Хайх зүйлээ бичнэ үү

17 мин

UB.LIFE-ийн түүхүүд: Нийгмээ өөрчлөх боломж хүн бүхэнд байдгийг баталсан 3 СОНИРХОЛТОЙ ТҮҮХ

Нийгэмдээ эерэг өөрчлөлт авчрах боломж хүн бүхэнд байдгийг баталсан бодит түүхүүд


Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн (БНОУХ), ЛИЙД Төгсөгчдийн Холбооны хамтран хэрэгжүүлж буй DREAM төслийн хүрээнд та бүхэндээ залуусын дуу хоолойг хүргэж байна. Энэ удаа бид нийгэмдээ эерэг өөрчлөлт авчрахын тулд өөрийн биеэр оролцож, дуу хоолойгоо хүргэн, хүн бүхэнд боломж байдгийг харуулж чадсан гурван залуугийн түүхийг хүргэж байна.


 Р.Мөнхзул: Би туршлагаа бусадтай хуваалцъя л гэж бодсон. Болдог гэдгийг ойлгог

Хуульч

Би өнгөрсөн зургаадугаар сард гэр бүлээрээ Дундговь явсан. Луус, Өлзийт сум руу зам нь маш их эвдрэлтэй байсан болохоор давхих арга байхгүй. Нүх сүвийг нь тойроод л яваад байлаа. Тэгтэл дугуй хагарчихсан. Дугуйгаа солиод цаашаа явж байтал Өлзийт сум өнгөрөөд дахиад хагарчихсан. Хагарсан хоёр дугуйгаа харсан чинь яг бөөрөөрөө язарсан байсан л даа. Эвдэрсэн замаасаа гарч шороогоор хэсэг яваад буцаад асфальтан зам руу ороход ирмэг дээр нь цохигдож, дугуйг огтолчихсон гэсэн үг л дээ. Ингээд дугуй байхгүй болохоор хээр хоносон.

Азаар замд тээврийн жолооч найзтайгаа тааралдаад найз маань шөнөдөө Өмнөговь орж, машиныхаа 2 дугуйг өглөөний шуудангийн автобусанд дайж явуулсан. Дугуйгаа зам тосч, аваад сольсон чинь боолт нь таараагүй. Аргалж боогоод аваараа татаж, 10 км/цагийн хурдтай сажилж явсаар байгаад Дундговь ороод боосон юм. Ингээд хотод буцаж ирээд цоо шинэ 4 дугуй авсан. Эхний дугуй хагарахад юм бодоогүй ч төд удалгүй хоёр дахь нь хагарахад л асуудал үүсэж байгаа юм л даа. Нөгөөтээгүүр миний дугуйнууд хуучин биш. Зам дээр зүгээр явсныхаа төлөө хохирмооргүй санагдсан. Ингээд л буцах замдаа замынхаа бүх бичлэгийг хийж, зургийг нь авсан.

Бид нар жил бүр замаар явсан, эсэхээсээ үл хамаараад төрийн албадлагаар татвараа төлдөг. Нэгэнт татвараа төлсөн юм чинь стандартад нийцсэн замтай байх ёстой

