нэгнийг шаардсаар байна. Мөн хотын цагдаагийн албаныхан аливаа нэгжлэг хийхдээ дайран орохгүй, тайван замаар нэгжих шийдвэрийг тавдугаар сард гаргасан. Гэвч энэ шийдвэр бас л хангалтгүй байна. Учир нь Бреонна Тэйлорын хэргээс хоёрхон сарын дараа Миннеаполис хотын цагдаа нар Жорж Флойд хэмээх хар арьст эрийг хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийхийг завдсан хэмээн баривчлах явцдаа амьсгалыг нь боогдуулж, зүрхний шигдээст хүргэн хөнөөсөн видео бичлэг олонд хүрч ард иргэдийн уур бухимдлыг нэмж өрдөв. Түүнчлэн сарын өмнө Висконсин мужийн Кеноша хотод мөн л нэгэн хар арьст эрийг ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй байхад нь машины арын суудалд сууж явсан гурван хүүхдийнх нь нүдэн дээр долоон удаа буудаж хөнөөсөн бичлэг цацагдаж олныг цочроолоо. 

Хар арьстнуудын эсрэг цагдаа нарын харгислал хэрээс хэтэрсэнд уурссан иргэд ийнхүү нэгдэн нийлж бүхэл зунжин жагсаал цуглаан хийсэн юм. Харин өчигдөр шөнө шүүхийн шийдвэртэй санал нийлээгүй хүмүүс Луисвилл хотын гудманд гарснаар замбараагүй байдал үүсч, жагсагчид хоёр цагдаа руу гал нээн, хүнд хөнгөн шархдуулсан ба цагдаад халдсан этгээдийг баривчилжээ. Тус хотод 72 цагийн онц байдал зарлаад буй. Энэхүү эсэргүүцлийн арга хэмжээ хүчээ авч Денвер, Вашингтон, Сиаттл, Портланд, Даллас, Лос Анжелес гэхчлэн олон том хотод мянга мянган хүн оролцсон жагсаалууд үргэлжилсээр байна. Жагсагчдын асууж буй ганц зүйл “Хэн ч буруугүй юм бол яагаад Бреонна үхсэн юм бэ?” гэх асуулт юм. Шүүх хурлын дүн хүний амь хохирсонтой шууд холбоогүй, зөрчлийн арга хэмжээ авч буйтай ижил гарсан нь үүнд нөлөөлж байна. 

Тэйлорын ээж хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Охин минь амиа төлөөд ч шударга ёсыг эдэлж чадсангүй. Тиймээс би тангарагтны шүүхийн бүх үйл явцын материалыг дэлгэх шаардлага тавьж байна” хэмээж.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
23 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
Өчигдөр
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
23 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
2
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.