Удаан хугацаанд завсарласан “Алисагийн тэмдэглэл“ булангаа гунигтай сэдвээр эхлүүлж буйд хүлцэл өчье. Гэхдээ нэг талаас миний томоохон эдгэрэл болж буй үйл явц учир та бүхэн маань хүлээн авна хэмээн найдаж байна. Цаашид маш олон сэдвийн тухайд идэвхтэйгээр үргэлжлүүлэн бичиж, долоо хоног бүр уулзах болно.
Миний амьдралд хэдхэн хүн л байж ирсэн. Ээж, өвөө хоёртойгоо өнгөрүүлсэн өдөр хоногууд өнөөгийн намайг бүтээсэн гэж хэлж болно. Дийлэнхдээ ганцаараа. Тэгээд л төсөөллийн найзууд, тоглоом, үйл явдал өрнөсөөр би болоогүй зүйлсийг ч болсон мэтээр дэндүү хүчтэй, бүр бодитой төсөөлөх чадвартай болсон байх. Баярууд, ээж өвөө хоёртойгоо. Төрсөн өдөр, бас л тэр хоёр маань. Харин нэг хүний тухай яриа огт өрнөдөггүй байлаа. Би хэнтэй ч тэр хүний тухай бараг ярьж байгаагүй. Тэр нь миний эцэг. Багадаа л хэсэг хамт байсан бүдэг бадаг дурсамжууд бий. Дараа нь том болоод хэд хэдэн удаа тааралдаж байсан. Гурван мянган хоногтоо ганц л таарч байсан гэж тооцоолж болох юм. Тиймдээ ч би бүр санах, дурсах гэдгийг ч мартаж орхиод, огт тийм хүн миний амьдралд байдаггүй гэж л бодож ирсэн. Гэхдээ л дотор минь орших жаахан охин хааяахан нэг уйлах гээд байдаг байсан. Тэр хүнээс болж найман мянган хоногт ганц л уйлсан байх. Тэгээд л болоо. Хоосон, холбоо хамааралгүй, жаахан дутуу мэдрэмжтэй нэгэн. Гэсэн ч бүх зүйл сайхан байсан. Би юугаар ч гачигдахгүй өдөр хоногуудыг өнгөрөөж, эрүүл саруул өсөн торниж, өөрөө ч ээж болж, амьдралаа зохиож нэгэнт том хүн болсон. Хэдэн жилдээ ганц таардаг байсан тэр үедээ “Хичээл нь сайн уу?”, “Сайн”, “Ажил нь сайн уу?”, “Сайн” гэхээс өөр харилцан яриа огт өрнүүлж байгаагүй. Гэхдээ энэ жил би тэр хүний тухай илүү их бодох болсон. Учир нь тэр хүн үхэж байгаа гэсэн. Энэ мэдрэмжийг би яг юу гэж илэрхийлэхээ мэдэхгүй байгаа ч, анхнаасаа байгаагүй хүний араас гашуудах гээд, харамсах гээд яах вэ дээ гэж өөрийгөө гуниглуулахаас холдуулах гэсэндээ хэдэн арван удаа дотроо шивнэсэн. Гэсэн ч би гуниглаад байх юм. Надад эцэг хүн гэж ямар байдгийг, эцэг нь хайрлаж, дэмжиж, хамгаалж байгаа охин хүүхэд яаж бардам өсдөг болохыг мэдрүүлж чадаагүй ч би гомдол хорсол тээхгүйг хичээсэн. Заримдаа би асар их гуниглахдаа тэр хүнийг үзэн ядахыг хүсдэг байлаа. Гэхдээ бас л, анхнаасаа байгаагүй хүнийг үзэн ядна гэдэг өөрийгөө л зовоож, оргүй хоосон зүйл рүү хашхичиж байгаа мэт санагдуулах гээд байсан юм.
