UBLife Logo
Спорт

Месси, Роналду нар 21 жил эзэгнэсэн дэлхийн шилдэг 30 хөлбөмбөгчний жагсаалтаас хасагдлаа

У.Чинзориг
У.Чинзориг
Месси, Роналду нар 21 жил эзэгнэсэн дэлхийн шилдэг 30 хөлбөмбөгчний жагсаалтаас хасагдлаа

Өнгөрсөн жил найм дахь удаагаа эл шагналыг гардсан Лионель Месси, мөнхийн өрсөлдөгч болох дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр тавантаа тодорсон Криштиано Роналдугийн хамтаар 2003 оноос хойших хугацаанд анх удаагаа БаллонДор шалгаруулалтын шилдэг 30-д нэрлэгдсэнгүй.

Лхагва гарагт France Football сэтгүүлээс зарласан эл жагсаалт дотроос 2024 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчинг тодруулж, 10-р сарын 28-нд шагналыг гардуулна.

“Евро-2024” тэмцээний мөнгөн медальт Английн шигшээ багаас зургаан тоглогч энэхүү богино жагсаалтад багтсаны дотор “Реал Мадрид” дахь анхны улиралдаа гайхалтай амжилтуудад хүрсэн Жүд Беллингхэм, “Байерн Мюнхен”-ий төлөөх анхны улиралдаа 44 гоол оруулсан Харри Кэйн, Премьер лигт гялалзсан улирлыг өнгөрүүлсэн Деклан Райс, Коул Палмер, Фил Фоден, Букайо Сака нар нэрлэгджээ.

“Реал Мадрид”-ын тоглогч Винисиус Жуниор, “Манчестер Сити”-гийн хагас хамгаалагч Родри нар уг шагналыг хүртэх магадлалтай тэргүүн сонголтууд байх нь гарцаагүй.

Түүнчлэн долдугаар сард дөнгөж 17 нас хүрсэн Испанийн шигшээ болон “Барселона” клубийн жигүүрийн тоглогч Ламин Ямал уг шагналд нэр дэвшиж байна.

“Евро-2024” тэмцээний аварга Испанийн шигшээ багийн бүрэлдэхүүнээс цөөнгүй тоглогч нэрлэгдсэний дотор Родри, Ямалаас гадна “Атлетик Бильбао”-гийн Нико Уильямс, “Реал Мадрид”-ын ахлагч Дани Карвахал, энэ зун “Барселона”-д нэгдээд буй Дани Олмо, Германы Бундес лигт хожигдолгүй түрүүлсэн “Байер Леверкузен”-ий Алехандро Гримальдо нар багтжээ.

Францын шигшээгийн ахлагч Килиан Мбаппе мөнхүү жагсаалтыг эзэгнэсэн бол Премьер лигийн дэд аварга “Арсенал”-аас Уильям Салиба, Мартин Одегаард, Английн аварга “Манчестер Сити”-гээс Рубен Диас, Эрлинг Хааланд нар ч орхигдсонгүй.

“Астон Вилла” клуб болон Аргентиний шигшээ багийн хаалгач Эмилиано Мартинес Копа Америка тэмцээнд түрүүлсэн амжилтаараа дахин нэгэнтээ нэр дэвшсэн бол Лондонд төрсөн Адемола Луукман тавдугаар сард “Аталанта”-г Европа лигт цом өргүүлсэн гавьяагаараа нэр дэвшлээ.

Месси, Роналдугаас гадна Карим Бензема, Лука Модрич нар эл жагсаалтаас хасагдсан тул өнөө жил дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагналыг шинэ тоглогч гардах нь тодорхой болов.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.