UBLife Logo
-

Чөлөөт бөх 97 кг Хэн нь хэн бэ

Чөлөөт бөх 97 кг Хэн нь хэн бэ

Өнөөдөр олимпийн наадмын сүүлийн өдөр Рио-де-Жанейро хотын “Кариока арена” цэнгэлдэхэд 65, 97 кг-ын жингүүдийн барилдаанаар эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээн өндөрлөнө.

97 кг-ын жинд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алт, хошой хүрэл  медальт, ОУХМ Доржхандын Хүдэрбулга зодоглоно.  Энэ жинд 19 бөх өрсөлдөж байгаагаас “А” хэсэгт 8, “Б” хэсэгт 11 бөх орсон. “Б” хэсэгт орсон Д.Хүдэрбулга эхний тойрогт хийлсэн. Хоёрдугаар тойрогт 2012 оны Азийн аварга, 2014, 2015, 2016 оны Азийн аваргын тэмцээний мөнгөн медальт, 2014 оны Азийн наадмын мөнгөн медальт Кыргызстаны Магомед Мусаевтай барилдана.

Мусаев 2012 оны олимпийн наадамд 7-р байр эзэлсэн. Дагестаны ингуш үндэстэн. Инчёонд тэрбээр Д.Хүдэрбулгын нэгэн адил Ираны Реза Язданид л ялагдаж байв.  2014 оны Астанагийн Азийн аваргын финалд манай бөх Мусаевийг ялж байсан.

Түүнийг ялахад 2012 оны олимпийн наадмын мөнгө, 2014 оны ДАШТ-ний хүрэл медальт Украины Валерий Андрейцев, 2013 оны ДАШТ-ний хүрэл медальт, энэ жилийн Европын аварга ОХУ-ын Анзор Болтукаев хоёрын ялсантай барилдана. Анзор бол Чечений Ерөнхийлөгч Кадыровын хайртай бөх. Нэгдүгээр сард болсон И.Ярыгиний нэрэмжит тэмцээн дээр тэр Жейк Уорнер, дэлхийн аварга Кайл Снайдер нарыг будаа болгоход нь америкчууд түүнд “Аваргуудын анчин” нэр өгсөн. Харин Анзор Европын аваргад өрсөлдөгч нараа няц дараад, УАШТ-дээ ч торохгүй түрүүлснээр олимпийн багт багтаж, өөрөө “Аварга” хэргэмтэй Риод ирээд байгаа бөх. Энэ хэсэгт дэлхийн хошой аварга, Азидаа босоо бөх Ираны Реза Яздани оржээ. Нөгөө хэсэгт 2015 оны дэлхийн аварга АНУ-ын Кайл Снайдер орсон.

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос энэ жингийн хамгийн хүчтэй бөхөөр чансааг тэргүүлэгч Оросын Анзор Болтукаевыг нэрлэж байна. 30 настай тэрбээр бусад бөхчүүд шиг медаль, цом ихтэй биш ч 2016 онд учирсан бүхнээ унагаагаад байгаа. Анзорын дараагаар нэгдүгээр сард түүнд ялагдсан дэлхийн аварга Кайл Снайдер, 2008, 2012 оны олимпийн хүрэл медальт, осетин гаралтай Азербайжаны 33 настай ахмад бөх Хетаг Газюмов, Азийн аварга Ираны Реза Яздани нарыг нэрлэж байна. Америк бөхөөс бусад нь бүгд манай бөхтэй нэг хэсэгт оржээ. Энэ жингийн “Битүү морь” нь Польшийн Радослав Баран. Бас л манай хэсэгт орсон энэ бөх нас залуу ч 2016 он гарсаар маш сайн барилдаж байгаа. Энэ бөхчүүд дээр нэмээд Армений осетин бөх  Георгий Кетоев, Румыний дагестан бөх Альберт Саритов нарыг бас тооцооноос хасахад эрт байна. Ер нь бас л баахан оросууд хоорондоо үзэлцэх нь.

