Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Сонгогчийн тэмдэглэл: Саналаа өгөхөөр явсан нь


Ub.life сайтын хамт олон өнөөдөр Төв аймаг, Улаанбаатар хотын төвийн болон захын дүүргийн санал авах байруудаас сурвалжлага хийхээр өглөө эртлэн тал тал тийш гарцгаасан юм. Би гэрэл зурагчин Суникотой хамт өглөө 07 цагийн үед Баянзүрх дүүргийн хоёр хэсгийн санал авах байраар очиж, санал хураалтын нээлтийн үйл явцыг сурвалжлаад ирэв. 07:15 гэхэд хүмүүс хэдийн санал авах байрны гадаа дугаарлаад зогсож байсан шүү. 

Харин Сунико бид хоёр саналаа өгч амжаагүй учраас саналаа өгөнгөө сурвалжлага хийхээр 09:50 цагийн үед Улиастай руу явахаар боллоо.   

Би Баянзүрх дүүргийн 23-р тойргийн сонгогч. Манай тойрогт нийт 111,938 сонгогч нэрийн жагсаалтад бүртгэгдсэн бөгөөд гурван мандатын төлөө улс төрийн нам, эвслийн 24, бие даагч 12 хүн нийтдээ 36 нэр дэвшигч өрсөлдөж байгаа. 

Бид хоёр гадагшаа гарч такси барин Улиастайн эцсийн 87-р сургууль руу явахаа хэлэв. Жолооч ахыг Н.Баатархүү гэх бөгөөд саналаа хэзээ өгөх талаар эхнэртэйгээ хэлэлцэж, бидэнтэй ойр зуурын юм ярьсаар зорьсон газраа ирэв. Зам санасныг бодоход түгжрэл багатай байсан ч Улиастайн эцэст ирэхэд машинууд холхилдож, хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Өрхийн эмнэлэгт, сургууль, цэцэрлэгийг оролцуулаад тэр хавьд гурван ч санал авах хэсгийн байр байх аж. 

10:21 цаг гэхэд санал авах байранд ирж бүртгэлээ баталгаажууллаа. Журам ёсоор үүдэнд биеийн халуун хэмжиж, гар ариутгав. 

"Надад нэг санал байна" аяны хүрээнд бид тэгш байдал, хүртээмжийг онцолж хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгуульд хэрхэн оролцож байгааг сурвалжилсан юм. (ЭНД бас ЭНД дарж тэгш оролцооны талаарх сурвалжлагуудыг уншаарай   ) Тиймээс би сонгуулиа өгөхөөр очихдоо санал авах байрны дэд бүтцийг анзаарч, харааны болон тулгуур эрхтэний бэрхшээлтэй иргэд, өндөр настай хүмүүс орж гарахад хэр боломжтойг харлаа. Үүдний хэсэг налуу тавцантай бөгөөд санал өгөх танхим хүрэхэд шатаар өгсөж, уруудах шаардлагагүй тул хүндрэл харьцангуй бага байв. 

ЗурагТайлбар



Хурууны хээгээ уншуулах үед иргэний үнэмлэхний зураг дэлгэцэнд томоор гарч ирсэн учраас Суникогоос тэр хэсгийн зургийг авахгүй байхыг хичээнгүйлэн хүсэв.   

Үүний дараа хэсгийн ажилтнаас нэг удаагийн бээлий авч хоёр дугаартай ширээнд очин гараа үсгээ зураад, саналын хуудсаа авлаа. Энэ үед санал авах хэсгийн ажилтан Сунико бид хоёрыг 1.5 метрийн зайтай байхыг сануулсаар байлаа. (Нэг таксинд  хамт суугаад ирсэн гэдгийг мэдэхгүй байсан болохоор  ) Сургуулийн заал том учраас зай барих зөвлөмжийг мөрдөхөд ямар нэгэн хүндрэл гарсангүй. 