Шүүхэд хандахын тулд бүх баримтаа бүрдүүлэх хэрэгтэй. Би ямар баримтууд цуглуулсан гэхээр нэгдүгээрт, эхний дугуй хагарахад шатахуун зөөдөг машинууд тааралдсан юм. Тэд нар дугуй солиход тусалсан болохоор гэрчээр жолоочийг нь дуудсан. Намайг хэр хурдтай явсныг, замын нөхцөл байдал ямар байсан, дугуй яг хагарсан байсан уу, үгүй юу гэдгийг гэрчилнэ шүү дээ. Хоёрдугаарт, дугуй явуулсан найзынхаа нэр, утасны дугаарыг бичсэн. Гуравдугаарт, шуудангийн автобусны дугуурыг жолоочийнх нь дугаартай тэмдэглэж, 212 гэсэн замын дугаартай хэсэгт надад дугуй буулгаж өгсөн болохоор тэр тэмдгийн дугаарыг бичсэн. Дундговиос авсан боолтныхоо болон хотод ирээд авсан 4 ширхэг дугуйныхаа баримтыг хавсаргаж, бүрдүүлсэн л дээ. Дөрвөн дугуй авсан газартаа би Дундговь руу явахынхаа өмнөх өдөр очиж, дугуйнуудаа шалгуулж, запас дугуйгаа янзлуулчхаад гарсан. Тэр баримтаа мөн хавсаргасан. Хагарсан хоёр дугуйгаа гол нь хаяагүй. Эдгээр бүх баримтаа бүрдүүлээд Авто замын тухай хуулийн дагуу Зам, тээвэрийн хөгжлийн яам нь Монгол Улсын бүх зам дээр бодлого хэрэгжүүлдэг төрийн хамгийн том байгууллага. Тийм болохоор би яамыг хариуцагчаар татаж, яамны оршин байгаа дүүргийн Иргэний хэргийн шүүхэд хандсан. Ингээд нэхэмжлэх бичихдээ бүх баримтаа хавсаргаад үйл явдлаа бүгдийг нь дурдаж, дугуйныхаа мөнгийг нэхэмжилсэн. Бид нар жил бүр замаар явсан, эсэхээсээ үл хамаараад төрийн албадлагаар татвараа төлдөг. Нэгэнт татвараа төлсөн юм чинь стандартад нийцсэн замтай байх ёстой. Стандартад нийцсэн замгүй болохоор хохирлоо төлүүлэхийг шаардах асуудал гараад ирж байгаа юм. Ийм үндэслэлүүдээр шүүхэд хандсан. Гэтэл яамнаас замын компаниуд манайхтай гэрээгээр ажилладаг. Дундговийн замыг нэг компани хариуцаж байгаа учраас тухайн компани буруутай гэсэн утгатай тайлбар өгсөн. Тэгэхээр нь би яам дээр нэмээд компанийг хариуцагчаар татсан. Ингээд тус компаниас надтай холбогдож, учир байдлаа тайлбарлалаа. Дундговийн замын эвдрэлийн гол шалтгаан нь Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор үйлдвэрлэж буй шахмал түлшний нүүрсийг Өмнөговийн Цогтцэций сумаас Төв аймаг руу том том машинуудаар зөөдөг юм байна. Гэтэл зам нь том машинуудад зориулсан стандартын зам биш болохоор хурдан хугацаанд цөмлөөд эвдэлчихдэг гэнэ. Компаниас яаманд энэ тухай мэдэгдэхээр “Төсөв байхгүй” гэсэн хариулт өгдөг хэрнээ эвдэрсэн замаа та нар засаарай гэсэн үүрэг өгчихдөг юм байна л даа. Тийм болохоор замаа засаад дуусч байтал эхний хэсэг нь эвдэрчихдэг байна. Үүнээс харахад төр буруутай байгаа юм. Үнэхээр хариуцлага байхгүй. Хариуцлагын тухай ярихаар хувийн компани руу түлхдэг. Ингээд хамаг учир зовлонгоо ярьсны эцэст төрийн нэрийн өмнөөс тухайн компани миний хохирлыг барагдуулсан. Би дугуйгаа ашиглачихсан байсан учраас 400 гаруй мянган төгрөг нэхэмжилсэн ч тохиролцоод 300 мянган төгрөг аваад шүүхээс материалаа татсан. Энэ үйл явдал ингээд дуусчихаж байгаа юм.

Иргэдэд замаас болж учирсан хохирлыг шаардах боломж их байгааг аль болох олон хүнд хүргэхийг зорьсон

Замаас болж хохироод түүнийгээ хууль шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлсэн хүмүүс мэр сэр байдаг юм билээ. Иргэдэд замаас болж учирсан хохирлыг шаардах боломж их байгааг аль болох олон хүнд хүргэхийг зорьсон. Зөвхөн дугуйгаар тогтохгүй салхины шил хагарах, явах эд анги эвдрэх, аваар осолд орж эрүүл мэнд, амь насаараа хохирох, цаг хугацаа, орон зай алдах, худалдаа наймааны алдагдалд хүрэх гээд тоочоод байвал дуусахгүй. Ийм олон төрлийн хохирол байдгийг хүмүүс ойлгож, эрхээ хамгаалуулах хэрэгтэй. Хамгийн гол нь баримтаа сайн бүрдүүлээрэй. Видео бичлэг хийвэл бүр сайн. Яагаад гэвэл яамнаас үнэхээр хүнийрхүү, хариуцлагагүй тайлбар ирсэн. “Яг замаас болж дугуй хагарсныг хэн нотлох юм бэ? Явах эд ангийнхаа бүрэн бүтэн байдлыг хангахгүй яасан юм бэ. Яам бол буруугүй” гэсэн утгатай тайлбар өгч байгаа юм. Улсын бүх замын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй байж яагаад буруугаа хүлээхгүй байгаа юм бэ? Асуудалд ийм байдалтай л хандсан.

Энэ мэтээр хүмүүс хохирлоо нэхэмжилж, шийдвэрлүүлээд байвал төр замаа сайжруулахад анхаарал тавина л даа. Хүмүүс ингэж явах нь зөв гэсэн хандлагатай байгаа ч нэг л итгэж өгөхгүй байна билээ. Хохирол барагдуулдаг юмуу, хөөцөлдөхөд маш их ажил болох байх гэсэн байдалтай, итгэл үнэмшил муутай байна. Бид нар төрийн бусармаг үйл ажиллагаанд дасчихаж л дээ. Тийм болохоор би туршлагаа бусадтай хуваалцъя л гэж бодсон. Болдог гэдгийг ойлгог. Нийгмийн сэтгэл зүй үүнийг далд ухамсартаа хүлээн зөвшөөрсөн байна. Зөвхөн зам гэлтгүй утаа, түгжрэл, явган хүний замын тухайд гээд бүх зүйл дээр ярьж болно. Хүрээлэн буй орчин, хүүхдийн эрх, байгаль орчны асуудлаар ТББ-ууд нийтийн сайн сайхны төлөө, нийтийн эрүүл мэндийн төлөө шүүхэд нэхэмжлэл гаргах эрх 2016 онд нээгдсэн. Үүнийг ТББ-ууд хэрэгжүүлэх хэрэгтэй. Олон нийтийнхээ сайн сайхны төлөө Засгийн газрыг хариуцагчаар татаж, шүүхэд хандах эрх нь нээлттэй болсон. 2019 оны арванхоёрдугаар сарын байдлаар нийтийн эрх ашгийг хамгаалсан 12 шүүхийн шийдвэрийн ихэнх нь хууль бусаар зөвшөөрөл авсан уул уурхайн компаниуд байгаль орчныг сүйтгэж байна гэсэн асуудлаар гарсан байсан. Одоо бол утаа, гол ус, тоосжилт, дуу чимээний бохирдол, хөрсний бохирдол, цөлжилт гээд илүү өргөн хүрээнд нийтийн сайн сайхны төлөө ТББ-ууд шүүхэд хандаж, нэхэмжлэл гаргаасай гэж бодож байна.

Х.Баасанжаргал: Өвлийн морин уралдаан хүүхдийн эрхийн зөрчил болохыг бүх түвшинд хүлээн зөвшөөрсөн 

“Хөгжлийн шийдэл” ТББ-ын нөлөөллийн зохицуулагч 

Хурдан морь унаач хүүхдийн асуудлыг 2000 оны эхэн үеэс манай улсын ТББ-уудаас эхлээд Хүний эрхийн үндэсний комисс зэрэг олон улсын хэмжээнд ярьж эхэлсэн. НҮБ-аас уламжлал хэмээх нэрийн дор хүүхдийн эрхийг зөрчиж болохгүй талаар Засгийн газарт  сануулга ч хүргүүлж байсан юм билээ.
ТББ-уудаас олон жилийн турш өвлийн морин уралдааны унаач хүүхдүүдийн эрхийн талаар төрийн байгууллагуудад шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн ч таслан зогсоож чадахгүй л байсан. Үүний цаана уяач, хурдан морьдын эзэд болон морь малны тэжээлээс эхлээд эдийн засгийн үр дагавартай асуудал байдаг болж таарсан л даа. Соёлоос гадна удаан хугацаанд эдийн засгийн хөшүүрэгтэй ажилладаг тогтолцоо болсон байсан. Би өөрөө маргаанд орж, нэлээн судалж байж үүнийг ойлгосон. Хэрэг шийдвэрлэгдэж байх үед Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд маш чухал өөрчлөлт орсон. Юу гэхээр, ТББ-ууд нийтийн эрх ашгийг төлөөлөөд Захиргааны шүүхэд төрийн байгууллагын хууль зөрчсөн шийдвэр, үйл ажиллагааны эсрэг нэхэмжлэл гаргах эрхтэй болсон. Хуульд орсон энэ өөрчлөлт нийгэмд маш эерэг өөрчлөлтийг тодорхой хэмжээнд авчирсан. ТББ-ууд олон нийтэд хууль зөрчсөн аливаа зүйлийг таниулахаас гадна шүүхээр дамжуулж таслан зогсоох хэмжээний эрх нь хуулиар олгогдсон гэсэн үг.
Тэгээд энэ хуулийн дагуу хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 8 төрийн бус байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би тэр үед “ELC” хуулийн фирмд өмгөөлөгчөөр ажиллаж байсан юм. Тэгээд энэ асуудлаар ТББ-уудаас надтай холбогдоод хамтарч ажиллахаар болсон л доо. Тэдэнд олон жилийн турш судалсан хангалттай материал байсан болохоор шүүхэд нотлох баримтын шаардлага хангаж өгөх л хэрэгтэй байсан юм. Процессыг нь зөв явуулах, материалын нотлох баримтын шаардлагыг хангах нь миний үүрэг байлаа.

Иргэний нийгмийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд нийгэмд ямар чухал оролцоотой гэдгийг мэдэрсэн

Энэ кейс дээр ажиллаж байхад Хүний эрхийн үндэсний комисс 2008 оноос хойш жил болгон өвлийн морин уралдаан зохион байгуулахын өмнө Монгол Улсын Засгийн газарт сануулга өгсөн баримтууд гарч ирсэн. Засгийн газар сануулгыг үл ойшоон өвлийн морин уралдаан зохион байгуулдаг болж таарсан л даа. Бид нар шүүхэд хандсанаар унаач хүүхдүүдийн хэд нь түргэн тусламж авсан, хэчнээн хүүхэд бэртэж гэмтсэн, уралдааны үеэр үү, дараа нь уу гэхчлэн албан ёсны статистик олж чадсан. Даатгалын асуудал ч хөндөгдсөн. Ямар даатгалууд байдаг, үнэлгээ нь ямар байдаг, бэртлээ гэхэд хэдэн төгрөгийн нөхөн төлбөр авдаг вэ гэх мэтчилэн олон асуудлыг энэ кэйсээс олж мэдээд, ил тод болгож чадсан. Хүүхдийн дөрвөн хуруу хөлдөөд тайруулсан байхад 400 гаруй мянган төгрөгийн нөхөн төлбөр олгосон байх жишээний. Гэтэл хүүхдийн өмнөөс эцэг эх нь юмуу уяач нь ямар ч хариуцлагагүйгээр даатгал хийлгэж байгааг олж мэдсэн. Хүүхдийн эрхийн суурь зөрчлийг ил болгосон ажил болж чадсан гэж боддог.

Жил гаруйн хугацаанд хөөцөлдөж байж анхан, давж заалдах, дээд шатны гурван шүүхээр шийдэгдэж, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өвлийн морин уралдааныг хориглох шийдвэр гаргуулж чадсан

