Өмнөд Солонгос, Япон зэрэг Азийн орнуудад ажлын цаг маш урт, хүмүүс хэт ажилласнаас болж, стресст орон, амиа хорлодог талаар хэвлэл мэдээллээр байнга бичдэг. Ялангуяа менежерийн ажилтай хүмүүс өдөр тутмын стресс, дарамт, шахалтаас болж, үйлчлүүлэгч, дарга, гэрбүлийнхнээсээ холдож л байвал эзгүй арал дээр ч очиход бэлэн болжээ. Яг ийм хүмүүст зориулсан үйлчилгээ Өмнөд Солонгост гарсан байна. Нэгэнт эзгүй арал олдохгүй тул нийгмээс өөрийгөө тусгаарлах хүсэлтнүүдийг шоронд "хорих" үйлчилгээ үзүүлдэг компани ашиг орлого ихтэй ажиллаж эхэлжээ. Сайн дураар тэдний шоронд орох хүн хангалттай байгаа гэнэ.
Шорон гэдэг оргож, зугтааж болохгүй газрыг хэлдэг бол Өмнөд Солонгост харин өдөр тутмын стресс, зовлонгоос салдаг, хоргодох газар болон хувирчээ.
Өнгөрсөн 2017 онд солонгосчууд дунджаар 2024 цаг ажилласан байна. Хэт их ажилласан, өрсөлдөөн, хөдөлмөрийн нөхцөл муу зэргээс амиа хорлох хүний тоо эрс өссөн байна.
Энэ бүхэнтэй тэмцэж, хүмүүсийг тусгаарлан, стрессээс салгадаг "Миний доторхи шорон" нэртэй газар байгуулагдаад хэдэн жил болж байна.
Сөүлээс 58 км зайтай орших Хончхан хотын "шорон"-д 2013 оноос хойш 2000 гаруй хүн "хоригдоод" гарсан байна.
Энд гар утас, цагийг хурааж аван, шоронгийн хувцас, үзэг бал, аяга олгодог.
Камерт жижиг ширээ, жорлон, угаалгын цорготой.
Толь байхгүй, газар унтана.
Хоорондоо ярих хориотой, бясалгалын хичээл ордог.28 настай стартап-менежер Пак Хе Ри нэг хоног хоригдох гэж 90 доллар төлсөн.
"Би өмнө нь хэт завгүй байсан. Энэ шорон надад эрх чөлөө олголоо. Хийгээд хийгээд дуусахгүй их ажлаа орхиод өөрийгөө хөндлөнгөөс анхааралтай харснаар амьдралын утга учрыг шинээр ойлголоо" гэж энэ эмэгтэй ярьж байна.
"Шорон"-д 2 хоног хоригдоход 150 мянган воны үнэтэй.
Ийм шорон нээх санааг анх прокурор Квон Ён Сок гаргажээ. Тэр хэт ажиллаад стрессэнд орсон үедээ эхнэртээ "Ядарч үхлээ. Долоо хоног шоронд орох юм сан" гэж хэлжээ. Ингээд л тэр өөр шигээ хүмүүст юу хэрэгтэй байгааг ойлгон, шинэ бизнес эхлүүлжээ.
Үр дүнтэй байгааг хоригдлууд ч хэлж байна. Нэгэн хоригдол суллагдаад "Энэ бол шорон биш. Жинхэнэ шорон бол бидний урьд өмнө ажиллаж, амьдарч байсан нийгэм юм" гэж ярьсан байна.