Саяхан, хэдхэн хоногийн өмнө түүнийг эмнэлэг дээр нь очиж эргэв. Миний төсөөлөлд бол тэр үнэхээр гоё ах байсан. Царайлаг, өндөр, ээж дурласан нь аргагүй юм даа гэж бодмоор тийм хүн. Зураг дээрээс хараад би тэр хүнийг “Гоё ах байна” гэхээс өөр юм бодож чадаагүй. Хажууд нь харин бага жаахан Анхзаяа зогсож байсан. Миний огт мэдэхгүй тийм охин. Ямар гэдгийг нь ойлгохооргүй тийм харцтай, үсээ сүлжсэн ганган, хөөрхөн охин. Өөр нэг зурган дээр харин би бүр өвөр дээр нь сууж байсан. Огт танихгүй хүмүүсийн зургийг харж байгаа мэт, тэр болгон зургийн цомгоо нээж үзмээргүй санагддаг байсан л даа. Тэгтэл сая очиж уулзахдаа би бүр юу гэж бодох, юу гэж хэлэхээ ч мэдэхээ больсон. Миний төсөөлөл дэх тэр царайлаг гоё ах байхгүй болоод, оронд нь нэг танихгүй хүн ирээд урд зогсоод байх шиг. Насандаа баймгүй хөгширсөн байсан. Тэр хүн яг өөрийнхөө эцэг шиг харагдаж байсан. Би тэр өвөөтэйгөө эцэгтэйгээ уулзсанаас олон уулзаж байсан болохоор царайг нь сайн санадаг юм. Тэгтэл яг тэр хүн шиг харагдаад байсан. Арьс нь хүрэн, нүд нь ядрангуй, хоолой нь барзгар, алхаа нь зовуурьтай. “Би ийм байхад нь харахыг хүсээгүй шүү дээ, яах гэж миний төсөөллийг үгүй хийж байгаа юм” гэж маш их уур хүрсэн. Одоо би цаашид дурсах болгондоо яг тэр байдлаар нь нүдэндээ харна гэхээс багтрах шахсан. “Аав“ гэж аманд минь үг эвлэхгүй, хэлж ч чадахгүй, бүр тэгж бодож ч чадахгүй байсан. Энэ үг надад харь холын, би хэзээ үнэн сэтгэлээсээ тэгж дуудахаа ч мэдэхгүй…
-Ажил нь сайн уу?
-Сайн.
Дахиад л өөр зүйл яриагүй. Ээж тэр хоёр юу ч юм яриад л байв. Харин миний дотор болохоор энэ хүнийг аав минь биш эсвэл мөн гэх зөрчилдөөн өрнөөстэй. “Яагаад өвдчихсөн юм, сайхан амьдарна гээд л салаагүй юм уу, тэгэх гэж л орхиж яваагүй юм уу, тэгээд хэлсэндээ л байж, сайхан амьдарч, илүү гоё хөгшрөх ёстой биш юм уу?”
Гэнэт аав ээж хоёрын салдаг өдрийн дурсамж дотор харваад ороод ирсэн. Би бүр мартчихсан байсан байхгүй юу. Хэн нэг эмэгтэй байцаагч ч юм уу, нийгмийн ажилтан ч юм уу хүн урд минь нэг жижиг ширээний ард суугаад, “Аав ээж хоёрынхоо хэнтэй нь амьдрах юм?” гэж асууж байсан нь санаанд орсон. “Аавыгаа сонговол яах вэ?” гэж асуухад “Одоо шууд гадаа байгаа тэр машинд суулгаад, чамайг хүргээд өгнө” гэж хэлээд цонхоор нэг микро автобус шиг машин руу заасан. Гэхдээ ээж хажууд зогсож байсан. Эцэг маань тэнд байсан эсэхийг санахгүй байна. Бодвол байсан л байх, эсвэл байсан ч хэдийнээ надад харагдахааргүй тийм л чухал биш хүн болчихсон байсан байх. Ээж ер нь байнга л хажууд байсан. Байнга. Тэгээд л би ээжийгээ хөтлөөд, тэр газраас гараад явж байснаа санаж байна. Хажуугаар нь улиас мод ургачихсан хуучны барилгаас гараад ээжийгээ хөтлөөд явсан. Ээж уйлж байх шиг байсан. Тэгэхээр нь би урд нь гарч гүйгээд, тэр хавиар тоглож байгаа мэт жаахан холдсон. Тэгээд л болоо. Гэнэт тэр дурсамж сэргэснээс болоод, би илүү их юм бодохгүй байхаар шийдсэн юм. Үгүй бол өөр дурсмааргүй байгаад дурсамжууд сэргээд, дахиад л би гуниглачихна.
