Зүүд гэдэг бидэнтэй хамгийн ойр хэр нь тааварлагдашгүй хийсвэр ертөнцийн үзэгдэл билээ. Зүүдний өрнөл ихэнхдээ биднээс хамааралгүй мэт байдаг боловч зарим талаараа бидний сэтгэл зүйн эрүүл мэндийн толь болох нь ч бий. Гагцхүү зүүдээ ажиглан тэмдэглэх нь нэн чухал юм. Иймд та бүхэнд зүүд ба сэтгэл гутралын холбоос, сэтгэл гутрал хүний зүүд, нойронд хэрхэн нөлөөлдөг тухай мэдээллийг хүргэе.
Бид зүүдэндээ айж эмээх, хөөрч баярлах, уурлах, уймрах, түгших, догдлох, гэмших зэрэг олон сэтгэл хөдлөлийг мэдэрдэг. Мөн сэтгэл зүйн байдал доройтож, ачаалал авах үед мөн сэтгэл зүйн гэмтэлд орсны дараа хар дарж, таагүй зүүд зүүдэлдэг нь нотлогдсон. Ялангуяа хүн сэтгэл гутралтай үедээ хар дарж, сэтгэлийг зовоож буй үйл явдлыг зүүдэлдэг байна.
Санаа зовнил
Унтаж байх хооронд бидний тархины тодорхой хэсгүүд ажилласаар байдаг (уртавтар тархины бор гадарга) бөгөөд дурсамжууд ч мөн үүнд хамаардаг. Тиймээс хэдэн өдрөөр таны толгойд эргэлдсэн бодлууд тархинд доминант төлөвт оршиж байгаа учраас зүүдэнд онцгойлон тусгагддаг.
Уур бухимдал
Таныг унтах үед сэтгэл зүйн байдал хэр тогтвортой байгаа нь ямар зүүд зүүдлэхэд нөлөөлнө. Үүнд тодорхой тайлбар өгөх их хэцүү боловч “уур бухимдал”- тай орондоо орсон үед та хангалттай тухтай амарч чадахгүйгээс гадна сэтгэл түгшээсэн зүүдтэй нүүр тулах шаардлага гардаг.
Гомдол харуусал
Хэн нэгэнд эсвэл ямар нэгэн үйл явдал таныг гомдоосон бол тийм ч амархан алга болчихдоггүй. Хэдийгээр бид өөрөө өөрөөсөө нуухыг оролддог боловч зүүдээр тань дамжаад гомдлууд ил болдог. Заримдаа та гомдсон хэн нэгнээ зүүдэндээ “таагүй” байдлаар зүүдлэхдээ санаа зовдог л биз дээ? энэ үеүдэд өөрийгөө их муу хүн мэт эсвэл бидний дотор ямар нэг араатан байгаа мэт санагддаг байх. Үүний шалтгаан нь таны тайлагдаж амжаагүй гомдлууд байдаг.
Айдас
Ирээдүйд үүсэж болох эсвэл байнга л айж явдаг зүйлээ зүүдлэх бараг л хууль мэт зүйл. Ямар нэг зүйлд санаа зовж эхлэх үед зүүдэндээ айдаг зүйлээ харах тохиолдлууд ажиглагддаг. Өөрөөр хэлбэл таны айдас ямар нэг таагүй үйл явдлын бэлэг тэмдэг болж кодлогдсон гэсэн үг
Сэтгэл гутралд орсон зарим хүмүүс унтаж чаддаггүй бол эсрэгээрээ зарим нь хэт их унтах нь ч бий. Тэдний зүүд ч бас янз бүр. Сэтгэл гутралтай хүн өдрийн цагаар сөрөг мэдрэмж, таагүй үйл явдалд илүүтэйгээр анхаарч, шөнө унтахдаа өнөөх мэдрэмж, үйл явдлыг давтан хар дарсаар бадйаг. Эндээс сэтгэл гутрал гээч ямархуу хөнөөлт тойрог болох нь харагдана. Хүн сэрүүн үедээ шаналсаар сэтгэл санаа тавгүйрхэн нойрсож, өнөөх шаналалт амьдралаа зүүдэлсээр сэтгэл таагүй сэрнэ. Энэхүү тойргийг эм тан, сэтгэл зүйн зөвлөгөө, эсхүл ямар нэгэн хөндлөнгийн оролцоогоор зогсоох хэрэг гардаг. Иймд хэрэв та иймд байдалд орсон бол мэргэжлийн хүнд зайлшгүй хандаарай.