Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

СУУТНЫ ДУРЛАЛ: Сальвадор Дали ба үзэсгэлэнт Гала


“Алдар суутай хүний ард ухаалаг хань байдаг” гэх үг бий. XX зууны нөлөө бүхий уран бүтээлч Сальвадор Дали, түүний хүн төрөлхтөнд үлдээсэн урлагийн үнэт өв үүний тод жишээ билээ. Түүний эхнэр, үзэсгэлэнт Гала байгаагүй бол Дали хэзээ ч урлагийн бэлгэ тэмдэг “Сальвадор Дали” болохгүй байсан ч байж мэднэ.

  Гала Сальвадор Далитай учрахаас өмнө Елена Ивановна Дьяконова гэх нэртэй, зураач Макс Эрнестийн эхнэр байлаа. 10 насаар эгчмэд, нэг охинтой, хэдийн гэрлэсэн бүсгүйг Дали 1929 онд буюу анх хараад л дурласан гэдэг.  “Анхны дурлал. Тэр миний Градива*, миний ялалт, цэцэглэлт, үүрдийн эхнэр минь” хэмээн Сальвадор Дали захидалдаа дурдсан нь түүний намтраас сэдэвлэсэн “Secret Life of Salvador Dali” номд бичигдэн үлджээ. Ингээд л танилцсан даруйдаа Гала Далигийн онгодыг хөглөгч “муза” болох нь тэр. Далигийн Галатай уулзсанаас хойших бүхий л уран бүтээлд Галагийн дүр мөнхлөгдсөн бол Галаг нас барснаас хойш агуу зураач уй шаналлаа үл дийлэн уран бүтээл туурвих хүсэлгүй болсон гэдэг.

  1930-аад оны эхээр, Дали бүтээлдээ гарын үсгээ зурах зуураа Галад хандан “Чиний хүчээр би бүтээсэн” гээд хоёр биенийхээ нэрийг бичих гэхэд Гала дүрсхийн уурлаж, уран зургийн галерейн эзэд, худалдан авагчдад хандан зөвхөн Далигийн нэртэй зургийг л авахыг шаардах болно хэмээн эсэргүүцжээ. Гала тийм л хурц, өөрийнхөөрөө хэгжүүн зантай, ядуу буурай өссөн ч өндөр боловсролтой, хувцас муутай ч язгууртан мэт биеэ авч явдаг эрхэмсэг бүсгүй байлаа. Бүсгүйн хурц атлаа энхрий ялдам байдал Далигийн уран бүтээлийн чиг замыг заагч, хөглөгч болон, Далигийн цэцэглэлтийн он жилүүд үргэлжлэв.

  “Галаг би гэрэлтүүлж, байж болох хамгийн жаргалтай нэгэнд хувиргаж, өөрөөсөө ч илүү халамжлах болно. Ингээд л боллоо” гэж Дали хэлж байв.  Хайр дурлал гал мэт асч, Муза тэнгэрээр хөглөгдсөн Дали үеэс үед дуурсагдах сод бүтээлүүдээ зогсоо зайгүй цувруулан туурвих болжээ. Гэсэн ч юу ч үүрд мөнх үргэлжилдэггүйн адилаар ассан гал, гэрлэсэн хоёрын хайр дурлал 9 жилийн дараа илчээ алдан, царцаж эхлэв.
  1968 онд Гала залуу зураачтай нэр холбогдох болж, Далигийн хөрөнгөөр Грона хотод залуу амрагтаа цамхаг худалдан авч өгчээ. Тэгээд түүний зөвшөөрөлгүйгээр хаашаа ч явахгүй гэх ам өчгийг нь авсан байна. Харин Дали үй түмэн залуу охидтой “дурлал бүтээн”, тэдний гоо үзэсгэлэнгээс өөр юу ч үл хүсэн, нэгээс нөгөөд хумхын тоос адил уйман шилжиж байв. Гала ба Далигийн хамт атлаа тусдаа он жилүүд үргэлжилсээр...
  1980 онд 76 нас хүрсэн Дали саа өвчний улмаас гартаа сойзоо ч барьж чадахаа болив. Тэдний ойр дотнынхны бичиж үлдээснээр Гала Далиг хөгширч, чадал муутай, хүлцэнгүй дорой болохын хэрээр түүнээс холдолгүй асран сувилж байсан ч “цор ганц” бүтээгдсэн зургуудыг нь өндөр үнээр худалдаалан, залуу амрагууддаа бэлэг болгон өгдөг байжээ. Нэг өдөр залуу зураач эгчмэд амрагтаа хилэгнэн хоёр хавиргыг нь хугалж орхисноор Гала түүнд нойрсуулах эм өгч орхив. Зуурдын дурлал энэ хүрээд өндөрлөж, Галагийн сэтгэл эргэн Далид ирэх нь тэр.
Зурагт: 1947 онд Сальвадор Дали өөрийн намтар, туршлагаас сэдэвлэсэн “50 Secrets Magic Craftsmanship” гэх өөрийн зураг бүхий номоо бичих үеэр. Дел Монте зочид буудал. 

Гала 1982 оны зургадугаар сарын 10-нд уушгины хатгааны улмаас хорвоог орхижээ. Үүнээс хойш Далигийн амьдрал нуран унасан гэдэг. Уран бүтээлээ туурвих бүү хэл, хоол унднаас ч гарч, сэтгэл санаа нь цаг зуур хувьсхийн өөрчлөгдөж, өдөр шөнөгүй чанга хашхичин уйлах болж, Галагүй 7 жилийг уй гашуу дунд өнгөрөөсний эцэст суут Сальвадор Дали 1989 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр тэнгэрт оджээ.

Дали Гала хоёрын хамтын амьдрал 53 жил үргэлжилсэн юм.


* Зохиолч Вилхелм Йенсений “Градива” романаас сэдэвлэн Дали хайрт бүсгүйгээ ийн нэрлэдэг байжээ. Тус романд Градива гэх баатарлаг бүсгүй гол дүрийн эрд бие, сэтгэлийн анагаах чадал өгч буй тухай өгүүлдэг. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
3 өдрийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
2024.04.22
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
санал болгох
1
6 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.