Чансааг тэргүүлэгч Анзор Болтукаев 30 настай ч гавьяа шагнал тун маруухан. ДАШТ-ий хүрэл медальт (2013), Европын аварга (2016), ОХУ-ын 2 удаагийн аварга (2013, 2016). 2016 он гарсаар 13 барилдаан дараалан ялахдаа 7-г нь цэвэр ялсан. 113 оноо авч, долоон оноо л алджээ. Энэ формоо хадгалан үлдсэн бол түүнийг зогсоох бөх байхгүй гэхэд болно.  Анзор хөлдөө алдчихаад сальто хийн эргэж, хүнд байдлаас гардаг. Алдарт Бувайсар Сайтиев, Валентин Иорданов нарын хийдэг байсан энэ мэхийг тэр гол зэвсгээ болтол төгс эзэмшжээ.

30 настай иран залуу Яздани 2012 оны олимпийн хагас шигшээд бэртээгүй бол олимпийн аварга болчих байсан. Бага зэрэг бэртэлтэй байгаа ч бүрэн эдгэсэн гэсэн мэдээ байгаа. Анзор Яздани хоёр гар зөрүүлж үзээгүй бол Анзор 2013 оны ДАШТ-ий хагас шигшээд Хетаг Газюмовд ялагдаж байсан. Америкийн 20 настай бөх Кайл Снайдер дээрх хашруудтай үзэлцэх болно.Сүүлийн 7 жилийн олимпийн наадам, ДАШТ-ий дүн 97 (96) кгДАШТ 2015. Лас-Вегас. 1. Кайл Снайдер (АНУ); 2. Абдусалам Гадисов (ОХУ); 3. Павел Олейник (Украин), Хетаг Газюмов (Азербайжан); 5. Аббас Тахан (Иран), Элизбар Одикадзе (Гүрж).ДАШТ 2014. Ташкент. 1. Абдусалам Гадисов (ОХУ). 2. Хетаг Газюмов (Азербайжан); 3. Валерий Андрейцев (Украин), Шамиль Эрдоган (Турк); 5. Хавьер Кортина (Куба), Элизбар Одикадзе (Гүрж).ДАШТ 2013. Будапешт. 1. Реза Яздани (Иран); 2. Хетаг Газюмов (Азербайжан); 3. Анзор Болтукаев  (ОХУ), Павел Олейник (Украин); 5. Алексей Крупняков (Кыргызстан), Дато Керашвили  (Гүрж).Олимпийн наадам 2012. Лондон. 1. Жек Вернер (АНУ); 2. Валерий Андрейцев (Украин); 3. Георгий Гогшелидзе  (Гүрж), Хетаг Газюмов (Азербайжан); 5. Курбан Курбанов (Узбекистан), Реза Яздани (Иран).ДАШТ 2011. Истамбул. 1. Реза Яздани (Иран); 2. Серхат Балчи (Турк); 3. Руслан Шейхов (Беларусь), Жек Вернер (АНУ); 5. Синиви Болтик (Нигери), Таймураз Тигиев (Казахстан).ДАШТ 2010. Москва. 1. Хетаг Газюмов (Азербайжан); 2. Хажимурад Гацалов (ОХУ); 3. Алексей Крупняков (Кыргызстан), Георгий Гогшелидзе (Гүрж); 5. Руслан Шейхов (Беларусь), Арфан Амири (Иран).ДАШТ 2009. Хернинг, Дани. 1. Хажимурад Гацалов (ОХУ); 2. Хетаг Газюмов (Азербайжан); 3. Серхат Балчи  (Турк), Георгий Гогшелидзе (Гүрж); 5. Руслан Шейхов (Беларусь), Саид Ибрахими  (Иран).UWW чансаа1. Анзор Болтукаев (ОХУ); 2. Хажимурат Гацалов (ОХУ); 3. Хетаг Газюмов (Азербайжан); 4. Кайл Снайдер (АНУ); 5. Абдусалам Гадисов (ОХУ); 6. Элизбар Одикадзе (Гүрж); 7. Радослав Баран (Польш); 8. Валерий Андрейцев (Украин); 9. Павло Олейник (Украин); 10. Реза Яздани (Иран); 11. Николай Чебан (Молдав); 12. Георгий Кетоев (Армен); 13. Д.Хүдэрбулга (Монгол); 14. Ибрагим Болукбаши (Турк); 15. Альберт Саритов (Румын); 16. Мамед Ибрагимов (Казахстан); 17. Магомед Мусаев (Кыргызстан); 18. Хосе Диас Робертти (Венесуэл); 19. Хавьер Кортина (Куба); 20. Иван Янковский (Беларусь).

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
20
41
47
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.