
УИХ-ын сонгуулийн 17 дугаар тойрог буюу Хөвсгөл аймагт хэн, хэн нэр дэвшихээр яригдаж буйг онцоллоо. Монгол Улсын аялал жуулчлалын нэг гол түшиц газар болох Хөвсгөл нуурынхаа нэрээр нэрлэгдсэн уг аймаг 100.629 ам дөрвөлжин километр газар нутагтай, газар нутгийнхаа хэмжээгээр улсад зургаад бичигддэг. Харин хүн амынхаа тоогоор нэгд (126 мянга) орно. Халх, дархад, хотгойд, урианхай ястан зонхилдог, өөр аймагт байдаггүй цаатан иргэд идээшсэн энэ нутгаас 2012-2016 оны парламентад УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн нар сонгогдсон. Л.Энх-Амгалан МАН-аас нэр дэвшсэн бол Ц.Даваасүрэн бие дааж хөвсгөлчүүдийн итгэлийг хүлээсэн юм. Харин ирэх сонгуульд энэ аймагт хэн, хэн нэр дэвшихээр горилж байна вэ.АН: Өнгөрсөн сонгуулиар МАН болон бие даагчид итгэл хүлээлгэсэн Хөвсгөл аймагт эрх баригч хүчнээс нэр дэвшихээр горилж буй хүн цөөнгүй. Тухайлбал, “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн”-ий тэргүүн Б.Баярмаа, “Миний Монголын газар шороо” хөдөлгөөний гишүүн Б.Болдбаатар, ШУТИС-ийн Эдийн засаг, нийгмийн хөгжил эрхэлсэн проректор Д.Батчулуун, Хөвсгөл аймгийн Ардчилсан намын дарга Ч.Батцогт нар нэр дэвших горьдлого тээж яваа. Мөн ирэх сонгуульд нэр дэвшихгүй хэмээн мэдэгдсэн УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл саяхан Хөвсгөл аймагт дөрөө мулталж, өөрт нь хийгээд намд нь хөвсгөлчүүд ямархуу ая талтай байгааг тандсан. Хөвсгөлд нэр дэвшихээр санаархаж буй хүмүүс дунд сонгогчдын итгэлийг татаж, саналыг нь авахуйц жин дарах улстөрч ховор байна гэж үзсэн учраас УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийг төрсөн нутгаа эргээд ирэхийг нам нь даалгасан гэх.Одоогийн байдлаар горилогчдоос аймгийн намын хороог тэргүүлж ажилладаг, гавьяат хуульч Б.Чимэд агсны хүү Батцогт, “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн”-ий тэргүүн Б.Баярмаа нарыг нэр дэвшүүлэх магадлал хамгийн өндөртэй байгаа аж. Хөвсгөл аймаг одоогийн Сонгуулийн хуулиар хоёр мандаттай. Харин пропорциональ тогтолцоо Үндсэн хууль зөрчиж байна гэсэн ҮХЦ-ийн дүгнэлтийг УИХ хүлээж авч, хуучин мажоритор тогтолцоогоо сэргээх юм бол дөрвөн мандаттай болно. Хэрэв тэгвэл нэмэгдсэн хоёр мандат дээр “Миний Монголын газар шороо” хөдөлгөөний гишүүн Б.Болдбаатар, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл нар очих магадлалтай.
МАН: МАН-ынхан Хөвсгөлд “алалцаж” байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хувь, хувьсгалын мөнгөөр тойргоо байнга “усалж” ирсэн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан дахин нэр дэвшинэ. Бие дааж УИХ-д сонгогдоод, хэдхэн хоногийн өмнө намын гишүүнчлэлээ сэргээгээд зогсохгүй Удирдах зөвлөлд нь орсон Ц.Даваасүрэн бас дахин дэвшинэ гэдгээ мэдэгдсэн. Тэдний хажуугаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга асан Л.Мөнхбаатар сонгуулиар ажиллах багаа хүртэл бэлдчихсэн, нэр дэвшинэ гэдэгтээ бат итгэлтэй явж байгаа. Мөн Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар, Хөвсгөл аймгийн МАН-ын хорооны дарга, “Лидер”-ийн Л.Ганболд нар горьдлого тээж, аймгийн намын хороон дээрээ хор найруулцгааж байгаа сурагтай. МАН Хөвсгөл аймагт рейтинг өндөртэй байгаа тул горилогчид нь өөрийн хүслээр өрсөлдөөнөөс гарах бодолгүй байгаа аж.Дээр дурдсан хүмүүсээс УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Л.Энх-Амгалан хоёрт нам нь жагсаалтад дээгүүр бичигдэх эрх олговол жагсаалтад орно, үгүй бол тойрогтоо дэвшинэ гэж буй. Бусад нь Сонгуулийн хуульд өөрчлөлт орж, дөрвөн мандаттай болохыг харуулдаж байна. Хэрэв дөрвөн мандаттай болбол УИХ-ын хоёр гишүүний араас Л.Мөнхбаатар шил дарж, Засаг дарга А.Эрдэнэбаатар, намын хорооны дарга Л.Ганболд нарын хэн сайн хор найруулсан нь нэр дэвших эрх авна.“Эх орон” & МҮАН: Сонгууль бүрт Хөвсгөлд дэвшдэг, 2004-2008 оны парламентад хөвсгөлчүүдийг төлөөлж байсан “Эх орон” намын дарга Б.Эрдэнэбат болон 2012 оны сонгуульд “Шударга ёс” эвслээс дэвшээд унаж байсан, “Оймон” компанийн захирал Х.Батсайхан нар мөн Хөвсгөлд нэр дэвшинэ. Х.Батсайхан МҮАН-ын гишүүн бөгөөд “Эх орон”, МҮАН хоёр ирэх сонгуульд эвсэл болж орохоор ярилцаж буй сурагтай.