Нотолгоон дээр нэг сонирхолтой зүйл болсон нь Улсын төв архиваас үнэхээр монголчуудын соёл уламжлал мөн үү гэдэг асуудал гарсан.  Улсын болон орон нутгийн хэмжээнд зохиогддог өвлийн морин уралдаан байсан уу гэдгийг шүүлгэсэн. Дүгнэлтээр, монголчууд өвлийн хурдан морины томоохон уралдаан зохион байгуулаагүй гэдэг нь нотлогдсон. 1990-ээд оноос хойш л өвлийн уралдаан бий болсноос биш бидний уламжлал байгаагүй. Улстөрчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг харахад хурдан морьгүй хүн бараг байхгүй. Тэдний хоорондоо танилцах, харилцаа холбоо тогтоох нэг сүлжээ нь уяачдын гал байх жишээний. Тэгэхээр энд хүүхдийн асуудлаас гадна эдийн засгийн том асуудлыг хөндөх шаардлага гарсан. Шүүхийн явцад хамгийн бэрхшээлтэй байсан зүйл нь Засгийн газар болон улстөрчид удирдлагад нь байдаг Морин спорт уяачдын холбооны шахалтаас гадна нийгмийн хандлага хүнд байсан л даа. Биднийг уламжлалаа устгах гэж байгаа мэтээр хүлээн авч, хятад гэж дуудах жишээтэй. Одоо харахад өвөл морин уралдаан болохгүй байгаа ч гэсэн уламжлал устсан зүйл байхгүй байгаа биз дээ. Харин эсрэгээрээ морь хэрэглэх соёлоо хэн устгаж байна вэ гэдгийг зөв өнцгөөс харах хэрэгтэй болов уу. Манай малчид морио эдлэхгүйгээр мотоцикль унаад л малдаа явдаг болсон байна. Хонины номхон морьтой айл хэр их байна гэхээр хэцүүхэн болжээ.

Унаач хүүхдийн асуудлаар жил гаруйн хугацаанд хөөцөлдөж байж анхан, давж заалдах, дээд шатны гурван шүүхээр шийдэгдэж, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өвлийн морин уралдааныг хориглох шийдвэр гаргуулж чадсан. Манай иргэний нийгмийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд нийгэмд ямар чухал оролцоотой гэдгийг мэдэрсэн. Тэд нар ямар олон хүний, хүүхдийн хувь заяаг аврах боломжтой гайхалтай ажил хийдэг хүмүүс юм бэ гэдгийг ойлгосон. Тийм болохоор би иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагуудад үнэхээр хайртай. Одоо би ажлаа солиод төрийн бус байгууллагад ажиллаж байна.
Тодорхой хэмжээний асуудлыг бид нар шийдэж чадсан. Цаашид өөр шийдэх асуудал зөндөө бий. Малчин хүүхдүүдийн сурч боловсрох эрх, боловсролын чанарын асуудал нээлттэй хэвээрээ үлдсэн. Малчин хүүхдүүд зөндөө байна. Яг үнэндээ тэнд боолын хөдөлмөр явагдаж байгаа юм. Багадаа морь унаж байгаад л томрохоороо тухайн айлынхаа малчин болдог. Миний уулзсан хүүхдүүдийн ихэнх нь тийм л байсан. Тэгээд сургуульд яваагүй. Аав ээж, уяач нар нь багшид нь хэлээд сургуульд явж байгаагаар бүртгүүлээд л хачир дээрээ хүүхдүүд мал дээр л байж байдаг. Үүнийг шийдвэрлэхийн тулд дахиад л соёлын асуудал яригдах тул соёлоо авч үлдэхийн зэрэгцээ хүүхдүүдэд боловсрол олгох эрхийг бүрдүүлэх гээд ньюансыг нь зөв тааруулж асуудалд хандах том сорилттой бид нар тулгарч байна. Суурин соёл иргэншилд тохируулж гаргасан шийдвэр нүүдлийн соёл иргэншилд нийцдэггүй. Тэгэхээр төрийн бодлогыг хот, хөдөөгийн ялгаатай байдалтай уялдуулж гаргамаар санагддаг.    

Д.Ууганжаргал: Ардчиллаа тордож авч явахын тулд залуусын оролцоо маш чухал

“Хөгжлийн бодлогын хүрээлэн”-гийн ахлах судлаач 

Би улс төр судлаач, эдийн засагч мэргэжилтэй. 2016-2020 онд Ховд аймгийн Булган сумын Иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажилласан. Өнөөгийн улс төрийн намуудын ялзрал, нийгмийн доройтлыг өөгшүүлж, дэвэргэж байгаа байдлыг тэвчдэггүй болохоор төрсөн нутагтаа бие дааж нэр дэвшсэн. Залуу хүнийхээ хувьд нийгмээ илүү гэгээлэг, өнгөлөг болгохын төлөө орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулж, санасан бодсоноо хэрэгжүүлье гэж болсон. Миний хөгшин аав Ч.Дамиран гэж сум, орон нутагтаа олон жил удирдах түвшний ажил хийсэн нэр хүндтэй хүн байсан. Хөгшин аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлье ч гэж бодсон юм. Манай суманд анх удаа бие даан нэр дэвшээд Иргэдийн хуралд гарч ирсэн жишээ болсон. Тухайн үед сонгуульд оролцож, нэр дэвших насны доод хязгаар 25 байсан болохоор би хамгийн залуу төлөөлөгч болсон түүхтэй.