Аавыг орхиод эмнэлгээс гарсныхаа дараа би буцаж явахдаа яагаад ч юм машинд уйлчихсан. Гэнэт өрөвдсөн. Миний өмнө нь мэдэрсэн гомдол, уур, горьдлого, үзэн ядалт, өөр юу ч байдаг юм бүгд гэнэт алга болоод зөвхөн өрөвдөх мэдрэмж л үлдсэн. Дотор хав харанхуй бас хоосон, дунд нь тэр хүн. Багахан бүдэг гэрэл цацруулчихсан. Тэр гэрэл бага багаар анивчаад, унтарчих гээд л. Би очоод тэврэх үү, аргадах уу, гараас нь атгаж суух уу, эсвэл орхичих уу гэдгээ мэдээгүй. Ямар ч байсан тэр хүн миний доторх бүх шуургыг намдаагаад хэсэг надтай чимээгүй суусан.
Хуримаа хийхдээ яаж ийгээд заавал тэр хүнийг авчраад, хослол өмсгөөд, ээжийнхээ хажууд суулгаж байгаад хамтад нь харж үзнэ дээ гэж мөрөөддөг байсан минь ч салхинд хийсэж орхив. Өнөө өглөөхөн ээжээс минь “Уулзах хүмүүс байвал уулзаарай гэж хэлсэн гэнэ. Ямар ч боломжгүй гэнэ ээ” гэх үгийг сонсоход зүрх минь цээжин дотроо багахан цуурахыг мэдэрсэн. Хажууд байж, зүрхийг минь дүүргэж өгөөгүй ч явахдаа эмтлээд аваад явчихгүй байгаасай гэж хүссэн юм. Надад хэчнээн хамаагүй гэж бодохыг хүссэн ч үнэхээр миний биеийн эд эс тэр хүнтэй салшгүй холбоотой юм болохоор, би үр удам нь юм болохоор сэтгэлээсээ ангид байлгах гээд ч чадахгүй нь бололтой. Хэчнээн удаан би өөрийгөө буруутгаж, хайрлагдах эрхгүй хүн гэж бодож явсан гээч. Би хайрлагдахуйц хөөрхөн хүүхэд биш байжээ, би ямар ч хүнээс хайр мэдрэхэд дутуу дулимаг нэгэн юм байна, эцэг нь орхиод явсан болохоор хүмүүс надтай дээрэлхэж харилцдаг байх, өнчин өрөөсөн хүнийг хэн ч хайрлахыг хүсэхгүй байх, дандаа намайг дүүргэхийн төлөө өөрөө шанална гээд дутуу хагас намайг бусад шиг л орхих байх, надаас болоод ер нь салсан байвал яана аа гээд л түмэн янзаар өөрийгөө буруутгаж үзсэн. Эрэгтэй хүнтэй яаж харилцах учраа олохгүй буруудаж явсан үе надад зөндөө. Муу муухай үйлдлүүд хийсэн нь ч олон. Тэр болгонд би тэр хүн дэргэд байсан бол ингэхгүй байсан даа, эрэгтэй хүн надад хүрнэ гэхээс ч айж сандрахгүй, би итгэж болох байсан байх, намайг үнэ цэнгүй байлгаад байгааг ядаж түрүүлж ухаарах байсан даа, зүрх сэтгэл нь ямар байгааг ойлгоод буруу шийдвэрүүд гаргахгүй байсан даа гээд олон янзаар ч харамсаж үзсэн. Гэхдээ энэ бүх муу муухай бодол одоо байхгүй болж байна. Одоо би ямар ч гомдол эсвэл үзэн ядалт, буруутгалыг өөртөө ч, тэр хүнд ч