Шинэ харилцаа эхлүүлэхээс айх нь хэвийн мэдрэмж. Гэлээ гээд өнгөрсөн амьдралаасаа болж ирээдүйн боломжийг хязгаарлах хэрэггүй гэдгийг санаарай. Учир нь харилцаа бүр өөр өөр байдгаас гадна бид бүгд энэхэн амьдралд суралцах гэж ирснийг санах учиртай. Иймд хамгийн чухал нь өмнөх туршлагаас суралцаж, алдаанаасаа суралцаад урагшлах нь чухал юм шүү. Иймд таны зүгээс сэтгэл зүйгээ бэлдэхэд тань туслах дараах зөвлөмжүүдийг хүргэе.
1. Өөртөө итгэлтэй байх
Харилцаанд өөртөө итгэлтэй байх нь хоёр талдаа адилхан хүндэтгэлтэй, нээлттэй харилцаа тогтооход чухал. Ингэснээр бие биеэ ойлгож, итгэлцэх боломжтой болно. Өөртөө итгэлтэй байх нь эерэг харилцааны үндэс суурь юм. Мөн өнгөрснөөс авсан туршлагууд тань таныг илүү сайн хүн болгосон гэдэгт итгээрэй.
2. Харилцааг эхлүүлэх гэж буй хүнтэйгээ илүү сайн танилцах
Түүнтэй нээлттэй, чин сэтгэлээсээ ярилцаж өөрийн тухай болон сонирхол, хүсэл мөрөөдлөө хуваалцаарай. Мөн өөрт төрж буй мэдрэмжүүдээ ч гэсэн ярилцаж болно шүү дээ.
3. Алхам алхмаар ойртох
Юунд ч бүү яар. Цаг хугацаанд итгээрэй. Хэрэв тэр үнэхээр зөв хүн бол үүнийг таних тусам итгэл өсөх болно. Харин аль хэдийн улаан тугууд анзаарагдаж эхэлсэн бол юуг ч хүлээх хэрэггүй даруй зайгаа барихыг зөвлөж байна.
4. Өнгөрснөө эдгээх
Шинэ харилцаанд бэлэн байхын тулд өнгөрснөө мартах шаардлагагүй ч өөрийгөө эдгээх хэрэгтэй гэдгийг зайлшгүй санаарай. Хэрэв танд өмнө харилцаанаас үлдсэн сэтгэлийн шарх, дурсамжууд бий бол түүнийгээ саруул ухаанаар ухамсарлан бодож сэтгэл зүрхээ анагаах хэрэгтэй юм шүү.
5. Мэргэжлийн тусламж авах
Хэрэв шинэхэн хосын харилцааг эхлүүлэхээс хэт их айдас төрж түгшээд байвал энэ нь магадгүй таны сэтгэл доторх буглаа элгэрэхгүй байгаагийн шинж байж болох юм. Иймд бэлэн болохын тулд сэтгэл зүйчид хандаж тусламж авахыг зөвлөж байна.
Хайр бол эрсдэл дагуулдаг ч гайхалтай мэдрэмж. Түүнийг мэдрэхийн тулд бүү ай. Цаг хугацаа, тэвчээр шаардлагатай ч ирээдүйд таныг баярлуулах болно гэдэгт итгэлтэй байгаарай.