Манай суманд анх удаа бие даан нэр дэвшээд Иргэдийн хуралд гарч ирсэн жишээ болсон

Нэр дэвшиж байхдаа гарна, гарахгүйн тухай бодоогүй сурталчилгаагаа хийгээд явж байхдаа манай монголчууд сонгууль өгөөд сурчихаж дээ гэж л бодож байсан. 1990 оноос хойш 2016 онд 7 дахь удаагаа сонгуульд саналаа өгч байгаа иргэд сонгууль өгөөд сурсан санагдсан. Яагаад гэхээр би олонд танигдаагүй, цэл залуугаараа нэр дэвшиж байхад иргэд намайг багаараа дэмжиж байлаа. Сонгуулийн сурталчилгааны 18 хоногийн 12-13 хоногт нь л би  сурталчилгаагаа хийж явсан. Тэгээд 56 хувьтайгаар сонгогдсон. Манай багийн ирц сумын хэмжээнд хамгийн өндөр буюу 58 орчим хувьтай сонгуульд оролцсон байсан. Залуу хүний минь хувьд, боловсрол, удам ургийг минь хараад ч юмуу олон талын зүйл нөлөөлж байж иргэдийн хуралд нутгийн зон олныхоо хүчинд гарч ирсэн дээ.

Манай Булган сум Монгол Улсын хэмжээнд 4 дэх том сум. Албан ёсны 10300 орчим хүн амтай, түр ошин суугчтайгаа нийлэхээр 12-15 мянган хүн амтай. Сумын төвдөө гэхэд л 6000-7000 хүн амьдардаг. Хүн ам олон болохоор тулгамддаг асуудал ч их. Төлөөлөгчөөр сонгогдоод хамгийн эхэнд иргэдэд ямар асуудал байгааг олж мэдэхээс миний ажил эхэлсэн. Нийт зургаан багийн 900 орчим айл өрхөөр явж, амьжиргаа, ажилгүйдлийн дэлгэрэнгүй судалгаа хийсэн. Судалгаагаа харж, асуудлаа дараалалд оруулаад сум, орон нутаг, аймгийн удирдлага, УИХ гээд шат шатны байгууллагуудад уламжилсан даа. Иргэдийн хурлын төлөөлөгч гэдэг бол иргэдийн эрх ашгийг төлөөлөх гол зорилготой.

Ардчилал гэдэг бол ерөөсөө оролцоо. Тиймээс ардчиллаа тордож авч явахын тулд залуусын оролцоо маш чухал

Би олон ажил санаачилснаас нэлээн хэд нь ажил хэрэг болсон. Иргэдийн хурлаар оруулаад шийдвэрлүүлснээс илүү буцаагдсан асуудал ч олон. Бичил уурхай эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр, Ажилгүйдлийг бууруулж, амьжиргааг дэмжих хөтөлбөр, Дунд хугацааны хөгжлийн бодлогод дүн шинжилгээ хийж, авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон Сумыг хөгжүүлэх сангийн зарцуулалтаар нээлттэй сонсгол хийе зэрэг олон санал гаргасан ч буцаагдсан. Дэмжигдсэнээс дурдвал, Ажилгүйдэл, архидалтыг багасгах түр хороо байгуулж, ажилласан. Манай суманд торгууд угсаатан олон. Тэдний соёл уламжлалыг хэрхэн хадгалж, хамгаалах талаар телевизийн бүрэн хэмжээний 5 цуврал хийлээ. “Оюунлаг Минжит Булган” нэртэй аян өрнүүлж, номын сандаа 1500 орчим ном цуглуулснаас гадна музейдээ ч үзмэр нэмсэн. Мөн халуун хүйтэн усны шугам тавих ажлыг санаачилж, дээш нь уламжилж хөөцөлдсөнөөр 2021 оны сүүлчээр ашиглалтад орохоор болсон. Энэ ажил дуусвал манай сум орон сууцтай болох боломж бүрдэх юм. Бас хийсэн томоохон ажлуудын нэг нь сумын төсвийг хянаж байгаад шаардлагагүй зүйлсийг нь танадаг байсан. Жишээлбэл, иргэдийн хурлыг чадавхжуулах гээд 20 сая төгрөг төсөвлөчихнө. Янз бүрийн нэртэй хөтөлбөр тавиад баахан мөнгө төсөвлөчихөөр нь танаад сургууль, цэцэрлэгийн дээврийг засуулах жишээний. Тодорхой бус төсвүүд батлуулах сонирхолтой. Тэр болгоныг нь хянаж байгаад дахин дахин залхтал нь санал оруулж, орон нутагтаа хэрэгтэй зүйлсэд зарцуулдаг байсан даа. Энэ тал дээр нэлээн туршлагажсан. Төлөөлөгчөөр ажиллаж байхад асуудлаа шийдвэрлүүлж чадсан хүмүүс “баярлалаа” гээд харж байгаа харц л хамгийн сайхан санагддаг юм билээ.

