Монгол Улсад орчин цагийн музей үүсэн байгуулагдсаны 100 жилийн түүхэн ойн босгон дээр Байгалийн түүхийн музейн шинэ барилгын бүтээн байгуулалт эхэлжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2018 оноос Байгалийн түүхийн музейн шинэ барилгын бүтээн байгуулалтыг идэвх санаачилга гаргаж, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар “Шинэхэн групп” ХХК-ийн АСЕМ-ын дээд хэмжээний Үндэсний хурлын танхим, зочид буудал, аялал жуулчлалын зориулалтаар барьж байсан 140 метрийн урттай, 56 метрийн өргөнтэй цогцолбор барилгын суурь, 2 блок барилгын үндсэн карказын зориулалтыг өөрчлөн Байгалийн түүхийн музейн шинэ барилга барих шийдвэр гарсан.
Байгалийн шинжлэх ухааны Үндэсний музей нь:
38,406.35 м.кв ашигтай талбай
12 байнгын үзүүллэгийн танхим
Түр үзэсгэлэнгийн танхим, планетариум танхим, амфитеатр,
Номын сан, хурлын танхим
В1 давхарт 540 автомашины зогсоолтой байхаар төлөвлөгдсөн.
Энэхүү бүтээн байгуулалт ашиглалтад орсноор Ази тивдээ барилгын талбайн хэмжээгээр эхний 7 дугаар жагсах томоохон хэмжээний үндэсний бүтээн байгуулалт болох юм.
Музей нь ашиглалтад орсноор боловсрол, судалгаа шинжилгээний ажлын цар хүрээг нэмэгдүүлж, оюутан сурагчдын байгалийн шинжлэх ухааны хичээлийг музейд хэрэгжүүлэн, үзэгчдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх соёл, боловсрол, шинжлэх ухааны цогц үйл ажиллагаа явуулах дэлхийн стандартад нийцсэн Байгалийн шинжлэх ухааны Үндэсний музейтэй болох эхлэл тавигдлаа.
Эх Сурвалж: Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам