Дэлхий нийтээр тэсэн ядан хүлээж байсан Макгрегор, Диас нарын тулаан Америкийн Лас-Вегас хотноо болж өнгөрлөө. Сүүлийн жил холимог тулааны ертөнцөд ийм их сонирхол татсан тулаан болж байгаагүй билээ. Ирланд эр биеэ тоосон, итгэл төгс мэдэгдэл хийж байсан бол өрсөлдөгч нь түүнийг сэргээш хэрэглэдэг хэмээн ил тод буруутгаж байлаа. Тэмцээний өмнө жин үзэх үед тамирчид золтой л зодолдчихсонгүй. Уг нь Конор Макгрегор 70 кг-ын жинд тулалдах гэж байсан боловч товлосон өрсөлдөгч нь гэмтлийн улмаас рингэнд гарч чадахгүй болсон. Харин түүний оронд тоглохыг зөвшөөрсөн Диас хоёрхон долоо хоногийн дотор жин хасаж амжихгүй тул 77 кг-д тулалдахыг санал болгосныг өөртөө итгэлтэй ирланд залуу зөвшөөрсөн юм. Макгрегор жингээ нэлээд нэмсэн нь илт, тэглээ гээд түүний хурд буураагүй байлаа. Тоглолтын өмнө бүгд л Стоктоны хулигааныг ирланд эр зовох юмгүй ялна гэцгээж байв. Хэвлэлийн бага хурлын дараа Диасыг ялна хэмээн мөрий тавих хүн маш цөөхөн байлаа. Тиймээс үзэгчид Конорын ээлжит ялалтыг харахаар ордонд цугласан юм.
Тулаан эхэллээ. Танхим даяар ирландчууд цуглаж, үндэснийхээ баатрын зургийг барьжээ. Өрсөлдөгчид үгийн зөрөөгүй нударгалцах гээд байсан тул хамгаалалт ч чанга. Диас алдарт Грейсигээр жи жицү заалгасан хүн тул хэвтээ байрлалд давуу, мөн мөч урт, жин ч арай илүү байв. Эхний үед Конор бүх талаар илүүрхсэн.
Зай завсаргүй дайран, оновчтой хурдан цохиж, нэг л мэдэхэд Диасын баруун хөмсөг задарчихав. Давуу байгаагаа мэдэрсэн ирланд эр хэт задгай гэмээр дайран, үе үе эргэлттэй өшиглөлтөө хийж байлаа. Харин цусандаа хутгалдсан ч Диас хамаагүй зүйл хийсэнгүй, хариу цохилт хийн, хамгаалсаар.Хоёрдугаар үе эхэллээ. Завсарлагаар Макгрегорын байдлыг харахад хоёрдугаар үед хурдан дуусгаад өгье гэсэн байдалтай байв. Гэвч Диасын бие нь халж, цохилт нь оновчтой болж эхлэв. Конор илт амьсгаадан, үзэгчид ч нэг л биш байна даа гэсэн дүгнэлт хийж байх зуур Диасын угсраа цохилт баруун шанаанд нь тусаж, хүнд цохилтод орсон нь илт болов.
Конор ухарч эхэлсэн ч байдал хэвийн гэж харуулахыг оролдох ажээ. Ттулаан оргил хэсэгтээ шилжиж, хоёр тамирчин ямар ч хамгаалалтгүй нүдэлдэж эхэллээ. Диасын цохилт илүү оновчтой, байндаа тусах нь илүү харагдана. Яаж ийж байгаад цаг дуусгачихвал Конорт ашигтай байсан ч яагаад ч юм тэр хөлд орохыг илүүд үзсэн нь хамгийн том алдаа байлаа. Хэвтээ барилдааны мастер, жи жицүгийн тамирчны хөлд орно гэдэг өөртөө үхлийн ял оноосонтой ялгаа юу байх билээ. Хоёрдугаар үе дуусахад нэг минут дутуу байв. Диас хөлд орсон өрсөлдөгчийнхөө дээр гарч, нүдэж эхэлсэн бол Макгрегор цохилтоос зайлах гэж эргэж байгаад боолгон, ялагдлаа. Хүнд цохилтоор ялагдсанаас боолгоод дуусъя гэж шийдсэн ч байж магадгүй юм.
Тоглолтын дараа Диас “I’m not surprised, motherfuckers!” гэж хэлсэн. Түүний энэ үг магадгүй ахынх нь хэлж байсан “Don’t be scared, homie!”-гоос ч алдартай үг болж үлдэж мэднэ.Харин Макгрегорын хувьд үзэгчдийг, мэргэжилтэн шинжээч нартай тэр чигээр нь хууран мэхэлсэнтэй адил явдал боллоо. Том том ярьж, өрсөлдөгчөө басамжлан доромжилж байсан ч Диасыг ялахгүй нь гэдгээ тэр хоёрдугаар үед ойлгосон. Хамаг чадлаараа довтолж, цохиод байхад Диас нуран унасангүйгаар барахгүй улам чангарч байсан тул түүнийг унагаах ямар ч ид шид Конорт үлдээгүй. Жин илүү өрсөлдөгчтэй тулалдсан гэсэн ганц л тайлбар байсныгаа Макгрегор тоглолтын дараа хэлснээр дуулиант тулаан өндөрлөлөө. Ийнхүү Макгрегор UFC-д анхныхаа ялагдлыг хүлээлээ. Гэхдээ тэр хагас хөнгөн жингийн аварга (66 кг) хэвээр үлдэх юм. Учир нь Диастай хийсэн тулаан 77 кг-ын жинд явагдсан билээ.