АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч Д.Трампыг Пеннсилвани мужийн Батлер хотод сонгуулийн сурталчилгаа хийж, үг хэлж байх үеэр буун дуу гарч, нэр дэвшигчийн баруун чихийг шүргэж шархдуулсан тухай CNN мэдээллэв.
Нууц албаны мэдээлснээр уулзалтад оролцож байсан нэг иргэн нас барж, хоёр хүн хүнд бэртжээ. Энэ бол Д.Трампыг хөнөөхөөр урьдаас бэлдсэн, санаатай халдлага хэмээн FBI үзэж буй аж.
Зэвсэгт халдагч уулзалт болж байсан газрын ойрхон барилгын дээврээс гал нээсэн. Мэргэн буучид түүнийг хөнөөсөн бөгөөд биедээ ямар нэгэн бичиг баримт авч яваагүй учир одоогоор хэн байсан тухай мэдээлэл ил болоогүй байна.
Хамгаалагчид буун дуу гарснаас удалгүй нэр дэвшигчийг тайзнаас яаралтай буулгасан бөгөөд одоогоор Д.Трампын бие эсэн мэнд байгаа гэжээ.