UBLife Logo
Бокс, ММА

Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес

Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес

Өнгөрсөн оны сүүлчээр АНУ-ын Калифорнид болсон "UFC 232" тэмцээн холимог тулааны 2018 оныг дүгнэн, 2019 оныг зөгнөсөн тэмцээн байлаа. Жон Жонсын сэргээш, түүнээс болж тэмцээн болох газар солигдсон, Жон Жонс Шведийн  Александр Густафссоныг ялж, аварга болсон зэрэг олон үйл явдал болсныг цухас дурдаад зогсоё. Энэ тэмцээний гол од нь Бразилийн Аманда  Нуньес байлаа. Тэр Крис Сайборг буюу Киборгийн ялагдашгүй гэсэн домгийг нурааж чадсан юм. 

Крис Киборг холимог тулаанд таарсан өрсөлдөгч болгоноо нугачин дарж байлаа. Нам цохихгүй байлаа гэхэд оноогоор итгэл төгс тэргүүлж ирсэн. Тэр 13 жилд 20 дараалан ялж, нэг ч удаа унасангүй. Өрсөлдөгч байхгүй болсон тул мэргэжлийн боксод шилжинэ гэдгээ зарлаад байв. Харин хөнгөн жингийн аварга Аманда Нуньес түүнийг ялна гэдэгтээ итгэлтэй байв. Тиймээс ч хэдэн жил дараалан түүнийг ирүүл тулаанд дуудаж, харин Киборг нэг нутгийн тамирчинтай тулалддаггүй хэмээн татгалзсаар байсан. Харин энэ хавар Крис "урилгыг" хүлээн авч, "Сайборгийг өдсөн хүн Сайборгийн нударгыг амсана. Би Аманда Нуньесийг хүлээж байна" гэж мэдэгдсэн юм. 

Энэ цагийн шилдэг хоёр эмэгтэй тамирчны тулаан Крисийн жинд явагдсан. Гэхдээ ердөө 51 секунд үргэлжилсэн бөгөөд үүний ихэнх хугацааг Аманда өрсөлдөгчөө балбаж өнгөрөөсөн билээ. Сайборг боксдоо илүү гэж хэт итгэж байсан ч энэ өдөр Нуньесийн цохилтууд илүү хүчтэй, оновчтой байлаа. 

 

 • Нуньес – UFC холбооны 2 жингийн аварга болсон анхны эмэгтэй тулаанч. Эрчүүдэд ч Конор Макгрегор, Даниэль Кормье гэсэн хоёрхон тамирчин л ийм гавьяа байгуулж чадсан юм.

• Нуньес хоёр агуу аваргыг эхний минутад хүнд цохилтоор буулгаж авсан. 2016 онд тэр Ронда Раузиг 48 секундын дотор унагааж, холимог тулаанаас зодог тайлуулсан билээ. • 3 удаа аваргын бүсээ хамгаалсан – Раузи, Шевченко, Пеннингтон нараас.• UFC дэх амжилт – 10-1.• Крис Сайборгийг хүнд цохилтоор ялсан анхны тамирчин.   

Гэхдээ энэ бүх алдар нэр, амжилт түүнд амархан олдоогүй. Багадаа Аманда маш их эрч хүчтэй, сахилгагүй хүүхэд байжээ. Охиноо яаж ийгээд томоотой болгох гэж бодсон ээж нь түүнийг спортоор хичээллүүлэхээр шийдэв. Дунд сургуульд байхдаа Аманда бараг бүх секц дугуйланд хичээллэж байгаад хөлбөмбөгийг сонгосон юм. "Би довтлогч байлаа. Гоол хийх сайхан шүү" гэж дараа нь тэр дурссан байдаг. Удалгүй хөлбөмбөг ч түүний эрч хүчийг дарж чадахаа байлаа. Ингээд түүний амьдралд тулааны урлаг орж ирсэн юм. Эхлээд бокс, дараа нь жижицү. 20 настайдаа тэр тулаанч болохоор эргэлт буцалтгүй шийдсэн байв. Төрж өссөн бяцхан хотод нь боломж байхгүй тул Аманда 2007 онд Салвадор хотыг зорив. Энд түүний ах Рикардо Эдсон Карвальогийн академид хичээл зааж байв. Академид дасгал сургууль хийхийнхээ хажуугаар Нуньес Барра дахь фитнессийн танхимд ажилд орсон бөгөөд тэндээ хонодог байв.