үүрүүлэхгүй гэж шийдсэн. Амьдрал заримдаа ийм. Заримдаа хоёр хүн салах хэрэгтэй болдог. Салаагүй байсан бол шал өөр амьдрал тэр хүүхдийг хүлээж байх байсан. Магадгүй нэг нэгнээ улам сүйтгэх ирээдүй. Тиймээс эцэг эх салсанд гуниглаж болох ч, хамт байж нэгнээ өвтгөсөөр, хэцүү ирээдүйг туулуулаагүйд нь би одоо аль алинд нь талархаж байна. Магад хамт байсан бол өдөр бүр нулимстай байх байсан тийм ирээдүйгээс аварсанд нь. Магад ээж минь илүү зовох байсан ирээдүй, аав өөрийгөө улам буруутгах зүйлс хийсээр байх байсан тийм ирээдүй. Тиймээс би тэр жаахан Анхзаяаг буруутгахгүй, аав ээжийг ч буруутгахгүй байхаар шийдсэн. Цаашид би энэ бүх мэдрэмжийг тээж явах хүн учраас, бас сэтгэлдээ муухай зүйлийг тээмээргүй байгаа болохоор… Би өөрийгөө хайраар, уучлалаар дүүрэн хүн байгаасай гэж хүсэж байна. Алдаа эндэгдэл болгоноо ч би уучлахаар шийдсэн. Амьдрал нүд ирмэхийн зуур өнгөрч, зурган дээрх сайхан залуу одоо хөгширч, би том болсон байна. Эргээд харахад энгийн нэг шөнийн зүүд байсан мэт л санагдана. Ийм л богинохон юм чинь би өөрийгөө буруутгаад ч яах билээ. Эцэг минь олон удаа өөрийгөө буруутгасан болов уу? Магадгүй тэгээд өвдсөн болов уу? Биеийнх нь эс, эдүүдэд яаж яваад тэр муухай өвчин ирээд наалдчихсаныг мэдэхгүй ч би одоо тэр хүний төлөө юу ч хийж чадахгүй гэх бодол л төрнө. Гэхдээ үүнд өөрийгөө буруутгахгүй. Нэгэнт ийм байх ёстой л хувь тавилан байж. Би араас нь гашуудах байх. Арай үхчхээгүй, бүр явчхаагүй байгаа ч би тэр төгсгөлийн мэдрэмжид өөрийгөө бэлдэхгүй байж чадахгүй нь. Өвөөгөө өнгөрснөөс хойш өөр хүнийг алдахаас би үхтлээ айж ирсэн. Гэхдээ л ийм мөч ирдэг юм байна. Одоо миний хийж чадах ганц зүйл, тэр хүнд “Би сайн байгаа. Санаа зоволтгүй ээ. Бас би танд гомдоогүй, үзэн ядаагүй шүү. Би таныг ойлгож байна” гэж хэлэх байх. Магадгүй анх удаа би тэр хүнээс асуултууд асууж болох байх. Багадаа ямар хүүхэд байсныг нь, энэ амьдралаас түүний хайрлаж, бахархдаг зүйл юу болох, юу түүнд хамгийн том адал явдлыг бэлэглэсэн бэ гээд л… Миний ганц чадах зүйл тэр юм болохоор, ярилцаж, бас бичиж л үлдээе. Миний утсан дээр хэзээ ч байгаагүй дуудлага минь.
Тэр өөрийгөө найдлагагүй болсон тухай дуулаад нэг л өгүүлбэр хэлсэн гэсэн. “Байшингаа барьж дуусгасандаа баяртай байна.”
Би ч бас таны өмнөөс баяртай байна. Аав аа.