ЗурагТайлбар






Би саналын хуудсаа барьсаар бүхээгт очиж нэр дэвшигчдээс гурвыг нь дугуйлаад машинд хийж уншуулав. Өмнө нь хэд хэдэн удаа саналаа өгч байсан туршлагатай учраас нэр дэвшигчид, намын мөрийн хөтөлбөр, амлалтуудыг нухацтай судалсны үндсэн дээр сонголтоо хийлээ. Сонгуульд оролцоно гэдэг нь нэг талаас Үндсэн хуулиар олгогдсон эрх хэдий ч нөгөө талаар миний дэмжиж буй нэр дэвшигч заавал сонгогдох албагүй тул олонхийн саналыг хүндэтгэж хүлээн авна гэж бодсоор заалнаас гарч явлаа.   

ЗурагТайлбар






10:30 цагийн байдлаар манай хэсгийн санал авах байрны ирц 10.3 хувьтай байлаа. 

Санал авах байрнаас гарч явахад борооны ус тогтсон, шавар шалбааг ихтэй байсан юм. 

ЗурагТайлбар



Сунико бид хоёр явахаасаа өмнө хэд хэдэн сонгогчтой уулзаж сэтгэгдлийг нь сонссон юм.

М.Оюунчимэг "Би хүү, охин хоёртойгоо хамт саналаа өгчихөөд явж байна. Өнөөдөр төрд өөрсдийн төлөөллийг сонгох чухал сонголт хийж байна шүү дээ. Тиймээс эцэг эхчүүдийг анх удаа сонгууль өгч байгаа хүүхдүүдээ идэвхтэй дагуулж ирээсэй гэж хэлмээр байна. Манай хоёр хүүхэд ч энэ жил анх удаа саналаа өгч байгаа" гэлээ. 

А.Билэг "Энэ бол миний анхны сонгууль. Аав, ээж хоёр минь энэ жил сонгуулийн кампанид ажиллаж таарсан учраас би тэдэнд тусалсан юм. Ингэж явахдаа л сонгуульд оролцох нь яагаад чухал болохыг илүү сайн ойлгосон. Нөгөөтэйгүүр саналаа өгнө гэдэг бол манай улс цаашид аль замаар, яаж явах вэ гэдгийг шийдэж буй чухал үйл явц учраас хүндэтгээд дээлээ өмсөж ирсэн." 

П.Өнөрбат "Энэ жилийн сонгуульд урьд урьдныхаасаа илүү зохион байгуулалт сайтай, иргэд ч идэвхтэй оролцож байгаа юм шиг санагдаж байна. Өмнө нь саналаа өгөх гэж ингэж дугаарлаж зогсож байснаа огт санахгүй байна. Заал чөлөөтэй, шууд ороод л саналаа өгдөг байсан. Бас эмэгтэйчүүд олноороо үндэсний хувцсаа өмссөн байхыг харах сайхан байна. Залуустаа хандаж хэлэхэд, төр засаг муу ажиллаж байна гэж шүүмжлэхээсээ өмнө нь саналаа өгөөрэй. Сонгуулийн ирцийг харж байхад 45-аас дээш насныхан сонгуульд илүү идэвхтэй оролцож, тэдний сонголтоор үндсэндээ төр засаг бүрэлдэж байна. Залуучууд идэвхтэй оролцож байж л хүсэж байгаа төр засаг, нийгмээ бүтээхэд нөлөөлж чадна шүү дээ" гэсэн юм.

З.Энхцогт "Өмнөх сонгуулиар ажилтай байсан болохоор саналаа өгч чадаагүй ээ. Тиймээс энэ жил өглөө эрт саналаа өгөхөөр зорьж ирлээ. Одоогийн нөхцөл байдлыг эргэж нэг дүгнээд, сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж үеийнхээ залуустаа гэж хэлье дээ." 

ЗурагТайлбар



Сонгуулийн ажиглагч  Ч.Ичинхорлоо 

Сонгогч Ж.Батсайхан нөхрийн хамт


За эцэст нь бид хоёр "Улиастай - Дэнжийн мянга" чиглэлийн 31 дугаарын автобусанд суун ажлын зүг хөдөллөө.   

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2023.03.30
Сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар залуусын мэдвэл зохих 5 зүйл
2
2022.06.15
"Би Нэгдий" залуусын өдөрлөгөөс онцлох нь: Юу болж өнгөрөв?
3
2022.06.11
"Би Нэгдий" залуусын өдөрлөг амжилттай явагдаж өндөрлөлөө
санал болгох
1
1 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
3 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
6 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.