"Би матрасан дээр унтдаг байлаа. Өглөө болгон 04.30 цагт босно. Учир нь жижицүгийн хичээл 06.00 цагт эхлэдэг тул өмнө нь танхим, заалаа бэлтгэх ёстой байлаа. Энэ бол тэр үеийн миний амьдралын салшгүй хэсэг. Одоо бодоход тэр бүхнийг даван туулсны ач тус гарсан гэж боддог"

Эдсон Карвальогийн академид Аманда жүдо бөхтэй танилцсан. Рикардо шавь нараа тулааны хоёр төрөл эзэмшихийг шаарддаг байв. Энэ академид Амандаг анх "Эрслэн" гэж нэрлэсэн юм.

"Багш минь надад "Аманда чи манай академийн эрслэн болно" гэж хэлж билээ. Тэр үед бүгд намайг Эрслэн гэж дууддаг байсан"

2008 онд Нуньес холимог тулаанд шилжсэн. Хэдийгээр эхний тоглолтдоо ялагдсан ч дараа нь ялалтын буухиа эхэлсэн. 2010 оноос АНУ-д шилжиж, өрсөлдөгч болгоноо эхний үед унагаасаар, холимог тулааны хамгийн том холбоо болох UFC-тэй гэрээ байгууллаа. Нуньес UFC-тэй гэрээ байгуулсан анхны бразил эмэгтэй төдийгүй тус холбоонд ялалт байгуулсан анхны бразил эмэгтэй тулаанч болсон юм. Амандагийн ялалтын цуврал үргэлжилсээр Ронда Раузитэй тулалдах цаг боллоо. Гэвч 2014 онд Аманда  Кэт Зинганод ялагдаж орхилоо. Аманда сэтгэлээр унасангүй. Хоёр жилийн дараа Миша Тейттэй тулалдаж ялснаар аваргын бүс эзэмшлээ. Ингээд тэр үед супер од болоод байсан алдарт Рондатай тулалдсан юм. Нуньес ялна гэдэгтээ хумсын төдий ч эргэлзээгүй. Тэдний тулаан холимог тулааны түүхэнд үлдсэн бөгөөд Амандад ердөө 48 секунд хэрэгтэй байлаа. "Рондаг мартацгаа. Би дэлхийн хамгийн шилдэг тулаанч. Ронда эндээс гараад кинондоо тогловол зохино. Тэр угаасаа их мөнгө олсон" гэж Нуньес тулааны дараа мэдэгдсэн. Ронда ч мэргэжлийн бөхөд шилжсэн билээ.

Рондаг ялсан нь энэ үдшийн гол сенсаац байсангүй. Тулааны дараа Нуньес бэлтгэл хангагч бүсгүй Нина Ансарофф (UFC-ийн тулаанч) дээрээ гүйн очиж, үнссэн юм. Түүнийг ижил хүйстэн гэж бичдэг байсан нь батлагдаж, өнгөрсөн наймдугаар сард тэд хуримаа хийсэн билээ. 

Эмэгтэйчүүд дунд түүнтэй өрсөлдөх тулаанч олдох болов уу? Нуньест маш том мөрөөдөл бий. Тэр Жон Жонстой тулалдахыг хүсч байна. 

"Жонс маш олон талтай, хурдан, юу хийхийг нь таахын аргагүй тулаанч. Тэр ховорхон тамирчин. Би эхлээд түүнтэй хамт бэлтгэл хийж, хэрэв торон дотор таарвал ялж чадах эсэхээ мэдмээр байна"

Аманда Нуньес ялагдашгүй Сайборгийн бүсийг булаан авсан. Дараа нь Жон Жонсын бүсэнд ч санаархаж магадгүй юм. Ийм нэгэн том мөрөөдөл, зорилготой бүсгүй эмэгтэйчүүдийн холимог тулааны ертөнцийг эзлэн ноёрхож эхлээд байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
17
18
40
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.