Ямар нэгэн нам, эвслээс хараат бус болохоор өөрөө асуудлаа барьж явж, дээш нь уламжлах гол ажилтай байлаа. Сонгуульт ажлын хүрээнд ч, хүнийхээ хувьд ч сонгуультай, сонгуульгүй нутаг орныхоо хөгжилд цаашдаа хувь нэмрээ оруулна. Энэ удаагийн сонгуулийг өнжсөн минь өөрийгөө илүү хөгжүүлж, олон улсын түвшинд мэдлэг боловсролоо зузаатгаж, асуудалд гүнзгий хандахаар шийдсэн. Харин Их хурлын сонгуульд нэр дэвшсэн шалтгаан минь судлаач хүн болохоор хөгжлийн асуудлуудыг системийн түвшинд хэрхэн сайжруулах тухайд гарц гаргалгааг олон түмэнд хүргэх зорилготойгоор шинэ шийдлийг дэвшүүлсэн юм.
Сонгуульд залуусын оролцоо 60 хувь хүрэхтэй үгүйтэй л байна. Бид нар ардчилсан нийгмээ цаашид авч үлдэхийн тулд оролцох хэрэгтэй. Төрийн ажилд шат шатанд хяналт тавих хэрэгтэй. Манай улсад иргэдийн оролцоо дутмаг байдаг. Ардчилал гэдэг бол ерөөсөө оролцоо. Тиймээс ардчиллаа тордож авч явахын тулд залуусын оролцоо маш чухал. Заавал нийгэм, улс төр гэхээс илүү салбар салбартаа чаддаг зүйлсээ хийж явах нь чухал болов уу. Монгол хүний хөдөлмөрийн бүтээмж, чадварыг нэмэхийн тулд салбар бүрээ хөгжүүлэх хэрэгтэй.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
2024.04.05
UB.LIFE-ийн түүхүүд | Хаврын хайрын баяртай, гунигтай 8 ТҮҮХ
3
2023.11.21
Ub.life-ийн түүхүүд | Аз жаргал авчирсан анхны хадгаламжийн түүхүүд
санал болгох
1
20 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
3
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.10.12 162.158.118.147

Замын эвдрэлийн асуудал, стандартын дагуу биш гарам зэрэг бол яалтачгүй маш том асуудал. Ус зайлуулах шугам байдаг жижигхээн гүүр шиг юмнууд байнга хотгор гүдгэр байдаг. Тийм хотгор гүдгэр байх нь зөв ч юмуу буруу ч юмуу. Дээрээс нь тийм газар тэмдэг тэмдэглэгээ маш багатай, орон нутгийнхан нь манай энд бараг 14 хоногтоо нэг осол гардаг гэх боловч тухайн орон нутгийн цагдаа нар нь манайд ийм бүртгэл байхгүйээ гэдэг. Тухайн зам нь асуудалтай байсанаа гээд шүүхдэхээр манай хариуцлага бишээ гээд төрийн байгууллага буруугаа хүлээхгүй бусдад нялзаадаг нь үнэн юм байна лээ. Хүний амь насны асуудал шүү дээ зам бол

0 Хариулах